Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/196

 

2023          06            06                                  2023/ШЦТ/196

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,      

улсын яллагч Т.Т,

шүүгдэгч Г.С нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Г.С-д холбогдох эрүүгийн 2325000000178 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Г.С

Шүүгдэгч Г.С нь;

2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд өвчтэй байсан гэх “Нейромед” эмнэлгийн “хүний их эмч ____” гэсэн тэмдэгтэй, эмчийн гарын үсэггүй эмнэлгийн магадлагаанд 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр гарын үсэг зурж, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн,

улмаар уг баримт бичиг хуурамч болохыг мэдсээр байж 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын Цахилгаан цехэд хүргүүлж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Г.С “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

гэрч Х.З “...“Ганбаатарын Сүхбат нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 48 хоногийн хугацаанд өвчтэй байсан” гэх “Нейромед” эмнэлгийн магадлагааг өөрийн ажилладаг “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын Цахилгаан цехийн хүний нөөцөд ирүүлсэн байсныг эмнэлгийн магадлагаанд хяналт шалгалт хийлгүүлэхээр “Эрдэнэт” сувиллын цогцолборт хүргүүлэхэд 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 41/45 тоот албан бичгээр “Нейромед” эмнэлгийн магадлагааг хянуулахаар Орхон аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн, хариуг хүлээж байна. 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “Эрдэнэт” сувиллын цогцолбороос Эрүүл мэндийн газрын албан бичгийг ирүүлсэн.

Үүнд: “Нейромед” нэртэй хэвтэн эмчлүүлэх эмнэлэг Орхон аймагт байхгүй байна, мөн эмнэлгийн магадлагааг бичсэн болон хянасан ерөнхий эмч, эмчлэгч эмч нарын гарын үсэг гаргацгүй. ...Баримт бичгийн хуурамч эсэхийг Цагдаагийн байгууллага нягтлан тогтоодог гэж мэдэгдсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

гэрч С.Д “...Тухайн үед эмчлэгч эмч Даваасүрэн, ерөнхий эмч Ганчимэг, цехийн ерөнхий инженер Ганзориг, ХАБ-ын инженер Энхбаяр бид нар 2022 оны 12 дугаар сарын сүүлээр Г.Сүхбатын гэрт очиход Даваасүрэн эмч “заасан эмчилгээг хийлгээгүй, мөн над руу янз бүрийн зурвас илгээдэг учраас би энэ хүнийг эмчлэхээс татгалзсан” талаараа удирдах албан тушаалтанд илэрхийлсэн. Ганчимэг эмч болохоор “эмнэлгийн хяналтын камераар Сүхбатыг харсан, хөл дээрээ зүгээр явж байсан, мөн заасан эмчилгээг хийж байсан бол өдийд эдгэрчихсэн байх ёстой” гэж байсан, бид нар гэрийнх нь гадаа 30 орчим минут хүлээгээд уулзаж чадаагүй. Эмнэлгийн зүгээс Сүхбатыг “бэлхүүснээс доош мэдээгүй болсон, хэвтэрт орсон” гэж тодорхойлсон албан ёсны бичиг баримт байхгүй. “Эрдэнэт” сувиллын цогцолбороос өвчний хуудсаа сунгуулж чадаагүй учраас эмнэлгийн магадлагаа гэх зөрчилтэй баримтыг илгээсэн байсан.” гэсэн мэдүүлэг  /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

Г.С сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...олон удаагийн мэс засал, хагалгаанаас үүссэн гэмтлийн улмаас ажилдаа очоогүй. 2022 оны 4 дүгээр сард ажилдаа хэсэг очиж, ажиллаж байгаад биеийн байдал муудаж, эмчийн хяналтад ороод 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Эрдэнэт” сувиллын цогцолборт гэмтлийн эмчдээ үзүүлж, эмнэлгийн хуудсаа сунгуулах ёстой байсан, гэвч тухайн үедээ очилгүй байж байгаад ажилгүй үлдчих гээд байхаар нь нийгмийн даатгалд ажилладаг Ихзаяа гэх найзынхаа утас руу залгаад “найз нь эмнэлэгтээ сунгуулж чадалгүй хугацаа алдчихлаа, эмнэлгийн магадлагааны хуудас хэрэгтэй байна, олоод өгөөч” гэж хэлээд салгасан. Тэгээд хэд хоногийн дараа ирснийг санахгүй байна, ямар ч байсан надад тамгатай, эмнэлгийн магадлагаа авч ирж өгсөн, хоосон тамгатай эмнэлгийн магадлагаа байхаар нь өөрийнхөө овог, нэр, регистрийн дугаар болон өвчний онош зэргийг би өөрөө бичсэн. Гэм буруугаа зөвшөөрч байгаа тул хүлээх хариуцлагаа зөвшөөрнө.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47, 58-59 дэх тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ч.Ганзоригийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 67 дугаартай;

“...1.Шинжилгээнд ирүүлсэн “Эмнэлгийн магадлагаа”, “Эрдэнэт-Үйлдвэр”-ийн ерөнхий захирал Г.Ёндон танаа хүсэлт гаргах нь” гэсэн гар бичмэл шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн “Эмнэлгийн магадлагаа”, “Эрдэнэт-Үйлдвэр”-ийн ерөнхий захирал Г.Ёндон танаа хүсэлт гаргах нь” гэсэн гар бичмэлүүд хоорондоо бичгийн дадлын түвшинг илэрхийлэх хөдөлгөөний эвсэл, хурд, хөдөлгөөний бүтцийг илэрхийлэх ерөнхий шинж тэмдгүүдээрээ болон “Г” үсгийн үйлдэц, “т” үсгийн үйлдэц, “а” үсгийн үйлдэц, “ү” үсгийн хэлбэр, “х” үсгийн хэлбэр, “б” үсгийн мөрийн дээд элементийн хэлбэр, “Ү” үсгийн хөдөлгөөний тоо, “Ө” үсгийн голын зураасны байрлал, “л” үсгийн төгсгөлийн элементийн чиглэл, “е” үсгийн үйлдэц, “20” цифрийн хэмжээ, “3” цифрийн хэлбэр зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. Нэг хүн бичсэн байна.

3.“Эмнэлгийн магадлагаа”, “Эрдэнэт-Үйлдвэр”-ийн ерөнхий захирал Г.Ёндон танаа хүсэлт гаргах нь” гэсэн гар бичмэлүүд шинжилгээнд харьцуулахаар ирүүлсэн №1, №2, №3, №4, №5, №6, №7, №8, №9 гэж дугаарласан гар бичмэлтэй орон зайн баримжаа, бичгийн дадлын түвшин, хөдөлгөөний бүтцийг илэрхийлэх ерөнхий шинж тэмдгүүдээрээ болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсралтуудын хамт /хавтаст хэргийн 16-21, 22-32 дахь тал/,

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 дүгээр тушаалын арваннэгдүгээр хавсралт, Эрүүл мэндийн бүртгэлийн маягт АМ-8 бүхий “хүний их эмч Халзанхүү овогтой Энхгэрэл” гэсэн тэмдэгтэй “Эмнэлгийн магадлагаа” /хавтаст хэргийн 33 дахь тал/,

“Энх мөнх мед” ХХК-ийн захирал Х.Энхгэрэл гэсэн гарын үсэгтэй, 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 23/19 дугаартай, “Орхон аймгийн “Нейрон” мэдрэлийн эмнэлэгт Г овогтой С нь 2022 оны 11 дүгээр сарын 28-наас 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлээгүй болно.” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 74 дэх тал/,

“Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ “Эрдэнэт” сувиллын цогцолборын дарга Б.Бат-Эрдэнэ гэсэн гарын үсэгтэй, 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 41/45 дугаартай “Цахилгаан цехийн ажилтан Г.Сүхбатын эмнэлгийн магадлагааны тухай” гэсэн албан бичиг, хавсралтын хамт /хавтаст хэргийн 97, 98 дахь тал/

иргэн Х.З “...“Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын Цахилгаан цехийн цахилгаан техникийн тусгай лабораторийн инженер Г.С нь эмнэлгийн баримт бичиг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах хуульч Д.Т гэсэн гарын үсэгтэй, 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 117/280 дугаартай “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичиг /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.С гэсэн гарын үсэгтэй, 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 111 дугаартай “Эмнэлгийн магадлагааг хянасан тухай” албан бичиг /хавтаст хэргийн 3 дахь тал/,

Г.Сүхбат эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 68 дахь тал/ зэрэг болно. 

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрч нараас мөн Г.Сүхбатаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Г.С гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Г.С нь;

2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд өвчтэй байсан гэх “Нейромед” эмнэлгийн “хүний их эмч Халзанхүү овогтой Энхгэрэл” гэсэн тэмдэгтэй, эмчийн гарын үсэггүй эмнэлгийн магадлагаанд 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр гарын үсэг зурж, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн,

улмаар уг баримт бичиг хуурамч болохыг мэдсээр байж 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын Цахилгаан цехэд хүргүүлж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

гэрч Х.З “...“Ганбаатарын Сүхбат нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 48 хоногийн хугацаанд өвчтэй байсан” гэх “Нейромед” эмнэлгийн магадлагааг өөрийн ажилладаг “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын Цахилгаан цехийн хүний нөөцөд ирүүлсэн...2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “Эрдэнэт” сувиллын цогцолбороос Эрүүл мэндийн газрын албан бичгийг ирүүлсэн. Үүнд: “Нейромед” нэртэй хэвтэн эмчлүүлэх эмнэлэг Орхон аймагт байхгүй байна, мөн эмнэлгийн магадлагааг бичсэн болон хянасан ерөнхий эмч, эмчлэгч эмч нарын гарын үсэг гаргацгүй. ...Баримт бичгийн хуурамч эсэхийг Цагдаагийн байгууллага нягтлан тогтоодог гэж мэдэгдсэн.” гэх,

гэрч С.Д “...Эмнэлгийн зүгээс Сүхбатыг “бэлхүүснээс доош мэдээгүй болсон, хэвтэрт орсон” гэж тодорхойлсон албан ёсны бичиг баримт байхгүй. “Эрдэнэт” сувиллын цогцолбороос өвчний хуудсаа сунгуулж чадаагүй учраас эмнэлгийн магадлагаа гэх зөрчилтэй баримтыг илгээсэн байсан.” гэх,

Г.С өөрийнх нь өгсөн “...нийгмийн даатгалд ажилладаг Ихзаяа гэх найзынхаа утас руу залгаад “найз нь эмнэлэгтээ сунгуулж чадалгүй хугацаа алдчихлаа, эмнэлгийн магадлагааны хуудас хэрэгтэй байна, олоод өгөөч” гэж хэлээд салгасан. Тэгээд хэд хоногийн дараа ирснийг санахгүй байна, ямар ч байсан надад тамгатай, эмнэлгийн магадлагаа авч ирж өгсөн, хоосон тамгатай эмнэлгийн магадлагаа байхаар нь өөрийнхөө овог, нэр, регистрийн дугаар болон өвчний онош зэргийг би өөрөө бичсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хүлээх хариуцлагаа хүлээн зөвшөөрнө.” гэх мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ч.Ганзоригийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 67 дугаартай дүгнэлт,

иргэн Х.З “...“Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын Цахилгаан цехийн цахилгаан техникийн тусгай лабораторийн инженер Г.Сүхбат нь эмнэлгийн баримт бичиг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл,

Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах хуульч Д.Төгсбаяр гэсэн гарын үсэгтэй, 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 117/280 дугаартай “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичиг,

Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.С гэсэн гарын үсэгтэй, 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 111 дугаартай “Эмнэлгийн магадлагааг хянасан тухай” албан бичиг,

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 дүгээр тушаалын арваннэгдүгээр хавсралт, Эрүүл мэндийн бүртгэлийн маягт АМ-8 бүхий “хүний их эмч Халзанхүү овогтой Энхгэрэл” гэсэн тэмдэгтэй “Эмнэлгийн магадлагаа”,

“Энх мөнх мед” ХХК-ийн захирал Х.Э гэсэн гарын үсэгтэй, 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 23/19 дугаартай, “Орхон аймгийн “Нейрон” мэдрэлийн эмнэлэгт Ганбаатар овогтой Сүхбат нь 2022 оны 11 дүгээр сарын 28-наас 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлээгүй болно.” гэсэн албан бичиг,

“Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ “Эрдэнэт” сувиллын цогцолборын дарга Б.Бат-Эрдэнэ гэсэн гарын үсэгтэй, 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 41/45 дугаартай “Цахилгаан цехийн ажилтан Г.Сүхбатын эмнэлгийн магадлагааны тухай” гэсэн албан бичиг зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох  баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг баримтууд нь энэ хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүйгээс гадна шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Г.С “үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн,  улмаар уг баримт бичиг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй байна.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Сүхбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн  3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгчийн үйлдэл дээрх гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул шүүх шүүгдэгч Г.Сүхбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

          Эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Г.С “үргэлжилсэн үйлдлээр, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, уг баримт бичиг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Г.Сүхбатын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны үед улсын яллагч “...шүүгдэгч Г.С Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн санал гаргав.

          Шүүх шүүгдэгч Г.Сүхбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний эрүүл мэндийн байдал болон эрхэлсэн тодорхой ажилгүй хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,

шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

Бусад асуудал;

Энэ хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Г.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, уг баримт бичиг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннаймдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХТУНГАЛАГ