Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/197

 

 2023         6            06                                  2023/ШЦТ/197

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,  

улсын яллагч Ц.Л,

шүүгдэгч Г.Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Л хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2325000000276 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Г.Т

Шүүгдэгч Г.Т нь;

2023 оны 4 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Баянтал 4-103 тоот гэртээ, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогч Б.М үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Г.Т дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

хохирогч Б.М“...2023 оны 4 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө бусдад зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

хохирогч Б.М “...2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 23 цагийн үед хамт ажилладаг Одтөгсийн найз Төмөр гэх залуугийн Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багт байх гэрт очиход Төмөр, түүний эхнэр, хүүхэд нь байсан. Тэгээд бид нар бүгдээрээ мах шарж, хүний хоёр байна уу, гурван лааз пиво, 0.75л архи уугаад сууж байхад Төмөрийн ажлын хүмүүс гээд хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн ирж хамтдаа суусан. Би нэг эмэгтэйтэй нь...ам зөрсөн чинь Төмөр гэнэт орон дээрээс босож ирмэгцээ ямар ч шалтгаангүйгээр, үгийн зөрөөгүй миний баруун нүд болон хамар хэсэг рүү нэг удаа хүчтэй цохиж, хамраас минь цус гаргасан…Бүсийн оношлогоо эмчилгээний төвд очиж зургийг нь авахуулахад хамар яс цөмөрсөн байна гэсэн.” гэх /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

гэрч П.О “...Эрдэмтуяа “өөрийн тээврийн хэрэгслээр хүргэж өгье” гэсэн чинь Б.Миеэсүрэн “пүүзний амбаарт суухгүй” гэж тэр хоёр маргалдаж, Б.Миеэсүрэн нь Эрдэмтуяагийн биеийг түлхэх үйлдэл хийхэд Г.Төмөр босож ирээд Б.Миеэсүрэнгийн нүүрэн тус хэсэгт нэг удаа гараа атгаж байгаад цохиод, хамраас нь цус гарч, би дундуур нь орж болиулаад Б.Миеэсүрэнг аваад гарсан.” гэх /хавтаст хэргийн 10 дахь тал/,

гэрч Р.Э “...2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Г.Төмөрийн Баянталын 4-103 тоот гэрт нь Төмөр, түүний эхнэр Сүрэнжаргал, ажлын эмэгтэй Ариунтуул нарын хамт байж байхад 23 цагийн орчимд гаднаас Одтөгс, найз Миеэсүрэнгийн хамтаар орж ирсэн. Надаас бусад нь хүний хоёр, хоёр лааз пиво уусан. Б.Миеэсүрэн “намайг хүргээд өгөөч” гэхээр нь би “яаралтай явах гэж байгаа бол такси дуудаад явчих” гэсэн чинь миний машиныг “пүүзний амбаараа харамлалаа” гээд сонин, сонин юм ярьж байснаа намайг түлхсэн чинь Төмөр намайг өмөөрч босож ирээд Б.Миеэсүрэнгийн хамар луу нэг удаа гараараа цохисон.” гэх /хавтаст хэргийн 12 дахь тал/,

Г.Т өөрийнх нь өгсөн “...бид нар хүний хоёр, хоёр лааз пиво ууж байхад Эрдэмтуяа өөрийнхөө “Toyota Alphard” загварын тээврийн хэрэгслээр “хүргээд өгье” гэсэн чинь Б.Миеэсүрэн “пүүзний амбаарт сууж явахгүй” гэсэн чинь Эрдэмтуяа уурлаад тэр хоёр хоорондоо маргалдахад Б.Миеэсүрэн нь Эрдэнэтуяаг түлхэхээр нь миний дургүй хүрээд Б.Миеэсүрэнгийн нүүрэн тус газарт нь нэг удаа гараа атгаж байгаад цохисон чинь хамраас нь цус гарсан.” гэх /хавтаст хэргийн 22 дахь тал/ мэдүүлгүүдээр болон Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 369 дугаартай; “...Б.Миеэсүрэнгийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд цус хуралт, доод зовхинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ... Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзэв.

          Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Г.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,

          хохирогч Б.М “...хохирол төлбөр барагдуулсан тул ямар нэгэн гомдол, хүсэлтгүй.” гэсэн хавтаст хэргийн 58 дугаар талд авагдсан хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ