| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2024/0174/З |
| Дугаар | 221/МА2025/0334 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2025/0334
“А х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А
Нэхэмжлэгч: “А х” ХХК
Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч С.Г, Б.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Татварын улсын байцаагч нарын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн НА-212******** дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-аар ногдуулсан төлбөрийн хэмжээг 10,693,840,795.05 төгрөгөөр багасгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 140 дүгээр,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Б.Н, С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.П,
Хариуцагч улсын байцаагч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Г
Хэргийн индекс: 128/2024/0174/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А х” ХХК-аас хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч С.Г, Б.Э нарт холбогдуулан “Татварын улсын байцаагч нарын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн НА-212******** дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-аар ногдуулсан төлбөрийн хэмжээг 10,693,840,795.05 төгрөгөөр багасгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 140 дүгээр шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хууль/2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.3, 47.4, 47.5, 47.6, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, Татварын ерөнхий хууль/2019 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Алтайн хүдэр ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналsт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Э, С.Г нарын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн НА-212******** тоот нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийг 10,593,934,896.96 /арван тэрбум таван зуун ерэн гурван сая есөн зуун гучин дөрвөн мянга найман зуун ерэн зургаан төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөгөөр бууруулж...” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шуух хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бухий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасны дагуу шүүх нь нотлох баримтыг дутуу бүрдүүлж, зөвхөн нэг талын баримтад тулгуурлаж дээрх дүгнэлтийг гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-д шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон; 121.3.5-д шүүх хэрэглэх ёсгүй хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэж заасны дагуу хууль буруу тайлбарлаж, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн тул анхан шатны шүүх рүү буцаах хүсэлтэй байна.
3.2. Анхан шатны шүүх нь .. нэхэмжлэгч компанийн төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж буй бусад дагалдах металлд төлбөр ногдуулах талаар зохицуулаагүй буюу зөвшөөрөөгүй, өөрөөр хэлбэл тийм хууль зүйн үндэслэл байхгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө” гэж заасны дагуу гаалийн лабораторийн дүгнэлтээр тодорхойлогдсон бүх бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч тал нь Гаалийн төв лабораторийн дүгнэлтүүдээр тус компанийн 2018 онд экспортолсон төмрийн хүдрийн баяжмалд алт (Аu) 0.01-0.05 мг/кг, мөнгө (Ад) 1.0 мг/кг, зэс (Си) 56.5-206.05 мг/кг, молибден (Мо) 17 мг/кг, хар гугалга (Рb) 7.7-28.10 мг/кг, Цайр (Zn) 259.5-399.0 мг/кг, Хөнгөн цагаан (АI) 0.76-1.49%, Цагаан тугалга (Sn) 8.57-32.85 мг/кг, төмөр-60.53%, хөнгөн цагаан-1.08%, зэс-175.95 мг/кг, хар тугалга 17.71 мг/кг тус тус агуулагдсан нь тогтоогдсон. Түүнчлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах элементийг үндсэн буюу дагалдах гэж хууль, аргачлал, журамд тусгайлан заагаагүй бөгөөд бүх төрлийн бүтээгдэхүүн гэж хуульчилж томьёолсон байна.
3.3. Шүүхийн шийдвэрээс “...Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлохдоо маргаан бүхий 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн НА-212******** нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг 10,693,840,795.05 төгрөгөөр багасгаж өгнө үү гэж” нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хурал дээр гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч талд гардуулах, хариу тайлбар гаргуулах, нэмэлтээр нотлох баримт гаргаж өгөх, эрх үүргээр хангаж өгөөгүй хурлыг шууд шийдсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйл, 57 дугаар зүйлд заасан эрх, үүргийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.
3.4. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2024/0*** дугаар магадлалд дурдсан асуудлыг бүрэн дүүрэн тодруулалгүй хэргийг шийдсэн байна. Тодруулбал давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсгийн 6-т заасан хэсгийг бүрэн тодруулаагүй хууль зүйн тодорхой дүгнэлт хийлгүй төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж буй бусад дагалдах металлд төлбөр ногдуулах талаар зохицуулаагүй гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэнтэй нийцэхгүй байна. Мөн 13, 14 хэсэгт заасан хэсгийг бүрэн дүүрэн тодруулалгүй хурлын явцад тодруулах шаардлагатай нөхцөл байдал үүссэн талаар дурдаж нотлох баримт гаргаж өгөх үндэслэлээр хурал хойшлуулах санал гаргасныг тооцолгүй хурлыг шийдсэн нэхэмжлэгч болон хариуцагч талын аль аль нь дээрх асуудлаар нотлох баримтын хүрээнд зөрүүтэй байхад анхан шатны шүүх тодруулалгүй хэргийг шийдсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдэл болсон.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/1005 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “А х” ХХК-аас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын улсын байцаагч Б.Э, С.Г нарт холбогдуулан “Татварын улсын байцаагч нарын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн НА-212******** дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-аар ногдуулсан төлбөрийн хэмжээг 10,693,840,795.05 төгрөгөөр багасгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
3. Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Э, С.Г нар нь “А х” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийж дээрх нөхөн ногдуулалтын актаар
“- 1. БНХАУ болон АНЭУ-д 2018 онд экспортод гарган борлуулсан 623,516,527.48 төгрөгийн төмрийн хүдрийн баяжмал, 707,127,750.04 төгрөгийн цагаан гантиг чулууны борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төлөөгүй,
- 2. Захирлын тушаалаар 2018 онд 1,402,819,086.26 төгрөгийн үлдэгдэл өртөг бүхий үндсэн хөрөнгийг худалдан борлуулах болон акталж данснаас хасахдаа албан татвар ногдуулаагүй,
- 3. БНХАУ-д 2018 онд экспортод гарган борлуулсан 1,664,025.85 тонн 118,490,578,211.12 төгрөгийн үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмал, АНЭУ-д 21.0 тонн 707,127,750.04 төгрөгийн үнэлгээ бүхий гантиг чулуунд ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөрийг ногдуулж, төсөвт төлөөгүй,
- 4. БНХАУ-д 2018 онд экспортод гарган борлуулсан 1,664,025.85 тонн 118,490,578,211.12 төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг ногдуулж, тайлагнаагүй,
- 5. Үндсэн бус үйл ажиллагааны 3,820,278.94 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгасан,
- 6. Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын 2018 оны тайлангаар ногдуулсан 453,037,286.60 төгрөгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй,
- 7. Ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөрийн 2018 оны тайлангаар ногдуулсан 6,107,598,172.49 төгрөгийг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй,
- 8. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 2018 оны тайлангаар ногдуулсан 48,467,365.98 төгрөгийг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй гэх зөрчлүүдэд ...6,369,479,019.91 төгрөгийн нөхөн татвар, 2,571,753,988.49 төгрөгийн торгууль, 1,819,671,356.33 төгрөгийн алданги, нийт 10,760,904,364.73 төгрөгийн төлбөр төлүүлэх”-ээр тогтоосон байна.
4. Харин Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн НА-212******** дугаар нөхөн ногдуулалтын актаас 2018 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх алдагдлыг бууруулсан дүнгээс 673,455,000.04 төгрөгийн зөрчлийг бууруулж, 21 тонн цагаан гантиг чулуунд тооцооллын алдаа гаргаж илүү ногдуулсан 33,672,750.00 төгрөгийн нөхөн татвар, 10,101,825.00 төгрөгийн торгууль, 6,734,550.00 төгрөгийн алданги нийт 50,509,125.00 төгрөгийн төлбөрийг бууруулж, 245,508,348,008.95 төгрөгийн зөрчилд 6,335,806,269.91 төгрөгийн нөхөн татвар, 2,561,652,163.49 төгрөгийн торгууль, 1,812,936,806.33 төгрөгийн алданги нийт 10,710,395,239.73 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчээс НА-212******** дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-аар 10,760,904,364.73 төгрөгийн төлбөр ногдуулснаас актын хавсралт төлбөрийн тооцоо хүснэгтийн 1 дүгээр зүйл дэх үндсэн АМНАТ-ийн 8,873,337,419.25 төгрөг, 2 дугаар зүйл дэх өсөн нэмэгдэх АМНАТ-ийн 613,817,540.94 төгрөг, 4 дүгээр зүйл дэх АМНАТ-ийг хуулийн хугацаанд төлөөгүй, хугацаа хожимдуулсан зөрчилд ногдуулсан 1,106,779,931.77 төгрөг, 8 дугаар зүйл дэх ХХОАТ-аа хуулийн хугацаанд төлөөгүй, хугацаа хожимдуулсан зөрчилд ногдуулсан 90,489,607.31 төгрөг, 9 дүгээр хавсралт дахь НӨАТ-ыг хуулийн хугацаанд төлөөгүй, хугацаа хожимдуулсан зөрчилд ногдуулсан 9,416,290.78 төгрөг нийт 10,693,840,795.05 төгрөгийг багасгуулж, хүчингүй болгуулах гэж тодорхойлсон байх тул шүүх уг хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу биш байна.
6. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой үндэслэлд “...маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар хөөн хэлэлцэх хугацааг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж, түүнээс хойш 4 жилийн дотор буюу 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлбөр тогтоосон шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн байх тул татварын улсын байцаагч нар шийдвэрээ хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж гаргасан гэж үзэх үндэслэлгүй” гэж зөв дүгнэсэн атлаа маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар зөрчилд тооцсон төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж байгаа дагалдах металл, эрдэст ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх талаар “...2018 онд дагаж мөрдөж байсан Засгийн газрын тогтоол буюу дээрх хэм хэмжээний актаар нэхэмжлэгч компанийн төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж буй бусад дагалдах металлд төлбөр ногдуулах хууль зүйн үндэслэл байхгүй” гэх дүгнэлтийг хийж, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийг 10,593,934,896.96 төгрөгөөр бууруулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
7. Ашигт малтмалын тухай хууль /2006 он/-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшил нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улс, орон нутгийн төсөвт төлнө”, 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно”, 47.2.1-т “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.3-т “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараах хувь хэмжээтэй байна” гээд 47.3.2-т “энэ хуулийн 47.3.1-д зааснаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5 хувьтай тэнцүү”, 47.4-т “тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна”, 47.5-д “Энэ хуулийн 47.4-т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараах байдлаар тодорхойлно” гээд 47.6-д “Энэ хуулийн 47.3.1, 47.3.2, 47.4, 47.5-д заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалыг Засгийн газар батална” гэж заажээ.
8. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Гаалийн төв лабораторийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0028211 дүгээр дүгнэлтэд төмөр-62.66 хувь, хөнгөн цагаан-1.49 хувь, зэс-0.01 хувь, цайр-0.03 хувь, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0028702 дугаар дүгнэлтэд төмөр-59.99 хувь, алт-0.013 мг/кг, хөнгөн цагаан-0.76 хувь, зэс-56.58 мг/кг, хар тугалга-7.70 мг/кг, цайр-265.35 мг/кг, мөн оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0028849 дүгээр дүгнэлтэд төмөр-59.45 хувь, хөнгөн цагаан-1.25 хувь, зэс-139.5 мг/кг, цайр-380 мг/кг, молибден-17 хувь, 06 дугаар сарын 22-ны өдрийн 0029539 дүгээр дүгнэлтэд төмөр-60.95-60.99 хувь, хөнгөн цагаан-0.98-1.07 хувь, хар тугалга-14.49-113.05 мг/кг, цайр-259.05-503 мг/кг, зэс-69-154.5 мг/кг, цагаан тугалга-8.57 мг/кг, 07 дугаар сарын 20-ны өдрийн 0029982 дугаар дүгнэлтэд төмөр-59.25 хувь, алт-0.047 мг/кг, хөнгөнцагаан-1.35 хувь, хүхэр-0.47 хувь, зэс-139.95 мг/кг, цайр-281.85 мг/кг, 08 дугаар сарын 24-ний өдрийн 0030613 дугаар дүгнэлтэд төмөр-55.54 хувь, хөнгөнцагаан-1.12 хувь, зэс-160.95 мг/кг, хар тугалга-8.15 мг/кг, цайр-293.05 мг/кг, 09 дүгээр сарын 05-ны өдрийн 0030785 дугаар дүгнэлтэд төмөр-59.72 хувь, хөнгөнцагаан-1.07 хувь, зэс-176.45 мг/кг, хар тугалга-9.48 мг/кг, цайр-375.9 мг/кг, 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0031216 дугаар дүгнэлтэд төмөр-60.53 хувь, хөнгөн цагаан-1.08 хувь, зэс-175.95 мг/кг, хар тугалга-14.71 мг/кг, цайр-317.1 мг/кг, 10 дугаар сарын 26-ны өдрийн 0031680 дугаар дүгнэлтээр төмөр-64.63 хувь, хөнгөн цагаан-0.90 хувь, зэс- 145.6 мг/кг, цайр-287.2 мг/кг, 11 дүгээр сарын 23-ны өдрийн 0032186 дугаар дүгнэлтэд төмөр-65.68 хувь, хөнгөн цагаан-0.80 хувь, зэс-105 мг/кг, хар тугалга-28.1 мг/кг, цайр 399 мг/кг, цагаан тугалга-32.85 мг/кг, хүхэр-1.09 хувь, 12 дугаар сарын 24-ний өдрийн 0032644 дүгээр дүгнэлтэд төмөр-61.76 хувь, хөнгөн цагаан-1.28 хувь, зэс-206.05 мг/кг, цайр-315.95 мг/кг агуулагдсан болох нь тус тус тогтоогдсон.
9. Үүнээс үзвэл нэхэмжлэгч “А х” ХХК нь 2018 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар худалдсан, худалдахаар ачуулсан 1,662,452.50 тонн төмрийн хүдрийн баяжмалд 184,202,595,984.24 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс 9,210,129,799.96 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулан тайлагнасан байх боловч тухайн төмрийн хүдрийн агуулагдаж буй 19,254.63 тонн дагалдах металл, эрдэст ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болох нэмэлт төлбөрийг тайлагнаж, төлөөгүй гэж үзэж хариуцагч улсын байцаагчаас маргаан бүхий актаар зөрчилд тооцсон нь үндэслэлтэй байна.
10. Учир нь Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалын 1.2-т “Ашигт малтмалын хүдэр баяжмал, боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь экспортод гаргасан 1,662,452.50 тонн төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж байгаа 19,254.63 тонн дагалдах металл, эрдэст ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэх ёстой.
11. Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуулийн зорилт нь Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, татвар төлөгчийг бүртгэх, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах, хөнгөлөх, чөлөөлөх, суутган тооцох, буцаан олгох эрх зүйн үндсийг тогтоож, Монголын Татварын алба, татвар төлөгч болон энэ хуулийн дагуу татварын албаны өмнө үүрэг хүлээсэн бусад этгээдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон, тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад орших бөгөөд энэхүү үйл ажиллагаандаа мөн хуульд заасан зарчмыг баримтлах учиртай. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д зааснаар “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг ойлгохоор заасан байна.
12. Хэдийгээр анхан шатны шүүх Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам нь тайлант хугацаанаас хойш бий болсон тул иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан, тэдгээрт үүрэг бий болгосон энэхүү зохицуулалт бүхий журмыг буцаан хэрэглэхгүй гэж дүгнэсэн хэдий ч тухайн тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь байгалийн баялгийг Монгол Улсын хилээр гарган худалдан борлуулж ашиг орлого олсон тул төмрийн хүдэр, баяжмалд агуулагдаж байгаа алт, мөнгө, зэс, молибден, хар тугалга, цайр, хөнгөн цагаан, цагаан тугалга зэрэг 19,254.63 тонн дагалдах металл, эрдэст ашигт малтмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх нь хуулийн дээрх зорилго, зорилтод нийцэх юм.
13. Түүнчлэн Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж зааснаар хариуцагч татварын улсын байцаагч нараас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн “А х” ХХК-д 5,924,528,910.56 төгрөгийн нөхөн татварт 20 хувиар тооцон 1,184,905,782.11 төгрөгийн алданги тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
14. Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ** дүгээр тогтоолоор “...Засгийн газрын 2011 оны 1** дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ын 1.2-т Ашигт малтмалын хүдэр, баяжмал, боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр гомдол гаргагчийн экспортолсон төмрийн хүдэр, баяжмалд агуулагдаж байгаа алт, мөнгө, зэс, молибден, хар тугалга, цайр, хөнгөн цагаан, цагаан тугалга зэрэг ашигт малтмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төлөхөөр байна. Иймд төмрийн хүдрийн баяжмалд агуулагдах дагалдах металл, эрдэст ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх талаар хуульгүй гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж зөвлөлийн бүрэлдэхүүн дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
15. Нэгэнт дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 140 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.3, 47.4, 47.5, 47.6, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А х” ХХК-аас Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч С.Г, Б.Э нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагч нарын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн НА-212******** дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-аар ногдуулсан төлбөрийн хэмжээг 10,693,840,795.05 төгрөгөөр багасгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА