Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2019/02678

 

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2019/02678

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалан 02 дугаар байр, 21 тоот хаягт оршин суух С овогт Л-ын П /РД: 0000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-42, өөрийн байранд байрлах М.О.Х.Н.У.Б.Т.З.Н холбогдох,

Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны дарга ба замын даргын хооронд зурсан 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн контрактын гэрээний 5.9-д заасан үүргийн биелэлтийг хангахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Л.П-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Л.П миний бие нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр М.О.Х.Н.У.Б.Т.З.Н-ийн даргаар томилогдсон. Дээрх контрактын гэрээний 5.9 дэх заалтын дагуу албаны орон сууцаар хангагдан эзэмшиж ирсэн ба улмаар дараахь шүүхийн шийдвэрүүдийн үр дүнд эзэмших эрхийн хугацаа дуусгавар болж байна. Үүнд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 00072 дугаар шийдвэрийн ТОГТООХ нь хэсэгт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч М.О.Х.Н.У.Б.Т.З.Н-ийн хариуцагч Л.П-т холбогдуулан гаргасан орон сууцаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч Л.П-ын өмчлөлд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 тоот хаягт байршилтай 370 м/з талбайтай, Ү2206049413 дугаарт бүртгэлтэй орон сууцыг шилжүүлэхийг нэхэмжлэгч М.О.Х.Н.У.Б.Т.З.Н даалгасугай гэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 855 дугаар магадлалаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоод ХЯНАВАЛ хэсэгт: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээг, хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох, эрхийн хүрээнд талууд контрактын 5.9-д заасан орон сууцаар хангах бөгөөд контрактын хугацаа дуусгавар болоход замын даргад үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцсоныг буруутгах үндэслэлгүй. Хариуцагч гэрээний агуулга болон талуудын хэн алины хүсэл зоригт нийцүүлэн гэрээний үүргийг шаардахад энэ магадлал саад болохгүйг дурьдах нь зүйтэй гэжээ. Мөн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 01274 дүгээр тогтоолоор дээрх магадлалыг хэвээр үлдээж, ХЯНАВАЛ хэсэгт: Хариуцагч нь ажил олгогчоос контрактад заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхээ хэрэгжүүлэхэд шийдвэр саад болохгүй талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэгдсэн байна. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу бүх шатны шүүхийн шийдвэр гарч контрактын гэрээний үүргээ биелүүлэхээс Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг чөлөөлөөгүй бөгөөд тус шүүх дээр авагдсан нотлох баримтуудад үндэслэгдсэн тул дээд шүүхийн дүгнэлтийн дагуу нэхэмжлэл гаргаж байна. Эрх бүхий албан тушаалтан нарын зурсан 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн контрактын гэрээнд заасан 1.3, 3.2.1, 5.9 ба 6.6, 8.3-д заасан үүргүүдийн биелэлтийг хэрэгжүүлж гэрээний үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч тал дараахь байдлаар тодруулж байна. Л.П ба М.О.Х.Н.У.Б.Т.З.Н-ийн ерөнхий хорооны дарга В.Н.М нарын хооронд байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн контрактын гэрээний 5.9-д ... энэхүү контрактаар ажиллах хугацаанд замын даргыг албаны орон сууцаар эсвэл амьдрах, тохилог бие даасан албаны сууцаар хангах ба /нийгмэлэгийн үйл ажиллагаа явуулж, оршин байгаа газарт амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн/, контрактын хугацаа дуусгавар болоход замын даргад үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ гэж заасан. Иймд уг контрактын 5.9-д заасан амьдрах таатай нөхцөл бүрдсэн тохилог, бие даасан сууц гэж Барилгын норм ба дүрэм БНбД 31-05-05 нэг айлын орон сууцны 1 дүгээр зүйл хамрах хүрээ хэсэгт: тухайн орон сууцны өрөө тасалгаа нь өөр бусад орон сууцны блокын өрөө, тасалгааны дээр байрлаагүй, орц, туслах өрөө тасалгаа, адрын хөндий, зоорийн давхар, шугам сүлжээний хонгил зэрэг нь нийтийн зориулалтай бус байх, халаалт, агааржуулалтын бие даасан системтэй ба мөн төвлөрсөн гадна инженерийн шугам сүлжээний системийн холболт болон оролт нь бие даасан байх шаардлагын дагуу Барилгын тухай хуулийн 4.1.25-д заасан ажлууд хийгдсэн, 4.1.38-д зааснаар төвлөрсөн дулаанд холбогдсон, зоорь бүхий 2 давхар, бие даасан газартай орон сууц гаргуулахыг даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Л.П нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр У.Б.Т.З.Н-ийндаргаар томилогдсон. 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй контрактын гэрээ байгуулсан байдаг. Гэрээний 5.9 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ шаардлага дараа нь тодруулсан. Замын дарга Л.П ба М.О.Х.Н.У.Б.Т.З.Н-ийн ерөнхий хорооны дарга В.Н.М нарын хооронд байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн контрактын гэрээний 5.9-д Энэхүү контрактаар ажиллах хугацаанд замын даргыг албаны орон сууцаар эсвэл амьдрах, тохилог бие даасан албаны сууцаар хангах ба /нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж оршин суугаа газарт амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн/ контрактын хугацаа дуусгавар болоход замын даргад үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ. гэж заасан. Уг контрактад заасан амьдрах таатай нөхцөл бүрдсэн тохиолог бие даасан сууц гэж Барилгын норм дүрэм БНБД 31-05-05 тухайн орон сууцны өрөө тасалгаа нь өөр бусад орон сууцны блокийн өрөө, тасалгааны дээр байрлаагүй, орц, туслах өрөө тасалгаа, адрын хөндий, зоорийн давхар, шугам сүлжээний хонгил зэрэг нь нийтийн зориулалттай бус байх, халаалт агааржуулалтын бие даасан систэмтэй ба мөн төвлөрсөн гадна инженерийн шугам сүлжээний систэмийн холболт болон оролт нь бие даасан байх шаардлагын дагуу Барилгын тухай хуулийн 4.1.25 дах ажлууд хийгдсэн, 4.1.38-д зааснаар төвлөрсөн дулаанд холбогдсон, зоорь бүхий 2 давхар бие даасан газартай орон сууцыг ойлгодог. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаагаар зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдсон баримт байхгүй. Гэрээний үүргийн үр дагаварыг шаардах эрх нээлттэй байна. Контрактын гэрээний 6.5-д заасан зөрчлийг үйлдээгүй учир гэрээний үр дагаварыг шаардах эрхтэй, 6.5-д эрх зүйн хэм хэмжээний хоёр нөхцөл байна. Гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн шийдвэр хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч Л.П нь өөрийгөө гэм буруутай үйлдэл хийснийхээ төлөө ажлаас халагдаагүй, харин улс төрийн шийдвэрээр чөлөөлөгдсөн гэж ойлгож байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О-ын шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ асуудал анхан шатны болон гурван шатны шүүхээр бүрэн эцэслэн шийдвэрлэгдсэн. Нэхэмжлэгч тал контрактын гэрээний 5.9 дэх заалтыг үндэслэл болгожээ. Контрактын 5.9-д энэхүү контрактаар ажиллах хугацаанд Замын даргыг албаны орон сууцаар эсвэл амьдрах тохилог бие даасан албаны сууцаар хангах ба /нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж оршин байгаа газарт амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн/, контрактын хугацаа дуусгавар болоход Замын даргад үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ. гэсэн заалт бий. Контрактийн 6 дугаар зүйлийн 6.6 дэх хэсэгт Замын даргын буруутай үйлдэл /эс үйлдэл/-ээр бус Ерөнхий хорооны шийдвэрээр энэхүү контрактыг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд түүнд 5.1 дэх пунктээр тогтоосон 6 сарын контрактын хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгох ба энэхүү контрактын 5.9 дэх пунктэд заасан албаны сууцыг нь өмчлөлд нь шилжүүлнэ. гэх контрактын гэрээтэй бол огт маргадаггүй. 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Контракт дуусгавар болгох тухай замын даргын тушаал байгаа. Уг тушаал М.О.Х.Н.У.Б.Т.З.Н-ийн дүрмийн 17 дугаар и 22 дугаар зүйлийн а М.О.Х.Н.У.Б.Т.З.Н-ийн Ерөнхий хорооны 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын 03 дугаар протокол, Контрактын гэрээний 6.5 дах заалтыг үндэслсэн ба Тушаах нь хэсэгт: Нэг. У.Б.Т.З.Н-ийн дарга Л.П-тай байгуулсан контрактын гэрээг 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөр дуусгавар болгосугай. Хоёр. Замын даргын ажлыг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон комисс томилон хүлээлцүүлэхийг Замын нэгдүгээр орлогч дарга / У.А.В/-д даалгасугай. Гурав. Л.П-тай холбогдох тооцоог зохих журмын дагуу хийж дуусгахыг Эдийн засаг, санхүү хариуцсан замын орлогч дарга бөгөөд Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны дарга /Усольцева С.Я/, Захиргаа удирдлагын албаны дарга /Ч.Ө/ нарт үүрэг болгосугай гэжээ.

Контрактын гэрээний хугацаа гурван жилээр байгуулагдсан. Л.П-ыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ерөнхий хорооны хурлаар ажилд томилох шийдвэр гарсан, үүний дараа 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Контрактын гэрээ байгуулагдсан. 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Контрактын гэрээ дуусгавар болох ёстой. Үүний дараа нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нь үүснэ. Гэтэл Контрактын гэрээг 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр уг контрактын гэрээний 6.5-д заасныг үндэслэн дуусгавар болгосон. Контрактын 6.5-д Нийгэмлэг нь Замын даргатай байгуулсан контрактыг ямар ч үед хугацаанаас нь өмнө Ерөнхий хорооны шийдвэрээр цуцалж болно. Замын даргын бүрэн эрхийг дараахь тохиолдолд хугацаанаас нь өмнө цуцална. 

Үүнд:

1.Ерөнхий хорооны шийдвэрүүд, дүрэм, энэхүү Контрактын нөхцөл эсвэл Ерөнхий хорооноос баталсан нийгэмлэгийн дотоод баримт бичгийг биелүүлээгүй эсвэл, зохих ёсоор биелүүлээгүй.

2.Замын даргын гэм буруугийн улмаас нийгэмлэгийн ажилтан нарын хөдөлмөр хамгааллын шаардлага зөрчигдсөний улмаас төрийн эрх бүхий байгууллага эсвэл албан тушаалтан нийгэмлэгийн үйл ажиллагааг зогсоосон эсвэл нийгэмлэгийг татан буулгасан шүүхийн шийдвэр гарсан.

3.Нийгэмлэгийн ажилтан нарын цалин хөлсийг 3 сараас их хугацаагаар төлөөгүй өр төлбөр үүсгэсэн.

4.Замын дарга нийгэмлэгийн бизнесийн эсвэл төрийн нууцад хамаарах мэдээг задруулсан.

5.Хэлэлцээр, дүрэм, Монгол улсын хууль тогтоомжийн шаардлагыг зөрчиж ниймгэмлэгийн хөрөнгөтэй холбоотой хэлцэл байгуулсан.

6.Хэлэлцээр, дүрэм, Монгол улсын хууль тогтоомжийн шаардлагыг зөрчсөн.

7.Нийгэмлэг оролцсон хэлцлийг байгуулахад хувийн ашиг сонирхлоо нуусан.

8.Ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр бусад байгууллагын удирдах албан тушаалд хавсран ажилласан.

9.Нийгэмлэгтэй өрсөлдөх байгууллагын үйл ажиллагаанд оролцсон эсвэл үүсгэн байгуулсан.

10.Замын дарга Ерөнхий хорооны баталсан нийгэмлэгийн үйл ажиллагааны үр ашгийн үзүүлэлтийн биелэлтийг хангаагүй.

11.Замын даргын бүрэн эрх нь хэлэлцээр, дүрэм, Монгол улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хугацаанаасаа өмнө цуцлагдаж болно гэж заасан. Гэтэл Л.П-ыг 3 жилийн хугацаанаас нь өмнө 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Ерөнхий хорооны хурлаар ажлаас нь чөлөөлсөн. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Контрактын гэрээг дуусгавар болгох тухай тушаал гаргасан. Дээр дурдсанаар Контрактын гэрээний 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт замын даргын буруутай үйлдэл /эс үйлдэл-ээр/ бус Ерөнхий хорооны шийдвэрээр энэхүү контрактыг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд түүнд 6 сарын контрактын хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгоно, харин эсрэгээрээ буруутай үйлдэл байвал авахгүй гэсэн тодорхой заалт байгаа.

Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, Зайсангийн гудамж, ... тоот байрыг контрактын гэрээний зүйл гэж хариуцагч тал маргасан. 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний дагуу Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, Зайсангийн гудамж, ... тоотод байрлах 370 м.кв талбай бүхий орон сууцыг шаардах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч талын ярьж байгаа шиг Хан-Уул дүүргээс бус Баянгол дүүргийн нутагт амины орон сууц авах эрхтэй гэж шүүх дүгнэсэн зүйл байхгүй. Дээд шүүх дүгнэсэн гэдэг асуудал огт худлаа. Контрактын гэрээний 6.5 дэх заалтыг хоёр агуулгатай гэж тайлбарлаж байна. Энэ заалтыг энгийн ямар ч хүн уншаад ойлгоно. Хэрвээ хоёр өөр агуулга бүхий заалттай байсан бол 6.5.1, 6.5.2 гэж тус тусад нь зааглаж өгөх байсан. Иймд гэрээний 6.5-д нэг л агуулгатай.

Гэм буруугийн асуудал тусдаа юм. Констрактын гэрээний 7.3 дэх хэсэгт Замын дарга гэм буруу нь зөвхөн шүүхийн шийдвэр/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор гэм буруутайд тооцогдоно. Өөрөөр хэлбэл хэрвээ замын даргын гэм буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас зөвхөн энэ заалтаар шийдвэр гаргах гэж байгаа бол шүүхийн шийдвэр шаардана. Харин бусад тохиолдолд буруутай үйлдлийг байгууллага ажил олгогч өөрөө тогтоож шийдвэрлэх бүрэн эрхтэй, боломжтой. У.Б.Т.З.Ннь дотроо хяналт шалгалт, аудитын албатай. Шүүхийн хүчин төгөлдөр тогтоол шийдвэр буюу гэм буруугийг шаардсан бас нэг заалт гэрээний 6.5 буюу Замын даргын гэм буруугийн улмаас нийгэмлэгийн ажилтан нарын хөдөлмөр хамгаалалын шаардлага зөрчигдсөний улмаас төрийн эрх бүхий байгууллага эсвэл албан тушаалтан нийгэмлэгийн үйл ажиллагааг зогсоосон эсвэл нийгэмлэгийг татан буулгасан шүүхийн шийдвэр гарсан гэх заалт юм, үүнийг зөрчсөн асуудал дээр гэм бурууг шаардаж байгаа. Бусад асуудал дээр гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэр шаардлагагүй.

Контрактын гэрээний 6.5 дэх заалт эрх олгосон заалт байгаа. Д.Ж гэдэг хүн Л.П-т 6 сарын хөлстэй тэнцэх хэмжээний цалинг олгосон, өмнөх шүүх хурлуудын үеэр энэ асуудлыг ярьсан. Хүн ёсоор би дур мэдээд өгчихсөн гэж Д.Ж дарга хэлдэг. Өмнө жил шүүхэд маргаан явж байхад олгосон 6 сарын олговорыг буцаж нэхэмжлэх талаар асуудал яригдсан боловч Д.Ж дарга шаардлагагүй гэсэн шийдвэр гарсан. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах 370 м.кв талбай бүхий орон сууцыг 3-4 жил хууль бусаар өмчилж, эзэмшиж байсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Үүний төлбөрийг мөн нэхэмжлэх гэсэн Д.Ж дарга хэрэггүй гэсэн. Л.П гэдэг хүн Компанийн тухай хууль, У.Б.Т.З.Н-ийн дүрмийг зөрчиж ашиг сонирхолын зөрчил үүсгэж их хэмжээний гэрээ хэлцэл байгуулах тохиодолд байгуулгыг төлөөлж болохгүй гэсэн заалтыг зөрчиж өөртөө тэрбум гаран төгрөгийн үнэтэй орон сууц авах гэрээ байгуулсан. Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч н.Н гэдэг хүн бүх шатанд төрийн болон төрийн өмчид үйлдвэрийн газрууд хэмнэлтийн горимд шилжсэн байхад танайх Ерөнхий хорооны шийдвэргүйгээр даргадаа хэт өндөр үнэтэй орон сууц, Лексус 570 загварын автомашин худалдан авсан чинь буруу байна, буцаагаад зар гэсэн шийдвэр өгсөн. Үүнийг шалгаад үзэхэд өөрийнхөө хүүгийн нэр дээрх Lexus 570 машиныг хүүгийнхээ найзын нэр дээр шилжүүлж байгаад буцаагаад худалдаад авчихсан байсан. Одоо энэ асуудал нь Авилгатай тэмцэх газар явж байгаа. 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан орон сууцны асуудал нь сөхөгдөж гарч ирээд, дахиад контрактын гэрээг дуусгавар болгох үндэслэл болсон. Энэ талаар 3 шатны шүүхээр дэлгэрэнгүй ярьсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Л.П нь хариуцагч М.О.Х.Н.У.Б.Т.З.Н-тхолбогдуулан У.Б.Т.З.Н-ийнЕрөнхий хорооны дарга ба замын даргын хооронд зурсан 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн контрактын гэрээний 5.9-д заасан үүргийн биелэлтийг хангуулах буюу сууцны өрөө тасалгаа нь өөр бусад орон сууцны блокын өрөө, тасалгааны дээр байрлаагүй, орц, туслах өрөө, адрын хөндий, зоорийн давхар, шугам сүлжээний хонгил зэрэг нь нийтийн зориулалттай бус, халаалт, агааржуулалтын бие даасан системтэй,төвлөрсөн гадна инженерийн шугам сүлжээний систем болон оролт нь бие даасан, төвлөрсөн дулаанд холбогдсон, зоорь бүхий 2 давхар, бие даасан газартай сууц гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч ... Л.П нь контрактын гэрээний 6.5-д заасан хэлэлцээр, дүрэм, Монгол улсын хууль, тогтоомжийн шаардлагыг зөрчиж нийгэмлэгийн хөрөнгөтэй холбоотой хэлцэл байгуулсан гэх заалтыг зөрчиж, тэрбум гаран төгрөгөөр хувийн сууц авсан, хүүхдийнхээ машиныг өндөр үнээр тус нийгэмлэгт авсан зөрчлийг гаргасан, энэ асуудал нь хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Контрактын 7.3-д замын даргын гэм буруу нь зөвхөн шүүхийн шийдвэр /шийтгэх тогтоол/ хүчин төгөлдөр болсноор гэм буруутайд тооцогдоно, мөн контрактын 6.5-д Замын даргын гэм буруугийн улмаас нийгэмлэгийн ажилтан нарын хөдөлмөр хамгаалалын шаардлага зөрчигдсөний улмаас төрийн эрх бүхий байгууллага эсвэл албан тушаалтан нийгэмлэгийн үйл ажиллагааг зогсоосон эсвэл нийгэмлэгийг татан буулгасан шүүхийн шийдвэр гарсан гэх заалтуудад замын даргын гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэр шаардлагатай, бусад тохиолдолд ажил олгогч өөрөө дотоод шалгалтаараа гэм бурууг тогтооно, контракт 3 жилийн хугацаатай байгуулагдсан тул 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд шаардлагаа гаргах ёстой байсан, нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь 3 шатны шүүх шийдвэрлэсэн, котрактыг 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр дуусгавар болгож цуцалсан гэж маргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн У.Б.Т.З.Н/тус нийгэмлэгийг төлөөлж Ерөнхий хорооны дарга Морозов М.Н/, У.Б.Т.З.Н-ийндарга Лувсандагвын Пүрэвбаатар нарын хооронд хөдөлмөрийн болон бусад харилцааг зохицуулахаар харилцан тохиролцож, 3 жилийн хугацаатайгаар Контрактын гэрээг байгуулсан, нэхэмжлэгч Л.П нь Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн У.Б.Т.З.Н-ийн  Ерөнхий хорооны 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит 5 дугаар хурлаар тус нийгэмлэгийн даргаар томилогдсон, мөн Ерөнхий хорооны 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3 дугаар хурлаар даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна. гэж, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй зааснаар зохигчдын хооронд байгуулсан контракт нь хүчин төгөлдөр хэлцэл байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д Талууд контракт байгуулах үедээ хугацаа, ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, контрактыг дүгнэх журам, ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон үйл ажиллагааны хүрсэн үр дүн, ашгаас олгох хувь хэмжээ, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан байна. гэж зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан контрактын гэрээний 5.9-д ... энэхүү контрактаар ажиллах хугацаанд замын даргыг албаны орон сууцаар эсвэл амьдрах, тохилог бие даасан албаны сууцаар хангах ба /нийгмэлэгийн үйл ажиллагаа явуулж, оршин байгаа газарт амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн/, контрактын хугацаа дуусгавар болоход замын даргад үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ гэж тохиролцжээ.

Хариуцагч тал контрактын гэрээг цуцалсан гэж маргаж байх бөгөөд М.О.Х.Н.У.Б.Т.З.Н-ийн даргын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б-1-222 тоот Контракт дуусгавар болгох тухай тушаалын үндэслэл нь нийгэмлэгийн дүрмийн 17 дугаар зүйлийн и, 22 дугаар зүйлийн а, Ерөнхий хорооны 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3 дугаар хурлын протокол, контрактын гэрээний 6.5 дахь заалт гэж уг тушаалд дурдагдсан ба хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн У.Б.Т.З.Н-ийн Ерөнхий хорооны 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3 дугаар хурлын протоколоос үзэхэд нэхэмжлэгч Л.Пыг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй, контрактын гэрээний 6.5-д замын даргын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө цуцлахаар нэрлэж заасан нөхцөл байдал үүссэн нь тогтоогдохгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... Л.П нь контрактын гэрээний 6.5-д заасан хэлэлцээр, дүрэм, Монгол улсын хууль, тогтоомжийн шаардлагыг зөрчиж нийгэмлэгийн хөрөнгөтэй холбоотой хэлцэл байгуулсан гэх заалтыг зөрчиж, тэрбум гаран төгрөгөөр хувийн сууц авсан, хүүхдийнхээ машиныг өндөр үнээр тус нийгэмлэгт авсан зөрчлийг гаргасан, энэ асуудал нь хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Контрактын 7.3-д замын даргын гэм буруу нь зөвхөн шүүхийн шийдвэр /шийтгэх тогтоол/ хүчин төгөлдөр болсноор гэм буруутайд тооцогдоно, мөн контрактын 6.5 буюу Замын даргын гэм буруугийн улмаас нийгэмлэгийн ажилтан нарын хөдөлмөр хамгаалалын шаардлага зөрчигдсөний улмаас төрийн эрх бүхий байгууллага эсвэл албан тушаалтан нийгэмлэгийн үйл ажиллагааг зогсоосон эсвэл нийгэмлэгийг татан буулгасан шүүхийн шийдвэр гарсан гэх заалтуудад замын даргын гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэр шаардлагатай, бусад тохиолдолд ажил олгогч өөрөө дотоод шалгалтаараа гэм бурууг тогтооно гэх тайлбарыг гаргасан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ тайлбараа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Л.П нь ажлаас чөлөөлөгдөх болсон гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэр /шийтгэх тогтоол, эсхүл түүнийг буруутай үйл ажиллагааг дотоод хяналт шалгалтаараа тогтоосон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

М.О.Х.Н.У.Б.Т.З.Н-ийн даргын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б-1-222 тоот Контракт дуусгавар болгох тухай тушаалыг гаргахдаа Ерөнхий хорооны 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3 дугаар хурлын протоколыг үндэслэсэн ба тус хурлаас Л.П-тай байгуулсан контрактыг цуцлахаар шийдвэрлэжээ. Контрактын гэрээний 6.4-д Энэхүү контрактад нэмэлт өөрчлөлт оруулах, контарктыг цуцлахдаа хэлэлцээр, дүрэм, Монгол улсын хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэнэ. гэжээ. Хариуцагч У.Б.Т.З.Н нь контрактыг цуцлахдаа Иргэний хуульд заасан журмын дагуу гэрээний нөгөө талд энэ талаар мэдэгдээгүй, мөн контрактын 6.9-д Ерөнхий хорооны шийдвэрээр Замын даргын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд энэ тухай шийдвэр гарсан өдрийг контракт цуцалсан өдөрт тооцно. гэж заасан боловч замын дарга Л.П-ын бүрэн эрхийг хугацаанаас өмнө цуцалсан Ерөнхий хорооны шийдвэр гараагүй тул контарктыг цуцалсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Харин хариуцагчаас М.О.Х.Н.У.Б.Т.З.Н-ийн 2015 оны үйлдвэрлэл, санхүү-аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайланг шүүхэд гаргаж өгсөн боловч тухайн тайланг нь бүрэн бус байхаас гадна нэхэмжлэгч Л.Пыг ажлаас чөлөөлсөн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Ерөнхий хорооны хурлаар хэлэлцэгдээгүй, түүний ажлаас чөлөөлөх үндэслэл болоогүй гэж үзэхээр байна. Контрактын гэрээ 3 жилийн хугацаатай байгуулагдсан, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс нэхэмжлэгч шүүхэд хандах ёстой байсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан, нэхэмжлэгч Л.П нь эрхээ зөрчигдсөн гэж үзэж 2017 онд У.Б.Т.З.Н-т холбогдуулан контрактын гэрээний зүйлийг өмчлөлдөө шилжүүлж авахаар сөрөг шаардлага гаргаж байсныг буруутгах боломжгүй юм.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан контрактын гэрээний 6.6-д Замын даргын буруутай үйлдэл /эс үйлдэл/-ээр бус Ерөнхий хорооны шийдвэрээр энэхүү контрактыг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд түүнд 5.1 дэх пунктаар тогтоосон 6 сарын контрактын хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгох ба энэхүү контрактын 5.9 дэх пунктад заасан албаны сууцыг нь өмчлөлд нь шилжүүлнэ. гэжээ. Дээр дурдсанаар замын даргын буруутай үйлдэл /эс үйлдэл/-ээр бус Ерөнхий хорооны шийдвэрээр контрактын гэрээг цуцлагдсан гэж үзэхээр байх тул хариуцагч У.Б.Т.З.Н-т контрактын гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах үндэслэлтэй байна. Мөн хариуцагч У.Б.Т.З.Н нь нэхэмжлэгч Л.П-т 6 сарын хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгосон талаар зохигчдын төлөөлөгчид шүүх хуралдаанд тайлбар гаргасан, энэ талаар маргаагүй ба тухайн контрактын 6.6-д заасан нөхөн төлбөрийг олгосон хариуцагчийн үйлдэл нь замын даргаар ажиллаж байсан Л.Пын буруутай үйлдэл /эс үйлдэл/ байгаагүйг зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, ... тоот хаягт байрлах 370 м/к талбай бүхий орон сууцыг чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, уг орон сууцыг Л.П-ын өмчлөлд шилжүүлэх сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүд шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хэрэгт авагдсан ба контрактын гэрээний үүргээ биелүүлэхийг даалгахыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь шүүх шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн Л.П-ын Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, ... тоот хаягт байрлах 370 м/к талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах сөрөг шаардлагыг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь хариуцагчийн эзэмшиж байсан орон сууцыг контрактын гэрээний 5.9-д заасан нөхцөлөөр олгогдсон орон сууц гэж үзэх боломжгүй, гэрээнд нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж оршин байгаа газарт амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн орон сууц байна гэжээ. Гэтэл Улаанбаатар төмөр зам нийгэмлэх нь Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байтал маргаж буй орон сууц нь Хан-Уул дүүрэгт байршилтай тул гэрээний нөхцөлд заасан орон сууц гэж үзэхгүй талаар дүгнэсэн шүүхийн магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.

Контрактын гэрээний 5.9-д заасан ... амьдрах таатай нөхцөл бүрдсэн тохилог, бие даасан сууц гэж Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1/2246 дугаар албан бичигт зааснаар тухайн орон сууцны өрөө тасалгаа нь өөр бусад орон сууцны блокын өрөө, тасалгааны дээр байрлаагүй, орц, туслах өрөө тасалгаа, адрын хөндий, зоорийн давхар, шугам сүлжээний хонгил зэрэг нь нийтийн зориулалтай бус байх, халаалт, агааржуулалтын бие даасан системтэй ба мөн төвлөрсөн гадна инженерийн шугам сүлжээний системийн холболт болон оролт нь бие даасан байх, төвлөрсөн дулаанд холбогдсон, зоорь бүхий 2 давхар, бие даасан газартай орон сууц-ыг ойлгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр замын дарга Л.П, М.О-ийн хувь У.Б.Т.З.Н-ийн хооронд байгуулсан контрактын гэрээний 5.9-д ... энэхүү контрактаар ажиллах хугацаанд замын даргыг албаны орон сууцаар эсвэл амьдрах, тохилог бие даасан албаны сууцаар хангах ба /нийгмэлэгийн үйл ажиллагаа явуулж, оршин байгаа газарт амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн/, контрактын хугацаа дуусгавар болоход замын даргад үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ гэж заасан үүргээ биелүүлж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, орон сууцны өрөө тасалгаа нь өөр бусад орон сууцны блокын өрөө, тасалгааны дээр байрлаагүй, орц, туслах өрөө тасалгаа, адрын хөндий, зоорийн давхар, шугам сүлжээний хонгил зэрэг нь нийтийн зориулалтай бус байх, халаалт, агааржуулалтын бие даасан системтэй ба мөн төвлөрсөн гадна инженерийн шугам сүлжээний системийн холболт болон оролт нь бие даасан, Барилгын тухай хуулийн 4.1.25-д заасан ажлууд хийгдсэн, төвлөрсөн дулаанд холбогдсон, зоорь бүхий 2 давхар, бие даасан газартай орон сууцаар нэхэмжлэгч Л.П-ыг хангахыг хариуцагч М.О.Х.Н.У.Б.Т.З.Н даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Контрактын гэрээний 5.9-д заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, орон сууцны өрөө тасалгаа нь өөр бусад орон сууцны блокын өрөө, тасалгааны дээр байрлаагүй, орц, туслах өрөө тасалгаа, адрын хөндий, зоорийн давхар, шугам сүлжээний хонгил зэрэг нь нийтийн зориулалтай бус байх, халаалт, агааржуулалтын бие даасан системтэй ба төвлөрсөн гадна инженерийн шугам сүлжээний системийн холболт болон оролт нь бие даасан, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.25-д заасан ажлууд хийгдсэн, төвлөрсөн дулаанд холбогдсон, зоорь бүхий 2 давхар, бие даасан газартай орон сууцаар нэхэмжлэгч Л.П-ыг хангахыг хариуцагч М.О.Х.Н.У.Б.Т.З.Н даалгасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.МӨНХТӨР