Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2019/03098

 

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2019/03098

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, Өлгийн ... дугаар гудамж, ... тоотод оршин суух, А овогт Ү-ийн Б /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Бага наран, ... дугаар гудамж, ... тоот хаягт оршин суух, Н овогт Д-ийн Э /РД: 00000000/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 60,960,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ү.Б нь Д.Э-тай 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нь үүргээ одоо хүртэл биелүүлээгүй байна. Гэрээний 1 дэх хэсэгт ... хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоногийн 0.5 хувиар алданги тооцно гэж заасан, хариуцагч нь 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл нийт 732 хоног хугацаа хэтрүүлсэн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 40,000,000 төгрөг, үндсэн хүү 12,960,000 төгрөг төлөх ёстойгоос 5,000,000 төгрөгийг төлсөн, мөн 7,000,000 төгрөгийн үнэ бүхий контейнер, нийт 12,000,000 төгрөгийг төлсөн ба одоо 960,000 төгрөгийн хүү төлөх ёстой, мөн 732 хоногийн алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасан хэмжээнээс хэтэрсэн тул үндсэн зээлийн 50 хувь буюу хуульд нийцүүлж 20,000,000 төгрөгөөр алдангийг тооцсон. Иймд хариуцагч Д.Э-аас үндсэн зээл 40,000,000 төгрөг, хүү 960,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг, нийт 60,960,000 төгрөг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг би шүүхэд гаргасан.

 

Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ү.Б нь М.Ц-тай танилууд бөгөөд тэрээр 2016 оны 8 дугаар сард ирж уулзаад Д.Э гэх найзад нь мөнгөний хэрэг гарсан, мөнгө зээлээч гэх хүсэлт тавьсны дагуу Ц.Б гэх хүний дансаар 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 16,000,000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 25,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, ингээд энэ мөнгөнөөс 40,000,000 төгрөгийг М.Ц нь Д.Эд өгсөн, Д.Э ч Ү.Б-ээс мөнгө авснаа зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулсан, мөн мөнгийг хүлээлгэж өгсөн талаар гэрч М.Цшүүх хуралдаанд мэдүүлсэн гэв.

Хариуцагч Д.Эы шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Миний бие 2016 оны 9 дүгээр сард Ү.Бат-Эрдэнээс М.Ц гэх ченжээр дамжуулан 25,000,000 төгрөгийг нөхөр Ц.Н-д авч өгсөн. Мөнгийг Ц гэх хүний данс руу шилжүүлж эксковатор авсан. Бид энэ үед Заамарт бичил уурхай ажиллуулж байсан ба алт гараагүйн улмаас мөнгийг тэр намартаа төлж чадахгүй болсон тул хавар хүртэл хугацааг нь сунгаж, хүүг 5 хувиар тооцохоор тохирсон. Эксковаторыг ченж М.Ц-д түрээслүүлж, зээлсэн мөнгөнөөс түрээсийн төлбөрийг хасч тооцохоор тохирсон. Экскаватор түрээсэлсэн 23 сая төгрөгөөс 8 сая төгрөгийг нь би өөрөө авсан, түрээсийн төлбөрөөс 15 сая төгрөг үлдсэн. Үүнээс  8 сая төгрөгийг хүнд өгөх ёстой байсан дизель моторны үнэ гэж М.Цавсан, мөн 3 сая төгрөгийг хүний өр гэж суутгаж авсан. Ингээд нийт 20 сая төгрөгийг М.Ц-д өгсөн. Контейнерыг уг нь М.Ц-д өгөөгүй юм. Надаас зөвшөөрөл авахгүйгээр хулгайлаад аваад явахдаа доторх тавилгыг нь эвдэлсэн байсан. Тиймээс би Заамарын цагдаад мэдэгдсэн. Надад буцааж контейнерыг өгөөрэй гэхэд нөгөө хүнд чинь контейнерыг өгсөн шүү гэж хэлсэн. Уг контейнерыг би 7 сая төгрөгөөр Өмнөговь аймгаас худалдаж авсан ба 4х6 хэмжээтэй зөөврийн Солонгос сууц. Зээлсэн 25,000,000 төгрөг маань хүүтэйгээ 40,000,000 төгрөг болох юм байна гэж бодож байтал 60 гаран сая төгрөг нэхсэн. Өгнө гэж тохирсон 40 сая төгрөгөөс 33 саяыг би өгчихсөн гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Ү.Б нь хариуцагч Д.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 60,960,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ ...Ү.Бнь М.Ц-тай танилууд бөгөөд тэрээр 2016 оны 8 дугаар сард ирж уулзаад Д.Э гэх найзад нь мөнгөний хэрэг гарсан, мөнгө зээлээч гэх хүсэлт тавьсны дагуу Ц.Б гэх хүний дансаар 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 16,000,000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 25,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, ингээд энэ мөнгөнөөс 40,000,000 төгрөгийг М.Ц нь Д.Эд өгсөн, Д.Э ч Ү.Б-ээ мөнгө авснаа зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулсан, мөн мөнгийг хүлээлгэж өгсөн талаар гэрч М.Цшүүх хуралдаанд мэдүүлсэн гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Д.Э нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөөгүй ба татгалзлын үндэслэлээ ... Миний бие 2016 оны 9 дүгээр сард Ү.Б-ээс М.Цгэх ченжээр дамжуулан 25,000,000 төгрөгийг нөхөр Ц.Н-д авч өгсөн. Алт гараагүйн улмаас мөнгийг тэр намартаа төлж чадахгүй болсон тул хавар төлөх, хүүг 5 хувиар тооцохоор тохирсон. Эксковаторыг ченж М.Ц-д түрээслүүлж, зээлсэн мөнгөнөөс түрээсийн төлбөрийг хасч тооцохоор тохирсон. Экскаватор түрээсэлсэн 23 сая төгрөгөөс 8 сая төгрөгийг нь би өөрөө авсан, түрээсийн төлбөрөөс 15 сая төгрөг үлдсэн. Үүнээс  8 сая төгрөгийг хүнд өгөх ёстой байсан дизель моторны үнэ гэж М.Ц авсан, мөн 3 сая төгрөгийг хүний өр гэж суутгаж авсан. Ингээд нийт 20 сая төгрөгийг М.Ц-д өгсөн. Контейнерыг М.Ц-д надаас зөвшөөрөлгүйгээр хулгайлаад аваад явсан, би 7 сая төгрөгөөр Өмнөговь аймгаас худалдаж авсан Зээлсэн 25,000,000 төгрөг маань хүүтэйгээ 40,000,000 төгрөг болох юм байна гэж бодож байтал 60 гаран сая төгрөг нэхсэн. Өгнө гэж тохирсон 40 сая төгрөгөөс 33 саяыг би өгчихсөн гэж тайлбарлажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ү.Б нь хариуцагч Д.Э нар 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ бичгээр байгуулж, 40,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаагаар, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож, зээлдүүлсэн ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байх бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Хариуцагч Д.Э нь 25,000,000 төгрөгийг ченж М.Ц-р дамжуулж авсан, 40,000,000 төгрөг аваагүй гэж маргаж байх боловч гэрч М.Цэцэгмаагийн ... Д.Э эксковатор авах гэсэн юм мөнгө зээлэх хүн байна уу гэхээр нь би Ү.Б-д хэлсэн, тэгээд Ү.Б-ийн данснаас надад мөнгө орж ирээд би түүнийг нь Ү.Б чамд зээлдүүлж байгаа мөнгө шүү гэж хэлээд 25,000,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сард Д.Эд хүлээлгэж өгсөн. Дараа нь мөн Ү.Бэс 16,000,000 төгрөг Ц.Б-н дансаар дамжиж орж ирснээс 15,000,000 төгрөгийг Д.Эд өгсөн, ингээд Ү.Бат-Эрдэнийн нийт 40,000,000 төгрөгийг Д.Эд зээлэхэд нь дамжуулж өгсөн гэх мэдүүлэг, зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний 1-д Энэхүү гэрээгээр төлбөр авагч Ү.Бд төлбөр төлөгч Д.Э нь 40,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 5 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн алданги тооцно, мөн гэрээний Тайлбар: Уг мөнгө зээлж авсан мөнгө юм гэх хэсэг, Хаан банкны дипозит дансны хуулга, мөн зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Д.Э нь нэхэмжлэгч Ү.Бэс 40,000,000 төгрөгийг М.Ц-р дамжуулан авсан болох нь тогтоогдсон.

 

Зохигчдын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээний 1 дэх хэсэгт Энэхүү гэрээгээр төлбөр авагч Ү.Бд төлбөр төлөгч Д.Э нь 40,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 5 хувийн хүүтэйгээр гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. гэж заасантай харшлаагүй тул нэхэмжлэгч зээлийн гэрээ хэрэгжсэн хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 1-ны өдрийг хүртэлх хугацааны хүү нэхэмжлэх эрхтэй. Нэхэмжлэгч дээрх хугацааны хүүнд 12,960,000 төгрөг нэхэмжлэх эрхтэй боловч хариуцагчийн төлсөн 5,000,000 төгрөг, 7,000,000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн сууц, нийт 12,000,000 төгрөгийг хасч, хүүнд 960,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын байгуулсан гэрээний 1 дэхь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Ү.Б нь гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс буюу 2017 оны 6 дугаар сарын 1-ны өдрөөс хойш алданги нэхэмжлэх эрхтэй, хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул алданги төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч 2017 оны 6 дугаар сарын 1-нээс 2019 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх 732 хоногийн алдангид 20,000,000 төгрөг нэхэмжилсэн нь хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй байна.

 

Иймд хариуцагч Д.Э-аас үндсэн зээл 40,000,000 төгрөг, хүү 960,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг, нийт 60,960,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ү.Бд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хариуцагч ... Миний бие 2016 оны 9 дүгээр сард Ү.-с М.Ц гэх ченжээр дамжуулан 25,000,000 төгрөгийг нөхөр Ц.Н-д авч өгсөн. Эксковаторыг ченж М.Ц-д түрээслүүлж, зээлсэн мөнгөнөөс түрээсийн төлбөрийг хасч тооцохоор тохирсон. Экскаватор түрээсэлсэн төлбөрөөс 20 сая төгрөгийг М.Цэцэгмаад өгсөн. Контейнерыг М.Ц-д надаас зөвшөөрөлгүйгээр хулгайлаад аваад явсан, би 7 сая төгрөгөөр Өмнөговь аймгаас худалдаж авсан. 33 саяыг би өгчихсөн гэх тайлбарыг гаргасан ба тэрээр зээлийн гэрээний хүү, алдангийн талаар маргаагүй, зээлийн гэрээг хариуцагч Д.Э нь нэхэмжлэгч Ү.Б-тэй байгуулсан тул зээлийн төлбөрийг Ү.Б-д буцаан төлөх үүрэгтэй, гэрч М.Цэцэгмаад эксковатор түрээслүүлсэн төлбөрийн 20,000,000 төгрөгийг Ү.Б-тэй байгуулсан зээлийн гэрээний төлбөрөөс хасч тооцох боломжгүй, мөн 40,000,000 төгрөгийг зээлж авсан болох нь гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Э-аас үндсэн зээл 40,000,000 төгрөг, хүү 960,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг, нийт 60,960,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ү.Б-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 462,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 462,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.МӨНХТӨР