Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2019/02819

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3-р хороонд барйлах Б ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах Х ХХК-д холбогдох хамтран ажиллах гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 250 798 539 төгрөг гаргуулахыг хүссэн, Б ТӨХК-д холбогдох хохирол 1 110 123 400 төгрөг гаргуулахыг хүссэн Х ХХК-ний сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.А Ц.Э, А.Лн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, П.Ою, хариуцагчийн өмгөөлөгч Т.М /үнэмлэх 2341/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.А: Х ХХК-тай 2016 оны 01 сарын 04-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, Б туршилтын эрчим хүчний зуухаар хагас коксжсон нүүрс, дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг зуух болгон өөрчлөх, хагас кокс үйлдвэрлэх харилцан ашигтай ажиллахаар тохирсон. Х ХХК нь өөрийн хөрөнгөөр манай станцын к-4, к9 зууханд хагас кокс үйлдвэрлэх техникийн хийцийн өөрчлөлт хийж, улмаар хагас кокс үйлдвэрлэх туршилтын ажил эхэлсэн. Туршилтын ажлын явцад зуухан төхөөрөмжүүдийн дулаан үйлдвэрлэлтийн өөрчлөлт ороогүй байх үеэсээ 20-30 хувь хүртэл буурснаас гадна зарим нэг сөрөг үр дагаврууд ажиглагдсан. Үүнд кокс, хагас кокс үйлдвэрлэлтийн явцад дээрх үндсэн тоноглолууд үндсэн үйлдвэрлэл талдаа бүрэн ачаалал авч ажиллаж чадахгүй байгаа нь өвлийн их ачааллын үед өгөгдсөн горимын зохих түвшинд ажиллах боломжгүй болж станцын шуурхай ажиллагаанд ноцтой хүндрэл учруулсан. Хослон үйлдвэрлэлийн үед гарч буй хагас коксны өртөг харьцангуй өндөр гарах, засварын ачааллын болон халаалтын бус улиралд орон нутгийн дулааны эрчим хүчний хэрэглээний хэмжээнээс үүдэн тасралтгүй ажилууллах боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна. Эрчим хүчний сайдын 2018 оны 19 дүгээр тушаалаар Б ын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, техник ашиглалтын санхүү эдийн засгийн байдалд дүгнэлт гаргах ажлын хэсэг нь Б ТӨХК, Х ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцлаад к-4, к-9 зуухыг 2018-2019 оны улиралд халаалтын үндсэн зориулалтаар нь ашиглах зохион байгуулалтын арга хэмжээ авч ашиглахаар үүрэг болгосон. Энэ үүргийн дагуу 2018 оны 08-р сарын 07-ны өдрийн 1/641 тоот албан бичгээр Х ХХК-д хандсан боловч хариу ирүүлээгүй. Компанийн удирдлагууд өөрийн биеэр хамтран ажиллах гэрээг дүгнэх асуудлаар уулзсан боловч шийдэлд хүрээгүй. 2018-2019 оны халаалтын улирал эхлэхэд техникийн өөрчлөлт хийгдсэн к-4, к-9 зуухыг хуучин байдалд нь шилжүүлэн ажиллахгүй бол станцын шуурхай ажиллах горимд ноцтой хүндрэл үүсгээд зогсохгүй станц аваарын байдалд хүрэх хэмжээний маш хүнд нөхцөлд хүргэж болзошгүй, халаалтын үед халуун бэлтгэлд байх зуухны тоо хүрэлцэхгүй нөхцөл байдалд хүрээд байна. Дээрх шалтгаануудын улмаас Х ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцлан к-4, к-9 зуухыг 2018-2019 оны халаалтын улиралд хуучин хэвэнд нь шилжүүлж, үндсэн зориулалтаар нь ажилууллах үүргийг ТУЗ-өөс өгсөн. Иймд 2018 оны 03 сарын 19-ний өдрийн 1/208 тоот албан бичгээр гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Иргэний хуулийн 204.1-т зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах болон гэрээг цуцлах бол нөгөө талдаа мэдэгдэх ёстой. Мэдэгдэхэд хуулиар хэлбэрийн шаардлага тавигдаагүй боловч гэрээний 9.1-т заасны дагуу бичгээр мэдэгдсэн. Хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийн явцад Х ХХК гэрээний 5.9-т заасан үүргээ удаа дараа зөрчсөн, удаа дараа мэдэгдэж байсан боловч үр дүн гарахгүй байсан. Хамтран ажиллах гэрээний үргэлжлэх хугацаа 2019 оны 01 сарын 04-ний өдөр дууссан. Талууд гэрээний хугацаа дуусахаас өмнө тохиролцоогүй бол гэрээг шууд дуусгавар болгоно гэсэн эрх зүйн үр дагавар байдаг. Хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон бөгөөд урт хугацаанд ашиг олохгүй болох нь тодорхой болсон. Ийм учир Х ХХК-иас 2 зуухыг хэвийн үйл ажиллагаанд нь буцаан оруулж, зуухны горим ажиллагааг хэвийн болгоход шаардагдах зардлаа Иргэний хуулийн 225.1 дэх хэсэгт зааснаар шаардаж байна. Техникийн өөрчлөлтөд хамрагдсан хоёр зуухан төхөөрөмжийн галын хутгуурыг хэвийн байдалд нь оруулахын тулд техникийн өөрчлөлтөөр хийгдсэн галын хутгуурын хэсгийн нүүрсний дэгдмэлийг хийжүүлэх тавцан, кокс хуримтлуулан бункерийг бүрэн хэмжээнд буулгалт хийж шинээр нэмэлт тал гадаргуу савхлуур бүхий шаталтын тавцан, агаарын зооны хэсэг, хоолойн системийг иж бүрнээр нь гүйцэтгэх өөрөөр хэлбэл буцламтгай үед шаталтын горим галын хутгалтыг шинээр угсрах шаардлагатай байна. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд к-4, к-9 зууханд нийт 250 798 539 төгрөгийн шууд зардал шаардагдаж байна. Иймд уг зардлыг Х ХХК-иас нэхэмжилж байна. Мөн Х ХХК нь уул, уурхайн хагас кокс үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл аваагүй байсан нь гэрээ байгуулсны дараа илэрсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч Т.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээг цуцалсантай холбоотой хохирол гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хоёр талын гэрээнд нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан тохиолдолд нөгөө тал гэрээний үүргийг ноцтой зөрчсөн байхыг шаарддаг. Энэ тохиолдолд Х ХХК нь гэрээний үүргээ зөрчсөн талаарх баримт байхгүй. Иргэний хуулийн 227.2-т зааснаар нэг тал гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал буруугүй бол хохирол шаардахгүй байх талаар зохицуулсан байдаг. Манай тал гэрээг зөрчөөгүй. Хэрвээ зөрчсөн гэж үзэж байгаа бол ямар зөрчил гаргасан, ямар үндэслэлээр гэрээг цуцалж байгаагаа нотлох баримт байхгүй, нэхэмжилж байгаа 250 798 539 төгрөгийг зөвшөөрөхгүй. Гэрээгээр Х ХХК нь Б ТӨХК-ийн к-4, к-9 зуухыг нөхөн сэргээж хагас коксжсон түлш үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг засварлахад 1 110 123 400 төгрөгийн хөрөнгө оруулж суурилуулсан. Хөрөнгө оруулалт хийж засан сайжруулалт хийснээр дулааныг үйлдвэрлэх нөхцлийг бууруулсан гэж байгаа нь үндэсгүй. Харин Б гүйцэтгэх захирлын тодорхойлолт, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, техникийн комиссын акт зэргээр тухайн үйлдвэрлэлийг явуулахад дулаан үйлдвэрлэлд сөрөг нөлөөгүй гэдгийг нотолсон. Хэрэв тухайн үед дулаан үйлдвэрлэлтэд нөлөөлсөн нь тогтоогдсон бол гэрээний нөгөө талд мэдэгдэж доголдлыг арилгуулахыг шаардах эрхтэй байсан. Нэхэмжлэгч нь 250 798 539 төгрөгийн хохирол учирсан гэж шаардаж байгаа боловч ийм хохирол бодитоор учирсан талаарх баримт байхгүй байна. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь гэрээ цуцалсантай холбогдуулан Б ТӨХК-иас 1 110 123 400 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 09-р сарын 18-ны өдрийн 171 дүгээр зарлигаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулсан. Энэ хорооны ажлын үндсэн зорилго нь агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх, шинжлэх ухаан, техникийн үндэслэлийг судлахыг Эрчим хүчний яам, Уул, уурхайн яаманд үүрэг болгож ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хүрээнд Х ХХК-ийн эзэмшдэг оюуны өмчийн 2240 дугаартай ашигтай загварын гэрчилгээтэй дулааны эрчим хүч болон хагас кокс хослон үйлдвэрлэх зуухны хийцийг танилцуулж туршилт, сорилын ажлуудыг хийж үйлдвэрлэлд нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж шийдвэрлэсэн. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2013 оны 05-р сарын 29-ний өдрийн 13/29 тогтоол, Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн 2013 оны 06-р сарын 10-ны өдрийн 6 дугаар тэмдэглэл, Эрчим хүчний сайдын 2013 оны Б/295 дугаар шийдвэрийг үндэслэн Б ТӨХК-ийг түшиглэн хамтран ажиллахаар болсон. Ингээд Б ТАХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 12 сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг удирдлага болгон 2016 оны 01-р сарын 04-ний өдрийн 20160501 дугаартай Хамтран ажиллах гэрээг байгуулсан. Эрх бүхий газруудаас тавьсан шаардлага нь тухайн үйлдвэрийг байгуулахад 100 хувь өөрөө хөрөнгө гаргах байсан бөгөөд манайх өөрийн хөрөнгөөр буюу 1 110 123 400 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж үйлдвэрийг барьсан. Гэрээгээр 2016 оны 01 сарын 01-нийн өдрөөс 2018 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай байсан, талуудын аль нэг нь гэрээг цуцлах, хугацаанаас өмнө дуусгавар болгох санал гаргаагүй бол өмнөх нөхцлөөрөө нэг жилийн хугацаагаар сунгагдах буюу 2019 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл сунгагдах байсан. Гэтэл 2018 онд Б ТӨХК-ийн зүгээс гэрээг цуцалсан тухай манайд мэдэгдсэн, гэрээг цуцалсантай холбоотой гэрээнд заасан үүрэг болох оруулсан хөрөнгийн хэмжээг талуудаас бүрдсэн комисс байгуулж шийдвэрлэх асуудлыг шийдвэрлээгүй өдийг хүрсэн. Тийм учраас тухайн комисс нь хэзээ байгуулагдаж, оруулсан хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн талаар мэдэгдэхийг хүлээж байсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргаж хохирол шаардсанаар гэрээг цуцалсантай холбоотой үүссэн ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болсон байна. Иймд оруулсан хөрөнгөөрөө хохирсон гэж үзэж Иргэний хуулийн 227.1, гэрээний 8.1-т зааснаар сөрөг шаардлага гаргасан. Иймд Б ТӨХК-иас 1 110 123 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Л сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд хамтран ажиллах гэрээг 2016 онд байгуулсан, 2018 онд гэрээ цуцлах асуудлыг дулааны станц гаргасан гэжээ. Мөн чанартаа 2016 онд гэрээ байгуулж, зуухны өөрчлөлт хийгдсэний дараа туршилт хийх гэж бид маш их ажилласан, энэ төсөл нь маш том төсөл юм. Хэд хэдэн удаагийн туршилтаар биш урт хугацаанд олон туршилт хийж байж тогтоогддог асуудал юм. Актын тухайд эхний ээлжинд туршилт хийж байхад сайн гарч байсан. Дараа нь асуудал гарч дахин засч байсан, өөрөөр хэлбэл, хамтарсан болон дангаараа гаргасан акт ч байгаа. 2016 оны 4 сарыг хүртэл хэд хэдэн удаа хамтарч туршилт хийхэд туршилтын хариу адил биш, хэвийн гарахгүй байсан. Ийм учраас манайд алдагдалтай байгаа тул гэрээг цуцлах тухай албан бичиг манайд хэд хэдэн удаа ирж байсан. Эцсийн үр дүн гараагүй байхад хариуцагч тал 2016 оны эхний хагаст ажлаас буусан, 2017-2018 онд ажиллаагүй. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулсан Засгийн газар н.Алтанхуяг сайдыг огцруулснаар Монгол улс даяар нүүрсний үнэ буурсан. Манай зүгээс хэд хэдэн удаа хандаж, зуухыг буцааж хэвийн ажиллагаанд нь оруулъя гэсэн шаардлагыг тавьсан. Дулаан буурсан буураагүйг тухайн үед ч тогтоох боломжтой байсан, одоо ч тогтоох боломжтой. Хагас кокс гэдэг бол шахмал түлшний хамгийн гол түүхий эд, коксоо аваад бусад үйлдвэрлэлийн дамжлагаар ороод эцсийн бүтээгдэхүүн болж гардаг зүйл юм. Гэрээг хагас кокс гэдгээр байгуулсан, шахмал түлшний асуудлыг тусад нь гэрээгээр зохицуулахаар заасан. Шахмал түлшний хувьд хариуцагчтай хамтарч ажиллаагүй. Үйлдвэрийг хариуцагч барьж, бүтээгдэхүүнийг өөрсдөө гаргасан. Манайд энэ тал дээр ажиллах боловсон хүчин, орон тоо байхгүй. Манайх хагас коксоо хариуцагчид зарах л асуудал байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэх үндэслэлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ТӨХК нь Х ХХК-д холбогдох хамтран ажиллах гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 250 798 539 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг, Х ХХК нь Б ТӨХК-иас хохирол 1 110 123 400 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 09-р сарын 18-ны өдрийн 171 дүгээр зарлигаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, Үндэсний хорооны ажиллах журмыг /Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2012 оны 38 дугаар/ баталжээ. Энэ хороо нь Агаарын тухай хуулийн 5-р зүйлийн 5.1.1-д заасан агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих үндсэн үйл ажиллагааны зорилготой байна.

 

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2013 оны 03-р сарын 29-ний өдрийн 13/29 дугаар тогтоолоор хагас коксон болон шахмал түлшний үйлдвэр байгуулах санал ирүүлсэн компаниудаас хөрөнгө оруулалтаа өөрөө бие даан шийдвэрлэх, технологи нь үйлдвэрлэлд нэвтэрсэн, түүхий эдийн нийлүүлэлт баталгаатай, бүтээгдэхүүн нийлүүлэх хугацаа, холбогдох стандарт хангасан зэргийг харгалзан Х ХХК, Б ХХК, Шивээ коал ХХК, М ХХК-тай бүтээгдэхүүн худалдан гэрээ байгуулахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхайн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт тус тус үүрэг болгож, энэ ажлын хүрээнд Эрчим хүчний салбарын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаас Х ХХК-ний боловсруулсан Б ТӨХК-ийг түшиглэн барих хагас коксжсон шахмал түлшний Техник эдийн засгийн үндэслэлийг /хх 1-р хавтас 52-54, 4-р хавтас 22-100/ дэмжсэнээр уг ажлыг хэрэгжүүлж эхэлсэн байна.

 

Төслийг хэрэгжүүлэх туршилтын ажлыг 2013 оноос эхлүүлж, улмаар Б ТӨХК-ний ТУЗ-ын 2013 оны 8-р сарын 23-ны өдрийн хуралдаанаас Хөх чоно групп ХХК-ийн хэрэгжүүлэх төслийг дэмжсэн, туршилтын ажил хэвийн явагдсан, 9-р зуухны параметрүүд сайн, дулаан үйлдвэрлэлт нэмэгдсэн, кокс гаргах үндсэн шаталтын горим хэвийн явагдсан, энэ төрлийн зуухан дээрх кокс үйлдвэрлэх ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжтой, станцын горимд сөргөөр нөлөөлөхгүй байсан нь 2013 оны 3-р сарын 20-ны өдрийн 1/102 тоот тодорхойлолт, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2013 оны 6-р сарын 3-ны өдрийн Гэрээ байгуулах тухай албан бичиг, Б-н ажлын хэсгийн 01, 02 тоот тайлан, ТУЗ-ын 2014/12 дугаар хурлаар хэлэлцэж цаашид төслийг хэрэгжүүлэх, хамтран ажиллах гэрээ байгуулахаар тус тус /1-р хавтас 61-76/ шийдвэрлэжээ.

 

Түүнчлэн станцын 4, 9-р зуухнуудыг кокс болон дулааны эрчим хүч хослон үйлдвэрлэх технологийн шинэчлэлт өөрчлөлтөд хамруулж жилд 22800 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай хагас коксжсон утаагүй түлшний үйлдвэрийг хамтад нь иж бүрнээр нь ашиглалтад оруулсан, хагас коксжсон түлш нь Монгол улсын стандарт MNS56792014 бүрэн хангасан нь лабораторын дүгнэлт туршилтаар батлагдсан тул цаашид гэрээний ямар хэлбэрээр ажиллах талаар Эрчим хүчний яаманд уламжилсан /1-р хавтас 77-78/, 2015 оны 03-р сарын 27-ны өдрийн Техникийн комиссын актаар үйлдвэрийг байнгын ашиглалтад хүлээн /4-р хавтас 19-20/ авчээ.

 

Үйлдвэрийг байнгын ашиглалтад хүлээн авснаар талууд цаашид хамтран ажиллахаар тохирч 2016 оны 1-р сарын 4-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж /1-р хавтас 19-23/, хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх, ашгаа хуваахаар тохирсон байна.

 

Харин нэхэмжлэгч нь ...туршилтын ажлын явцад к-4, к-9 зуухан төхөөрөмжийн дулаан үйлдвэрлэлт өмнөхөөсөө 20-30 хувь буурсан, зарим сөрөг үр дагавар гарсан талаар маргаж, гэрээ цуцалж, төхөөрөмжийг өмнөх байдалд нь шилжүүлж, зориулалтаар нь ажилууллахад гарах зардал 250 798 539 төгрөг гаргуулахаар шаардсан, хариуцагч хамтран ажиллах гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан, цаашид энэ гэрээ хэрэгжих боломжгүй болж оруулсан хөрөнгөөрөө буюу 1 110 123 400 төгрөгөөр хохирсон талаар марган гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч гэрээ цуцалсан, хохирсон гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, өөрөөр хэлбэл, 2 зууханд өөрчлөлт шинэчлэл хийснээр дулаан үйлдвэрлэлт 20-30 хувь буурсан, хагас кокс үйлдвэрлэх явцад үндсэн тоноглолууд бүрэн ачаалал авч ажиллаж чадахгүй болсон, өвлийн их ачааллын үед өгөгдсөн горимын зохих түвшинд ажиллах боломжгүй болж станцын шуурхай ажиллагаанд ноцтой хүндрэл учруулсан гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй. Энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, нотлох баримтаа бүрдүүлэх, гаргаж өгөх, нотолгооны бусад хэрэгслээр нотлох үүргээ биелүүлээгүй болно.

 

Нөгөө талаас, Эрчим хүчний сайдын 2018 оны 19 дүгээр тушаалаар Б-н үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, техник, эдийн засгийн байдалд дүгнэлт гаргах ажлын хэсгийн 2018 оны 6-р сарын 5-ны өдрийн тайлан, дүгнэлтийн Гуравт ...хамтран ажиллах гэрээгээр хагас коксыг ашиглан утаагүй шахмал түлш үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг станц дээр угсарч суурилуулан, түлш үйлдвэрлэх турших ажлыг эхлүүлсэн, ...гэвч үүний дараа Засгийн газар солигдож, утаагүй түлшний талаарх төрийн бодлого өөрчлөгдсөнтэй холбогдуулан дээрх ажлууд зогссон, ...туршилтын ажил болон гэрээг эцэслэн дүгнэх үүрэг өгсөн байна.

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, Х ХХК-ний буруутай ажиллагааны улмаас гэрээ цуцалсан үндэслэл тогтоогдоогүй, харин ...Засгийн газар солигдсоноор үйлдвэрийг ажиллуулаагүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч гэрээ цуцлах талаар нөгөө талдаа мэдэгдсэн ч үр дүн гарах боломжгүй байсан, цаашид гэрээг хэрэгжүүлэх харилцан ашигтай ажиллах, ашиг алдагдлаа хуваарилах нөхцөл байдал бүрдээгүй байжээ. Нөгөөтэйгүүр, өөрчлөлт хийсэн 2 зуух Б-ын өмч бөгөөд түүний өмчид засан сайжруулалт хийсэн, байнгын ашиглалтад хүлээн авсан тохиолдолд агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Засгийн газрын шийдвэрийг нэхэмжлэгч хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь хагас коксын горимд шилжүүлсэн К-4, К-9 зуухны галын хотлыг буцламтгай үет шаталтын горимд бүрэн шилжүүлэх их засварын ажлын төсөвт өртөг 249 273 812 төгрөг болно /1-р хавтас 90-94/ гэх боловч энэ хэмжээний бодит хохирол учраагүй, ийм хэмжээний зардал гарахад Х ХХК буруугүй байна.

 

Харин Х ХХК нь дээрх техникийн шинэчлэл, өөрчлөлт шинэчлэл хийхэд 1 110 123 400 төгрөгийн хөрөнгө оруулсан нь санхүүгийн баримтуудаар /1-р хавтас 79-87, 96-2-р хавтас, 3-р хавтас 1-201, 213-250, 4-р хавтас 1-6/ тогтоогдсон, нэхэмжлэгч эдгээр баримтыг няцаасан баримтыг гаргаагүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Хэргийн 1-р хавтасны 10-15 дахь талд авагдсан баримт нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.1, 227-р зүйлийн 227.1, 479-р зүйлийн 479.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөх чоно групп ХХК-иас 250 798 539 /хоёр зуун тавин сая долоон зуун ерэн найман мянга таван зуун гучин ес/ төгрөг гаргуулахыг хүссэн Б ТӨХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Б ТӨХК-иас 1 110 123 400 /нэг тэрбум нэг зуун арван нэг зуун хорин гурван мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж Х ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 411 942 /нэг сая дөрвөн зуун арван нэгэн мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөг, хариуцагчаас төлсөн 5 708 567 /таван сая долоон зуун найман мянга таван зуун жаран долоо/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Б ТӨХК-иас 5 708 567 /таван сая долоон зуун найман мянга таван зуун жаран долоо/ төгрөг гаргуулж Х ХХК-д олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА