| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/03135/И |
| Дугаар | 102/ШШ2019/02737 |
| Огноо | 2019-10-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2019/02737
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэгт оршин суух, Г.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэгт оршин суух Д.Э холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б хариуцагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 1992 онд 10 жилийн 7-р ангид байхдаа танилцаж, 1994 онд анхны хүүхдээ гаргасан. Тэр цагаас хойш оюутны байр, хоосон ч гэсэн гэрт хамт амьдарч, өдийг хүртэл бүхий л цаг үед хамт амьдарлаа. Би 1997 онд анагаахын сургууль төгсөөд 1998 оноос ажил хийж эхэлсэн. 27 жил хамт амьдрахдаа 1994 оны 2-р сарын 27-нд охин Э.Э, 2000 оны 5-р сарын 29-нд хүү Э.Б, 2007 оны 9-р сарын 1-нд охин Э.Б нар төрсөн. Э нь энэ хугацаанд надад гар хүрч, бидний хооронд маргалдах зүйл байсан ч би ар гэрийнхнээсээ бүгдийг нууж, болно бүтнэ гэж амьдарсан. Би эмнэлэгт ажиллаж байхдаа ээлжинд гарна, тэгэхээр хардаж, сэрддэг, уурлаж надад гар хүрдэг. Том охин маань 10-р ангиа төгсөөд найз залуутай болсон, хааяа гэртээ оройтож ирнэ, тэгэхээр уурлаж зоддог, айлгадаг, охин маань ааваасаа айгаад гэрээсээ явчихдаг. Иймд байдлаар 2 жил өнгөрч охин маань Шинжлэх ухаан технологийн дээд сургуульд орсон, 2-р курстээ нөхөртэй болж, 3-р курстээ төрж биднийг зээтэй болгосон. Гэтэл Д.Э согтуу ирэхээрээ хүргэнтэй маргалдаж, арчаатай, арчаагүй гэж янз бүрээр загнадаг, үүнээс болж 2 хүүхэд хоорондоо маргалдаж, манайд амьдрахгүй гээд явсан. Хүргэн өөрийнхөө гэрт оччихоод аав чинь намайг ингэдэг байсан гээд охиныг минь дарамтлах болсон. Иймэрхүү байдлаар тэдний хооронд ан, цав үүссээр байгаад салсан. Хүү маань 12-р ангиа төгсөөд гадуур алба, амины ажлаар гарахаар бас л аавтайгаа муудалцаж хэрүүл, маргаан гарах болсон. Би зодолдохоор нь дундуур нь орж салгахаар намайг зоддог. Ийм байдлаас хүү ч аавтайгаа таарахгүй гараад явчихдаг. Энэ нөхцөл байдал надад маш хүндээр туссан. Эмэгтэй хүний хувьд би үр, хүүхдээ гудманд гаргачихаад Д.Э-тэй хамт амьдрах хэцүү байна. Би энэ хүнд сэтгэлтэй, хамт амьдаръя гэсэн боловч хүүхдүүдийн маань энэ байдал надад маш хүндээр тусч байна. Д.Э-д би зодуулах, хөөгдөх, шөнө орой гадуур хонох, ах, эгчийндээ хүүхдүүдээ дагуулж очиж хонох тохиолдлууд маш олон гардаг. Хүүхдүүд том болоод ...ичиж, санаа зовж байна...гээд ах, эгчийнд маань очиж хонохоо больсон. Таарч тохирохгүй бол сал, яагаад та дандаа дарамтлуулж байх ёстой юм гэх болсон. Д.Э өөр хүнтэй холбогдох асуудал зөндөө гардаг байсан. 2019 оны 2 сард шөнө согтуу ирээд агсам согтуу тавиад надад гар хүрсэн, би гараад зугтсан. Тэгэхэд Д.Э тэр хүнтэйгээ ярьсан байсан, үүнийг нь бага охин маань утсандээ бичлэг хийчихсэн байсан. Шөнийн 4 цагт охин маань би айгаад байна гэж залгасан, тэр үед хүү бид хоёр шөнө гадаа зогсч байсан болохоор гэртээ орсон, Д.Э гараад явчихсан байсан. Тэгээд тэр бичлэгийг сонссон, би хардуулж, зодуулж хамт амьдарч байхад ийм үйлдэл гаргаж байхыг нь сонсоод салъя гэж шийдсэн. Д.Э эрүүлдээ, согтуудаа ч ямар гайгаар чамтай учраад суучихдаг байнаа, зайл, яваад өгөөч гэх болсон. Тэрнээс хойш би 4-р сард Солонгос улсын визэнд орсон. Миний виз гараад байж байтал хүү маань аавтайгаа муудалцаад гэрээсээ явсан, энэ үедээ найз охинтойгоо, ангийнхантайгаа Архангай аймагруу явж байгаад осолд орж найз охин нь нас барсан. Хүү маань маш хүнд цохилтонд орсон, ажил явдалд нь очоод гэртээ ирэхгүй гэх болсон. 2019 оны 8-р сард би ээлжийн амралтаа аваад хүүтэйгээ Солонгос явсан, явахдаа Э-д хэлээгүй, бага охиноо хүргэнийд үлдээгээд явсан. Би хичнээн сална гэж байсан ч эмэгтэй хүний хувьд горьдлого тасраагүй байсан. Тэнд байхдаа Д.Э-тэй 2 удаа ярьсан, гэтэл охин маань аав бидний бүх хувцсыг гэрээс авч өгчихөөд хаалганыхаа голыг сольчихсон байна гэсэн. Ингээд 2 дахь удаагаа ярихад Э намайг элдвээр хэлж, тэр чигтээ хувцсаа аваад зайл гэж хэлсэн. Би 2019 оны 10-р сарын 15-нд ирэх байсан ч билетээ урагшлуулаад 9-р сарын 17-ны онгоцоор ирсэн. Ийм байдлаар хамт амьдрах боломжгүй болсон, хүүхдүүдэд маань маш хүндээр тусч байгаа тул гэрлэлтээ цуцлуулж, бага охиндоо тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна. Бид хоёрын нэр дээр 3 өрөө байр, Д.Э нэр дээр Ниссан террано машин, миний нэр дээр Приус-30 машин байдаг. Иймд 3 хүүхэд болон надад эд хөрөнгийг хувааж, Д.Э-д өөрийнх нь, би өөрийн нэр дээр байгаа машинаа авах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Д.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б бид хоёр танилцаад 32 жил, хамт амьдраад 27 жил болж байна. Энэ хугацаанд алдаатай, оноотой зүйл олон байсан, гэхдээ гэр бүл салах хэмжээний ноцтой асуудал гараагүй гэж боддог. Том охин Э.Э-ийг 10-р ангиа төгссөнөөс хойш хүүхдүүдтэй холбоотой асуудал их гарсан. Энэ амьдралд аав нь хүүхдүүддээ үг хэлж болохоо байчихсан, хүүхдүүд нь ээжтэйгээ хуйвалддаг, ээж нь хүүхдүүдээ өмөөрдөг болсон байна. Би Улаанбаатар хотод солих хувцасгүй, шар тортой л орж ирсэн, амьдралын төлөө чадахаараа л зүтгэсэн, Б хэл ам ихтэй. Заримдаа бухимдаад, үр хүүхдүүддээ уурлах үе байдаг. Миний бие сүүлийн 5 жил ходоодны хорт хавдраас болоод 2,3 жил гэртээ байсан. Хүү Б 2019 оны 7 сард гэрээсээ яваад осолд орсон нь миний буруу мэт ярьж байна. Э.Б бид 2 хамт ажиллаж байсан, нөүтбүүк аваад явсан, төсөв гаргах гээд хэрэг болоод хүү болон найз охин руу нь залгахад хэн нь утсаа аваагүй, сүүлдээ утсаа салгасан, найз охин руу мессеж бичсэн боловч хариу ирээгүй, үүнээс болоод миний ажил бүтэхгүй болсон, тэгээд найз охин руу та хоёрт өдийг хүртэл тусалж байхад яагаад надад ингэж хандав, яагаад доромжилж байгаа юм бэ, чамайг ухаантай охин гэж бодсон, чи чинь харин тэнэг мал уу гэж мессэж бичсэн. Тэгж бичсэний төлөө намайг шантаажиллаа гэж, найз охиноо аргадах гэж гэрээсээ Өгий нуур явсан байсан, замдаа осолд орсон, найз нь нас барсан. Найз охинд нь мессэж бичсэн гээд би буруутай болсон. Энэ бүгдийг Г.Б мэдэж байсан ч асуудлыг дэвэргэсэн. Том охин Э.Э мөн оюутан байхдаа хэд хоногоор алга болдог, зээ охиныг 3 нас хүрээд л дахиад шоудаж, амралт зугаалганд явах болсон, 2019 оны 7-р сард охиноо орхиод зугаалганд явна гэснээс болж би загнасан, гэтэл ээж нь хэрэглэх мөнгө, хоол ундыг нь бэлдсэн байсан, би уурлаад охиноо цохисон, гэтэл 7 сард гэрээсээ яваад 11 сар хүртэл ирээгүй. Өвлийн хүйтэнд хувцас хунаргүй болохоороо ирсэн, хүргэний талтай ярьж байгаад Турк явуулсан боловч жил болоогүй салаад буцаад ирсэн, тэр үедээ ааваа таны зөв байжээ л гэсэн. 2 хүүхдийг эвлэрсэн бол тусдаа гарч амьдар гэсэн, гэтэл салсан. Тэгээд өөр хүнтэй суусан. Г.Б шинэ жилээр бүх хувцсаа аваад гэрээсээ явсан, өнөөдөр л харж байна. Би энэ хүний хэлж байгаа шиг өөр амьдрал зохиосон, өөр авгайтай болсон юм байхгүй, хүүхэдтэйгээ нийлээд бүх зүйлд намайг буруутгадаг, хүүхэд нь гудамжинд золбин хүүхэд шиг явж байгаад үнэхээр харамсаж байна. Гэрлэлт цуцлах асуудлын хувьд зөвшөөрч байна, хүүхдийн тэтгэлэг бол миний үүрэг. Энэ хүн төсвийн байгууллагын цалингаар хүүхдүүдийг аваад явах чадваргүй, хүүхдүүдээ тэжээж, ирээдүйн амьдралд өөрийн чадлаараа тусална гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
:
Нэхэмжлэгч Г.Б нь Д.Э холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаруулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Г.Б, Д.Э нар нь 1993 онд гэр бүл болж, 2000 оны 6-р сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлжээ. Гэрлэгч амьдрах хугацаандаа 1994 оны 2-р сарын 27-нд охин Э.Э, 2000 оны 5-р сарын 29-нд хүү Э.Б, 2007 оны 9-р сарын 1-нд охин Э.Б нарыг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.
Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа нөхөр Д.Э нь архи ууж агсам тавьдаг, эхнэр Б.Б-д хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хохирол учруулдаг, бусадтай хардах, үг хэлээр дарамтлах, доромжлох, орон гэрээсээ хөөх зэргээр бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг, улмаар охин Э, хүү Б нарт хүчирхийлэл үйлдэж сэтгэл санааны дарамтанд байлгадаг байсан, хэдийгээр хүүхдүүд насанд хүрсэн боловч хамт амьдарч байхдаа тэдний хүмүүжилд сөргөөр нөлөөлж байсан нь талуудын тайлбар, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын 2-р хэлтсийн албан бичгээр тогтоогдсон байна.
Нөгөө талаас, эхнэр Б.Б хүү Э.Б нар нь хүчирхийллийн улмаас орон гэрээсээ явсан, тусдаа амьдарч байгаа, бага насны охин Э.Б нь эгчийндээ амьдарч байгаа, хариуцагч нь гэрийнхээ хаалганы цоожийг сольж гэр бүлийн гишүүд гэртээ амьдрах боломжгүй болсон зэрэг нөхцөл байдлууд нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.2.хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 7-р зүйлийн 7.1.хүүхэд ...хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдлаас нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 28-р зүйлийн 28.1.хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эцэг...гэр бүлийн бусад гишүүн хамгаалах үүрэгтэй, 28.3.Энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд хүүхэдтэй хүнлэг бус, хэрцгий харьцах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, заналхийлэх, хүч хэрэглэх, зодож шийтгэх, үл хайхрах, хүүхдийн дэргэд архидан согтуурах, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно гэсэн гэснийг тус тус зөрчсөн буруутай гэж дүгнэлээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар гэрлэгч Д.Э-ийн хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн бусад гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж, охин Э.Б-ийг эхийн асрамжинд үлдээж, хуульд заасан журмаар тэтгэлэг гаргуулж шийдвэрлэлээ.
Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдүүдийн хувьд тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх ба эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг мэдэгдэх нь зүйтэй.
Гэрлэгчдийн дундаа хамтран өмчлөх Баянгол дүүргийн орон сууц нь Хаан банкны зээлийн барьцааны гэрээний үндсэн дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ба зээлийн гэрээний хугацаа 2021 онд дуусгавар болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна. Иймд дундын өмчлөлийн орон сууцны маргааныг гэрлэлт цуцлах хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй, зээлийн болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсны дараа шийдвэрлүүлэх боломжтой байна.
Харин Б.Б-ийн эзэмшлийн УБМ дугаартай Toyoto Prius маркийн, Д.Эн эзэмшлийн Nissan Terrano маркийн УБН дугаартай автомашиныг өөр өөрт нь үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.4, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Б, Д.Э нарын гэрлэлтийг цуцалж, 2007 оны 9-р сарын 4-нд төрсөн охин Э.Б-ыг эх Г.Б-ийн асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Э.Б-ыг 16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Д.Э-ээр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хуулийн 130-р зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан дугаартай Toyoto Prius маркийн машиныг Г.Б-т, Nissan Terrano маркийн УБН дугаартай автомашиныг Д.Э-т тус тус үлдээсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 552 150 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-ээс 552 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА