Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2019/03128

 

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2019/03128

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух М овогт О-г Э/РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... тоот хаягт байрлах А.П.Г ХХК /РД: 000000/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... тоот хаягт оршин суух А овогт Д-ийн А /РД: 0000000/ нарт холбогдох,

 

Гэрээний үүрэгт 86,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Д.А, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Э-н шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: О.Э миний бие 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдөр орон сууц худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2205018634 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дүгээр байрны ... тоот 36.5 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг өргөтгөлийн талбайн хамт 300,000,000 төгрөгөөр худалдаж авах, төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 100,000,000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 100,000,000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 100,000,000 төгрөг төлөхөөр тохирсон. Миний бие дээрх төлбөрөөс 86,000,000 төгрөгийг Д.Энхтүвшинд төлөөд дараа нь худалдан авах эрхээ А.П.Г ХХК-д шилжүүлж өгсөн. Компанийн зүгээс үлдэгдэл төлбөрөө төлж өмчлөх эрхээ шилжүүлэн авсан боловч тохиролцсон ёсоор миний Д.Э-д төлсөн 86,000,000 төгрөгийг одоо хүртэл өгөхгүй байгаа болно. Тухайн үед Альянс проперти групп ХХК нь гэрээний урьдчилгаа 86,000,000 төгрөгийг чамд буцаан өгнө, өгөхгүй бол орон сууцыг чиний нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлдэг байсан. Тухайн орон сууцны барилга нь Нийслэлээс дахин төлөвлөлтөд орсон ашигтай байрлалтай тул худалдаж аваад барилга барина гэж А.П.Г ХХК-ийн захирлуудтай тохирсон байсан юм гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.-н шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, Төмөр замын ... дүгээр байрны ... тоотод байрлах, орон сууцын зориулалтай 36,5 мкв талбайтай 3 өрөө орон сууц Д.Э-гийн өмчлөлд байсан. Нэхэмжлэгч О.Э. нь Д.Э-тэй 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээний агуулга нь орон сууц буюу түүний өргөтгөлийн талбайг 300,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах. О.Э. нь гэрээнд заасан төлбөрийг н.Э-д 3 хувааж төлнө гэж гэрээнд заасан. Үүний дагуу төлбөрөөс Д.Э-д 86,000,000 төгрөгийг өгсөн. Дараа нь худалдан авах эрхээ А.П.Г ХХК-тай харилцан тохиролцож шилжүүлсэн байдаг. Компанийн зүгээс Д.Э-д үлдэгдэл төлбөрийг төлж, өмчлөх эрхээ шилжлүүлэн авсан. Д.Э-д өгсөн мөнгийг эвсэл байрыг буцааж шилжүүлэн өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл аль алийг нь өгөөгүй нөхцөл байдал 2, 3 жил үүсэж байна. Иймд А.П.Г ХХК-иас орон сууц худалдах худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 86,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Д.А-н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.А миний бие А.П.Г ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөдлөө өгөөд ажлаас чөлөөлөгдсөн. Уг компани нь миний хувийн компани биш бөгөөд би ямар ч хувьцаа эзэмшдэггүй, халагдах тушаал гарснаас хойш би ямарваа нэг бичиг баримт дээр гарын үсэг зураагүй, компанийн тамга тэмдэг ч над дээр угаасаа байдаггүй байсан. Одоо би уг компанитай ямар нэгэн холбоо огт байхгүй. О.Э-н нэхэмжлэлийг хариуцах этгээд нь би биш юм. Мөн О.Э нь мөнгөө Н.Э гэх хүний данс руу шилжүүлсэн байна лээ гэв.

 

Хариуцагч Д.А-н өмгөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус маргаан нь О.Э болон А.П.Г ХХК-ийн хооронд үүссэн. Д.Э болон О.Э нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах эрхээ шилжүүлэн өгсөнтэй холбогдуулсан 86,000,000 төгрөгийн асуудал хөндөгддөг. 2015 оны 2 дүгээр сарын 1-ний өдөр Д.Э, О.Э нарын хооронд 300,000,000 төгрөгөөр орон сууц худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Үүний дагуу гэрээнд дурдагдсан Н.Э-н дансанд О.Эрдэнэ нь хэд хэдэн удаагийн үйлдлээр 86,000,000 төгрөгийг шилжлүүлэн өгсөн нотлох баримт харагддаг. Үүний дараа О.Э нь Альянс проперти групп ХХК руу худалдан авах эрхээ шилжүүлсэн гэж ярьдаг боловч хэрэгт авагдсан баримтад энэ талаарх баримт байдаггүй. Сүүлд 2016 оны 4 эсхүл 5 дугаар сард Д.Э-н нь А.П.Г ХХК руу тус үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгснөөр улсын бүртгэлд бүртгэгдэж, Альянс проперти групп ХХК-ийн өмч болсон байдаг. Үүнтэй холбогдуулан Д.А-г хариуцагчаар татсан. Д.А нь А.П.Г ХХК -д 2017 оны 1 дүгээр сарын 9-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэл гүйцэтгэх захирлаар ажилласан. А.П.Г ХХК-тэй холбоотой асуудал нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.А-д холбогдуулж нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Иймд Д.А нь иргэнийхээ хувьд хариуцагч биш. О.Э болон А.П.Г ХХК-ийн хооронд 86,000,000 төгрөгийг хэрхэн яах талаар гэрээ хэлцэл хийгдээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч А.П.Г ХХК, Д.А нарт холбогдуулан 86,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч О.Э нь А.П.Г ХХК -тай 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдөр улсын бүртгэлийн Ү-2205018634 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн … дугаар хороо, … дугаар хороолол, ТЗ-21 дүгээр байрны ... тоот 36.5 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг өргөтгөлийн талбайн хамт 300,000,000 төгрөгөөр худалдаж авахаар орон сууц худалдан авах гэрээ байгуулагдсан, төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 100,000,000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 100,000,000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 100,000,000 төгрөг төлөхөөр тохирсон, нэхэмжлэгч О.Ээ 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 40,000,000 төгрөгийг Голомт банк дахь Н.Э-н эзэмшдэг 0000000 тоот дансанд, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөгийг дээрх дансанд, 2015 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 6,000,000 төгрөгийг дээрх дансанд, 2015 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 6,000,000 төгрөгийг Хаан банк дахь Н.Э-н эзэмшдэг 00000 тоот дансанд, нийт 4 удаагийн үйлдлээр Голомт болон Хаан банк дахь Н.Э-н дансанд 86,000,000 төгрөгийг шилжүүлсэн,

Мөн маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Д.Э 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр бүртгүүлж гэрчилгээ авсан, улмаар Д.Энь 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр тухайн орон сууцыг А.П.Г ХХК-д худалдахаар худалдах-худалдан авах гэрээ байгуулж, орон сууцны өмчлөх эрх 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр А.П.Г ХХК-д шилжсэн үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч О.Э нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар А.П.Г ХХК, Д.А нарыг татаж, орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 86,000,000 төгрөг нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... би Д.Э-тэй орон сууц худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаанд 86,000,000 төгрөг төлсөн, энэ худалдан авах эрхээ ярилцаж тохиролцоод А.П.Г ХХК-д шилжүүлсэн, тухайн компани үлдэгдэл төлбөрийг төлж орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч О.Э нь 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний худалдан авах эрхээ А.П.Г ХХК-д шилжүүлсэн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэж заасан үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл худалдан авах эрхээ шилжүүлсэн талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Мөн хариуцагч А.П.Г ХХК, Д.А нар нь нэхэмжлэгч О.Э-тэй аливаа гэрээ байгуулж, түүний өмнө үүрэг хүлээгээгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй, өөрөө хэлбэл нэхэмжлэгч О.Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд нь Альянс проперти групп ХХК биш байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч О.Э-н хариуцагч А.П.Г ХХК, Д.А нарт холбогдуулан гаргасан орон сууц худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 86,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР