Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 714

 

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/00714

 

 

“ЖТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/00196 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ЖТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Г, “У” ХХК-д тус тус холбогдох,

 

Гэрээний үүрэгт 376 620 258 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Мөнхсайхан

Хариуцагч “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Зоригтбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У” ХХК нь өөрийн Чежү Хараа нэртэй дэлгүүрээр дамжуулан “ЖТ” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр авч худалдан борлуулдаг байсан.

Талууд 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өмнөх худалдсан бараа бүтээгдэхүүнийхээ тооцоог нийлж тооцооны үлдэгдлийн баталгаа хийсэн. Үүгээр “ЖТ” ХХК нь 49 430 592 төгрөгийн авлагатай болохыг харилцан баталж “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Г гарын зурсан байна. Улмаар уг баталгаанд дурдсан төлбөрийг төлөх хуваарь тогтоож, алданги тооцохоор мөн өдөртөө талууд хэлэлцэн тохиролцож бичгээр гэрээ байгуулсан боловч хариуцагч төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Иймд уг гэрээний дагуу төлөгдөх үндсэн төлбөр 49 430 592 төгрөгийг, алданги 24 715 296 төгрөгийн хамт 74 145 888 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Мөн өдөр талууд 15/73 тоот хамтран ажиллах гэрээ байгуулсан ба гэрээгээр манай тал бараа нийлүүлэх, хариуцагч тал худалдан борлуулж үнийг төлөх талаар тохиролцсон. Уг гэрээний дагуу 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 17 удаагийн баримтаар нийт 201 649 580 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хариуцагч “У” ХХК хүлээн авсан байдаг боловч хүлээн авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг гэрээний 5.4-т заасны дагуу 30 хоногийн дотор төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй. Хамтран ажиллах гэрээний 8.1-д зааснаар тохиролцсон алдангийг тооцвол 100 824 790 төгрөг болох тул барааны үндсэн үнэ 201 649 580 төгрөгийн хамт уг гэрээний үүрэгт 302 474 370 төгрөг нэхэмжилж байгаа.

Дээрх хоёр гэрээний үүргийг нэгтгэж нийт 376 620 258 төгрөгийг “У” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Ц.Цэрэндорж, Г.Г нар дээрх гэрээний үүргийг хангуулахаар Г.Гын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204021409 дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 3 гудамж, 22 тоот хаягт байрлалтай 424 м.кв талбайтай хувийн сууц, гараашын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Иймд үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Г.Гын өмчлөлийн дээрх барьцааны зүйлээс хангуулж өгнө үү.

Хариуцагч талаас дансаар 5 500 000 төгрөг, бартераар 38 684 000 төгрөгийн барааг өгсөн гэдэгт маргахгүй тул нэхэмжилж буй төлбөрөөс хасч тооцоход татгалзахгүй гэжээ.

 

Хариуцагч У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У” ХХК нь “ЖТ” ХХК-тай ажил хэргийн хүрээнд байнга харилцдаг байсан ба 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид 49 430 592 төгрөгийн өр төлбөртэй байсан тул энэхүү төлбөрийн хэмжээнд тооцооны үлдэгдлийн баталгааг хийсэн. Иймд энэ хэлцлийн дагуу дээрх төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна. Ийнхүү бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахад талуудын хооронд хүү, алданги тооцох талаар ямар нэгэн гэрээ бичгээр хийгдээгүй. Иймд уг төлбөрт алданги тооцож нэхэмжлэх үндэслэлгүй, энэ хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч “У” ХХК-ийн 49 430 592 төгрөгийн төлбөрөөс 5 500 000 төгрөгийг дансаар, мөн 38 684 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг төлбөрт тооцон “ЖТ” ХХК-д “ЖТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Цэрэндоржид 6 000 000 төгрөгийг бэлнээр тус тус төлсөн.

Талууд өмнөх төлбөр тооцооны үлдэгдлийг баталгаажуулсны дараа мөн өдрөө хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу “ЖТ” ХХК-иас “У” ХХК-д 201 649 580 төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг шилжүүлсэн гэх боловч хэрэгт 165 489 980 төгрөгийн зарлагын баримтыг хавсаргасан байна.

Манай зүгээс дээрх хэмжээний бүтээгдэхүүн хүлээн аваагүй, харин нийт 85 428 000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг авсан. Манайд хүлээлгэн өгсөн гэх зарлагын баримтуудад “Ганаа” гэж гарын үсэг зурсан баримтуудыг хүлээн зөвшөөрч байна. Бусад зарлагын баримтыг зөвшөөрөхгүй.

Гэрч Г.Анхбаяр тухайн үед тус байгууллагад ажиллаж байсан гэдгийг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул гэрчийн мэдүүлгийг нотлох бичгийн баримтгүй байна. Харин иргэд хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хангуулах барьцааны гэрээ нь компаниудын хооронд үүссэн харилцаанд хамаарахгүй тул барьцаа хөрөнгөөр хангуулах хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд “ЖТ” ХХК-иас тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Г нь “ЖТ” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж байгаагүй, өр төлбөр барагдуулах хэлцэл хийж байгаагүй болно. Нэхэмжлэгч нь иргэн Г.Гт холбогдуулан ямар нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхой бус байх тул Г.Гт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 153 дугаар зүйлийн 153.1-д заасныг баримтлан “У” ХХК-иас 298 558 362 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ЖТ” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 78 061 895 төгрөг болон хариуцагч Г.Гт холбогдуулан гаргасан үүргийн гүйцэтгэлийг Г.Гын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн улсын бүртгэлийн Ү-2204021409 дугаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 182 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “У” ХХК-иас 1 650 74 төгрөг гаргуулж, “ЖТ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч “У” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч байгууллагаас нийт 116 631 600 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд бусад зарлагын баримт дээрх бараа, бүтээгдэхүүнийг хүлээн аваагүй байтал нэхэмжлэгчийн зүгээс нэр, гарын үсгийн тайлалгүй баримтуудыг үндэслэн нэхэмжилснийг шүүх хүлээн авч, дээрх баримтуудыг гэрчийн мэдүүлэг дээр үндэслэн хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь гэрч Г.Анхбаяр нь “ЖТ” ХХК-д ажилладаг эсэх, тухайн үед ажил үүргийн хуваарь буюу ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажиллаж байсан эсэхийг тодруулалгүйгээр нэхэмжлэгч шүүх хуралдаанд дагуулан ирмэгц гэрчээр асууж, түүний мэдүүлгийг үндэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Мөн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэл болсон гарын үсэг, нэр зэрэг нь хариуцагч байгууллагын ажилтны гарын үсэг , нэр мөн эсэхийг тодруулаагүй. Хариуцагчийн зүгээс 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10 901 600 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 18 600 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1 614 580 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 40 800 төгрөг, нийт 31 156 950 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг аваагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 31 156 950 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч “ЖТ” ХХК нь хариуцагч “У” ХХК, Г.Гд тус тус холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 376 620 258 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч талаас 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд гэрчээр Г.Анхбаярыг асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлжээ. Гэрч Г.Анхбаяр нь хариуцагч байгууллагыг бараа бүтээгдэхүүн хүлээж авсан эсэхтэй холбоотой асуудлаар мэдүүлэг өгсөн бөгөөд уг мэдүүлэгтэй шүүх хуралдаан дээр танилцсан хариуцагч гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй талаар тайлбар гаргасан тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар эсрэг талын гаргасан тайлбар, татгалзал, түүнтэй холбоотой нотлох баримт гаргах эрхийг эдлүүлэх хангалттай хугацаа олгосон гэж үзэхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр гэрч асуусны дараа энэ талаар тайлбар гаргаж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч “ЖТ” ХХК-ийн хүлээлгэж өгсөн барааг худалдагч н.Далай, н.Шижиртуяа, н.Гандолгор нар хүлээж авсан, эдгээр хүмүүс нь төрөл садангийн холбоотой гэх нөхцөл байдлыг гэрч Г.Анхбаярын мэдүүлгийг бусад баримттай харьцуулахгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй.

 

Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/00196 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313 735 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА