| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2023/0165/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/161 |
| Огноо | 2023-05-30 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Б.Тогтох,
Хохирогч Ж.Т-,
Шүүгдэгч Т.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г-т холбогдох эрүүгийн 2338000000132 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т.Г-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Г- нь 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Хайч гэх газарт өөрийн эзэмшлийн “...” гэх фэйсбүүк хаягаас “Наtgal News нэгдсэн групп”-т “буу өгч хүн хөнөөсөн” гэх хохирогч Ж.Т-ийн нэр төр, алдар хүндэд халдсан мэдээлэл тарааж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000132 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Т.Г- нь 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Хайч гэх газарт өөрийн эзэмшлийн “...” гэх фэйсбүүк хаягаас “Наtgal News нэгдсэн групп”-т хохирогч Ж.Т-ийг “буу өгч хүн хөнөөсөн” гэх нийтлэлийг бичиж, түүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл тараасан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г-ийн өгсөн: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Иргэн Ж.Т-ээс Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хавсралт (хх-ийн 11-12 тал),
Шүүгдэгч Т.Г-ийн гар утсанд үзлэг хийсэн: “...Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн Т.Г-ийн эзэмшлийн Galаху А-7 гар утсанд үзлэг хийж эхлэв. Уг гар утас нь хар өнгийн гар утас байв. Гар утасны код Z түгжээгээр онгойдог уг гар утасны цэс рүү ороход фэйсбүүк хэсгийг “...” гэх хаягтай байв. Уг хаягнаас “Наtgal News” гэх группд 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Жалын Ж.Т-ийн талаар мэдээлэл пост оруулсан гэж харуулав. Мөн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр пост оруулсан гэж харуулав. Мөн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр пост оруулсан мөн 02 дугаар сарын 05-ны өдөр пост нийтэлсэн оруулсан мөн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр пост оруулсан мөн 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр пост оруулсан, 03 дугаар сарын 06-ны өдөр пост оруулсан, мөн 03 дугаар сарын 15-ны өдөр пост оруулсан, 03 дугаар сарын 16-ны өдөр пост оруулсан гэх постыг харуулав. Иргэн Т.Г- нь нийт “...” хаягнаас харуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 13-16 тал),
Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 17-19 тал),
Хохирогч Ж.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай охин Мөнхдалай над руу яриад таныг “Наtgal News” дээр хүн амины хэрэг хийсэн гэх талаар мэдээллийг “...” хаягаас мэдээлэл оруулсан байна гэж хэлэхээр нь мэдсэн. Тухайн цаг хугацаанаас хойш мөн удаа дараа намайг гүтгэж, нэр төрд халдсан ийм асуудал болсон тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Би Хөвсгөлийн Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын даргаар ажилдаг миний ажил төрөлтэй холбогдолтой, мөн хүн амины хэрэг хийсэн мэтээр олон нийтийн сүлжээнд удаа дараа тавьсан байсан. “...” гэх нэртэй хаяг дээр зураг нь байхгүй болохоор танихгүй байна харилцаж байгаагүй. Манай хүү болох Т.М- гэж байгаль хамгаалагч ажилтай хүүг маань мөн олон нийтийн сүлжээнд тавьсан байсан. Би хүүгээсээ асуухад Хатгал тосгоны Хайч гэх газарт байдаг Т.Г- гэх хүн байдаг өмнө байгаль экологийн асуудлаар баригдаж байсан тэр хүнийг болов уу гэж таамаглаж байна. Олон нийтийн сүлжээнд тавьсан мэдээллийг би тухай бүрд нь хэвлэж авсан байгаа. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Ар давхар гэх газарт 2001 онд ямар нэгэн айл болон сахиул байгаагүй газар тэгтэл “...” хаягаас 2001 онд Ар давхар гэх газарт намайг сахиулдаа буу өгч буудуулж алсан гэж нэр төрд халдсан. 2001 онд Суман хадны шил дээр С- гэх хүн буудуулж нас барсан асуудалтай намайг холбосон асуудлыг тавьсан байна гэж харсан. Тухайн нас барсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж шийдсэн ямар ч хамааралгүй асуудал байгаа юм. ...Т.Г- гэдэг хүн “намайг хүн хөнөөсөн” утгатай нийтлэл оруулснаас хойш маш олон хүн надаас “та хүн алж байсан юм уу, хүн алсан гэсэн биз дээ” гээд агсам тавьж, асуух нэгэн нь асууж байна. Надад хэцүү байгаа. Албаны болон хувь хүний минь нэр хүндэд халдаж, сэтгэл санаагаар минь хохироосонд гомдолтой байна. Сэтгэл санааны минь хохирол гэж 50 сая төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжилж байгаа талаараа 1 хуудас, гомдлыг би гараараа бичсэн байгаа, үүнийг хэрэгт тусгуулах хүсэлтэй байна. Т.Г- гэдэг хүн үнэн зөвийг залруулж цахим хуудсанд нийтлэл бичиж оруулах хэрэгтэй гэж бодож байна” гэх мэдүүлэг (хх-ийн 20-24, 26 тал),
Гэрч Т.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2023 оны 01 дүгээр сард манай аав болох Ж.Т-ийг “...” фэйсбүүк хаягаас хүн буудаж алсан алуурчин гэх мэтээр нэр төрд нь халдаж олон нийтийн сүлжээнд тавьсан байсан мөн намайг олон нийтийн сүлжээнд тавьсан байсан. “...” хаягаас нь харахад бол Хатгал тосгоны Хайч гэх газарт Т.Г- гэх хүн болов уу гэж сэжиглэж байна. Уг Т.Г- нь удаа дараа надад загас барьж байгаад баригдаж байсан юм. Мөн эргүүл хяналт шалгалтаар явж байхад над руу чиглэсэн зүйл байнга ярьж байдаг юм” гэх мэдүүлэг (хх-ийн 28 тал),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 10 тал),
Шүүгдэгч Т.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би Ж.Т-ийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг нийтийн цахим сүлжээнд нийтэлсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ж.Т- надад гомдсон нь ойлгомжтой байх. Яагаад гэвэл би зүгээр нутгийн иргэдийн дунд сонсогдоод байдаг яриа буюу Ж.Т-ийг сахиулаа буутай байлгаж нутгийн 1 иргэнийг хашсан газар руу орсон гэж буудуулж амь нас хөнөөсөн гэж худал мэдээллийг өөрийн “..." гэх фэйсбүүк хаяг “Хатгал невс” гэх групп дээр нийтлэл оруулчихсан юм. Би ямар учир шалтгааны улмаас ийм нийтлэл оруулах болсон бэ гэхэд Ж.Т- гэх хүн манай нутгийн айлуудын өвөлжөө, хаваржааны хашааг хашиж аваад өвөлжөөг нь шатаачихсан юм. Ерөнхийдөө Ж.Т- гэх хүн нутгийн айлуудын өвөлжөөний газрыг хашиж эзэмшчихээд байгаа юм. ...Манай нутгийн хүмүүсийн ярьж байсан яриаг би сонсоод өлгөж аваад цахим орчинд нийтэлсэн шүү дээ. Би нутгийнхныгаа тэр энэ гээд нэрийг онцлоод хэлээд баймааргүй байна. Би л тэр хүнийг гомдоосноороо буруутай шүү дээ. Бусад хүмүүст хамааралгүй гэж бодож байна. ...Үгүй ээ, надад харсан үзсэн зүйл байхгүй. Би сонссон зүйл таамаглаж бичсэн юм. ...Би ингээд нийтэлчихвэл тухайн хашсан хашаагаа буулгачих болов уу, ирээд уулзчих болов уу гэж бодсондоо тийм нийтлэл оруулчихсан юм. Өөр ямар нэгэн ажил хэрэг, албан тушаалын таагүй харилцаа байгаагүй. ...Тухайн 7 нийтлэл бүгд Ж.Т-эд хамааралтай биш Ж.Т-ийн талаар 2023.02.05-ны өдөр хэтрүүлж, сахиулаараа хүн буудуулсан гэж нэр төрд нь халдсан худал зүйл бичсэн нь миний буруу. Би гомдолгүй болгож өгнө. Бусад нийтлэлүүд нь миний зүгээр үзэл бодлынхоо дагуу л бичсэн зүйл, тэдгээр нийтлэлүүдийн талаар яримааргүй байна. ...Ж.Т-ийг гомдолгүй болгохыг хүсэж байна, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хэргээ хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг (хх-ийн 35-36 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Т.Г-ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Ж.Т- нь 50.000.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч энэ талаар тодорхой тооцоолол хийх боломжгүй байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.Т- нь өөрийн нэр төр, алдар хүндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Г-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ж.Т-, гэрч Т.М- нарын мэдүүлэг, Иргэн Ж.Т-ээс Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хавсралт, шүүгдэгч Т.Г-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Т.Г- нь 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Хайч гэх газарт өөрийн эзэмшлийн “...” гэх фэйсбүүк хаягаас “Наtgal News нэгдсэн групп”-т хохирогч Ж.Т-ийг “буу өгч хүн хөнөөсөн” гэх нийтлэлийг бичиж, түүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл тарааж, “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Худал мэдээлэл тараах гэмт хэргийг шүүгдэгч Т.Г- нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, илтэд худал мэдээллийг олон нийтэд тарааж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 38, 41-42 талд авагдсан ... зэргээр шүүгдэгч Т.Г- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Т.Г-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д засан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан “албан үүргээ гүйцэтгэх, олон нийтийн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хохирогч хүний эсрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүх шүүгдэгч Т.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “... 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” санал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Г-т 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан ялын зорилгыг хангах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Т.Г-ийг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас гадагш явах эрхийг 3 (гурав) сарын хугацаагаар хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно”, мөн зүйл, хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар шүүгдэгч Т.Г-т “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг зорчих эрх хязгаарлах ял дээр нэмж хэрэглэж, шүүгдэгч Т.Г-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2338000000132 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-ийг 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Т.Г-ийг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас гадагш явах эрхийг 3 (гурав) сарын хугацаагаар хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар шүүгдэгч Т.Г-т “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Т.Г-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.Т- нь өөрийн нэр төр, алдар хүндэд учирсан хохирол 50.000.000 (тавин сая) төгрөгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Г-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн 2338000000132 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР