Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2025/0332

 

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2025/0332

     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 “Г” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол  гаргагч “Г” ХХК-ийн өмгөөлөгч М.М

Гомдол гаргагч: “Г” ХХК

Хариуцагч: Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Улсын байцаагч Т.С

Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч Т.С 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 004 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн өмгөөлөгч М.М

Хариуцагч Т.С, хариуцагчийн өмгөөлөгч Г.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Э

Хэргийн индекс: 117/2024/0004/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч “Г” ХХК нь хариуцагч Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч Т.Ст холбогдуулан “Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч Т.Сийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 004 дүгээр шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.2, 7.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол  гаргагч “Г” ХХК-ийн “Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч Т.Сийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “... Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 12/**** дугаартай албан бичгээр тайлбар өгсөн байдаг. Дээрх албан бичгийн 1-д Байгаль орчны нөлөөлөх үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д Байгаль орчны нөлөөлөх ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах, эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ гэж заасан бөгөөд ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах харьяалал, цар хүрээг тус хуулийн хавсралт болон “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийх Төслийн ангилал”-аар тогтоож Төрийн захиргааны төв байгууллага болон аймаг нийслэлийн байгаль орчны газарт хариуцуулсан. Тус хавсралтад ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах чиглэл тусгагдаагүй бөгөөд  газрын тосны бүтээгдэхүүн, цацраг идэвхит бодисын хайгуулын үед Төрийн захиргааны төв байгууллагаас байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргаж, нарийвчилсан үнэлгээний тайланг хянаж баталж байна. Дээрх 2 чиглэлээс бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын үед Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулж сум, дүүргийн Засаг даргаар батлуулж байна гэсэн байдаг. “Г” ХХК-ийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3-д заасан байгаль орчны мэргэжилтэн, улсын байцаагчид хянуулан, хайгуулын ажлыг хийж байсан бөгөөд Төрийн захиргааны төв байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан.

3.2. Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ** дугаартай, Дэрэн сумын Засаг дарга Л.А “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/*** тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 1.4-д заасны дагуу “Ерөнхий үнэлгээ хийлгэсэн байгууллага болон сумын Засаг даргын хянаж, баталсан тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь төслийн үйл ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн байгаль орчны үндсэн баримт бичиг болно” гэж тодорхойлсон байдаг. Дээрх Төрийн захиргааны төв байгууллагаас баталсан төслийн ангилал, тушаал зэргээс харахад “Г” ХХК нь хууль тогтоомж, журам зөрчөөгүй харин хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байсан нь тодорхой байна.

3.3. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 12/**** дугаартай албан бичгээр Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт “Тайлбар хүргүүлэх тухай” гэсэн албан бичгээр зөвлөмж хүргүүлсэн байдаг. Дээрх албан бичигт Байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д Байгаль орчны нөлөөллийн байдлын ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ гэж заасан бөгөөд ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах харьяалал, цар хүрээг тус хуулийн хавсралт болох “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийх төслийн ангилал”-аар тогтоож төрийн захиргааны төв байгууллага болон аймаг нийслэлийн Байгаль орчны газарт хариуцуулсан. Тус хавсралтад ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах чиглэл тусгагдаагүй бөгөөд  газрын тосны бүтээгдэхүүн, цацраг идэвхит бодисын хайгуулын үед төрийн захиргааны төв байгууллагаас байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргаж, нарийвчилсан үнэлгээний тайланг хянаж баталж байна. Дээрх 2 чиглэлээс бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын үед Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулж сум, дүүргийн Засаг даргаар батлуулна гэж хуульчлан зааж өгсөн бөгөөд “Г” ХХК-ийн хувьд дээрх ангиллын дагуу байгаль хамгаалах төлөвлөгөө, менежментийн төлөвлөгөөг аймгийн байгаль орчны мэргэжилтэнд хянуулж, сумын Засаг даргаар батлуулж ирсэн. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газар, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас 5 журам, 2 аргачлал батлахаар хуульчилсан бөгөөд дээрх батлагдсан журам аргачлалын дагуу “Г” ХХК нь үйл ажиллагаагаа хуулийн  хүрээнд явуулж ирсэн.

Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 120/ШШ2025/0004 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагч талаас гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангав. Үүнд:

 

2.1. Гомдол гаргагч “Г” ХХК-аас Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч Т.Ст холбогдуулан “Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч Т.Сийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гарган маргажээ.

 

2.2. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 244 тоот тушаалаар “Г” ХХК-ийг Дундговь аймгийн Дэрэн сумын Хэрсэн нэртэй газарт орших 2671.32 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмал хайхыг зөвшөөрч XV-******* дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг анх олгосон байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

 

2.3. Харин маргаан бүхий Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсаар “Г” ХХК-ийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүй үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3********** төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

 

2.4. Гомдол гаргагч талаас “...манай компани сумын Засаг даргатай зөвшилцөн Байгаль хамгаалах төлөвлөгөөг боловсруулан батлуулж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ хэрэгжүүлж, байгаль орчны хяналтын албанд хувийг хүргүүлэн ажиллаж ирсэн, ...Хайгуулын үйл ажиллагааны явцад Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгэх шаардлагагүй.” гэж, хариуцагч талаас “...“Г” ХХК нь Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэхгүй үйл ажиллагаа явуулсан гэж бичсэн нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсаар нотлогдож байна” гэж тус тус маргаж байна.

 

2.5. Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж,

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “байгаль орчны төлөв байдлын үнэлгээ” гэж аливаа төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлыг судлан тогтоож цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлохыг”,

мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэдэгт дор дурдсан үнэлгээ хамаарна” гээд 4.1.1-д “байгаль орчны стратегийн үнэлгээ /цаашид “стратегийн үнэлгээ” гэх/, 4.1.2-д “байгаль орчны төлөв байдлын үнэлгээ /цаашид “төлөв байдлын үнэлгээ” гэх/”, 4.1.3-д “байгаль орчны нөлөөллийн үнэлгээ /цаашид “нөлөөллийн үнэлгээ гэх/”, 4.1.4-д “хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ”-ээс бүрдэнэ, 9 дүгээр зүйлийн 9.5-д “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрөөс бүрдэнэ”,

Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө, сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулна” тус тус заасан.

 

2.6. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гомдол гаргагч “Г” ХХК нь Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг 2021, 2022, 2023, 2024 онуудад Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргаар батлуулан, дээрх хуульд заасан үүргээ биелүүлж ажилласан байхад хариуцагчаас тус компанийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгүүлээгүй гэж зөрчлийн тухай хуульд заагаагүй үндэслэлээр шийтгэл  ногдуулсан нь буруу.

Учир нь дээрх хуульд зааснаар “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” нь байгаль орчны стратегийн үнэлгээ, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээнээс бүрдэхээр байхад үүний зөвхөн нэг хэсэг болох байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгээгүй гэж гомдол гаргагч компанийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

 

2.7. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө, сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулна гэж хуульчилсан төдийгүй тухайн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Г” ХХК-д байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх үүрэг үүсээгүй байна.

 

2.8. Гэтэл анхан шатны шүүхээс “...аливаа төсөл хэрэгжүүлэгч нь тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоох зорилгоор байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэсний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах эрх үүсэхээр байна” гэж дүгнэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш, зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хайгуулын үйл ажиллагаа эрхлэгчийн хувьд ийнхүү дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

 

2.9. Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан зөрчил нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүй үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдвол, мөн ашиглалтын зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож ашиг орлого олсон тохиолдолд уг шийтгэлийг ногдуулахаар заасан. Харин Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний нэг бүрдэл хэсэг болох байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгээгүй тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид уг хариуцлагыг ногдуулах зохицуулалт биш байхад анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

2.10. Тухайлбал, гомдол гаргагчийн тухайд байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгээгүй гэх боловч төлөв байдлын үнэлгээг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд зааснаар ойлгох ба Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолоор батлагдсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмын 2 дугаар зүйлийн 2.1-д “Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг төслийн анхан шатны баримт бичгийг боловсруулах үе шатанд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн хүрээнд хийнэ” гэж зааснаар “Г” ХХК нь Хайгуулын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж батлуулахдаа хайгуулын талбайд болон залгаа нутагт хийсэн геологийн төрөл бүрийн судалгааны тайлан, мэдээ цуглуулах, хээрийн судалгаанд хэрэглэгдэх анхдагч материалыг бүрдүүлэх, байр орон сууц, машин техник, ахуй хангамж, аюулгүй ажиллагаатай холбоотой ажлуудыг хийх явцад тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлыг судлан тогтоож цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тусгасан зэрэг нь байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд хамаарагдах нөхцөл байдлыг огт тусгаагүй гэж үзэхээргүй байна.

2.11. Түүнчлэн хариуцагчаас ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй этгээд болох “Г” ХХК-ийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй гэх үндэслэлээр шийтгэлийн хуудас ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байхад анхан шатны шүүхээс “...Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна.” 9.6-д “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг багасгах, арилгах арга хэмжээ, дүйцүүлэн хамгаалал хийх, тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгасан байна” гэж зааснаар төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсний үндсэн дээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулахаар байна” гэж дүгнэж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.

 

2.12. Энэ талаарх гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “…ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах чиглэл тусгагдаагүй бөгөөд  газрын тосны бүтээгдэхүүн, цацраг идэвхит бодисын хайгуулын үед төрийн захиргааны төв байгууллагаас байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргаж, нарийвчилсан үнэлгээний тайланг хянаж баталж байна. Дээрх 2 чиглэлээс бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын үед Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулж сум, дүүргийн Засаг даргаар батлуулна гэж хуульчлан зааж өгсөн бөгөөд “Г” ХХК-ийн хувьд дээрх ангиллын дагуу байгаль хамгаалах төлөвлөгөө, менежментийн төлөвлөгөөг аймгийн байгаль орчны мэргэжилтэнд хянуулж, сумын Засаг даргаар батлуулж ирсэн” гэх гомдол үндэслэлтэй.

 

Иймд гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 004 дүгээр шийдвэр хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 9 дүгээр зүйлийн 9.5, Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Г” ХХК-иас Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч Т.Ст холбогдуулан гаргасан “Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч Т.Сийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгож, гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА