Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/189

 

  2023         5            31                                  2023/ШЦТ/189

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б,  

улсын яллагч Ц.Л,

шүүгдэгч С.Ш нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн,

эрүүгийн 2325000000274 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, С.Ш

Шүүгдэгч С.Ш нь;

2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 99-55ОРН улсын дугаартай “Honda fit” загварын тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа, хохирогч Б.Т таксины төлбөрт үлдээсэн “Samsung-S21 Fe5g” загварын гар утсыг өгөлгүй 1.500.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

Шүүгдэгч С.Ш дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

хохирогч Б.Т “...2023 оны 4 дүгээр сарын 16-ны шөнө 22 цагийн үед Уурхайчин баг “Элит” караокеноос гарч таксинд суугаад гэртээ хүргүүлээд буухдаа гар утсаа үлдээчихээд, мөнгө аваад гарч ирэх хооронд зугтаачихсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны ТХҮ-ОРХ/6490 дугаартай “Samsung-S21 Fe5g” загварын гар утас 1.500.000 төгрөг.” гэсэн үнэлгээ /хавтаст хэргийн 11-14 дэх тал/,

“Samsung-S21 Fe5g” загварын гар утсыг 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хураан авч, хохирогч Б.Тамжидад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 30 дахь тал/,

хохирогч Б.Т “...2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр найзуудын хамт Уурхайчин багт байрлах “Элит” караокед суугаад орой 22 цагийн үед гарч “Даниста” худалдааны төвийн урд зам дээрээс такси бариад “Их хаадын цуваа” хотхоны 10-р байранд хүргүүлсэн. ...таксины жолооч цонхоороо “хөөе мөнгөө өгөөч” гэхээр нь “өгөөгүй бил үү” гээд утсаа гаргаад асаах гэтэл унтарчихсан байхаар нь жолоочид “гэрээсээ ороод мөнгө аваад ирье” гэсэн, тэр жолооч машинаасаа буугаад “юу яриад байгаа юм, тэгвэл гар утсаа өг” гэж хэлээд утас булаагаад авчихаар нь “та байж байгаарай, гэртээ ороод мөнгө аваад ирье” гээд орсон, гэрт ороод ээжээс мөнгө аваад буцаж гарч ирэхэд таксины жолооч явчихсан байсан.” гэх /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

гэрч Д.А “...2023 оны 4 дүгээр сарын 16-ны орой манай хүү Тамжид 22 цаг 10 минутанд гэртээ халамцуу орж ирээд “ээж би гар утсаа таксинд үлдээчихлээ, таксины мөнгө өгчих” гэхээр нь хүүдээ 20.000 төгрөг өгсөн. Манай хүү түрүүлээд гарахаар нь би араас нь гараад байрны урд талын зам дээр таксигаа хайгаад тэр хавиар явахад байхгүй байсан.” гэх /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

С.Ш яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн орой 22 цагийн орчимд эхнэр Ариунжаргалын нэр байдаг боловч өөрийн эзэмшлийн 99-55ОРН улсын дугаартай “Honda fit” загварын тээврийн хэрэгслээ жолоодон явж байхад Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Даниста” худалдааны төвийн баруун талын төв засмал зам дээр нэг эрэгтэй хүн гар өргөөд такси барих гээд зогсож байхаар нь уг хүнийг тээврийн хэрэгслийн ард талын суудалд суулгахад “Цагаанчулуут баг “Их хаадын цуваа” хотхон орно” гэж хэлсэн бөгөөд “Их хаадын цуваа” хотхоны гадна талд очиход таксины мөнгөө өгөлгүй буугаад явчихаар нь “мөнгөө өгөөч” гэсэн чинь дуугүй зогсоод байхаар нь “мөнгө байхгүй юм бол гар утсаа өг” гэхэд гар утсаа надад өгсөн, ...мөнгөө өгөөд аваарай гэж хэлээд гар утсыг нь аваад явчихсан.” гэх /хавтаст хэргийн 43 дахь тал/ мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан.” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч С.Ш нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Шижирбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдлууд, мөн “Samsung-S21 Fe5g” загварын гар утсыг биет байдлаар хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хавтаст хэргийн 58 дугаар талд авагдсан “гомдол саналгүй.” гэсэн хохирогчийн хүсэлт зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шижирбаатарт прокурорын санал болгосон, шүүгдэгчийн өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч С.Ш-рт оногдуулж, ялаас чөлөөлөх прокурорын саналыг батлах үндэслэлтэй байна.

Иймд шүү шүүгдэгч С.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан, шүүгдэгч С.Шижирбаатарыг эрүүгийн хариуцлагаас буюу 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэхээс чөлөөлж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ш-г 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас шүүгдэгч С.Ш-г чөлөөлсүгэй. 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ