Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 514

 

МАГАДЛАЛ

 

2018.02.21                                                     Дугаар 514                                 Улаанбаатар хот

 

 

 

 

С.А нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/00123 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Т б а” ХХК-д холбогдох,

 

Автомашины үнэ ? төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “Т б а”ХХК-ийн С а ломбардаас 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ? УБА улсын дугаартай автомашин барьцаалж 2 500 000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай зээлж авсан, 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэрээний хугацаа дууссан байхад 2 800 000 төгрөгийн илүү төлөлт хийсэн, үндэслэлгүйгээр хүү, алданги төлүүлсэн, үндсэн төлбөрөөс хасалт хийхгүй хохироосон. “Т б а”ХХК-ийн зээлийн болон барьцааны гэрээ хийхээс өмнө худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, гэтэл энэ ломбардаас зээл авахаас нэг сарын өмнө 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ? УБА улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь хуурамч баримт бүрдүүлсэн байна. Манай машиныг эзэнд мэдэгдэлгүйгээр худалдсан, 2 жил хүү, алданги төлүүлж хохироосон тул автомашины үнэ 15 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. С.Азээлийн төлбөрийг төлөөд дууссан боловч баримт нь олдохгүй байна, автомашин худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, машиныг эрх бүхий байгууллагаар үнэлгээ хийлгээгүй байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “Т б а”ХХК-ийн С а ломбардтай 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зээлийн болон барьцааны гэрээ 3 удаа байгуулсан байдаг, 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 2 500 000 төгрөгийг, сарын 5,5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн бөгөөд гэрээг нэг сараар сунгаж явдаг, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Гэрээний дагуу сарын хүүгээ төлж байгаад 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр барьцаат зээлийн гэрээг дахин өмнөх нөхцлөөр байгуулсан бөгөөд 2 удаа хугацааг сунгасан байдаг. С.А 137 500 төгрөгөөр 2 төлөлт хийсэн, үүнээс өөр мөнгө төлөөгүй байдаг. Гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр дууссан, үүнээс хойш хүү төлөөгүй учир хугацааг энэ өдөр дууссан гэж үзэж байгаа, хүүгээ төлж байвал хугацаа автоматаар сунгагдаад байдаг. Ломбарднаас хариуцагчид олон удаа мэдэгдсэн, мэдэгдэл явуулсан байдаг. 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр н.С гэдэг хүн ирээд зээлийн хүүг бодуулаад явсан боловч С.А үүргээ гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зааснаар мэдэгдэл хүргүүлж, түүнээс хойш 10 хоногийн дараа хөрөнгийг худалдан борлуулж хохиролоо барагдуулж авах эрхтэй байдаг тул захирлын тушаал болон комиссын шийдвэрийн дагуу 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр барьцаа хөрөнгийг н.Б гэдэг хүний нэр дээр 2 500 000 төгрөгт тооцож шилжүүлсэн, С.А нийт 3 183 650 төгрөгийн өглөгтэй байхад машиныг 2 500 000 төгрөгөөр худалдсан байдаг. Нэхэмжлэлд дурдсан 15 000 000 төгрөгийг нотлоогүй байна, шинжээчийн дүгнэлтгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан “Т б а” ХХК-иас 15 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн С.А нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар С.А улсын тэмдэгтийн хураамжид 232 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч уг автомашиныг гуравдагч этгээдэд хэрхэн борлуулсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад борлуулсан нь хууль зөрчөөгүй, гэж дүгнэсэн нь бодитой бус юм. Тухайн автомашины эзэмшлийн талаархи түүхчилсэн лавлагаанаас харахад уг автомашиныг “Т б а” ХХК-ийн эзэмшилд огт байгаагүй мөртлөө шууд гуравдагч этгээдэд шилжсэн нь үндэслэлгүй юм. С.А нь барьцааны болон зээлийн гэрээ хийгдэхээс өмнө автомашиныг худалдах, худалдан авах гэрээ огт хийгээгүй юм. Гэтэл ломбарданд хандаж зээл авахаас 1 сар гаран хугацааны өмнөх хугацаанд болох 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр УБА ? улсын дугаартай ачааны машиныг худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж шүүхэд материал оруулсан нь тухайн үед автоломбарднаас зээл авахаар огт хандаагүй байсан, илэрхий хуурамч бичиг баримт бүрдүүлж, шамшигдуулж, бусдад худалдан борлуулсан нь тодорхой байгаа учир 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн барьцааны болон зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, төлбөртэй холбоотой бичиг баримтыг нягталж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн болох, нотариатад хэрхэн үйлдсэн болох, нотариатын материалд байгаа болох, хэрхэн үнэн зөвөөр наториатын тэмдэглэл хөтөлсөн байх зэрэг эсэх нь С.А нүүрэлдүүлж шийдвэрлэх, шинжээч томилон шинжилгээ хийлгүүлж, шүүхийн журмаар тогтоож өгөхийг шүүхийн журмаар гаргаж өгөхийг хүссэн боловч хүсэлтийг хангаагүй.

Хариуцагч уг автомашины барьцаалбар болон эзэмшлээ ямар гэрээ хэлцлийг үндэслэн бүртгүүлсэн, яаж гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь нотлогдоогүй байхад шүүх шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Нэг талыг барьсан, эрх ашгийн зөрчилтэй байж болзошгүй байгаа учир шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан боловч бусдын зөвлөгөөг сонсон хүсэлтээсээ татгалзсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож уг хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.А хариуцагч “Т б а” ХХК-д холбогдуулан автомашины үнэ 15 000 000 төгрөг гаргуулах гэснийг хариуцагч эс зөвшөөрч “...зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул автомашиныг худалдан борлуулсан...” гэж маргажээ

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “Т б а” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээд байх бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч С.А зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 2 500 000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, сарын 5,5 хувийн хүүтэй зээлсэн ба зээлийн барьцаанд “И Э” маркийн ? УБА улсын дугаартай, ачааны машиныг барьцаалсан нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийгдсэн байна. /хх 55 дахь тал/

Түүнчлэн, гэрээний хугацаанд зээлдэгч зээлийн хүүг бүрэн төлсөн гэх боловч хариуцагч байгууллага зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул  зээлдүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, зээлдэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан бусдад худалдаж, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон үйл баримт тогтоогджээ.

                                                                                                                      /хх 71 дэх тал/

Хариуцагч барьцааны зүйлээс үүргийг хангуулах талаар Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл баримтаар тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар    нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь нэхэмжлэгчид 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар               “3 183 650 төгрөгийн өглөгтэй байна” гэсэн мэдэгдэл хүргэж, үүргийн хэмжээг тэрээр үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй.    /хх 53 дахь тал/

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хариуцагчийн татгалзал, түүнд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй тул нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/00123 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ДАВААДОРЖ

     ШҮҮГЧИД                              Ч.ЦЭНД

                                                                   М.НАРАНЦЭЦЭГ