| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2019/02756/И |
| Дугаар | 102/ШШ2019/02964 |
| Огноо | 2019-11-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2019/02964
| 2019 оны 11 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2019/02964 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ... дүгээр хороо, /4210/ Энхтайваны өргөн чөлөө-19, өөрийн байранд байрлах Х.Х.Б ХХК /РД: 000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух М овогт Ө-ын С/РД: ХП85072868/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух О овогт Т Б /РД: 00000000/-нарт холбогдох,
Гэрээний үүрэгт 73,882,331.92 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагч Ө.С, хариуцагч Т.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Х.Б ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Т.Б, Ө.С нар нь тус банктай 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр №ЗГ-ВСС2013121012-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ, 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр №ЗГ-ВСС2013121012-1-1 тоот Орон сууцны зээлийн нэмэлт гэрээ, болон №БГ-ВСС2014061829-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г тус тус байгуулан 99,700,000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Зээлдэгч нар нь үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Ү-2205053547 дугаарт бүргэлтэй, Баянгол дүүргийн ... дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамж, ... дүгээр байрны ... тоотод байрлах, 77 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйг тэдэнд удаа дараа мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч үүргээ 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхэлж зөрчсөн ба энэ өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 70,498,216.86 төгрөг, хүү 3,350,297.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,817.39 төгрөг болж байгаа, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардалд 16,000 төгрөг, нийт 73,882,331.92 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ө.С-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ө.С миний бие нөхөр Т.Б-ийн хамт 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулан 99,700,000 төгрөгийг зээлж авсан. Би зээлийн төлбөрийг төлдөг байсан, нөхөр бид 2 гэрлэлтээ цуцлуулсан. Миний хувьд тухайн орон сууцаа зараад зээлээ хаагаад үлдэх мөнгийг хувааж авах саналтай байгаа. Би банктайгаа харилцан ярьж үзсэн гэв.
Хариуцагч Т.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ийн шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбарт: Т.Б миний бие эхнэр Ө.С-ын хамт 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулан 99,700,000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн төлбөрийг хэвийн төлж байсан боловч бусдад зээлдүүлсэн мөнгөө авч чадаагүйгээс зээлийн төлбөрийг төлж чадахгүй байдалд хүрсэн. Миний бие зээл авсан өдрөөс хойш 5 жил гаруйн хугацаанд тухайн банкинд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд нилээд хэдэн төгрөг төлсөн. Зээлээ хугацаанд нь төлөөгүй нь миний буруу боловч зээлийг үргэлжлүүлэхгүй зогсооход маш их гомдолтой байна. Би банктайгаа харилцан тохиролцож өнөөдрийг хүртэл дутуу төлсөн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж барагдуулан гэрээг цааш үргэлжлүүлэх хүсэлтэй байна, дахин төлөлтийн хуваарийг зөрчихгүй. Иргэний хуулийн 225.4-д Дараахь тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй: мөн хуулийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн; гэж зааснаар бид гэрээг цуцлахгүй үргэлжлүүлэх саналтай байна гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Х.Б ХХК нь хариуцагч Т.Б, Ө.С нарт холбогдуулан 73,882,331.92 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд татгалзлын үндэслэлээ ...Зээлийн төлбөрийг хэвийн төлж байсан боловч бусдад зээлдүүлсэн мөнгөө авч чадаагүйгээс зээлийн төлбөрийг төлж чадахгүй байдалд хүрсэн. Миний бие зээл авсан өдрөөс хойш 5 жил гаруйн хугацаанд тухайн банкинд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд нилээд хэдэн төгрөг төлсөн. Зээлээ хугацаанд нь төлөөгүй нь миний буруу боловч зээлийг үргэлжлүүлэхгүй зогсооход маш их гомдолтой байна. Би банктайгаа харилцан тохиролцож өнөөдрийг хүртэл дутуу төлсөн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж барагдуулан гэрээг цааш үргэлжлүүлэх хүсэлтэй байна, дахин төлөлтийн хуваарийг зөрчихгүй. Иргэний хуулийн 225.4-д Дараахь тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй: мөн хуулийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн; гэж зааснаар бид гэрээг цуцлахгүй үргэлжлүүлэх саналтай гэж маргажээ.
Харин хариуцагч Ө.С нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн ба барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, зээлийн төлбөрийг төлөх талаар тайлбар гаргаж байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Х.Х.Б ХХКнь хариуцагч Т.Б, Ө.С нартай 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр №ЗГ-BСС2013121012-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ, 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр №ЗГ-ВСС2013121012-1-1 тоот Орон сууцны зээлийн нэмэлт гэрээ-г тус тус байгуулан 99,700,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлдүүлсэн, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр №БГ-RСС2014061829-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г байгуулж, Т.БӨ.С нарын өмчлөлийн Баянгол дүүргийн ... дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельсийн гудамж, ... дүгээр байрны ... тоотод байрлах 77 м/к талбай бүхий орон сууцыг барьцаалжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2-д үндсэн зээлийн 19.80 хувийн хүүтэй, зээлийн нэмэлт гэрээний 2.7-д зээлийн хүү 19.8 хувь гэж заасан тул хариуцагч нар хүү төлөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй., талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.3-д нэмэгдүүлсэн хүү сарын 0.33 хувь гэж заасны дагуу нэхэмжлэгч Х.Х.Б ХХК нь гэрээний эргэн төлөлтийн график зөрчигдсөн үеэс нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч нар гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.
Гэрээний хугацаа 2028 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болохоор байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн буюу зээлийн гэрээний 9.2-д Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараахь тохиолдолд банк гэрээг цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг үл маргах журмаар төлүүлнэ. Үүнд:, 9.2.2-д Зээлийн гэрээг тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн болон хэсэгчлэн төлөлгүй 90 хоног хугацаа хэтэрсэн гэж зааснаар гэрээг цуцалж, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс үүргээ гүйцэтгээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгээгүй, тухайн өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл хугацааны үндсэн зээлд 70,498,216.86 төгрөг, хүүнд 3,350,297.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,817.39 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан залдалд 16,000 төгрөг, нийт 73,882,331.92 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй, үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр №БГ-RСС2014061829-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний 3.1-д заасан барьцаа хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Хариуцагч Т.Б нь хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон тооцоололд маргаагүй ба зээлийг төлөх чадваргүй болсон нь гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, мөн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 46 сарын турш хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй байгаа явдал нь үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй зээлийн төлбөрөөс төлөөгүй юм.
Иймд хариуцагч Т.Б, Ө.С нараас үндсэн зээл 70,498,216.86 төгрөг, хүүнд 3,350,297.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,817.39 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан залдалд 16,000 төгрөг, нийт 73,882,331.92 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Баянгол дүүргийн ... дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельсийн гудамж, ... дүгээр байрны ... тоотод байрлах 77 м/к талбай бүхий орон сууцнаас хангуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч Т.Б, Ө.С нараас үндсэн зээл 70,498,216.86 төгрөг, хүүнд 3,350,297.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,817.39 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан залдалд 16,000 төгрөг, нийт 73,882,331.92 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, талуудын хооронд байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр №БГ-RСС2014061829-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний 3.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельсийн гудамж, 9 дүгээр байрны 26 тоотод байрлах 77 м/к талбай бүхий орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 597,562 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 597,562 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР