| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2023/0166/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/167 |
| Огноо | 2023-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Хохирогч Л.Д-,
Шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 2338001320167 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Б-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “...” дэлгүүрт 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үл ялих зүйлээс маргалдсаны улмаас Л.Д-г жирэмсэн болохыг мэдсээр байж зодож баруун гарын сарвуу, умдаг, бэлгийн их уруул, зүүн шилбэнд цус хуралт, зүүн гарын ядам, чигчий хуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338001320167 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Н.Б- нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “...” дэлгүүрт хохирогч Л.Д-г хөргөгчөө авах гэж очиход өгөхгүй гэж маргалдаж, Л.Д-г жирэмсэн болохыг мэдсээр байж хөлөөрөө өшиглөж, “баруун гарын сарвуу, умдаг, бэлгийн их уруул, зүүн шилбэнд цус хуралт, зүүн гарын ядам, чигчий хуруунд зулгаралт бүхий” хөнгөн гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б-ийн өгсөн: “...Тухайн хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогч нь манай дэлгүүрийг түрээсэлж байх явцдаа 15,000,000-18,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байснаас болж үүссэн. Гэхдээ хохирогч нь манайд өргүй ч гэсэн, түрээсэлж байх хугацаандаа бараа татаж, уг барааныхаа төлбөрийг төлөөгүй, тухайн төлбөрийг бид нараас ирж нэхээд байдаг, одоо хүртэл нэхэж байгаа, энэ нь хэцүү байдаг. Тухайн төлбөр мөнгө ирж нэхээд байгаа хүмүүст хандаж манайх уг зээлийг аваагүй тул төлж барагдуулахгүй гэхэд танай дэлгүүрийн нэр дээр гарсан зээл тул танайх төлөх ёстой гэж тайлбарладаг. Хохирогч бид хоёрын дунд дээрх асуудлаас болж маргаан үүссэн. ...Хэрэг гардаг өдөр хохирогч нь сул хувцас өмссөн байсан тул гэдэс нь харагдахгүй байсан. Мөн өмнө нь манай эхнэр хохирогчийг жирэмсэн атлаа архи уугаад яваад байхыг бодоход хүүхдээ авахуулах гэж байгаа юм шиг байна гэж хэлж байсан учраас жирэмсэн гэж огт мэдээгүй. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Д-гийн өгсөн: “...намайг жирэмсэн байж архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд, хүүхдээ авахуулах гэж байсан гэж гүтгээд байгаад гомдолтой байна. Гэрч н.Б.Б- нь миний хөл болон гар руу өшиглөсөн шүүгдэгчтэй нийлж намайг зодсон хүн юм. Би тухайн хэргээс болоод нуруу өвдөөд байгаа компьютер оношилгоонд орох гэхэд жирэмсэн хүн гээд орох боломжгүй байна. Би өөрөө төрөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн шүүгдэгчийн эхнэр Ц.О-, ...ах, эгч дүү нар нь ч гэсэн намайг өрхийнхөө эмнэлэгт хяналтанд ороод явж байхыг харсан атлаа зодчихоод одоо ийм зүйл яриад байж байгааг ойлгохгүй байна. Мөн шүүгдэгч нь намайг 18,000,000 төгрөгийн өртэй гэж байх боловч би хэдэн байгууллагад 8,800,000 төгрөгийн өртэй нь үнэн. Би үүнийгээ төлж барагдуулна. Шүүгдэгч Г.Н.Б-ийнд очиж нэхээд байх шаардлага байхгүй байгаа. Би цагдаа нарт намайг н.Б.Б- болон шүүгдэгч нарыг бүлэглэж зодсон талаар хэлсэн боловч тоогоогүй. Би тухайн хэрэг гардаг өдөр н.Б.Б- гэх хүнтэй нэг ч зүйл яриагүй, харьцаагүй. Шүүгдэгч болон түүний эхнэрээс хөргөгчөө авах гэж ирлээ гэж хэлээд маргалдаж эхлэхэд шүүгдэгч миний гараас бариад байж байх хооронд миний араас ирээд нуруу руу өшиглөсөн, биеийн доогуур өшиглөсөн. Намайг бүлэглэн зодчихоод тэр н.Б.Б- гэх хүнээ нуун дарагдуулсан. Би их гомдолтой байна. ...одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, би төрснийхөө дараа биеэ үзүүлээд, үүнтэй холбоотой гарсан зардлыг нэхэмжилнэ. Тухайн хэрэгтэй холбоотойгоор би айж, цочирдсоноос болж миний хүүхэд буруу байрлалтай болсон. Би их гомдолтой байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Л.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Би Н.Б-ийн Мөрөн сумын 6 дугаар багт байрлах “...” хүнсний дэлгүүрийг 2022 оны 07 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны орчим хүртэл түрээсэлж байсан. Түрээслээд болихдоо 1 ширхэг хөргөгчийг маань Ц.О- жаахан хүүхэдтэй, сүү хийж байгаад хөргөгч авахаар өгье гэхээр нь үлдээгээд явсан. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ганцаараа захаар орж, нэг танихгүй машинтай хүн дагуулаад “...” дэлгүүр дээр зогсоод би ганцаараа орсон чинь Ц.О- байсан. Ц.О-д эгч нь хөргөгчөө авах гэж ирлээ гэхэд Б- битгий өгөөрэй гэсэн та хүлээж бай би утсаар яриад хэлчихье гэсэн. Тэгээд 30 орчим минутын дараа дэлгүүрт Н.Б- нэг эрэгтэй хүнтэй орж ирсэн. Би Н.Б-д “чи яагаад хөргөгч өгөхгүй гээд байгаа юм, би танай дэлгүүрт өгөх өр байхгүй гэхэд урдаас хуц пизда минь, дуугүй зайл” гэсэн. Би юу яриад байгаа юм бэ хүн юмаа авах гэж ирэхэд өгөхгүй яагаад байгаа юм гээд алив ороод би хөргөгчөө авъя, хөлсний машин гадаа зогсоосон явах гээд байна гэхэд Н.Б- урдаас барьж аваад 2 гарыг дээш нь хойш болгоод хөлөөрөө салтаа хэсэгт 2-3,удаа өшиглөсөн. Тэгээд би өвдөөд доошоо суусан чинь араас жолооч гээд байгаа Б.Б- гэдэг хүн нь нэг удаа нуруу хэсэгт өшиглөж, мөрөн дээр нэг удаа гараараа цохисон. Би уйлаад орилоод шалан дээр унасан. ...Ц.О- нөхөртөө чи яагаад наадахаа цохиж байгаа юм бэ, болохгүй ш дээ гээд орилоод байсан. Ингээд цагдаа нар ирсэн. Гадаа жижиг машинтай байсан хүн намайг дэлгүүрт ороод, Н.Б- орж ирээд удаагүй байхад яваад өгсөн. Тэр жолооч дэлгүүрт орж ирээгүй. Тэдний дэлгүүр камер байхгүй, би утасгүй орсон. Би тэр хөргөгч ачих жолоочийн машинаас тусдаа өөрийн машинтайгаа явсан. ...Би 2022 оны 09 дүгээр сард жирэмсэн болсон. Одоо 8 сартай. Би “Дэлгэрмөрөн” өрхийн эмнэлэгт хяналтад байж байгаад “Далай элбэрэлт” өрхийн эмнэлгийн хяналтад 2023 оны 02 дугаар сард орсон. Мөн нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасагт шаардлагатай үед буюу сар бүр ЭХО-д харуулдаг. Хяналтад байнга очиж үзүүлдэг” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 тал/,
Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 10-ны орчим байхаа намайг гэртээ байхад Л.Д- өдөр 11-12 цагийн үед орж ирээд айлаас хөргөгчөө аваад ирье гээд надаас 20,000 төгрөг зээлж аваад явсан. Тэгээд үдээс хойш 14 цагийн үед байхаа миний гар утас руу Л.Д- залгаад цагдаа дээр байна хүрээд ирээч, хүнд зодуулчихлаа гэсэн. Би хол учир цагдаа дээр ирэх гэж байтал Л.Д- эмнэлэг орсон байсан. Тэгээд Л.Д- эмнэлэгт үзүүлсэн ургийн тал дээр гайгүй байна гэж байсан. Л.Д-г харахад их айсан байсан. Л.Д-гийн аль хөл нь билээ хөх болсон, салтаа хэсэгт өшиглөсөн гээд явж ядаад байсан. Л.Д- гэрээсээ гарахдаа эрүүл, сэтгэл санаа тайван, ямар нэгэн ил харагдах шарх, гэмтэлгүй гарсан. Л.Д- ярихдаа хөргөгчөө авах гэхэд айлын эзэн нь намайг зодсон гэж ярьсан. Л.Д- гэртээ охинтойгоо хоёулаа байсан. Тэр үед нөхөр нь ажилд яваад 4-5 хонож байсан. Л.Д-гийн гэрт гаднаас ямар нэгэн хүн ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/,
Насанд хүрээгүй гэрч С.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хойд аавын байхгүй үед 03 дугаар сарын эхээр ээж айлаас хөргөгч авах гээд Н.Б- эгчээс 20,000 төгрөг аваад явсан. Тэгээд би гэртээ байхад ээж яваад үдээс хойш оройдоо ирсэн. Тэгээд орой унтах үед ээжийн гар, хөл хөхөрсөн, чих нь хавдсан байсан. Ээж надад хэлэхдээ хөргөгч авах гэж яваад зодуулчихлаа гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/,
Гэрч П.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дэлгэрмөрөн өрхийн эмнэлгийн жирэмсний хяналтад байдаг байж байгаад манайд жирэмсний хяналтад шилжиж ирсэн. Л.Д- нь одоо 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрөх сүүлийн хугацаатай. 32-33 долоо хоногтой. Биеийн байдал нь хэвийн ямар нэгэн зовиур байхгүй. Сүүлд 2023 оны 04 дүгээр сард надад үзүүлэхдээ биеийн байдал хэвийн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 тал/,
Гэрч Ц.О-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн үед байх, Л.Д- гэдэг хүн ганцаараа хөргөгч авмаар байна гэсээр манай гэрт буюу Мөрөн сумын ... тоотод ирсэн. Тэгээд гэрт орж ирээд хөргөгчөө авна гэхээр нь би нөхөртөө хэлчихье гэсэн. Н.Б- ажлын газрын жолооч эрэгтэй /нэрийг нь мэдэхгүй/ хүнтэй ирсэн. Тэгээд би Л.Д-д Айс марктай ярьсан чинь чамайг өртэй гээд манай борлуулалт хийхгүй байна гэхэд Л.Д- хохь чинь мөнгөтэй биз дээ мөнгөөрөө ав, надад мөнгө байхгүй, шүүхээр ав, би жирэмсэн хүн гээд байсан. Тухайн үед Л.Д- жирэмсэн гэхгүй уурлаад орилоод эр хүн шиг л байсан. Гэхдээ Л.Д- зузаан хар өнгийн куртиктэй байсан болохоор жирэмсэн гэж өөрөө л хэлсэн болохоос жирэмсэн гэдэг нь мэдэгдэхгүй байсан. Манай нөхөр Н.Б- Л.Д-гийн гарыг тавиулах гээд түлхэж байгаад дэлгүүрийн лангууг тойроод явсан чинь Л.Д- араас нь очоод нөхрийг маань барьж аваад хувцаснаас нь зуураад үгийн муухайгаар хэлээд байсан. Л.Д-г Н.Б-, тэр жолооч ах 2 цохиж, зодож байхыг хараагүй. Намайг нүдээр харж байхад лав цохиж, зодоогүй. Би өөрөө гадаа гарч цагдаа дуудсан. Л.Д- манай дэлгүүрийг ажиллуулж байхдаа жирэмсэн гэдгийг дэлгүүр өгөхөөс өмнө надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд дэлгүүрт орсон чинь Л.Д- хөлдөөгч гэх яриа өгүүллэгтэй юм ярьж байсан тодорхой сонсоогүй юм. Тэгээд шууд Л.Д- хөлдөөгчөө авна гээд Н.Б-тэй маргалдсан юм. Тэгээд Л.Д- нь Н.Б-ийг хоёр гараараа барьцалдсан байдалтай байсан. Тэр үед би дэлгүүрийн лангууны хажуу талын багана түшээд зогсож байтал миний хажуу талаар гарах гэхээр нь би таглаад зогсож байтал миний баруун талын хацар руу нэг удаа алгадаж, миний зүүн гуя руу нэг удаа өшиглөсөн юм. Тэгээд цаад өрөө рүү орсон юм. Араас нь Н.Б- дагаад орсон. Тэгэхдээ нялх хүүхэд байгаа тийшээ орж болохгүй шүү гэж хэлээд орсон юм. Цаад талын өрөөнд болсон асуудлыг тодорхой мэдэхгүй байна. Миний нүүр рүү хальт алгадаж, хальт өшиглөсөн юм. Надад эмнэлгийн байгууллагаар хандах шаардлага байхгүй. Л.Д- өөрөө жирэмсэн гэж орилоод байсан юм...” гэх мэдүүлэг /хх- ийн 46-49 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 141 дугаартай: “...Л.Д-гийн биед баруун гарын сарвуу, умдаг, бэлгийн их уруул, зүүн шилбэнд цус хуралт, зүүн гарын ядам, чигчий хуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх үед үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Л.Д-гийн биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 21 тал/,
Иргэний нэхэмжпэгч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хэргийн хохирогч Л.Д- нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр амбулаториор үзлэг хийлгэж нийт 17,000 төгрөгийн үйлчилгээ авсан байх бөгөөд буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 66 тал/,
Шүүгдэгч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгсөн. Өөрчлөгдөх зүйл байхгүй. Тэр мэдүүлэгт хэлсэн болохоор одоо ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 71 тал/,
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,
Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картын хуулбар /хх-ийн 80-86 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Л.Д-, гэрч Н.Б-, П.Д-, Ц.О-, Б.Б-, насанд хүрээгүй гэрч С.Л- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 141 дугаартай дүгнэлт, хохирогч Л.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Н.Б- нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “...” дэлгүүрт хохирогч Л.Д-г хөргөгчөө авах гэж очиход өгөхгүй гэж маргалдаж, Л.Д-г жирэмсэн болохыг мэдсээр байж хөлөөрөө өшиглөж, “баруун гарын сарвуу, умдаг, бэлгийн их уруул, зүүн шилбэнд цус хуралт, зүүн гарын ядам, чигчий хуруунд зулгаралт бүхий” хөнгөн гэмтэл учруулан, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Д-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.Б-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Н.Б-ийн үйлдэл идэвхтэй, хохирогч Л.Д-гийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Н.Б- гэм буруугийн талаар маргаж байх боловч хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Л.Д-, гэрч Н.Б-, П.Д-, Ц.О-, Б.Б-, насанд хүрээгүй гэрч С.Л- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 141 дугаартай дүгнэлт, хохирогч Л.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгзэргээр шүүгдэгч Н.Б- нь хохирогч Л.Д-гийн эрүүл мэндэд нь халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “...жирэмсэн болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Л.Д- нь хохирол нэхэмжлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “...одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч Л.Д- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Б-ээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр хуульчилсан ба иргэний нэхэмжлэгч М.М- нь мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 17.000 төгрөгийг шүүгдэгч Н.Б-ээс нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Н.Б- нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 17.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Н.Б-ээс 17.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 73-77 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Н.Б- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Н.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг харгалзан шүүгдэгч Н.Б-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Эрүүгийн 2338001320167 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.Б-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Н.Б-ээс 17.000 (арван долоон мянга) төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Л.Д- нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Б-ээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн 2338001320167 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР