Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/408

 

 

 

 

 

 

 

 

     2023          05         19                                      2023/ШЦТ/408

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Б.Соёлмаа,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Г.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц-н овогт А-н А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ой судлал мэргэжилтэй, Уул уурхайн нөхөн сэргээлтийн “М” ХХК-д ойн нөхөн сэргээлтийн техник, техникийн аюулгүй байдлыг хангах гэрээт ажилтан ажилтай, ам бүл 1, ** тоотод оршин суух хаягтай боловч **** задгайд түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Ц овогт А-н А /регистрийн дугаар ****/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч А.А 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны 2 давхарт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын (delta-9-teatrahydrocannobinol) агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт 8.473 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Анх оюутан болоод очиход багш нар ийм зүйл ургадаг гэж хэлж байсан юм. Тэгээд энэ талаар мэдээд ангийнхантайгаа хамт хэрэглэсэн. Сүүлд 2022 онд халаасандаа хийчихсэн явж байгаад баригдсан. Би ийм асуудал үүснэ гэдгийг мэдэхгүй, 1 сарын хугацаанд хоригдохдоо ийм зүйлээс хол байх хэрэгтэй гэдгээ ойлгосон. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хавтаст хэргийн 11-17 дахь тал/,

 

            Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “А.А 2022.10.24” гэж хаягласан шээсний дээж хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “А.А 2022.10.24” гэж хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн II жагсаалтад багтдаг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ***  дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. “Баянгол дүүргийн Цагдаагийн хэлстийн II Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч” гэж хаягласан №1 гэж дугаарласан болон ууттай “Номин супер маркет” гэх бичигтэй цагаан өнгийн ууттай 1.799 грамм, №2 гэж дугаарласан **/ гэх бичигтэй хар өнгийн ууттай 6.674 грамм жинтэй нунтаг өвч мэт зүйлст дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. №3 гэж дугаарласан олон үртэй ургац гэх бичигтэй талхны хоосон уутнаас авсан арчдаст мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодсын тухай конвенцын II жагсаалтад багтдаг. Шинжилгээнд ирүүлсэн зүйлээс арчдас, дээж авч дүгнэлтийг хамт буцаав...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн “А.А нь өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. А.А нь одоо олон төрлийн сэтгэцэд идэвхит эм бодисын хэтрүүлэн хэрэглэх сэтгэцийн эмгэгтэй байна. А.А нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. А.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. А.А нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. Харин А.А нь Олон төрлийн сэтгэцэд идэвхит эм бодисын хэтрүүлэн хэрэглэх сэтгэцийн эмгэгтэй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 123-124 дэх тал/,

 

Шүүгдэгч А.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2022 оны 8 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сум руу өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис түүх зорилгоор явсан. Батсүмбэр суманд очоод жижиг төмөр саванд өвс түүж авсан. Тус өвсөө  Улаанбаатар хотод авчраад хэд хэдэн удаа тамхины дүнсийг гаргаж байгаад дотор нь хийж татсан. Түүсэн өвснөөс үлдсэн өвсийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өөрийн найз Ивээлтэй уулзах үедээ авч гарсан. Ингээд тус өдрөө биедээ авч явж байгаад цагдаад баригдсан. ..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 102-103 дахь тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 68 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/, гэрч Ц.А-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 90-92 дахь тал/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.А нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны 2 давхарт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын (delta-9-teatrahydrocannobinol) агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт 8.473 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хавтаст хэргийн 11-17 дахь тал/, Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 23 дахь тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ***  дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 4 дүгээр сарын 03-н өдрийн 268 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 123 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

 

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч А.Аг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн шүүгдэгч нь “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.

 

Шүүгдэгч А.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна, иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхгэрэлээс “...А.А нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Цагдан хоригдож байхдаа их зүйлийг ойлгож, ухамсарласан. Иймд хорих ял оногдуулахгүйгээр, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис бөгөөд хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг зэрэг нийгмийн хор уршиг ихтэй үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор,

 

мөн шүүгдэгч А.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эсхүл оногдуулсан ял дээр нэмж ...эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж хуульчилсны дагуу оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын зорилгыг хангах үүднээс түүнд нэмж “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Бусад асуудлын талаар:         

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

          шүүгдэгч А.Агийн цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,  

          шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 дугаараар тэмдэглэн хураан авсан “Н” гэх бичигтэй цагаан өнгийн ууттай 1.799 грамм, №2 гэж дугаарласан **/ гэх бичигтэй уутанд хийсэн 66.674 грамм цэвэр жинтэй өвс мэт зүйл, 3 дугаараар тэмдэглэн хураан авсан “Олон үртэй ургац” гэх бичигтэй уутыг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт А-н А-г “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч А.А-г өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд түүний цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг оруулан тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, 

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.А нь хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл эрх хязгаарлах албадлагын ага хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулсугай. 

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван найм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шүүгдэгч А.А-гийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 дугаараар тэмдэглэн хураан авсан ““Н” гэх бичигтэй цагаан өнгийн ууттай 1.799 грамм, №2 гэж дугаарласан **/ гэх бичигтэй уутанд хийсэн 66.674 грамм цэвэр жинтэй өвс мэт зүйл, 3 дугаараар тэмдэглэн хураан авсан “Олон үртэй ургац” гэх бичигтэй уутыг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ