| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2020/01299/И |
| Дугаар | 001/ХТ2022/00262 |
| Огноо | 2022-03-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2022/00262
“********” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч, даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/01936 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1883 дугаар магадлалтай,
“********” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Г.Батбаатарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Бүрнээгийн гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бүрнээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. “******” ХХК нь Г.Батбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/01936 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Батбаатараас 27,000,000 төгрөг гаргуулж “*******” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Батбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 292,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “********” ХХК-д олгон шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1883 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/01936 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Бүрнээ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүү хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасан “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол Гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна”, 59.5-д “Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол Гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно” гэж заасан хэдий ч “******” ХХК-ийг Майкл Жон О’Маллей төлөөлөх бүрэн эрх дуусгавар болсон гэх асуудал нь энэ маргаан хамааралгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ. Компанийн тухай бие даасан хуулийг баталснаас хойш 20 орчим жил өнгөрч байгаа бол уг хуулийн шинэчилсэн найруулга батлагдаад даруй 8 жил өнгөрсөн байна. Энэ хуульд зааснаар аливаа компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ) юм. Өөрөөр хэлбэл, ХЭХ нь компанийн үндсэн хөрөнгө оруулагч болох хувьцаа эзэмшигчээс компанийнхаа үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл авч, үнэлгээ дүгнэлт өгч, хяналт тавих, чухал шаардлагатай шийдвэр гаргахад оролцох замаар компанийн удирдах эрхээ хэрэгжүүлэх хамгийн гол хэлбэр билээ. Иймээс хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэх хэлбэр болох тухайн жилийн ХЭХ-ыг зарлан хуралдуулаагүй тохиолдолд тухайн компанийн Төлөөлөн Удирдах зөвлөл (ТУЗ)-ийн хурал хуралдуулахаас бусад эрх нь дуусгавар болж, аливаа шийдвэр гаргах эрхгүй байхаар дээрх хууль тогтоомжид тодорхой заасан. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасан хугацаанд буюу санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулах ба ХЭХ-ыг зарлан хуралдуулах шийдвэрийг жил бүрийн 3 дугаар сарын дунд үеэс хойш гаргаж, хуульд заасны дагуу 40 хоногийн дараа хийхээр тов тогтоож, 4 дүгээр сарын сүүлээр хуралдуулах юм. Ийнхүү хуульд “санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор” хэмээн заасан нь ХЭХ-ыг зохион байгуулах хамгийн цаад хугацааг хууль тогтоогчоос тогтоосон, Монгол Улсын хэмжээнд тогтсон ойлголт бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аливаа ямар ч компани 2020.03.21-ний өдөр гэхэд эцсийн байдлаар хурал хуралдуулах тухай шийдвэрээ гаргаж, санхүүгийн жил дуусахаас өмнө амжиж ХЭХ-ыг хийсэн байхыг хуулиар шаарддаг. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна" 59.3-т “Хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна”, 59.4-т “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол Гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна”, 59.5-д “Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол Гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно” гэж заасан. Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол Хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ хуулийн 60.15-д заасан шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулна" гэж зааснаар ХЭХ-ыг хуралдуулах тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 40 хоногийн дараа ХЭХ-ыг хуралдуулна. Гэтэл “*****” ХХК -ийн Төлөөлөн Удирдах зөвлөл эсхүл гүйцэтгэх захирал 2019 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2020.03.21-ний өдрийн байдлаар, мөн анхан шатны шүүхийн 2020.07.09-ний өдрийн шийдвэр гарах хүртэл ээлжит хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргаагүй бөгөөд энэ нь хэргийн материалд авагдсан “*******” ХХК-ийн 2020.04.28-ны өдрийн 1/35 тоот "Хариу хүргүүлэх” тухай албан бичгээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй тухай шалтгаанаа “хувьцаа эзэмшигч нарын хоорондын маргаанаас үүдэлтэй” гэх тайлбараар хүлээн зөвшөөрсөн энэ нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй, уг баримтыг үнэлж дүгнээгүй нь шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Тиймээс хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар Төлөөлөн Удирдах зөвлөлийн, мөн түүнчлэн гүйцэтгэх захирлын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсон байна. Иймд “*****” ХХК-аас Г.Батбаатарт холбогдуулан 27,000,000 төгрөгийн асуудлаар 2020.03.31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах үед гүйцэтгэх захирлын Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсон байх тул гүйцэтгэх захирал Майкл Жон О’Маллейг тус компанийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.
4.1. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...Нэгэнт нэхэмжлэгч “******” ХХК нь Төлөөлөн Удирдах зөвлөлтэй, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-т заасан заалт нь компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлд хамаарч байх тул уг заалтын дагуу гүйцэтгэх захирал Майкл Жон О’Маллей компанийг төлөөлөх бүрэн эрх дуусгавар болсон гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжгүй” хэмээн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж, хэрэгт өнгөц байдлаар дүгнэлт гаргасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг мөн хангаагүй гэж үзэж байна. Компанийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т “...Хувьцаа эзэмшигчдийн хурлын жилдээ хамгийн багадаа нэг удаа зохион байгуулна”, 11.1.6-д “...ХЭХ-аар шийдвэрлэх асуудлыг тусгасан бичгээр гаргасан хэлэлцэх асуудлыг хурал хуралдуулах тухай зарын хамт бүх хувьцаа эзэмшигчид хүргүүлнэ", 2.5-ийн (а)-д “Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах", (д)-д “компанийн жилийн бизнес төлөвлөгөө, төсвийг батлах, жилийн санхүүгийн тайлан тооцоо гаргах", 11.2.6-д “Хэрэв шаардлагатай бол Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулж зохион байгуулах ба Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурлыг веб-сайтаар дамжуулан жилд 4 удаа, биечлэн 1 удаа тус тус хуралдуулна" гэж заасан байна. Энэхүү заалтын дагуу тус компанийн ТУЗ ээлжит хурлыг зохих хугацаанд нь хийгээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдож байгаа ба нэхэмжлэгч талаас ТУЗ бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар холбогдох эргэлзээгүй баримтаар нотлоогүй болно. Тиймээс тус компанийн Төлөөлөн Удирдах зөвлөл нь цаасан дээр нэр төдий байдаг, хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байх тул байгуулагдсан цагаасаа эхлэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн, хуулийн 59.4-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хийгээгүй тул компанийн ТУЗ-ийн бүрэн эрх дуусгавар болсон байхад Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх хэвээр үргэлжлээд байгаа нь тус хуулийн 59.5-т заасан хязгаарлалтын зохицуулалтын цаад утга санаа, агуулга алдагдаж байгаа нөхцөл байдлыг шүүхүүд анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл, хуулийн 65 дугаар зүйлийн 65.6, 65.7-д тус тус заасны дагуу компани хувьцаа эзэмшигчид компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн жилийн тайлан зэрэг нөхцөл байдлыг танилцуулах, холбогдох мэдээллийг өгөх, мэдээллэх эрхээ хэрэгжүүлэх үүрэгтэй. Иймд дээр дурдсан үндэслэлээр гүйцэтгэх захирлын ХЭХ-ыг хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсон тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Бүрнээгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.
7. Нэхэмжлэгч “*******” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...компанийн зүгээс 2019.05.03-ны өдөр Г.Батбаатарт зээлсэн 27,000,000 төгрөгийг гаргуулах...” гэж тодорхойлсон байна.
8. Хариуцагч Г.Батбаатар “...компаниас ажилгүй байсан хугацааны олговорт 65,815,050 төгрөг авах авлагатай, мөн төлөөлөх эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан...” гэж мэтгэлцжээ.
Зохигчийн хооронд зээлийг төлөх үүрэгтэй эсэх, хуулийн этгээдийг төлөөлж Майкл Жон О’Маллей нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
9. Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
10. Г.Батбаатар нь “*******” ХХК-ийн санхүү, захиргаа хариуцсан захирлаар ажиллаж байхдаа 2019.05.02-ны өдөр 27,000,000 төгрөгийн зээлийг 2019 оны 11 дүгээр сар хүртэл олгож өгөөч гэж мөнгө зээлэх талаар хүсэл зоригоо илэрхийлж байсан, нэхэмжлэгч 2019.05.03-ны өдөр Худалдаа хөгжлийн банк дахь Г.Батбаатарын эзэмшлийн 499192698 тоот дансанд 27,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.
11. Зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцдог хэдий ч хуулийн гол урьдчилсан нөхцөл болох талуудын хүсэл зоригийн илэрхийлэл чухал байдаг.
Талууд зээлийн гэрээг амаар байгуулсан тохиолдолд шүүхээс Иргэний 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д тус тус зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл агуулгыг тайлбарлаж, хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийдэг.
Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
12. “******” ХХК зээл 27,000,000 төгрөгийг Г.Батбаатарын эзэмшлийн дансанд шилжүүлсэн, хариуцагч уг мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй тул нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.
13. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00932 дугаар шийдвэрээр “******” ХХК-аас ажилгүй байсан хугацааны олговорт 65,815,050 төгрөг гаргуулж Г.Батбаатарт олгохоор шийдвэрлэсэн нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаанд хамааралгүй гэж анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
14. Хувьцаа эзэмшигч нарын маргаанд “*****” ХХК-ийн гүйцэтгэх захирал Майкл Жон О’Маллей зээлийг компанид оруулахаар нэхэмжлэл гаргахад нөлөөлөхгүй.
Анхан болон давж заалдах шатны шүүх Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5-т зааснаар “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Майкл Жон О’Маллей төлөөлөх бүрэн эрх дуусгавар болсон гэх асуудал нь энэ маргаанд хамааралгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
15. Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хариуцагчийн үүргийг тодорхойлж, шүүх Г.Батбаатараас 27,000,000 төгрөг гаргуулж “******” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бүрнээгийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/01936 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1883 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Д.Бүрнээгийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД