Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2019/02702

 

       2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2019/02702

                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул, Э.Н-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, Н.Ө-д холбогдох, 

 

1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цнар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Нби хариуцагч Н.Ө-д 2018 оны 06 сарын 01-ний өдөр хүүхдийнхээ хадгаламжаас 500,000 төгрөг авч зээлсэн ба уг мөнгийг нэг сарын хугацаатай зээлсэн. Гэтэл өгч чадахгүй болохоор нь хамт ажилладаг юм чинь гээд тодорхой хугацаагаар хойшлуулсан. Дараа нь дахин хүүхдийн төлбөр гээд манай гэрээс 200,000 төгрөгөөр хоёр удаа авсан. Бид хоёр хамт ажилладаг байсан учраас зээлийн гэрээ хийгээгүй. Сүүлд 2018 оны 05 сард лэнд.мн төлбөр төлөх гэсэн юм гээд 80,000 төгрөг, 2018 оны 05 сарын сүүл 6 сарын эхээр дүү нь хөдөөнөөс ирсэн гээд 60,000 төгрөг авсан. Эдгээр мөнгийг өгөхдөө дандаа бэлнээр өгч байсан. Найзууд байсан болохоор эргүүлээд төлнө гэдэгт нь итгэсэн юм. Надад мөнгөний хэрэгцээ гараад зээлсэн мөнгөө нэхэхэд надад хоёр мөнгөн аяга байгаа гэсэн. За тэгвэл хоёр аягыг чинь барьцаанд авчихья дараа нь мөнгөтэй болохоороо өрөө төлөөд аягаа аваарай гээд аягыг нь авчихсан.  Хоёр аяга нь одоо хүртэл надад байгаа аваад ирсэн. Би “С” ХХК-д түгээгчээр ажилладаг юм. Энэнээс өөр гайгүй ажилд оруулж өгнө гэхээр нь 250,000 төгрөг өгсөн. Тухайн үед хариуцагчийн өөрийнх нь амралтын мөнгө бодогдсон байсан учраас мөнгөө авья гэхэд надад 200,000 төгрөг өгсөн. Мөн 80,000 төгрөгт тооцон түлш авсан. Би одоо хүүг нь бодохгүйгээр 1,000,000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байгаа. Анх бол 500,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн боловч гэрээ байгуулаагүй. Тэгэхдээ мөнгө зээлснийг манай ажлын хүмүүс батална гэжээ.

 

Хариуцагч Н.Ө шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 500,000 төгрөг, 200,000 төгрөг, 60,000 төгрөг, 80,000 төгрөг гээд нийт 840,000 төгрөгийг л нэхэмжилж байсан. 200,000 төгрөгийг хоёр удаа авсан зүйл байхгүй. Хариуцагч 500,000 төгрөг болон 200,000 төгрөг зээлсэн. Үүнээс 200,000 төгрөг болон 80,000 төгрөгийг буцаагаад төлчихсөн гэдгийг нэхэмжлэгч  нэхэмжлэлдээ биччихсэн байгаа. Мөн нэхэмжлэл болон хариуцагчийн хариу тайлбараас харахад 2019 оны 06 дугаар сард Австрали явлаа гэхэд нь талууд зээлийн үлдэгдэл 350,000 төгрөг гээд тооцоо нийлсэн гэж харагдаж байна. 250,000 төгрөгний хувьд хариуцагч уг мөнгийг аваагүй, харин хариуцагчийн найзад өгсөн байдаг учраас хариуцагч Н.Ө хариуцах ёсгүй. 500,000 төгрөгний хүүгийн талаар бол гэрээг бичгээр хийгээгүй. Мах, түлш, мөнгөн аяга өгөх зэргээр үүргийн гүйцэтгэлийг эд зүйлээр хангаж барагдуулсан гэжээ.

 

Шүүх хуралдаанаар: зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг судлаад:

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Ннь хариуцагч Н.Өд холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид хүүхдийнхээ хадгаламжнаас 500,000 төгрөг авч өгсөн, мөн хүүхдийн сургалтын төлбөр төлөх ёстой гээд  200,000 төгрөгөөр 2 удаа, Лэнд.мн-ий зээл төлнө гээд 80,000 төгрөгөөр 1 удаа, хөдөөнөөс дүү ирсэн гээд 60,000 төгрөгөөр 1 удаа, мөн өөр ажилд оруулж өгнө гээд 250,000 төгрөг, нийт 1,290,000 төгрөг өгсөн боловч уг мөнгөнөөс 200,000 төгрөгөөр 1 удаа, 80,000 төгрөгөөр 1 удаа нийт 280,000 төгрөгийг эргүүлэн төлсөн тул үлдэх 1,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх ба үндэслэлээ...хариуцагчаас 500,000 төгрөг, 200,000 төгрөгийг 1 удаа, 80,000 төгрөг, 60,000 төгрөг, нийт 840,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Уг зээлж авсан мөнгийг 350,000 төгрөгт тооцож 2 мөнгөн аяга өгсөн, мөн 189,000 төгрөгт тооцож мах өгсөн, 80,000 төгрөгт тооцож түлш өгөх байдлаар авсан мөнгөө төлж барагдуулсан. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2 удаа 200,000 төгрөг аваагүй, мөн 250,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчийн найзад өөр ажилд оруулж өгөөч гэж өгсөн учраас хариуцахгүй гэж маргаж байна.

 

Зохигчийн дээрх тайлбараас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйллийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 1,290,000 төгрөг зээлүүлснээс 280,000 төгрөгийг буцааж авсан гэж тайлбарлан, үлдэх 1,000,000 төгрөгийг нэхэмжилснээс хариуцагч нийт 840,000 төгрөгийг зээлж авсан, авсан мөнгөө мөнгөн аяга, мах, түлш зэргийг өгөх байдлаар төлж дуусгасан, харин 200,000 төгрөгийг аваагүй, 250,000 төгрөгийг хариуцагчийн найзад өгсөн тул хариуцахгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвгөөрч маргажээ. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлыг нотолсон ямар ч баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.2-т зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэл болохоор заасан байх тул шүүх талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 1,290,000 төгрөгийг зээлдүүлсэн гэх байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээ болох 840,000 төгрөгөөр тооцон,  нэхэмжлэгчийг хариуцагчид нийт 840,000 төгрөгийг зээлүүлсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч нь уг зээлсэн гэх 840,000 төгрөгийг буцаан төлж дуусгасан гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн буцаан авсанаа хүлээн зөвшөөрсөн 280,000 төгрөгийг хасч, үлдэх 540,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Н.Өаас 560,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 440,000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас авсан гэх 2 мөнгөн аягыг барьцаанд авсан гэж тайлбарласан бол хариуцагч нь уг зээлийн гэрээний үүрэгт тооцож өгсөн гэх байдлаар тайлбарлаж байх ба талуудын хэн алин  энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд шүүхээс нэгэнт талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг дүгнэн шийдвэрлэсэн тул хариуцагч нь нэхэмжлэгчээс 2 мөнгөн аягаа шаардан авахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                              ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Өаас 560,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 440,000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Өаас улсын тэмдэгтийн хураамжид 17,450  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Н олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ЭНХЗАЯА