Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 124/ШШ2022/0005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн иргэн,захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б М” ХХК,

Хариуцагч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,

“Байгаль орчны менежментийн төлөвлөгөө баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Б М” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Ц /цахимаар/, хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга Б.Т /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Б М” ХХК нь тус шүүхэд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад холбогдуулан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

2.Хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга нь 2021 оны 4 сарын 16-ны өдөр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Д, Хууль зүйн хэлтсийн дарга Ц.З нар авч ирсэн “Б М”компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь албан бичгийн стандарт хангаагүй хоёр хувь хэвлэсэн баримт бичиг өгөхөд холбогдох дутуу баримт бичгүүдийг бүрдүүлж өгөхийг мэдэгдсэн, 05 сарын 17-ны өдөр ирүүлсэн албан бичгийн хариуг 05 сарын 18-нд хүргүүлсэн байна.

3.Нэхэмжлэгч “Б М” ХХК-иас Цагаанхайрхан сумын Засаг даргад байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар хандсантай холбоотойгоор сумын Засаг дарга холбогдох баримтууд шаардсан, Засаг даргаас 2021 оны 05 сарын 18-ны өдрийн 103 дугаар албан бичгээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй тухай хариуг өгсөн ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу шүүхэд 2021 оны 05 сарын 24-ний өдөр шүүхэд гомдлыг гаргасан болно.

 4.Нэхэмжлэгч “Б М” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Манай компанийн Цагаанхайрхан сумын Хайрхан нэртэй XV-018440 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл 2021 оны 06 сарын 09-ний өдөр дуусгавар болж байгаа бөгөөд үүнээс өмнө Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан байх шаардлагатай байдаг.Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сум дүүргийн Засаг дарга  төлөвлөгөө түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж хүргүүлнэ гэж зааснаар аливаа нэгэн болзол шаардлагагүйгээр батлах шаардлагатай боловч өнөөдрийг хүртэл батлахгүй байна.Иймд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... “Б М” ХХК-ийн зүгээс Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга Б.Т-д холбогдуулан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. “Б М” ХХК нь хайгуулын ХV-018440 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дуусаж байгаа.2021 оны 3 дугаар сард байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад албан хүсэлт хүргүүлсэн. Хариуцагчийн зүгээс албан ёсны хүсэлтийг Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлээгүй гэж тайлбартаа дурдсан байсан. Тухайн үед ковид-19 буюу коронавирусийн нөхцөл байдлын улмаас хот аймгийн замын хөдөлгөөн хаасан байсан учир Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсээр дамжуулан албан ёсоор хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хуульд заасан шаардлагад нийцүүлж, албан ёсоор өгөөгүй гэдэг байдлаар өнөөдрийг хүртэл “Б М” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө баталж өгөөгүй байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэдэг заалтыг зөрчиж байна. “Б М” ХХК нь өнөөдрийг хүртэл байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүйн улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулж чадаагүй байгаа тул нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү...” гэв.

6. Хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга Б.Т шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...2021 оны 4 сарын 16-ны өдөр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Д, Хууль зүйн хэлтсийн дарга Ц.З нарын төрийн алба хаагч нар хөдөө Арбулаг нэртэй газар ирээд уулзья гэж дуудсан.Очиход Увс аймгийн ИТХ-ын даргын нэрээр хаягласан дугтуйтай бичиг өгсөн.Задлаад үзэхэд “Б М”болон “Хуланголд” компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнүүд нь албан бичгийн стандарт хангаагүй, 10-аад хуудастай хоёр, хоёр хувь хэвлэсэн бичиг баримт өгсөн.Уг бичиг баримттай танилцуулахад төлөвлөгөөг батлуулахыг хүссэн албан хүсэлт,тусгай зөвшөөрлийн хуулбар, төрийн захиргааны байгууллага ба мэргэжлийн хяналтын албаар хянуулсан хайгуулын ажлын төлөвлөгөө,газрын төлбөрийн баримт зэрэг шаардлагатай нотлох баримтуудыг албажуулан ирүүлээгүй нь тухайн компанийн захирал хэн болох,  уг компанитай цаашид хамтран ажиллахад эргэлзээтэй байсан тул дээрх дутуу баримт бичгүүдийг бүрдүүлж өгөхийг Хууль зүйн хэлтсийн дарга Ц.З-т утсаар холбогдож мэдэгдсэн.Гэтэл 2021 оны 5 сарын 17-ны өдөр ямар ч он,сар,өдөргүй хүсэлт, баталгаа гаргах тухай, ашигт малтмалын газрын тосны газрын лавлагаа зэрэг 3 баримт бичиг авч ирж өгсөн нь албан бичгийн стандарт хангаагүй,түүнчлэн шаардсан нотлох баримтыг ирүүлээгүй, дахин утсаар хэлэхэд аваал өгий гэж хэлсэн.5 сарын 17-ны өдөр ирсэн албан бичгийн хариуг 5 сарын 18-нд хүргүүлсэн боловч манайд хариу ирүүлээгүй ба шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.Ашигт малтмал, газрын тосны газрын лавлагаагаар тусгай зөвшөөрлийн талбай усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн заагтай 12.50 гектараар давхцалтай байна. “Б М” ХХК ашиглалтын зөвшөөрөл авахад Хунт багийн иргэдийн нийтийн хурлын тэмдэглэлийг өөрчилж, тогтоол болон холбогдох баримтуудыг хуурамчаар бүрдүүлсэн байдаг. Манайд ирүүлсэн албан бичиг нь компанийн захирлын гарын үсэгтэй байх атал төрийн өндөр албан тушаалтны нэрээр ирсэн нь харамсалтай, ойлгомжгүй байна.Мөн төрийн дээд албан тушаалтнуудаар удаа дараа утсаар яриулж,уулзуулж дарамж үзүүлсэн,баримт бичгүүд нь албан бичгийн шаардлага хангаагүй өөрсдөөс шалтгаалах материалаа бүрдүүлэхээс илүүтэйгээр хөндлөнгийн нөлөөлөл үзүүлэхээр харьцаж байгаа нь цаашид төлөвлөгөөг нь батлаад гэрээ байгуулан хамтран ажиллах байгууллага мөн эсэхэд эргэлзээтэй байгаа тул төлөвлөгөөг батлаагүй болно” гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

7.Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

8.Нэхэмжлэгч “Б М” ХХК нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад холбогдуулан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч талын өмгөөлөгч оролцсон болно.

9.Нэхэмжлэгч талаас “ Цагаанхайрхан сумын Засаг даргад хүргүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу сумын Засаг дарга батлах үүрэгтэй байтал батлахгүй байгаа” тухай нэхэмжлэл,тайлбар гарган маргаж байна.

10.Хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргаас “Б.М” ХХК-иас ирүүлсэн төлөвлөгөө,хүсэлт нь албан бичгийн стандарт хангаагүй,холбогдох баримтуудыг ирүүлээгүй, усны сан бүхий газартай давхцалтай, 2015 оноос хойш байгаль орчны менежментийн төлөвлөгөөг орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлээгүй,төрийн дээд албан тушаалтнуудаар хүргүүлж, батлах талаар шаардаж дарамталсан,ашиглалтын зөвшөөрөл авахад Хунт багийн иргэдийн Нийтийн хурлын тогтоолыг хуурамчаар бүрдүүлсэн,цаашид хамтран ажиллахад туйлын эргэлзээтэй” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

11.Нэхэмжлэгч “Б М” ХХК нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутаг, Хайрхан нэртэй газарт XV-018440 дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байх бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 2018.05.01-ний өдрийн 291 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2021.06.09-ний өдөр хүртэл сунгасан, уг хайгуулын тусгай зөвшөөрлөөс шинээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг кадастрын хэлтсийн даргын 2018.12.07-ны өдрийн 844 тоот шийдвэрээр олгож,талбайгаас хасалт хийн, одоо хайгуулын тусгай зөвшөөрөл нь 3716.86 га талбайг хамрахаар тусгай зөвшөөрлийн 1, 2 дугаар хавсралтуудад тэмдэглэгджээ.

12.Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2021.06.09-ний өдөр дуусах болсонтой холбогдуулан нэхэмжлэгч талаас Цагаанхайрхан сумын Засаг даргад байгаль орчны менежментийн 2021-2022 оны  төлөвлөгөөг батлуулахаар 2021 оны 4 сарын 16-ны өдөр Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга Д.Дамдинсүрэн, Хууль зүйн хэлтсийн дарга Ц.Знараар хүргүүлсэн талаар хариуцагч тайлбарласан,гэрч Ц.Зшүүхэд өгсөн мэдүүлэгтээ ““Б М”ХХК-ийн захирал Ж.Р 2021 оны 3 сард надтай утсаар ярьж Цагаанхайрхан сумын Засаг даргад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүргэж өгч туслахыг гуйхад нь би зөвшөөрсөн.Тухайн үед хөл хорио тогтоосон байсан учраас Улаанбаатар, Увс хооронд ачааны машинаас өөр унаа явдаггүй байсан.Ж.Р байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ачааны машинд дайж явуулсныг би хүлээж авсан.Төлөвлөгөөг ирүүлсэн тухай Цагаанхайрхан сумын Засаг дарга Б.Т-д утсаар ярьж мэдэгдэхэд өөрөө аваад ир гэж хэлсэн.Тэгээд би 2021 оны 4 сард өөрийн машинаар Цагаанхайрхан сумын төвийн ойролцоо хүргэж өгсөн.Цагаанхайрхан сумын Засаг дарга надад хэлэхдээ сумын төв орж ирж хэрэггүй, Би урдаас чинь тосоод авна гэж хэлсэн учраас сумын төв оролгүй төлөвлөгөөг замд хүлээлгэж өгөөд буцсан” гэж  мэдүүлсэн, тус компанийн зүгээс огноог тавиагүй боловч 2021-2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхийг хүссэн албан хүсэлтийг сумын Засаг даргад хүргүүлсэн, уг хүсэлтийг 2021 оны 5 сарын 17-ны өдөр хүлээн аван, 2021 оны 5 сарын 18-ны өдрийн 103 дугаар албан бичгээр төлөвлөгөөг батлах боломжгүй талаар хариу өгч, сумын Засаг дарга төлөвлөгөөг батлаагүй байна.

13. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “хайгуулын тухай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ”,38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”,  38.2 -т “сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ”, 40.3-т “энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална” гэж тус тус зохицуулжээ.

14. Ашигт малтмал газрын тосны газрын геологи,уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 сарын 09-ний өдрийн 8/4972 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаанд “Б М” ХХК-ийн эзэмшлийн XV-018440 дугаар ашигт малтмалын хайгуулын тухай зөвшөөрөл нь 2021.11.08-ны өдрийн байдлаар хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа бөгөөд ,зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2021.05.11-ний өдөр гаргасныг өргөдлийн бүртгэлийн ЕХ-008941 дугаарт бүртгэж авсан,”Будар минералс” ХХК-иас захиргааны хэрэг үүсгэх тухай 124 тоот захирамжийг ирүүлснийг хувийн хэрэгт хавсаргасан, өргөдөл нь хэлэлцэгдэх шатандаа явж байна” гэжээ.

14. “Б М” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа, хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Б М” ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас өмнө байгаль орчны менежментийн 2021-2022 оны төлөвлөгөөг боловсруулж батлуулахаар хүргүүлсэн байхад хариуцагч Цагаанхайрхан сумын Засаг даргаас уг үүргээ биелүүлэхтэй нь холбоогүй шалтгаанаар буюу “төлөвлөгөө болон албан хүсэлтүүд албан бичгийн стандарт хангаагүй байсан, усны сан бүхий газартай давхцалтай, 2015 оноос хойш байгаль орчны менежментийн төлөвлөгөөг орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлээгүй,төрийн албан хаагчдаар төлөвлөгөөг хүргүүлсэн,цаашид хамтран ажиллахад эргэлзээтэй байгаа” гэсэн үндэслэлээр төлөвлөгөөг батлахаас татгалзсан, батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хуульд нийцээгүй байна.Өөрөөр хэлбэл хуульд заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах үүргийг хэрэгжүүлээгүй байна.

15. Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 05 сарын 14-ний өдрийн 8/2056 тоот лавлагаанд “Б М” ХХК-ийн эзэмшлийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хайрхан нэртэй 3716.86 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын талбай нь усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай 12.50 гектараар хэсэгчлэн  давхцалтай байна” гэжээ.

Шүүхээс усны сан бүхий хамгаалалтын бүсийг баталсан тогтоолыг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлэхийг даалгахад Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019.05.28-ны өдрийн 9/01 дугаар “Хамгаалалтын бүс тогтоох тухай” тогтоолыг ирүүлсэн бөгөөд  уг тогтоолыг улсын бүртгэлд бүртгээгүй, хүчин төгөлдөр болоогүй нь Монгол Улсын Хууль зүйн, дотоод хэргийн сайдын 2020.01.16-ны өдрийн 1-1/248 дугаар албан бичгээр тогтоогдсон байгааг тэмдэглэв.

16. Увс аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 10 сарын 08-ны өдрийн 61 дугаар тогтоолоор Цагаанхайрхан сумын Хунт багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар ажиллаж байсан С.Жаргалмаа 2018 оны 12 сарын 20-ны өдөр болсон багийн иргэдийн Нийтийн Хурлаар “Б М” ХХК-ийн Хунт багийн нутагт байрлах Алаг толгойн алтны ордыг ашиглах байгал орчны нөлөөллийн  нарийвчилсан үнэлгээг хэлэлцүүлж олонхийн саналаар дэмжсэн мэтээр хуурамч хурлын тогтоол,тэмдэглэл гаргасан нь тогтоодсон боловч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааан өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна.

“Б М” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбогдох маргаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 02-ны өдрийн 554 дугаар шийдвэрээр шийдвэрлэгджээ.

“Б М” ХХК нь 2018 онд XV-018440 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлөөс ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинээр авсан,“Хунт багийн иргэдийн Нийтийн хурлын тогтоол хуурамчаар үйлдэгдсэн” гэх нөхцөл нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн байгаль орчинд нөлөөлөх үнэлгээтэй холбоотой байхад  уг үндэслэлээр “Б М” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлд холбогдох байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

17.Хариуцагч талын хувьд тодорхой төслийг хэрэгжүүлэхэд байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл,сөрөг үр дагаврыг бууруулах, арилгах, авах арга хэмжээг тодорхойлох зорилго бүхий хайгуулын тусгай зөвшөөрөлд холбогдох байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасны дагуу батлах үүрэгтэй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.2, 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар сумын захиргааны байгууллагаас харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох,тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй бол энэ талаарх саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж дүгнэлт гаргуулах эрхийг хэрэгжүүлэхээр байна.

18.Иймд нэхэмжлэгч “Б М” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй.

19.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Цагаанхайрхан сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6, 38.2, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж “Б М” ХХК-ийн эзэмшлийн XV-018440 дугаар тусгай зөвшөөрлийн 2021-2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, “Б М” ХХК-ийн эзэмшлийн XV-018440 дугаар тусгай зөвшөөрлийн 2021-2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Цагаанхайрхан сумын Засаг даргад даалгасугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/  төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б М” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЛТАНЦЭЦЭГ