| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2024/0174/З |
| Дугаар | 221/МА2025/0316 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2025/0316
| 2025 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 221/МА2025/0316 | Улаанбаатар хот |
“Н т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, Д.Н
Нэхэмжлэгч: “Н т” ХХК
Хариуцагч: Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нэхэмжлэлийн шаардлага:
1/ Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/** дүгээр тушаалын "Н т" ХХК-ийн 2008-А/*** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулах,
2/ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/** дугаар тогтоолын 142 дахь Туул зоогийн газрын барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 92 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, Ө.С
Хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н
Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чанцалням, Г.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б
Хэргийн индекс: 128/2024/0174/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Н т” ХХК-аас Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/** дүгээр тушаалын "Н т" ХХК-ийн 2008-А/*** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/** дугаар тогтоолын 142 дахь Туул зоогийн газрын барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 92 дугаар шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 30 дугаар зүйлийн 30.5, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 5 дугаар зүйлийн 5.1.6, 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан "Н т" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/** дүгээр тушаалын хавсралтын 543 дахь "Н т" ХХК-д холбогдох хэсгийг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/** дугаар тогтоолын хавсралтын 142 дахь Туул зоогийн газрын барилга-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02/*** дугаар албан бичгээр Соёлын өвийн үндэсний төвд “Т” зоогийн газрын 2 давхар барилгыг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын үзлэг тооллогод хамруулж, Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд оруулсан тухай холбогдох бүхий л баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн. Мөн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны үеэр Соёлын өвийн үндэсний төвөөс албан бичгийн хариу ирэх хүртэл хугацаанд шүүх хуралдааныг хойшлуулж өгөх тухай хүсэлтийг гаргасан боловч шүүгч тус хүсэлт нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.
3.2. Гэтэл Соёлын өвийн үндэсний төвөөс 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн 01/** дугаар албан бичгийн нэгдүгээр хавсралтаар “Т” зоогийн газрын Монгол Улсын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэлд бүртгэсэн тухай мэдээлэл (УМБС-ийн дугаар: 1********), дурсгалын бүрдэл, хадгалалт, хамгаалалтын байдал, тодорхойлолт, дурсгалын товч түүх, дурсгалын нэмэлт мэдээлэл зэргийг, хоёрдугаар хавсралтаар түүхэн товчоон, архитектурын судалгаа, барилгын бүтээц, дурсгалт барилгын үнэ цэнийн үнэлгээ, шалгуур болон одоогийн хамгаалалтын зэрэглэл нь дүүргийн хамгаалалтад байгаа бөгөөд зэрэглэл ахиулан Нийслэлийн хамгаалалтад авах тухай дүгнэлт бүхий хариуг ирүүлсэн. Хариуцагчийн зүгээс хэргийг үнэн бодитой шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий баримтууд Соёлын өвийн үндэсний төвд хадгалагдаж байсан бөгөөд үүнийг нотлох баримтаар гаргуулан хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэн судалж, ач холбогдлыг тодорхойлох нь хэргийг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй байсан.
3.3. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан “Т” зоогийн газрын барилгыг түүх, соёлын дурсгал, биет өв гэж, түүхийн хувьд, соёлын хувьд үнэ цэнэ, ач холбогдлыг нь баримт, судалгаагаар тодорхойлж, тогтоох боломжтой байсан. ...Уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд Соёлын өвийн үндэсний төвөөс ирүүлсэн албан бичиг, түүний хавсралт, хавсралтад дурдсан “Т” зоогийн газрын хоёр давхар барилгыг дурсгалын тооллогод хамрагдсан тухай болон дурсгалтай холбоотой хийгдсэн ажлын мэдээлэл, тайлан зэргийг Нийслэлийн бүртгэл, мэдээллийн сан буюу Нийслэлийн Соёл, урлагийн газраас гаргуулах, барилгын анхны ажлын зураг Госстпройроект гупви МНР-ийн зураг, түүнтэй холбогдох баримтыг Архивын ерөнхий газраас гаргуулан авах нь "Т" зоогийн газрын 2 давхар барилгыг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулах зайлшгүй шаардлагатай гэдгийг нотлох чухал ач холбогдолтой байсан. Гэтэл Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хариуцагчийн зүгээс тус баримтыг бүрдүүлэхээр хүсэлт гаргахад түүнийг харгалзан үзээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх заалтад заасны дагуу "Н т" ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/** дугаар тогтоолын 142 дахь “Т зоогийн газрын барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн” хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. ...Захиргааны ерөнхий хуулийн 81 дүгээр зүйл (төлөвлөгөөг баталсан захиргааны актыг хүчингүй болгуулах)-ийн 81.4-д “Батлагдсанаас хойш таван жилийн дотор төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлээгүй бол холбогдох захиргааны байгууллага захиргааны актыг хүчингүй болгож болно” гэж заасан. Хот байгуулалт, хөгжлийн газрын (хуучин нэрээр) даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/** дугаартай тушаал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалт, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/866 дугаар захирамж, Газрын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Нийслэлийн Ерөнхий архитекторын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2023/** дүгээр албан даалгаврыг тус тус үндэслэн хууль тогтоомжид нийцүүлж гарсан болно.
4.2. Дээрх нэгж талбарт байрлах “Т” зоогийн газрын барилга нь 1948 онд баригдсан бөгөөд “Н т” ХХК-нь 1997 онд худалдан авч, 2008 онд зочид буудлын зориулалтаар Архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсон. 2008 онд Архитектур төлөвлөлтийн даалгавраас хойш 15 жил өнгөрсөн, мөн 2016 онд Барилгын тухай хууль шинэчлэн батлагдсанаар бодит нөхцөл байдал, барилгажих талбайн норм дүрэмд өөрчлөлт орсныг шүүх анхаарч үзээгүй байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Жагсаалт батлах тухай” 12/** дугаартай тогтоолоор батлагдсан дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтын 142-т хамрагдсан байна.
4.3. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6. Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангаас мэдээлэл хасахыг хориглоно 45 дугаар зүйлийн 45.3. Түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд энэ хуулийн 38.1-д зааснаас гадна доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 45.3.1. газар, түүний хэвлийг хөндөх, 45.3.2. мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүй мод бут, төрөл бүрийн ургамал тарих; 45.3.3. энэ хуулийн 45.5-д зааснаас бусад зорилгоор гэр, сууц, барилга, байгууламж барих гэж тус тус заасан.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч тус газрын даргын “Захиргааны актыг цуцлах тухай” 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/** дугаар тушаалын хавсралт Архитектур төлөвлөлтийн даалгавар цуцлах жагсаалтын 536 дугаарт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Н т” ХХК-ийн 2008 оны 2008/187 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар цуцалсныг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0092 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “Н т” ХХК-аас Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “1. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/** дүгээр тушаалын “Н т” ХХК-ийн 2008-А/*** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулах, 2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/** дугаар тогтоолын 142 дахь Туул зоогийн газрын барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
3. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/** дүгээр тушаалын “Н т” ХХК-ийн 2008-А/*** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг “...архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдахаар төлөвлөсөн барилгын хувьд Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан барилгын үйл ажиллагаанд баримтлах хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд аюул учруулахгүй төлөвлөгдөх зарчмыг зөрчсөн гэх нөхцөл, үндэслэл маргаанд хамаарах шийдвэр гаргах явцад болон шүүхэд маргаан шийдвэрлэх явцад тогтоогдоогүй, ...уг архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсоноос хойш тухайн байршлын төлөвлөлт өөрчлөгдөөгүй, төлөвлөлттэй зөрчилдсөн гэх баримтгүй, тухайн байршилд төлөвлөлтийн баримт бичгээр өөрөөр төлөвлөгдсөн зүйлгүй...” гэж дүгнээд уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,
Харин “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/** дугаар тогтоолын 142 дахь Т зоогийн газрын барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын талаар “...Туул зоогийн газрын барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх шийдвэр нь бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөнөөс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан өмчлөгчийн эрхэд хуульд заасан үндэслэлгүйгээр халдсан шийдвэр болжээ” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв болжээ.
3. “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/** дүгээр тушаалын “Н т” ХХК-ийн 2008-А/*** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2008 оны “Барилгын байршил тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай” 1 дугаартай захирамжийг үндэслэж “Н т” ХХК-д зочид буудлын барилгын зориулалтаар Т зоогийн газрын барилгын 0,08 га талбайд ЧД/07/08 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон, харин маргаан бүхий Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/** дүгээр тушаалаар тус архитектур төлөвлөлтийн даалгаврыг “...нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор, 2016 оноос өмнө батлан олгосон боловч барилга угсралтын ажил эхлүүлээгүй” гэх үндэслэлээр цуцалжээ.
3.2. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/*** дугаар захирамжаар “...нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор нийслэлийн хэмжээнд 2016 оноос өмнө иргэн, хуулийн этгээдэд батлан олгосон, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй, Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлтэй байгаа Архитектур төлөвлөлтийн даалгаврыг холбогдох хууль журмын дагуу цуцлах”-ыг Нийслэлийн Ерөнхий архитекторт үүрэг болгож, ажлын явц үр дүнг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахыг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт даалгасан, улмаар дээрх шийдвэртэй холбогдуулан Нийслэлийн Ерөнхий архитекторын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2023/** дүгээр ...Архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалж, хот байгуулалтын мэдээллийн санд өөрчлөлт оруулах тухай албан даалгаврыг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
3.3. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-д “Захиргааны актаар олгосон болон олгож байгаа мөнгөн тэтгэмж, эсхүл тодорхой зорилго бүхий үйлчилгээг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн ч уг захиргааны актыг дараах тохиолдолд бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн цуцална” гээд 49.4.1-д “захиргааны актаар олгосон тэтгэмж, үйлчилгээ уг актад заасан зориулалтаар ашиглагдаагүй бол” гэж,
Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно” гэж тус тус заасан.
3.4. Нэхэмжлэгч компанийн тухайд 2008 онд архитектур төлөвлөлтийн даалгаврыг авснаас хойш барилгын эскиз зураг батлуулан, барилгын ажлын зөвшөөрөл авах зэргээр уг архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу үйл ажиллагаа явуулахаар холбогдох ажил хэрэгжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй, мөн энэхүү архитектур төлөвлөлтийн даалгаврыг хэвээр үлдээснээр шүүхийн шийдвэрийн дагуу уг даалгавар хэрэгжих, бодит нөхцөл байдал үүсэхээргүй байна.
3.5. Учир нь тус даалгаврыг анх олгосон хугацаанаас хойш цуцлах хүртэлх хугацаанд Барилгын тухай хууль болон холбогдох дүрэм, журамд өөрчлөлт орсны улмаас нэгэнт анх олгогдсон байдлаар хэрэгжих боломжгүй буюу захиргааны байгууллагаас маргаан бүхий актыг гаргахдаа боловсруулсан төслийн танилцуулгад дурдсанчлан нэхэмжлэгч компанийн архитектур төлөвлөлтийн даалгавар нь одоогийн барилгажилтын байдалтай нийцэж байгаа эсэх, төлөвлөлтийн шаардлага, нягтаршил, барилгын норм дүрмийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлах шаардлага гарч байгаа талаарх бодит нөхцөл байдал бий болсон гэх хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй.
3.6. Хэдийгээр тухайн үед 2008 онд архитектур төлөвлөлтийн даалгаврыг хугацаагүйгээр олгодог байсан боловч нэхэмжлэгч “Н т” ХХК-ийн тухайд уг даалгаврыг авснаас эхлэн өнгөрсөн 15 жилийн хугацаанд архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилга, байгууламжаа бариагүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлийг тогтоох нотлох баримтуудыг шүүхэд ирүүлж, маргаж буй үндэслэлээ хангалттай нотлоогүй буюу маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг няцаах үндэслэл тогтоогдохгүй байх төдийгүй маргаан бүхий актын үндэслэлд дурдсан “нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор...” гэх үндэслэл нь мөн тогтоогдохгүй байх боловч 2016 оноос өмнө батлан олгосон боловч барилга угсралтын ажил эхлүүлээгүй үндэслэлд хамаарч байх тул архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсныг буруутгах боломжгүй.
3.7. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тохиолдлуудыг хуульчилсан хэдий ч энэ нь тухайн тохиолдолд архитектур төлөвлөлтийн даалгаврыг нэхэмжлэгч хуулийн этгээдэд хугацаагүйгээр, хэзээд хүчинтэй байхаар олгосон гэх ойлголт биш юм.
3.8. Түүнчлэн Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.1-т “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах”, 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж тус тус заасны дагуу цуцлах үндэслэл бүрдсэн талаарх сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн болох нь Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01/10/**** тоот албан бичиг, уг албан бичгийн 1 дүгээр хавсралтаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийгдсэн гэж үзнэ.
3.9. Үүнээс дүгнэхэд, хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/** дүгээр тушаал нь Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга нь нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих зэргээр барилгын талаар бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасанд нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, хууль зүйн үндэслэл бүхий байх тул тус актын “Н т” ХХК-ийн 2008-А/*** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
4. “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/** дугаар тогтоолын 142 дахь Туул зоогийн газрын барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1. Нэхэмжлэлийн тус шаардлагад холбогдуулан анхан шатны шүүхээс “...хувийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг түүх соёлын дурсгал, биет өв гэж үзвэл өмчлөгчийн зөвшөөрлийг авч байж зөвшөөрсөн тохиолдолд бүртгэхээр, нөгөө талаас өмчлөгч тухайн барилгын зориулалт, эх төрх, хийц бүтээцийг өөрчлөхийг хориглосон хязгаарлалтыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд түүх соёлын дурсгалаар бүртгүүлэхээр байна” гэж дүгнэн, тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв дүгнэсэн байна.
4.2. Нэхэмжлэгч “Н т” ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-************* дугаартай Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, **, ** мянгат Барилгачдын талбай гудамж, 1/1 тоот хаягт байрлах 9** м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч төдийгүй түүний доорх болон орчны 1**** м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалтаар эзэмшдэг бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар сунгасан үйл баримт тогтоогдож байна. Үүнтэй хэргийн оролцогч нар маргаагүй.
4.3. Харин Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/** дугаар тогтоолоор дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг баталсан байх ба уг жагсаалтын 142 дугаарт нэхэмжлэгч “Н т” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй Туул зоогийн газрын барилга, нэгж талбарын 1500300295 дугаартай эзэмших эрх бүхий газар багтжээ.
4.4. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “түүх, соёлын үл хөдлөх дурсгал” гэж унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэнэ, ач холбогдол нь илэрхийлэгдэх дангаар болон цогцолбор байдлаар орших дурсгалыг ойлгоно гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “эртний хот суурин, сүм хийдийн үлдэгдэл, түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг соёлын биет өв гэж үзвэл өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулна” гэж, 15 дугаар зүйлийн 15.2-т “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сум, дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг батлах эрхтэй” гэж заасан бөгөөд харин захиргааны байгууллага энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, журмыг мөн баримтлах учиртай.
4.5. Тодруулбал, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Нийтийн өмчийн соёлын биет өвийн талаарх мэдээллийг бүртгэл, мэдээллийн санд заавал бүртгэнэ”, 22.3-д “Энэ хуулийн 22.2-т зааснаас бусад соёлын биет өвийг өмчлөгч, эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн зохих шатны бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлж болно. Бүртгүүлсэн мэдээллийн нууцлал, хадгалалтын нөхцөлийг гэрээгээр зохицуулна” гэж заасан.
4.6. Хуулийн дээрх заалтаас үзэхэд аливаа иргэн, хуулийн этгээдийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалалтын зэрэглэлд нэр дэвшүүлэх бол өмчлөгчтэй нь урьдчилан зөвшилцсөн байх шаардлагатай байх ба тухайн тохиолдолд өмчлөгч болох “Н т” ХХК-тай харилцан тохиролцож, зөвшилцөлгүйгээр тус компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нь дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтаар баталж байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна.
4.7. Тухайн тохиолдолд анхан шатны шүүх өмчлөгч этгээдтэй тохиролцож, зөвшилцөлгүйгээр хувийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг түүх соёлын дурсгалд бүртгэсэн нь буруу гэж дүгнээд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/** дугаар тогтоолын нэхэмжлэгч “Н т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...“Т” зоогийн газрын барилгыг түүх, соёлын дурсгал, биет өв гэж, түүхийн хувьд, соёлын хувьд үнэ цэнэ, ач холбогдлыг нь баримт, судалгаагаар тодорхойлж, тогтоох боломжтой байсан, ...шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хариуцагчийн зүгээс тус баримтыг бүрдүүлэхээр хүсэлт гаргахад түүнийг харгалзан үзээгүй” гэх давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх шаардлагагүй тул гомдлыг хангах үндэслэлгүй.
4.8. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн маргаан бүхий Туул зоогийн газрын барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэх талаар захиргааны байгууллагууд хоорондоо албан бичгээр харилцаж байсныг үгүйсгэхгүй боловч энэ талаараа “Н т” ХХК-д мэдэгдсэн, тайлбар авсан, зөвшилцсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, хариуцагчаас нийслэлийн Соёл урлагийн газар 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/*** тоот албан бичгээр нэхэмжлэгч компанид мэдэгдсэн, энэ нь явуулсан бичгийн хяналтын картаар нотлогдоно гэж тайлбарлаж байх боловч уг албан бичиг нь “Н т” ХХК-д хүргэгдсэн, гардуулагдсан болохыг нотлох боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 92 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 5 дугаар зүйлийн 5.1.6, 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н т” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/** дугаар тогтоолын хавсралтын 142 дахь Туул зоогийн газрын барилгад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/** дүгээр тушаалын хавсралтын 543 дахь “Н т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ а.сарангэрэл
ШҮҮГЧ э.лхагвасүрэн
ШҮҮГЧ Д.ОЮУМАА