Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/162

 

 

 

 

        

    2023      05         30                                         2023/ШЦТ/162

                                

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгч Б.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.П-д холбогдох эрүүгийн 2338000220144 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.П-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.П- нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн гудамжны ...тоотод “утсаар чинь яриад өгнө” гэж Г.Л-г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Huawei Nova 9se маркийн гар утсыг нь залилан авч, 1.165.700 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000220144 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.П- нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн гудамжны ...тоотод “утсаар чинь яриад өгнө” гэж Г.Л-г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Huawei Nova 9se маркийн гар утсыг нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П-гийн өгсөн: “...Би хохирогчийн утсаар хүнтэй яръя гэж авч гараад зарсан. Маргааш нь Хөвсгөл аймгийн Түнэл сум руу яваад хохирогчтой холбоо барихгүй байж байгаад саяхан ээжтэй нь холбоо бариад хохирлыг нь төлж өгөхөөр болсон. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны үед иргэний нэхэмжлэгч Б.О-гийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сард л байх өдөр хоногийг нь мэдэхгүй байна. Г.Л- нэг явж ирсэнээ л утсаа алдчихлаа гэж байсан. Би утас авсан хүнтэй нь Цагдаагийн газарт нэг удаа уулзаж байсан. Тэр хүүхэд ямаагаа самнаж орж ирээд утасны мөнгийг өгнө гэж хэлсэн. Би ямар ч байсан хохирлыг барагдуулж өг би өөрөө лизингээр худалдаж аваад өөрийнхөө хүүхдэд өгсөн утас байсан. Одоо ч лизингийн мөнгийг нь төлж байгааг хэлсэн. Би тэр утсыг 2022 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Мобикомын төв салбараас 1 сая гаруй төгрөгөөр лизингээр аваад Г.Л-д өгсөн байсан. Манай хүү Г.Л- нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хятад улсын Хөх хот руу ажил хийхээр явсан. Одоо хэзээ эргэж ирэхийг мэдэхгүй байна. Тэнд очоод утас нь холбогдохгүй байгаа. Их урт дугаартай утаснаас холбоо барьсан. Түүнээс хойш холбоо бариагүй байна. Одоо гэрээний дагуу 1,199,000 төгрөгийг төлүүлж өгнө үү. Манай хүүхэд Хөх хотод ажиллаж байгаа болохоор хэргийн материалтай танилцаж чадахгүй. Тийм учраас хохирлын мөнгийг надад олгуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

Хохирогч Г.Л-гийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 07-ны орой П-, Х.Д-, Т- гэдэг охин бид дөрөв 9 дүгээр хорооны Гэрэлт караоке дээр ууж байгаад Хилийн цэргийн ар талын Z гэдэг нэртэй бааранд ууцгаасан. Тэгээд тэндээсээ гараад 9 дүгээр хороонд П-гийн байгаа айлд нь очиж ууцгаагаад тэндээ унтацгаасан. Өглөө нь Х.Д-, П- бид гурав үлдээд байж байхад П-гийн эхнэр миний гар утас руу залгаад П- би утсаар яриад орхиё гээд аваад гарсан. Тэгээд П- буцаж орж ирэхдээ 3 бэлэн гоймон нэг том 2.5 литрийн пиво авч орж ирсэн. Тэгэхээр нь би найзынхаа гар утсыг яасан бэ гэхэд П- надад хандаад П- гэдэг эмэгтэй найздаа өгөөд явуулсан өдөр авчирч өгнө гэсэн. Тэгэхээр нь би авчирч өгөх юм болов уу гээд өдөр хүртэл хараад П- ч байхгүй нөгөө утас авчирч өгнө гэсэн эмэгтэй ч байхгүй болохоор нь П-гийн ажилладаг авто угаалгын газарт очиход угаалгын газрын эгч гар утсаа алдсан гээд П-тэй уулзаад зогсож байсан. Тэгээд би П-тэй орой уулзаад миний гар утсыг олж өг гэхэд Хөх толгой руу ахындаа өгсөн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр ахынд нь очиход нэг ах эхнэр хүүхдүүдтэйгээ байсан гэсэн. Тэгэхэд П-тэй хамт манай найз Х.Д- цуг орсон. Х.Д- танд энэ П- гэдэг залуу утас өгсөн үү гэж асуухад юу яриад байгаа юм, тийм зүйл байхгүй, юугаа хуцаад байгаа юм гээд П-г загнаад чи дээр манайд хүртэл ирээд манай охины утсыг хулгайлж явахад чинь янз бүрийн юм яриагүй шүү гэж хэлсэн байсан. ...Huawei Nova 9se маркийн цэнхэр хамелон өнгөтэй гар утас байгаа. ...Би алдсан гар утсаа энэ оны 10 дугаар сарын 18-нд 1.199.000 төгрөгөөр авч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

Гэрч Х.Д-ийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 07-ны орой П-, Г.Л-, Түмээ гэдэг охин бид дөрөв 9 дүгээр хорооны Гэрэлт кареоке дээр ууж байгаад Хилийн цэргийн ар талын Z гэдэг нэртэй бааранд ууцгаасан. Тэгээд тэндээсээ гараад 9 дүгээр хороонд П-гийн байгаа айлд нь очиж ууцгаагаад тэндээ унтацгаасан. Өглөө нь Г.Л-, П- бид гурав үлдээд байж байхад П-гийн эхнэр Г.Л-гийн гар утас руу залгаад П- би утсаар яриад орхиё гээд аваад гарсан. Тэгээд П- буцаж орж ирэхдээ 3 бэлэн гоймон нэг том 2,5 литрийн пиво авч орж ирсэн. Тэгэхээр нь Г.Л- найзынхаа гар утсыг яасан бэ гэхэд П- Г.Л-д П- гэдэг эмэгтэй найздаа өгөөд явуулсан өдөр 2 цагийн үед авчирч өгнө гэсэн. Тэгээд би Г.Л-, П- бид 3 орой уулзаад Г.Л- П-г миний гар утсыг олж өг гэхэд Хөх толгой руу ахындаа өгсөн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр ахынд нь очиход нэг ах эхнэр хүүхдүүдтэйгээ байсан. Би тэнд байсан ахад хандаад танд энэ П- гэдэг залуу гар утас өгсөн үү гэж асуухад юу яриад байгаа юм, тийм зүйл байхгүй, юугаа хуцаад байгаа юм гээд П-г загнаад чи дээр манайд хүртэл ирээд манай охины утсыг хулгайлж явахад чинь янз бүрийн юм яриагүй шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

Гэрч Д.А-ийн өгсөн: “...Би Б.П- гэх залуутай 2022 оны 07 дугаар сард танилцаж бид хоёр үерхсэн. Б.П-г П- гэж дууддаг. Би тухайн үед Түнэл суманд гэртээ байсан. Харин Б.П- нь Мөрөн суманд байсан. Б.П- нь 2022 оны 12 дугаар сарын 09, 10-ны үед ирсэн байх. Надад ямар нэгэн утасны талаар яриагүй. Би өнөөдөр л хүний утас авч явсан гэж мэдлээ. Би тухайн үед Б.П-тэй фейсбүүк болон утсаар холбогдож байсан. Мөн тэр үед өөрийнх нь дугаар болохгүй байхад нь найз гээд нэг хүний дугаараар ярьж байсан. Гэхдээ одоо дугаарыг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,

Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №2245617200510 дугаартай: “...Г.Л-гийн Huawei Nova 9se маркийн гар утасны үнэлгээг 1.165.700 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.П-гийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Мөрөн сумын 9 дүгээр хороонд амьдардаг Б-н гэрт Г.Л-, Х.Д- нарын хамт архи ууж хоносон. Тэгээд өглөө нь Г.Л-гийн гар утсаар яръя гэж хэлээд гэрээс нь авч гараад найз охин Д.А-тэй ярьсан. Тэгээд Батбаярын таньдаг гэх ахад нөгөө утсаа 150.000 төгрөг худалдсан. Тэгээд утсыг нь зарчихаад дэлгүүрээс том пиво, гурван ширхэг бэлэн хоол аваад нөгөө архи ууж байсан Б-н гэрт очсон. Намайг гэрт ороход надаас утсаа авъя гэж хэлэхээр нь 14 цагийн үед авчирч өгнө л гэж хэлсэн. Тэгээд Г.Л-г дагуулж гараад айлд очиж утсыг чинь авч өгнө гэж худлаа яриад гарсан. Ц- гэдэг айлын гадна очоод хальт хашаа руу нь орчихоод гарч ирээд хүн байхгүй байна, маргааш авч өгье гэж хэлээд буцаж яваад нөгөө газраа очиж хоносон. Тэгээд өглөө нь босоод Түнэл сум руу явсан. Тэрнээс хойш Г.Л-тай уулзаагүй. Ээжтэй нь л уулзсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Л-, иргэний нэхэмжлэгч Б.О-, гэрч Х.Д-, Д.А-, шүүгдэгч Б.П- нарын мэдүүлэг, хөрөнгө үнэлсэн тайлан, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.П- нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн гудамжны ...тоотод “утсаар чинь яриад өгнө” гэж Г.Л-г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Huawei Nova 9se маркийн гар утсыг нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тайлбарлавал “Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг” ойлгоно.

Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаанаас залилах гэмт хэргийн ялгагдах гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй байдагт оршдог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж тус тус заажээ.

Аливаа этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж, үр дагаврыг урьдаас сайтар ойлгож улмаар хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн, эсхүл учрах боломжтойг мэдсэн атлаа хүсэж үйлдсэн, түүнчлэн хүсээгүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хор уршигт зориуд хүргэсэн байхыг гэмт хэрэг санаатай үйлдэх гэж үздэг.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Б.П-гийн үйлдэл идэвхтэй, бусдыг хуурч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Б.П-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.П- нь Г.Л-гаас гар утсыг нь хүнтэй утсаар яриад өгнө гэж хуурч авч явсан хууль бус үйлдэл хийж буйгаа ухамсарлаж, шууд санаатайгаар амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор буюу шунахай сэдэлтээр хүсэж үйлдэн хохирогчийн өмчлөх эрхэнд нь халдаж залилан гар утсыг шилжүүлэн авч хохирол учруулсан хор уршигт зориуд хүргэсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.П- нь Г.Л-г хуурч гар утсыг авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг залилах гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.П-г “хуурч, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.П-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Л-д 1.165.700 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-гээс 1.165.700 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Л-, иргэний нэхэмжлэгч Б.О- нарт  олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.П-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.П-гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 52, 60, 71-73 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.П- нь ам бүл 3, эцэг, эхийн хамт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны Чулуут гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.П-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг  үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.П-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.П- нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.П-г 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.П-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.П-гээс 1.165.700 (нэг сая нэг зуун жаран таван мянга долоон зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Г.Л-, иргэний нэхэмжлэгч Б.О- нарт олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч Б.П- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              М.ЭРДЭНЭ-ОЧИР