| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2019/02717/И |
| Дугаар | 102/ШШ2019/02523 |
| Огноо | 2018-09-25 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2019/02523
| 2019 оны 09 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2019/02523 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Туулын ... тоотод оршин суух, Б овогт С-ын О /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Туулын ... тоотод оршин суух, Б овогт З-ын Ж /РД: 00000000/-д холбогдох,
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О, хариуцагч З.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.О-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие С.О нь хариуцагч З.Ж-тэй 2014 онд танилцсан. 2017 оны 11 дүгээр сарын 1-нд хүү Ж.М, 2019 оны 7 дугаар сарын 7-нд охин О.М төрсөн, бид 2018 оны 6 дугаар сараас хамтран амьдарсан боловч З.Ж-ийн гэр бүлээс гадуурх явдлаас болж салсан. 2019 оны 7 дугаар сард миний бие охиноо төрүүлэхдээ биеийн байдал муу байсан ба нөхрөө дуудуулахад ирээд 2 хоноод маргалдаад хувцасаа аваад явсан. Бид 2 З.Ж-ийн мөрийтэй тоглодогоос болж маргалддаг, тэрээр тоглоомонд хэт донтож орсон, хоногоор тоглодогоос гэр бүлдээ анхаарал тавихаа больсон. Намайг жирэмсэн байхад 2 удаа гар хүрч, хэл амаар доромжилж, сална гэхэд хутга барьж үхнэ гэж айлгасан, үүнээс болж хүүхэд маань айж цочдог болсон. Би З.Ж-ийг охиноо өөрийнхөө нэр дээр авах уу гэхэд уурлаж дургүйцсэн тул би өөрийнхөө нэр дээр авсан. Эвлэрч амьдрах гэж үзсэн боловч нэмэр болоогүй, намайг ээж, аав, ах, дүү нараасаа тусдаа өөрийгөө дагаж амьдар гэсэн, тэгж үзсэн боловч бас л нэмэр болоогүй. Иймд хариуцагч З.Ж-ийг хүү Ж.М, охин О.М нарын эцэг болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч З.Ж-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Миний бие З.Ж нь нэхэмжлэгч С.О-той 2014 онд танилцаж, 2017 оны 11 дүгээр сарын 1-нд хүү Ж.М, 2019 оны 7 дугаар сарын 7-нд охин О.М төрсөн нарыг төрүүлсэн нь үнэн, би эдгээр 2 хүүхдийнхээ эцэг гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч С.О-ын хэлж байгаа шиг буруу зүйл байгаагүй, би тоглоомонд донтоогүй, бидний амьдралд С.О-ын ар гэрийнхэн хэт их оролцдог байсан. Би одоо нэг хувийн компанид ажилладаг. Хүүхдүүддээ тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна. Би том хүүгээ өөрийн асрамжинд авна гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.О нь хариуцагч З.Ж-т холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.О,хариуцагч З.Ж нар 2014 онд танилцан,гэрлэлтбатлуулахгүйгээр хамтран амьдарсан ба 2017 оны 11 дүгээр сарын 1-нд хүү Ж.М, 2019 оны 7 дугаар сарын 7-нд охин О.М нарыг төрүүлсэн, тэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байгаа ба хариуцагч З.Ж нь хүү Ж.М, охин О.М нарыг өөрийн хүүхэд гэдгийг зөвшөөрсөн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч З.Ж нь том хүү Ж.М-ыг өөрийн асрамжинд авна гэж маргаж байх боловч баг насны буюу 1 нас 10 сартай хүүхдийг эх С.О-ын асрамжинд үлдээх нь хүүхдийн эрх ашигт илүү нийцнэ гэж үзлээ.
Иймд хариуцагч З.Ж-ийг хүү Ж.М, охин О.М нарын эцэг мөн болохыг тогтоож, хүү Ж.М, охин О.М нарыг эх С.О-ын асрамжинд үлдээж, эцэг З.Ж-өөс хуульд заасан хугацаа, хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан Б овогт З-ийн Ж /РД: 00000000/ нь 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр төрсөн хүү Б овогт Ж-ийн М /РД: 0000000/, охин Б овогт О-ын М /РД: 00000000/ нарын эцэг болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр төрсөн хүү Ж.М, 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр төрсөн охин О.М нарыг эх С.О-ын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2019 оны 11 дугаар сарын 1-ний өдөр төрсөн хүү Ж.М, 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр төрсөн охин О.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг З.Ж-өөс гаргуулан олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР