Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/198

 

  2023         6            06                                  2023/ШЦТ/198

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,  

улсын яллагч Т.Т,

шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Т хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2325000000259 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Ц.Г

Шүүгдэгч Ц.Г нь;

2023 оны 4 дүгээр сарын 20-ны шөнө 01.00 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Худалдааны гудамжинд хохирогч С.Б-ой үл ялих шалтгаанаар маргалдаж, нүүр болон цээж хэсэгт нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Ц.Г дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь, хохирогч С.Бум-Очирын “...Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үл таних хүнд зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

хохирогч С.Б “...Батзориг, Мөнх-Эрдэнэ хоёр шатан дээр тамхилж байхаар нь цуг тамхи татчихаад буугаад Билгүүнзаяа дээр очоод такси дуудах гээд утсаар яриад зогсож байхад цэнгээний газраас үл таних хүмүүс гарч ирээд Мөнх-Эрдэнэ, Батзориг хоёртой муудалцаад байхаар нь салгах гээд очсон чинь саравчтай малгайтай, саарал өмдтэй, бор өнгийн куртиктэй залуу нь Батзоригийг цохих гэхээр нь би хойш нь татаж сандал дээр суулгаад “одоо больцгоо, бид нар та нартай муудалцмааргүй байна” гээд зогсож байхад тухайн залуу ууж байсан шар айрагны шилээр миний толгой хэсэгт цохиод авсан, тэгэхээр нь би тэр залууг барьж аваад газар унагаахдаа цуг унахад тухайн залуу намайг гурван удаа эрүү хэсэгт цохихоор нь би гарыг нь барьж байгаад зүүн гараа хоёр удаа шанаа хэсэгт нь цохиход Мөнх-Эрдэнэ, Билгүүнзаяа хоёр ирээд салгасан. ...зүүн талын цээж хэсэг өвдөөд, халуун мэдрэмж төрөөд байхаар нь Мөнх-Эрдэнэд “миний цээж хэсэг өвдөөд байна” гэж хэлээд цамцаа сөхөөд үзтэл цус ихээр гарч байсан.” гэх /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

гэрч Б.Ч “...Би тухайн үед Ганзамыг хэн нэгний биед гэмтэл учруулж байхыг хараагүй, харин сүүлд юу болсон талаар асуухад “намайг гурван залуу унагаад дээрээс цохиод байхаар нь нэг залууг нь цохисон” гэж хэлсэн.” гэх /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

гэрч О.Б “...Бум-Очирыг саравчтай малгайтай, бор өнгийн куртиктэй залуу шар айрагны шилээр цохиод авахаар нь нөгөө хөгшин ахад “та харж байгаа биз дээ, танай найз чинь манай найзыг шар айрагны шилээр цохичихлоо” гэсэн чинь саравчтай малгайтай залуу “хүний олон хүнээ барьдаггүй юм, би та нарыг бүгдийг чинь ална шүү” гээд хагарсан шар айрагны шилээрээ далайгаад чичээд байсан.” гэх /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

гэрч Т.М “...саравчтай малгайтай залуу зодолдох гээд дайрч орж ирэхэд нь Бум-Очир дундуур орж ирээд салгаад холдуулсан чинь саравчтай малгайтай залуу гартаа барьсан байсан шар айрагны шилээрээ Бум-Очирын толгойруу цохиод авсан.” гэх /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

Ц.Г өөрийнх нь өгсөн “...гараараа юм тэмтэрч үзтэл гарт нэг юм баригдахаар нь аваад нэгийг нь шууд цохичихсон, тэр хүн нь Бум-Очир байж таарсан. ...Бум-Очирын толгойноос цус гараад байсан.” гэх /хавтаст хэргийн 75-76 дахь тал/ мэдүүлгүүдээр болон

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 348 дугаартай; “...С.Бум-Очирын биед нүүр, цээжинд шарх, дагзны хэсэг, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Нүүр, цээжинд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, дагзны хэсэг, цээжинд зулгаралт нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Нүүр, цээжинд шарх, дагзны хэсэг үүссэн зулгаралт нь ир, үзүүртэй зүилийн олон удаагийн үйлчлэлээр, цээжинд үүссэн зулгаралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бүгд хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 59-60 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч С.Б нь “...1.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн боловч энэ талаар баримтгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэлэлцэхгүй орхих нь зөв бөгөөд хохирогч нь нэхэмжлэлтэй холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхтэй.

Харин хохирогчийн эмчилгээний зардалд 184.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Ганзам төлсөн талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан тул түүнийг өнөөдрийн байдлаар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,

торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Г шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Хохирогч С.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЭНХТУНГАЛАГ