| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2023/0055/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/67 |
| Огноо | 2023-06-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Х.Г |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Бд холбогдох 2216001970039 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, ... настай, бүрэн дунд боловсролтой, барилгын өрөгч, угсрагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, мэргэжилгүй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, С овогтой Г.Б гэв.
Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бг 2023 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Говь-Алтай аймгийн ... тоот хашаанд байсан Д.Гын эзэмшлийн Тоёота Bluebird маркийн автомашины нүүрсэн яндан 1 ширхэг, авто машины обуд /16R/ 4 ширхэг, дугуй /16R/ 4 ширхгийг *** улсын дугаартай, улаан өнгийн, Honda Logo /Хонда Лого/ маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Д.Гд бага бус хэмжээнээс дээш буюу 900,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 12-ны өдрийн орчимд Говь-Алтай аймгийн ... тоот хашаанд байсан хохирогч Э.Бы эзэмшлийн тоёота пробокс автомашины 1 NZ мотор 1 ширхэг, аксио королла маркийн автомашины 1 NZ доод анги 1 ширхэг, исузу бигхорн маркийн авто машины радиотор 1 ширхэг, тоёото прогресс машины радиотор 1 ширхэг, 215/70/15 размертай зуны дугуйтай хайлшин обуд 1 ширхэг, R16-тай 6 нүхтэй хайлшин обуд 1 ширхэг, портер маркийн автомашины кришк 1 ширхгийг *** улсын дугаартай, улаан өнгийн Honda Logo /Хонда Лого/ маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Э.Бд 3,005,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ... тоот хашаанаас Д.Гын эзэмшлийн Тоёота Bluebird маркийн автомашины нүүрсэн яндан 1 ширхэг, авто машины обуд /16R/ 4 ширхэг, дугуй /16R/ 4 ширхэгийг, мөн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 12-ны өдрийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 10-20 тоот хашаанд байсан хохирогч Э.Бы эзэмшлийн тоёота пробокс автомашины 1 NZ мотор 1 ширхэг, аксио королла маркийн автомашины 1 NZ доод анги 1 ширхэг, исузу бигхорн маркийн авто машины радиотор 1 ширхэг, тоёото прогресс машины радиотор 1 ширхэг, 215/70/15 размертай зуны дугуйтай хайлшин обуд 1 ширхэг, R16-тай 6 нүхтэй хайлшин обуд 1 ширхэг, портер маркийн автомашины кришк 1 ширхэгийг *** улсын дугаартай, улаан өнгийн, Honda Logo /Хонда Лого/ маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Д.Год бага бус хэмжээнээс дээш буюу 900,000 төгрөгийн хохирол, хохирогч Э.Бд 3,005,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь бусдын өмчлөх эрхэнд халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.Б гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Г.Б-ний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: Би энэ хүмүүсийн хохирол мөнгийг барагдуулж байгаа. Д.Г гэдэг хүний хашааны араас орж эд зүйлийг авсан. Мөн Э.Б гэдэг хүний хашааны араас очиж авсан. Э.Бы хайлшин обуд кришик, моторын доод анги, дээд анги байсан. Дугуй, 2 радиатор байсан. 6 нүхтэй хайлшин обуд байсныг авсан. Д.Гынхоос 4 обудтай дугуй, 1 нүүрсэн яндан авсан. Тэр хугацаанд надад мөнгөний хэрэг гарсан учраас тийм үйлдэл гаргасан. Д.Год хохирол төлсөн. 900,000 төгрөг өгсөн. Дугуйгаа буцааж авсан учраас гомдолгүй гэсэн. Б.От обуд дугуйны 100,000 төгрөг өгсөн. Э.Бд хашааны гэрчилгээ, газрын гэрчилгээг өгөхөөр болсон. Нотариатаар батлуулж өгөх гээд өнөөдөр өгч амжаагүй. Бусдын эд хөрөнгийг авснаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Д.Гын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Жаргалант 11-29 тоот хашаанд байгаа blubird маркийн машины 4 ширхэг дугуйг угсарч тавьсан. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хойд хашаандаа нохойнд хоол өгөнгөө гэрээ эргэх гээд очтол машины 4 ширхэг обудтай дугуй байхгүй байсан. Мөн тухайн машины нүүрсэн яндан байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн алдсан дугуйг 2022 оны 11 дүгээр сард өөрийн приус маркийн машинаас авч тавьсан. 4 ширхэг дугуйг 100,000 төгрөг, обудыг нь 100,000 төгрөг, нүүрсэн янданг 300,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 96/,
Хохирогч Э.Бы мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр машинаа янзлах гэж байгаад сэлбэгнүүдээ хайх үед миний машины сэлбэг 1NZ мотор, 1NZ доод анги, исузу бигхорн машины р16 размертай обуд 1 ширхэг, мөн радиатор 1 ширхэг, тоёота прогресс машины радиатор 1 ширхэг, 215/70/15 размертай зуны дугуйтай хайлшин обуд 1 ширхэг, портерын кришик 1 ширхэг эдгээр эд зүйлсүүд маань алга болсон байв.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/
Иргэний нэхэмжлэгч Б.Оын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Г.Бг би танина. Миний туслахаар ажиллаж байсан юм. 2023 оны 01 сарын 18-ны өглөө Г.Б нь намайг 4 ширхэг обуд авах уу гээд өөрийнхөө улаан өнгийн лого маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгэхээр нь би хэрэглээ багатай обуд болохоор нь хайлшинд өгч байгаа юм байна гэж бодоод 100,000 төгрөгийг өөрийнхөө ХААН банкны ... тоот данснаас ... гэх данс руу обуд гэж бичиж шилжүүлсэн. Би хулгайн эд зүйлс гэдгийг мэдээгүй. 350,000 төгрөгөөр тухайн үед зарж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 101/,
Гэрч Б.Оын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум ... тоотод оршин суудаг. Хувиараа түүхий эд худалдаж авдаг. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Г.Б над руу утсаар залгаад надад 4 ширхэг хайлшин обуд байна. Та авах уу гэж асуусан. Тэгээд 100,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож мөнгийг нь данс руу нь шилжүүлсэн. Тухайн дугуйнуудыг хаанаас авч ирсэн, хэний эзэмшлийн дугуй болох талаар нь асуугаагүй. Өөрийн дугуйгаа өгч байгаа юм байна гэж бодсон. Тухайн 4 ширхэг обуд, дугуй одоо манай хашаанд хайлшин дунд байж байгаа. Тухайн дугуйнуудыг хулгайн замаар олж авсан гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 107/,
Гэрч Д.Мн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 2020 оноос хойш нүүрсэн яндан худалдаж авч байгаа. Би 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бензин машины нүүрсэн янданг 170,000 төгрөгөөр худалдаж авсан. Улаан куртиктэй, туранхай өндөр залуу байсан. Тухайн залуу нь өмнө надад нэг удаа дизель машины яндан авчирч өгөх гэж байсныг би аваагүй. Би тухайн залуугаас нүүрсэн янданг Жаргалант хорооноос гэрээс нь очиж авсан. Би тухайн хүнээс хулгайн яндан биш биз дээ гэж асуухад үгүй хөдөөнөөс авчирсан юм. Эвдэрхий машиных гэж хэлсэн. Би тухайн нүүрсэн янданг худалдаж авсныхаа маргааш нь Улаанбаатар хот руу зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 108 хуудас/,
Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 112-114/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Г.Б нь тухайн хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай, улаан өнгийн Хонда лого маркийн тээврийн хэрэгслийг ашигласан байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Г.Б-нийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Б нь хохирогч Д.Год 900,000 төгрөг, хохирогч Э.Бд 3,005,000, иргэний нэхэмжлэгч Б.От 100,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан ба хохирогч Д.Г шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Г.Бэс хохирол мөнгөө барагдуулж авсан нь үнэн болно...”, хохирогч Э.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Г.Б нь хулгайлан авч бусдад худалдсан байсан бөгөөд надад учруулсан хохирлоо мөнгөн хэлбэрээр төлж миний хохирлыг барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэсэн байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн иргэний нэхэмжлэгч Б.От 100,000 төгрөг өгсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь мэдүүлж байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүхээс шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Б-ний гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Г.Б-ний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан санал, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Бд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг обудтай дугуйг хохирогч Д.Год буцаан олгож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Бд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхэлж тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл болох ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг обудтай дугуйг хохирогч Д.Год буцаан олгож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА