Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2019/02956

 

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2019/02956

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, Голден парк хотхон, ... тоот хаягт оршин суух, Ж овогт У-ийн Х /РД: 00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Ганьтын ... тоот хаягт оршин суух, Говогт Г-ийн З /РД: 00000000/-т холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрт 4,725,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Х, хариуцагч Г.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.Х-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: У.Х би Г.З-тэй 2012 онд танилцаж, 2013 оноос хамтран амьдарсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй. Бидний хүү З.И 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн. Бид зан харилцаа, гэр бүлээс гадуурх явдлаас болж 2017 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа. Цаашид хамтран амьдрах боломжгүй, Г.З нь өөр хүнтэй амьдрах болсон тул хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү. Хүү З.И маань энэ жил цэцэрлэгт орсон бөгөөд Сонохон цэцэрлэгийн төлбөр нь 1 сарын 350,000 төгрөг, би 2019 оны 9, 10, 11 дүгээр сарын төлбөрийг төлсөн. Цэцэрлэгийн төлбөрийг 3 жилээр буюу 36 сараар тооцоход 9,450,000 төгрөг болж байгаа, үүнийг 50 хувийг буюу 4,725,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.З шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.З би У.Х-тай 2012 онд танилцаж, 2013 оноос хамтран амьдарсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй. Бидний хүү З.И2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн. Би одоо өөр гэр бүлтэй болсон, эхнэр маань 6 сартай жирэмсэн. Хүү З.Инь миний хүүхэд мөн, хуулийн дагуу тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй, харин Сонохон цэцэрлэгийн төлбөр нь 1 сарын 350,000 төгрөг, цэцэрлэгийн төлбөрийг 3 жилээр буюу 36 сараар тооцоход 9,450,000 төгрөг болж байгаа, үүнийг 50 хувийг буюу 4,725,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэх хэсгийг зөвшөөрөхгүй. Учир нь хүүхдийг төлбөргүй улсын цэцэрлэгт явуулах боломжтой гэв.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.Х нь хариуцагч Г.З-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, цэцэрлэгийн төлбөрт 4,725,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч У.Х, хариуцагч Г.З нар 2012 онд танилцан, 2013 оноос хамтран амьдарч, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүү З.И төрсөн, тэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2017 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Г.З нь хүү З.И-ийг өөрийн хүү гэдгийг зөвшөөрсөн ба эцэг Г.З-с хуульд заасан хугацаа, хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл З.Ивээлн сургалтын төлбөрт 700,000 төгрөгийг төлсөн гэх баримт авагдсан тул үүний 50 хувь буюу 350,000 төгрөгийг Г.Згээс гаргуулж, хариуцагч У.Хд олгох нь зүйтэй. Харин цэцэрлэгийн төлбөрийг хариуцагчаас урьдчилж гаргуулах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 4,375,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдөр төрсөн хүү З.И-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Г.З-гээс гаргуулан олгосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан цэцэрлэгийн төлбөрт 350,000 төгрөгийг хариуцагч Г.З-гээс гаргуулж, нэхэмжлэгч У.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,375,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХТӨР