Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 124/ШШ2022/0004

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг би иргэн М.Б-ийн “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 сарын 13-ны өдрийн 12 дугаартай”Тушаал хүчингүй болгох тухай” тогтоолыг биелүүлэхгүй байгаа Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, биелүүлэхийг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.М.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “М.Б би 1982 онд төрсөн 39 настай. Миний бие 2002-2006 онд ХААИС-ын Агро Биологийн сургуулийг "Газар зохион байгуулагч, инженер" мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Миний бие 2007 оны 10 сарын 1-ээс 2011 оны 03 сарын 1-нийг хүртэл хугацаанд Увс аймгийн Түргэн сумын ЗДТГ-т газрын даамлаар, 2011 оны 6 сарын 1-ээс 2014 оны 2 сарыг дуустал Улаангом сумын ЗДТГ-т газрын даамлаар, 2014 оны 3 сараас 2015 он хүртэл "Геосед" ХХК-т кадастрын инженерээр тус тус ажиллаж байсан.

Би урд өмнө нь Төрийн албан сонгон шалгаруулалтад 2 удаа оролцож тэнцэж байсан ба нөөцийн хугацаа дууссан үндэслэлээр 2017 оны 06 сарын 15-нд Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад дахин оролцож 76 оноогоор тэнцсэн. Улмаар “Төрийн албаны Увс аймаг дахь Салбар зөвлөлийн 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Улаангом сумын газрын даамлын ажлын байранд нэр дэвшүүлсэн ба Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 11 сарын 01-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар намайг Улаангом сум хариуцсан газрын даамлаар томилсон. Би 2019 оны 07 сарын 04-ний өдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон. Ажиллах хугацаандаа төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг биелүүлж, төрийн албаны зарчмыг баримталж ажиллаж ирсэн. Гэтэл Увс аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн ба миний бие энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэхүү тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй. Ямар үндэслэлээр миний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох гэж байгаа, тухайн үндэслэлд тайлбар гаргах эрхийг минь зөрчсөн. Намайг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасныг үндэслэл болгосон байна. Миний бие хуульд заасан ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болохоо одоо болтол мэдэж чадаагүй байна. Хуульд заасан бусад үндэслэл гэдэгт чухам ямар үндэслэл байгаа болох, ямар салбар хуулиар миний хөдөлмөрлөх эрхэд халдах болсноо надад тайлбарлаагүй, нотлоогүй болно. Улмаар миний бие 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Төрийн албаны Зөвлөлд хандаж гомдол гаргасан боловч өнөөдрийг болтол надад хариу ирүүлээгүй байх тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж Увс аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын даргын 2021 оны 06 сарын 28-ны өдрийн Б/36 дугаар 'Ажлаас чөлөөлөх тухай" тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

2.Нэхэмжлэгч М.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “М.Б миний бие тус шүүхэд 2021 оны 08 сарын 27-ны өдөр Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2021 оны 06 сарын 28-ны өдрийн Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 09 сарын 21-ний өдрийн тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон тогтоолыг биелүүлэхийг даалгуулахаар өөрчилсөн. Улмаар Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга 2022 оны 01 сарын 17-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар урьд эрхэлж байсан Улаангом сумын газрын даамлын ажилд эгүүлэн томилсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасан эрхийн хүрээнд татгалзаж байна. Иймд миний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Нэхэмжлэгч М.Б нь шүүхэд “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 сарын 13-ны өдрийн 12 дугаартай ”Тушаал хүчингүй болгох тухай” тогтоолыг биелүүлэхгүй байгаа Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, биелүүлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга нь 2022 оны 01 сарын 17-ны өдрийн Б/07 дугаар тушаал гаргаж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлэн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргажээ.

5. Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын даргын 2022 оны 01 сарын 17-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар М.Б-ийг 2022 оны 01 сарын 17-ны өдрөөс Улаангом сумын газрын даамлаар томилж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч М.Б-ийг ажилд эгүүлэн тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч уг үндэслэлээр  нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн,хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох  нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Б-ийн “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 сарын 13-ны өдрийн 12 дугаартай”Тушаал хүчингүй болгох тухай” тогтоолыг биелүүлэхгүй байгаа Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, биелүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Барилга,хот байгуулалтын газраас улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

 ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЦЭЦЭГ