Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 124/ШШ2022/0006

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг би Б.Ш нарын нэр бүхий 15 иргэний “Цагаанхайрхан сумын Хунт багийн ИНХ-ийн 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 08 дугаартай "Б М ХХК-ийн Алтны шороон орд төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг дэмжих тухай" тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлтэй, Увс аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Цагаанхайрхан сумын Хунт багийн нэр бүхий 14 иргэнийг төлөөлөн Б.Ш шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “2018 оны 12 сарын 20-ны өдөр Цагаанхайрхан сумын Хунт багийн ИНХ хуралдсан ба энэхүү хурлаар "Б М" ХХК нь тус багийн нутагт байрлах Алаг толгойн алтны ордыг ашиглах байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хэлэлцүүлсэн.

Учир нь "Б М" ХХК нь 2015 оны 5 сараас Цагаанхайрхан сумын Хунт багийн нутагт орших Алаг толгой гэх газарт хайгуул хийж тус газар нутаг алтны орд газартай болохыг тогтоосон байсан ба 2018 оны 12 сарын 07-ны өдөр 30 жилийн хугацаанд Хунт багийн нутаг Алаг толгойн шороон ордоос алт олборлох ашиглалтын лицензийг Ашигт малтмал, газрын тосны газраас гаргуулан авсан байсан.

Улмаар ашиглалтын лиценз авсныхаа дараа Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг Цагаанхайрхан сумын Хунт багийн иргэдээр хэлэлцүүлэхээр болсон. Ингээд 2018 оны 12 сарын 20-ны өдөр Хунт багийн нутаг Морьт гэх газарт ИНХ зохиоч байгуулагдаж "Б М" ХХК-ийн захирал Ж.Р компанийн үйл ажиллагааг танилцуулж, цаашид Алаг толгойн шороон ордоос алт олборлох, нөхөн сэргээлт хийх төслийг хэрэгжүүлэхийг дэмжиж өгөхийг хүссэн. Тус багийн ИНХ-д нийт 35 иргэн оролцож санал бодлоо солилцож “Б М” ХХК-ны Алаг толгойн алтны ордны төслийг хэрэгжүүлэх асуудлыг дэмжих эсэх дээр санал хураалт явуулахад 1 иргэн дэмжиж, 34 иргэн дэмжихгүй гэсэн санал өгснөөр тухайн хурал өндөрлөсөн. Гэтэл Хунт багийн ИНХ-ын даргаар ажиллаж байсан С.Жаргалмаа нь тухайн өдрийн ИНХ-аар "Б М” ХХК-ийн Алаг толгойн алтны ордыг ашиглах байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хэлэлцүүлж олонхийн саналаар дэмжсэн мэтээр хуурамч тэмдэглэл үйлдэн, уг тэмдэглэлээ үндэслэж 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 8 дугаартай хуурамч тогтоол гарган Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн байсан. Бид тухайн үед хуурамч тогтоол гаргасан гэдгийг мэдээгүй байсан ба 2020 оны 01 сард Байгаль орчны яамны ажилтан Энхбат гэх хүнээр ахлуулсан ажлын хэсэг манай суманд ирж ажиллахдаа “Б М” ХХК-ны үйл ажиллагааг Хунт багийн иргэд өөрсдөө дэмжсэн байна" гээд дээрх хуурамч тогтоол болон тэмдэглэлийн бидэнд үзүүлсэн.

Улмаар Хунт багийн ИНХ-ын 2020 оны 01 сарын 23-ны өдрийн "Тусгай зөвшөөрөл цуцлуулах тухай' 01 дугаартай тогтоол, тус багийн 639 иргэдийн гарын үсэг бүхий "Б М' ХХК-ийн үйл ажиллагааг эсэргүүцсэн гарын үсэг бүхий жагсаалтыг байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Мөн тухайн хуурамч тогтоолын асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тухайн гомдлыг Цагдаагийн байгууллага шалгаж Увс аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 сарын 08-ны өдрийн 61 дугаар "Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоолоор Цагаанхайрхан сумын Хунт багийн ИНХ-ын даргаар ажиллаж байсан С.Ж нь хуурамч тэмдэглэл, тогтоол гаргасан болох нь нотлогдсон түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдсон. С.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан. Тухайн тогтоолд Хунт багийн ИНХ-ын 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 08 дугаартай тогтоолыг С.Жаргалмаа нь хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Жаргалмаагийн гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа нь тогтоогдсон боловч тухайн ИНХ-ын тогтоол хүчин төгөлдөр хэвээр байна. Улмаар манай багийн нэр бүхий иргэд Хунт багийн иргэдийн эрх ашгийг хамгаалж захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах болон нэхэмжлэгчийн бүх эрхийг шилжүүлж надад итгэмжлэл олгосон.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ”  гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга С.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Цагаанхайрхан сумын Хунт багийн нэр бүхий иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш-ын шүүхэд гаргасан Цагаанхайрхан сумын Хунт багийн иргэдийн Нийтийн хурлын 2018 оны 08 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа.

Тус багийн нийт иргэд "Б М" ХХК-ийн шороон орд төслийг эсэргүүцэж байгаа бөгөөд Хун багийн иргэд уг төслийг дэмжээгүй.Тиймээс Хунт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг дэмжиж байгаа. Уг тогтоол нь хуурамчаар гарсан болох нь Увс аймгийн прокурорын газрын 2021 оны 10 сарын 08-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор нотлогдож байна. Иймд Хунт багийн иргэн Б.Б, Б.Д, Л.Ц, Б.С, О.Б, Ө.Б, Н.Ц, Ч.М, Б.Н, Б.Э, Р.Б, Б.Н, Р.Г, С.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш шүүхэд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн Нийтийн Хуралд холбогдуулан  “Цагаанхайрхан сумын Хунт багийн ИНХ-ийн 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 08 дугаартай “Б М ХХК-ийн Алтны шороон орд төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг дэмжих тухай" тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг гаргажээ.

Маргаан бүхий захиргааны акт буюу Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар тогтоолоор “Б М” ХХК-ийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг дэмжиж шийдвэрлэсэн байна. 

Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “Б М” ХХК-ийн Алаг толгой алтны ордны төслийг хэрэгжүүлэх асуудлийг дэмжээгүй 34, дэмжсэн 1 санал гарсан талаар тэмдэглэгджээ.

Увс аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 сарын 08-ны өдрийн 61 дугаар прокурорын тогтоолоор Хунт багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар ажиллаж байсан С.Ж 2018 оны 12 сарын 20-ны өдөр болсон багийн иргэдийн Нийтийн Хурлаар “Б М” ХХК-ийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн нутагт байрлах Алаг толгойн ордыг ашиглах байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хэлэлцүүлж олонхийн саналаар дэмжсэн мэтээр хуурамч хурлын тогтоол,тэмдэглэл гаргаж Монгол Улсын Байгаль орчин,аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдож байгаа гэж дүгнэн,уг үйлдэлд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч  Цагаанхайрхан сумын иргэдийн Нийтийн Хурлыг төлөөлөн дарга С.А 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 08 дугаартай тогтоолыг хүчингүй болгохыг дэмжиж, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тухай хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

            Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй, уг маргаан бүхий акт хуурамчаар үйлдэгдсэн нь Увс аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор нотлогдсон байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэн,холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Б.Ш нарын нэр бүхий иргэдээс ирүүлсэн “Цагаанхайрхан сумын Хунт багийн ИНХ-ийн 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 08 дугаартай "Б М ХХК-ийн Алтны шороон орд төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг дэмжих тухай" тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн иргэдийн Нийтийн Хурлыг төлөөлөн  дарга С.А бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Ш нарын нэр бүхий 15 иргэний нэхэмжлэлтэй, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох 124/2021/0094/ индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ш нарын нэр бүхий 15 иргэний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн иргэдийн Нийтийн Хурлаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                Д.АЛТАНЦЭЦЭГ