Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2019/03083

 

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2019/03083

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, Их тойруу 1-..., Ундрам плаза .. тоот хаягт байрлах М.Т.Х ХХК /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ... дүгээр хороо, Амины орон сууц .... тоот хаягт байрлах Ш.Б ХХК /РД: 0000000/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Амарсанаагийн гудамж, ..., Колорадо центр ... тоот хаягт байрлах Б.Х ХХК/РД: 5564689/-иудад холбогдох

Гэрээний үүрэгт 9,923,220 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, хариуцагч Б.Х ХХК-ийн төлөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Т.Х ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь Б.Х ХХК, Ш.Б ХХК-иудтай 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ШБ-МХ/001 тоот Тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Төв аймгийн Баян сумын нутагт байрлах Б.Х ХХК-ийн MV-017567 тоот тусгай зөвшөөрөл бүхий Шанд булаг-ийн шохойн чулууны уурхайд өрөмдлөг, тэсэлгээний ажил гүйцэтгэхээр болсон. Гүйцэтгэгч буюу М.Т.Х ХХКнь гэрээний дагуу ажлаа эхлүүлж, 400 метр тууш өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж, улмаар тэсэлгээний ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон үед захиалагч Б.Х ХХК-ийн зүгээс 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 17/0600-А тоот албан бичгээр М ХХК-тай М-БХ-2017/02/21 тоот гэрээ байгуулсан шалтгаанаар манайхтай байгуулсан гэрээг цуцалж байгаагаа мэдэгдсэн. Ийнхүү гэрээний харилцааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон тул Ш.Б ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлж, нийт 8,744,000 төгрөгийн ажлыг М.Т.Х ХХК хийж гүйцэтгэсэн, үүнээс захиалагчийн зүгээс түлш хэлбэрээр 2,128,520 төгрөгийг төлснийг хасч, нийт 6,615,480 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй болохыг талууд баталгаажуулсан. Гэтэл хариуцагч нар өнөөдрийг хүртэл уг үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байсаар байна. Нэхэмжлэгчийн зүгээс үлдэгдэл төлбөрөө төлөхийг хариуцагчид албан бичгээр мэдэгдсэн болно. Иймд хариуцагч нараас 6,615,480 төгрөг, гэрээний 3.5-д заасны дагуу 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааны алдангид 3,370,740 төгрөг, нийт 9,923,220 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Х ХХК-ийн төлөөлөгч Ч.А-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус компанийн нэр дээр Төв аймгийн Баян сумын нутагт шохойн чулууны уурхайн тусгай зөвшөөрөл байдаг. Манай компани болон Ш.Б ХХК-иуд нь 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ШБ-МХ/001 тоот Тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээг М.Т.Х ХХК-тай байгуулж, Төв аймгийн Баян сумын нутагт байрлах Б.Х ХХК-ийн MV-017567 тоот тусгай зөвшөөрөл бүхий Шанд булаг-ийн шохойн чулууны уурхайд өрөмдлөг, тэсэлгээний ажил гүйцэтгэхээр М.Т.Х ХХК-тай тохиролцсон. Манай Б.Х ХХКнь ажлын хөлсийг Ш.Б ХХК-д шилжүүлж байсан, энэ талаарх банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд бид М.Т.Х ХХК-ийн нэхэмжилж буй мөнгийг төлөх үндэсгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Т.Х ХХКнь хариуцагч Ш.Б ХХК, Б.Х ХХК-иудад холбогдуулан 9,923,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.Х ХХКнь ... Манай Б.Х ХХКнь ажлын хөлсийг Ш.Б ХХК-д шилжүүлж байсан, энэ талаарх банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд бид М.Т.Х ХХК-ийн нэхэмжилж буй мөнгийг төлөх үндэсгүй гэж маргасан. Харин хариуцагч Ш.Б ХХКнь нэхэмжлэлийг гардаж авсан атлаа хариу тайлбар гаргаж өгөөгүй, тухайн хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээдэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан боловч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэв.

 

Шүүх дараахь үндэслэлээр хариуцагч Ш.Б ХХК-иас 9,923,220 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Т.Х ХХК-д олгож, хариуцагч Б.Х ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч М.Т.Х ХХК, хариуцагч Б.Х ХХК, Ш.Б ХХК-иуд нь 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ШБ-МХ/001 тоот Тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Төв аймгийн Баян сумын нутагт байрлах Б.Х ХХК-ийн MV-017567 тоот тусгай зөвшөөрөл бүхий Шанд булаг-ийн шохойн чулууны уурхайд 100,000 м3 уулын цулын өрөмдлөг, тэсэлгээний ажил гүйцэтгэх, 1 м3 өрөмдлөг, тэсэлгээний ажлын хөлсөнд 2,200 төгрөгөөр тооцож төлбөрийг Ш.Б ХХК төлөхөөр тохиролцжээ. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

Гэрээ хэрэгжиж байх хугацаанд буюу 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Б.Х ХХКнь М.Т.Х ХХК-д 17/0600 тоот албан бичгээр Танай компанитай 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан ШБ-МХ/001 тоот гэрээ нь М ХХК-тай байгуулсан М-БХ-2017/02/21 тоот гэрээнээс шалтгаалан цаашид хамтран ажиллах боломжгүй болсон тул цуцлах хүсэлтээ хүргүүлж байна гэх мэдэгдлийг хүргүүлснээр нэхэмжлэгч М.Т.Х ХХКнь гэрээг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн гэрээний нэг тал болох Ш.Б ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тооцооны үлдэгдлийг харилцан дараахь байдлаар тохиролцжээ. Үүнд 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 23-ний хооронд хийж гүйцэтгэсэн ажил 400 метр ажлын хөлс 8,744,000 төгрөг, 1676 литр түлшний үнэ 2,128,520 төгрөгийг хасч, 6,615,480 төгрөгийн үлдэгдэлтэй гэж гэрээг дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч М.Т.Х ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 23-ний хооронд 400 м3 уулын цулыг өрөмдөж, тэсэлсэн талаар хариуцагч Ш.Б ХХКнь маргаагүй, мөн зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3.4-д Гүйцэтгэгч нь захиалагчийн буруугүй ажиллагааны үр дүнд энэ гэрээгээр тохирсон хугацаанд багтаан өрөмдлөг тэсэлгээний ажлыг хийж гүйцэтгээгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги хоног тутамд төлнө гэж зааснаар нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхтэй. Тооцооны үлдэгдлийн баталгаа гаргасан 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх нийт 768 хоногийн алдангид 3,307,740 төгрөг нэхэмжилсэн нь үндэсэлэлтэй, хуульд заасан хэмжээнээс алдангийн хэмжээ хэтрээгүй байна.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3.2.7-д Өрөмдлөг тэсэлгээний ажлын төлбөрийг Ш.Б ХХКтөлнө. гэж заасан тул дээрх төлбөр, алдангийн төлбөрт нийт 9,923,220 төгрөгийг хариуцагч Ш.Б ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч М.Т.Х ХХК-д олгож, хариуцагч Б.Х ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Б ХХК-иас 9,923,220 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Т.Х ХХК-д олгож, хариуцагч Б.Х ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 173,722 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б ХХК-иас 173,722 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.МӨНХТӨР