Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

                                                                                               

Прокурорын дүгнэлтийг хянан

шийдвэрлэх тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ч.Түмэн-Өлзий,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар прокурор Ч.Түмэн-Өлзийн бичсэн дүгнэлтээр М.Гт холбогдох эрүүгийн 1808058070123 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

М.Г нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлжээ.

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурор газраас: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэл тогтоогдсон тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын дүгнэлт бичиж ирүүлжээ. 

Прокурор Ч.Түмэн-Өлзий шүүхэд бичсэн болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...М.Г нь 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “...Дота тоглоомын хувцас, хэрэгсэл зарна...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Хаан банкны 5926023758 дугаарын дансаар иргэн Н.Төвшинтөрөөс 1.247.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Натур” худалдааны төвийн гадна иргэн Б.Тэмүүжингээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “НР I7 загварын нөүтбүүкийг залилан авч 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт урьдын танил Б.Тулайгаас “...даргадаа тайлан танилцуулах гээд нөүтбүүк хэрэгтэй байна, түр өгч байгаач...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон худал хэлж, хуурч мэхлэн Ленова маркийн зөөврийн компьютерийг залилсан,

2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт иргэн С.Нямдоржоос “Табао онлайн худалдааны сайтаас автомашины гоёл чимэглэлийн бараа захиалж өгнө” гэж 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 516.400 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “нэмэгдэл бараа захиалвал бонус нэмэгдэнэ” гэж 650.520 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “2 хоногийн дараа цалин буухаар буцаагаад өгье” гэж 200.000 төгрөгийг тус тус хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж, өөрийн дансаар шилжүүлэн авч, нийт 1.366.920 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хооронд О.Мөнх-Оргилыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 973.000 төгрөгийг О.Мөнх-Оргилын Хаан банкны 5926015759 тоот дансаар С.Золбоогийн Голомт банкны 4335105145 тоот дансаар тус тус шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 1906007250818 дугаартай хэрэг үүсгэн, Хөх тайжууд овогт Мөнхгэрэлийн Ганбаярыг яллагдагчаар татаж, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Гэтэл мөрдөн байцаалтын явцад яллагдагч Хөх тайжууд овогт Мөнхгэрэлийн Ганбаяр нь БНХАУ-д сурч байгаа найз охин Б.Цэрэнчунтын фэйсбүүкийн нууц үгийг ашиглан, түүний фэйсбүүк хаягнаас Б.Цэрэнчунтын үеэл дүү, багын найз, хамаатны хүмүүстэй мессежээр холбогдон, зохиомол байдлыг зориудаар бий болгон удаа дараагийн үйлдлээр буюу 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Б.Цэрэнчунтын багын найз Б.Билгүүнтэй мессежээр холбогдон “Хятадад явж байгаад мөнгөө алдчихлаа. ...эм авах ёстой мөнгөний хэрэг гарлаа, түр мөнгө зээлээч” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 100.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 150.000 төгрөгийг тус тус Хаан банкны 5023165960 дугаарын дансаар шилжүүлэн авсан, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 50.000 төгрөгийг Хаан банкны 5022702259 дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт 300.000 төгрөг залилсан,

2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.Цэрэнчунтын үеэл дүү Б.Мөнх-Эрдэнэтэй фэйсбүүкээр харьцаж “...надад мөнгө хэрэгтэй байна...” гэж мессэж бичин хуурч мэхлэн 150.000 төгрөгийг бэлнээр авсан, дахин 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 70.000 төгрөгийг Хаан банкны 5023165960 дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт 220.000 төгрөг залилсан,

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б.Цэрэнчунтын хамаатны ах болох Ц.Намхайнямбуутай мессежээр холбогдон “...ах боломжтой бол надад мөнгө зээлээч..." гэж мессэж бичиж, хуурч мэхлэн 150.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 150.000 төгрөгийг тус тус Хаан Банкны 5022702259 дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт 400.000 төгрөгийг залилан авсан гэх хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн болох нь тогтоогдлоо.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэл тогтоогдож байх тул Хөх тайжууд овогт Мөнхгэрэлийн Ганбаярт холбогдох эрүүгийн 1808058070123 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах үндэслэлээр прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу прокурорын дүгнэлт бичсэн. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

М.Г нь БНХАУ-д сурч байгаа найз охин Б.Цэрэнчунтын фэйсбүүкийн нууц үгийг ашиглан, түүний фэйсбүүк хаягнаас Б.Цэрэнчунтын үеэл дүү, багын найз, хамаатны хүмүүстэй мессежээр холбогдон, зохиомол байдлыг зориудаар бий болгон, удаа дараагийн үйлдлээр буюу 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Б.Цэрэнчунтын багын найз Б.Билгүүнтэй мессежээр холбогдон “...Хятадад явж байгаад мөнгөө алдчихлаа, ...эм авах ёстой мөнгөний хэрэг гарлаа, түр мөнгө зээлээч...” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 100,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 150,000 төгрөгийг тус тус Хаан банкны 5023165960 дугаарын дансаар шилжүүлэн авсан, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 50,000 төгрөгийг Хаан банкны 5022702259 дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт 300,000 төгрөг залилсан,

       2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.Цэрэнчунтын үеэл дүү Б.Мөнх-Эрдэнэтэй фэйсбүүкээр харьцаж, “...надад мөнгө хэрэгтэй байна..." гэж мессеж бичин хуурч 150,000 төгрөгийг бэлнээр авсан, дахин 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 70,000 төгрөгийг Хаан банкны 5023165960 дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт 220,000 төгрөг залилсан,

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б.Цэрэнчунтын хамаатны ах болох Ц.Намхайнямбуутай мессежээр холбогдон “...ах боломжтой бол надад мөнгө зээлээч...” гэж мессеж бичин хуурч 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 150,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 100,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 150,000 төгрөгийг тус тус Хаан банкны 5022702259 дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт 400,000 төгрөгийг залилан авсан үйлдэлдээ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэм хэрэгт гэм буруутайд тооцогдож, 700 /долоон зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, тус шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болжээ.

 

Гэтэл М.Г нь дээрх шийтгэх тогтоол гарахаас өмнөх буюу 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдөр, 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр, 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр, 2019 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хооронд үйлдсэн “Залилах” гэмт хэрэгтээ яллагдагчаар татагдсан болох нь 1906007250818 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоолоор М.Гт ял оногдуулах үедээ түүнийг 1906007250818 дугаартай эрүүгийн хэрэгт өөр залилах үйлдлүүддээ яллагдагчаар татагдаж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсныг мэдэх боломжгүй байсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтад “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан...” гэж заасан шинээр илэрсэн нөхцөл байдал байна гэж үзэв.  

 

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заахдаа зөвхөн ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол хэрхэхийг зохицуулсан ба ял оногдуулахаас өмнө үйлдсэн гэмт хэрэгт ялыг хэрхэн оногдуулах журмыг зохицуулаагүй орхигдуулсан байгаа нь шүүхээр шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг тогтоолоор гэм буруугийн болон ял оногдуулах асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд ялтны ял эдлэхээс өмнө үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэсэн тохиолдолд тухайн ялуудыг хэрхэн нэгтгэх журмыг хуульчлаагүй нь шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй байдалд хүргэж байна.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоолын дараа 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн гэмт хэрэгтээ яллагдагчаар татагдсан байх тул М.Гын шийтгэгдсэн эрүүгийн хэрэгтэй нэгтгэх гээд байгаа 1906007250818 дугаартай эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж болохоор байгааг прокурор цаашид анхаарвал зохино.  

 

Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, нэг шийтгэх тогтоолоор М.Гт холбогдох хэргийг хянан шийдвэрлүүлэх талаархи прокурорын дүгнэлтийг  энэ удаа хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 1808058070123, 1906007250818 дугаартай хэргүүдийг прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Мөнхгэрэлийн Ганбаярт холбогдох 1808058070123, 1906007250818 дугаартай эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шалгуулахаар Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

                  ШҮҮГЧ                                                 Л.ДАРЬСҮРЭН

 

           ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ