Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2019/02970

 

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2019/02970

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэгт орших Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэгт орших Х ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 6 250 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О Ж.М, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б /үнэмлэх 2356/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дунгаржид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Бшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь 2015 оны 5 дугаар сард Х ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн нутаг 5 шард 48 айлын ажилчдын орон сууцны Б блокын дотор заслын ажлыг 130 сая төгрөгөөр гүйцэтгэхээр тохирч, ажлыг хийж 2015 оны 10-р сарын сүүлээр хүлээлгэн өгсөн. Ажил хийх явцад нэмэлт ажлууд хийгдсэн. Тухайн үед талбайн болон зөвлөх инженерүүд нэмэлт ажлуудыг хийчих, дараа нь ажлын гүйцэтгэлээр тооцож хөлсийг өгнө гэсэн. Бид бүх ажлыг хийж дуусгаад нэмэлт ажлын хөлсөө авах гэж олон удаа шаардсан. Би ажилчдынхаа цалинг өгөхийн тулд хамт очсон боловч захирал нь зугтаагаад ирээгүй. Нэмэлт ажлуудад 2-9 давхар хүртэл дотоод засал хийгдсэн. Давхар болгон нь 5 айлтай, 5 дахь тоот айлын ариун цэврийн өрөөнд нь дулаалгын өрлөг 20.5 м.кв, шавардлага 20,5 м.кв, 48 айлын ванны өрөөний суултуурын доод болон хажуу талын нүхийг бөглөхөд 65 м.кв болсон, 2 машин барилгын хог гаргаж хаясан, 1-9 давхрын  лифтний хажуу талын амалгааг цементэн хавтангаар бөглөхөд 19 м.кв, 9 давхрын 1 тоот айлын ариун цэврийн өрөөний хана 6,1м.кв-ыг нурааж, тус өрөөний ханын өрлөг 9,1 м.кв, 6 давхрын 4 тоот айлын ариун цэврийн өрөөний дотор шавардлага огт хийгдээгүй байсныг нөхөж 10 м.кв шавардлага, техникийн давхарт лифтны моторын хаалт болон гагнуур, дээвэр дээр аваарын шат тус тус хийсэн, 1 дүгээр давхарт лифтны хажуу талд өрлөг 3,95 м.кв өрж, хажуу талын шавардлага 8 м.кв, гадагшаа дээвэр дээр гарахын тулд гишгүүрийг чулуугаар тус бүр 2 м.кв, босоо шугамын хаалт 30,24 м.кв, 2 дугаар давхарт 5 тоот айлын ариун цэврийн өрөөнд дүүжин тааз 7,5 м.кв, шалны плита 3 м.кв, гал тогооны плита 9,2 м.кв ажлуудыг нэмэлтээр хийсэн. Иймд нэмэлт ажлын хөлсө 6 250 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч 1 394 000 төгрөг нь өмнөх ажлын хөлс давхардсан байсан тул хасч 4 856 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Б ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах орон сууцны дотор заслын ажлыг гүйцэтгүүлсэн. Уг гэрээгээр төлөх 130 сая төгрөгийг 2015 оны 5-р сарын 27-ноос 2017 оны 02-р сарын 21-ний хооронд бүрэн төлж дууссан, баримтыг хэрэгт өгсөн байгаа. Манай компани барилгын төсөл хэрэгжүүлэхдээ Барилгын тухай хуульд заасны дагуу туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлдэг. Б ХХК-тай хийсэн гэрээний тусгай нөхцлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэв өөр ажил гүйцэтгүүлэхээр бол нэмэлт ажлын жагсаалт гаргаж, гэрээ байгуулахаар тохирсон. Нэмэлтээр хийсэн ажлын хөлс 6 250 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, нэмэлт ажил хийлгэхээр гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК нь Х ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 6 250 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нь ...1 394 000 төгрөг нь өмнөх ажлын хөлс давхардсан үндэслэлээр багасгаж 4 856 000 төгрөгийг нэхэмжилсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Х ХХК нь Б ХХК-тай 2015 оны 5-р сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд баригдаж байгаа 130 айлын орон сууцны В блокийн 2-9 давхарын дотор заслын ажлыг гүйцэтгүүлэх, ажлын хөлс 130 000 000 төгрөг төлөхөөр /хх 19-24/ тохирчээ.

Ажил гүйцэтгэгч Б ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэсэн, захиалагч ажлын хөлс 130 сая төгрөгийг баримтаар шилжүүлсэн /хх 25-35/ тогтоогдсон, үүгээр ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсон байна.

Иргэний хуулийн 350-р зүйлийн 350.1.3-ын б/ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон бол захиалагчид нэн даруй мэдэгдэх, 351.1.4.захиалагч нь ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу ...ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах үүргийг тус тус хүлээдэг байна.

Нэхэмжлэгчийн маргаж байгаа нэмэлтээр гүйцэтгэсэн гэх 4 856 000 төгрөгийн үнэлгээ бүхий ажил нь гэрээний 3.8-д гүйцэтгэгч ажлын гүйцэтгэл саатах, тасалдах эсвэл нэмэлт зардал гарч болохоор байдал үүссэнийг мэдсэн бол захиалагчид нэн даруй мэдэгдэх нөхцөл байдал үүссэн, гүйцэтгэсэн гэх нэмэлт ажил нь ажлын үр дүнд муугаар нөлөөлөх нөхцөл байдлыг бий болгосон, энэ талаар захиалагч арга хэмжээ авсан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Нөгөө талаас, гүйцэтгэсэн гэх ажил нь гэрээний тусгай нөхцөлийн 1-д заасан гүйцэтгэх ажилд бүхэлдээ тусгагдсанаас гадна 4 254 460 төгрөгийн ажлын үнийн санал, фото зургууд нь нэмэлт ажил хийж гүйцэтгэснийг нотлоогүй байна.

Нотлох баримтаар гаргасан эдгээр баримтуудад 185 дугаартай нотариатч тамга дарсан боловч баталгааны тэмдэг дарагдаагүй, өөрөөр хэлбэл, нотиаратч ямар үйлдэл гэрчилсэн нь тодорхойгүй байх тул бичмэл баримтын эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар буюу хуульд зааснаар цуглуулсан бичмэл нотлох баримт /хх 41-43, 52-71, 78-98/ гэж үзэхгүй.

Түүнчлэн Б ХХК нь Х ХХК-д гаргасан хүсэлтэд /хх 99-104/ үнийн дүн 4 250 000 төгрөг, 6 250 000 төгрөг гэж өөр өөрөөр тусгагдсан, шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлага 4 856 000 төгрөгт өмнөх ажлын төлбөрөөс төлөөгүй үлдсэн төлбөр, нэмэлт ажлын хөлс аль аль нь багтсан гэх боловч үүнийгээ тодруулж чадаагүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х ХХК-иас 4 856 000 /дөрвөн сая найман зуун тавин зургаан мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Б ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА