| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2023/0057/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/58 |
| Огноо | 2023-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,
улсын яллагч Х.Гүнжидмаа,
хохирогчийн өмгөөлөгч М.Энхзаяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
шүүгдэгч Ш.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н ургийн овогтой Ш-ын Э-д холбогдох 2316000000056 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1973 оны 01 сарын 24-ны өдөр Говь-Алтай аймгийн **** сумд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*****” хоршооны дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн **** сумын **** багт оршин суух, өмнө нь 2016 оны 06 сарын 17-ны өдрийн 25 дугаартай Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Д**** регистрийн дугаартай, Н овогт Ш-ын Э,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ш.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Ш.Э нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны орой 20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн **** сумын төвд байрлах “****” гэх дэлгүүр дотор хохирогч Ж.Г-ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон үүдэн дээд нэг шүдний булгаралт буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:
1. Хохирогч Ж.Гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Ш.Э-тэй барилцаж зууралдах хооронд эхнэр Ч нь хашгирч орилсон. Тэгээд байж байтал Ш.Э миний ам руу цохиж шүд мулталсан...” гэх мэдүүлэг./хх-ийн 45-46, 56-р хуудас/
2. Гэрч Д.Ж-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Ж.Г, Ш.Э хоёр хоорондоо цохилцсон. Ж.Г, Ш.Э нар барьцалдаж аваад хоорондоо нэг нэгнийгээ цохиж байх нь сонсогдож байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 65-66, 75-р хуудас/
3. Гэрч Н.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Миний элэг рүү нэг цохиод хамар луу нэг цохиод ороод ирсэн. Би хамраа дараад цаашаа эргэсэн тэгтэл Ж, Э хоёр Гийг бариад авсан. Э, Ж хоёртой барилцаж аваад гурвалжин юм болсон байх. Э гар хазчихлаа гэж орилж байсан. Манай дэлгүүрт Ж, Э бид гурав байсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 72- 73-р хуудас/
4. Гэрч Г.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Ж, Э хоёр намайг зодлоо гээд орж ирсэн. Тэгээд дэлгүүр дотор орж ирээд удалгүй эргээд гарсан. Би энэ гурвыг зодолдож байхыг нь хараагүй. Манай нөхөр эхлээд орж ирэхдээ Ж, Э хоёр намайг нийлж зодлоо гэж ярьж орж ирсэн. Дараа орж ирэхдээ амнаас нь цус гарчихсан. Миний шүдийг унагаачихлаа гээд шүдээ бариад ороод ирсэн....” гэх мэдүүлэг. /хх-ийн 69-70-р хуудас/
5. Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Энхээ ах Ж.Г-тэй зодолдохдоо гараараа нүүр хэсэг рүү цохиж байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 60-р хуудас/
6. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Даваахүүгийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 97 дугаартай “...Ж.Гийн биед үүдэн дээд нэг шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө...” гэх дүгнэлт/хх-ийн 82-83-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ш.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Ж.Г нь Прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “хохирогч Ж.Г би Э-д гомдол саналгүй болно. Бид сайн дураараа эвлэрсэн” /хх210/ гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ш.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.
Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт эд шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н ургийн овогтой Ш-ын Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-г 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Э-д сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, дүрс бичлэг бүхий 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан малгайг хохирогчид буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА