Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 807

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/00306 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Цт холбогдох

 

  Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 22 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Эрчим өргөө” гэсэн шинэ орон сууцны доор байрладаг 50 машины дулаан зогсоолоос 1 дулаан зогсоол худалдан авахаар “Атек” ХХК-ийн оффесст дэд захирал гэх Ц.Цтой тохиролцсон. Тухайн үед “Атек” ХХК-иас зогсоол худалдан авлаа гэж бодож байсан. Гэтэл Ц.Ц нь “... оны эцэс болж байна, манай компани татварын нэлээн өртөй байгаа тул гараашийн төлбөрөө миний дансанд хийчих” гэсний дагуу би Ц.Цын өөрийнх нь дансанд 22 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн. Мөнгөө өгсөн болохоор зогсоолд машинаа тавьж эхэлсэн. Тэгээд бичиг баримтыг шаардахад “... байр ашиглалтад ороогүй, улсын комисс хүлээн аваагүй болохоор болоогүй байна” гэдэг байсан. 2016 оны өвлийн улиралдаа ямар ч халаалт байгаагүй. 2017 оны хавар, зун болоод бороо орсон чинь манай авто зогсоол нилдээ усанд автсан байдалтай байдаг болсон. Зун би машинаа зогсоолоос гаргахын тулд гэрээсээ гарахдаа усны гуталтай гардаг. Машинаа зогсоолоосоо гаргаад гутлаа сольдог байсан. Өнөөдрийг хүртэл тэр гарааш халаалтгүй хэвээрээ л байгаа. Ийм байж мөнгийг буцааж өгөхгүй гэж байгаа нь хүнлэг бус чанар юм. Иймд гэрээнээс татгалзаж байгаа тул дулаан зогсоол худалдан авахаар өгсөн 22 000 000 төгрөгийг Ц.Цоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд  болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие авто зогсоолыг бариагүй бөгөөд “Атек” ХХК нь үйлчилгээтэй орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан ба газрын кадастр, авто гараашийн дугаар авах зэрэг үл хөдлөхийн гэрчилгээ гарахад шаардагдах бичиг баримтуудыг төрийн холбогдох байгууллагуудаас гаргуулан авах, бүрдүүлэхтэй холбоотойгоор бүртгүүлэх ажил удааширсан ба 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр албан ёсоор дугаар авч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлсэн болно. Бидний хооронд хийгдсэн хэлцлийн дагуу иргэн Б.Б нь зогсоол худалдан авах төлбөрөө төлөх, манай компани нь гараашийн гэрчилгээг гаргаж өгөх үүрэг” хүлээсэн байсан ба компанийн зүгээс бүртгэлийн газарт Б.Бгийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар жагсаалтаар хүргүүлсэн болно. Иймд хэлцлийн хүрээнд харилцан тохиролцсон үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан Ц.Цоос 22 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 700 төгрөгөөс 267 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 29 750 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас, хариуцагч Ц.Цоос улсын тэмдэгтийн хураамжид 267 950 төгрөг, шинжээчийн зардал 250 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амарсанаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын зүгээс талуудын хооронд ямар нэгэн гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлээгүй болно. Харин хоорондоо хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууц болон гарааш худалдан авахаар “... орон сууц, гараашийн урьдчилгаа үнэ” хэмээн мөнгө шилжүүлсэн байдаг. Хэдийгээр гэрээ хийгээгүй боловч хариуцагчийн зүгээс иргэн Б.Бд авто гараашийг хүлээлгэн өгч үүргээ биелүүлсэн болно. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд “... иргэн Б.Бгийн эзэмшлийн гараашийн дээврээс ус алдсан, гоожсон шинж тэмдэг ажиглагдаагүй” хэмээн дүгнэсэн байдаг. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй хөрөнгө гэж ойлгохоор тусгасан байдгийг шүүх анхаарч үзээгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс бүртгэлийн байгууллагад эзэмшигчийн талаарх бичиг баримтыг жагсаалтаар хүргүүлсэн байхад нэхэмжлэгчийн зүгээс гараашийг өөрийн нэр дээр авах талаар нэг ч удаа бүртгэлийн байгууллагад хандаагүй болно. Ийнхүү хариуцагчийн зүгээс эрхийн болон биет байдлын доголдолгүй, эд хөрөнгө шилжүүлсэн байтал анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/00306 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

  Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ц.Цт холбогдуулан 22 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

  Нэхэмжлэгч Б.Б нь “Атек” ХХК-ийн барьсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Эрчим өргөө” үйлчилгээтэй орон сууцанд байрлах авто зогсоол худалдан авахаар зогсоолын үнэ болох 22 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Цын дансанд шилжүүлсэн болох нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдсон, талууд энэ үйл баримтад маргаагүй байна.

 

  “Атек” ХХК-ийн өмнөөс хариуцагч Ц.Ц нь нэхэмжлэгч Б.Бтай авто зогсоол худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрх бүхий этгээд болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авто зогсоолын талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтээс үзэхэд уг авто зогсоолыг “Атек” ХХК-ийн захиалгаар барьсан болох нь тогтоогдсон, талуудын хэн аль нь маргааны зүйл болох авто зогсоолыг “Атек” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болохыг тайлбарласан байхад анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэжээ. /хх-ийн 63-65-р тал/

 Хариуцагч Ц.Ц нь үндэслэлгүйгээр бусдын мөнгөн хөрөнгийг өөрийн дансаар шилжүүлж авсан байх тул нэхэмжлэгч Б.Б нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

 

  Талуудын хооронд үүрэг үүсээгүй тул хариуцагчаас 22 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т  заасантай нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/00306 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 ...” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.НАРАНЦЭЦЭГ                                               

                                                          ШҮҮГЧ                                  А.ОТГОНЦЭЦЭГ                                                                                                            

                                                                                                       Г.ДАВААДОРЖ