Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/439

 

 

 

 

 

       

 

 

 

     2023          05         29                                    2023/ШЦТ/439

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

улсын яллагч Д.Батзаяа,  

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-н А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн “Ц” гэх газарт жолооч ажилтай гэх, ам бүл 3, эцэг, хүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн *** тоотод оршин суух хаягтай, урьд Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018  оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дууссан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2019 оны 7 дугаар сарын 04-ны өдөр ялын хугацаа дууссан, Б овогт Б-н А /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.А Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн жолооч, ачигчаар 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байх явцдаа байгууллагын борлуулалтын орлогын 4.340.100 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн жолооч, ачигчаар 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байх явцдаа байгууллагын борлуулалтын орлогын 4.340.100 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...Би 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “***” нэртэй компанид жолоочоор ажилд орсон юм. Миний үүрэг бол компанийн барааг бараа захиалсан дэлгүүрт хүргэж өгөх, тэдний захиалгыг тэмдэглэж аваад нягтланд өгөх байдаг. 2020  оны 4 дүгээр сарын дундуур ажлаа тараад явж байгаад зам хөндлөн гарч байгаа 40 орчим настай эмэгтэйг машинаараа шүргэсэн. Тухайн хүний мөнгийг гаргаж өгнө гэж хэлээд цагдаагийн байгууллагад гомдол гаргуулаагүй юм. Би тухайн хүнийг мөнгө нэхэмжлэхээр нь өөрт байсан бүх мөнгөө өгсөн. Гэтэл дахиад мөнгө нэхээд байсан тул би байгууллагын ажилчдад мэдэгдэхгүй бараа нийлүүлсэн мөнгийг өөрөө авч өрөндөө өгч, заримыг нь хувьдаа хэрэглэсэн. 2020 оны 7 дугаар сарын эхээр манай байгууллагын нягтлан Д дэлгүүрээр явж байгаад тухайн байгууллагаас өгсөн мөнгийг компанид өгөхгүй авсан гэдгийг мэдээд захиралд хэлсэн. Тэгээд би захиралдаа учирсан хохирол төлбөрийг төлнө гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 126-127 дахь тал/,

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.А-ыг түгээгчээр ажилд авсан. Б.А машинаа бариад бараа бүтээгдэхүүнийг хүргэж өгөх буюу түгээгчийн ажил хийдэг байсан. 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Э дэлгүүрт 75.000 төгрөгийн элсэн чихэр, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 126.000 төгрөгийн цагаан будаа, 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “Б” дэлгүүрт 250.000 төгрөгийн Вьетнам будаа түгээгээд мөнгийг нь бэлнээр авсан байсан, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Б” худалдааны төвийн иргэн М-н 103 тоот лангуунд 1.500.000 төгрөгийн цагаан будаа нийлүүлээд аав Б-н дансаар 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан. 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Е дэлгүүрт 1.935.000 төгрөгийн цагаан будаа, элсэн чихэр нийлүүлэхээр очихдоо үл таних эмэгтэйг дагуулан очиж манай нягтлан гэж худал хэлж мөнгийг нь бэлнээр авсан. 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр манай компанитай гэрээтэй “К” дэлгүүрээс манай компани салхинд гарах гэж байгаа, захирал зээлээр архи, ундаа авчих гэсэн, зээлээр нийлүүлсэн барааны оронд нь архи, ундаа аваад ир гэж хэлээд 204.100 төгрөгийн архи, ундаа авсан байсан. Өөрийнхөө ах, дүү хамаатан саданд 701.000 төгрөгийн цагаан будаа өгсөн гэж А өөрөө хэлсэн.

2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр борлуулалтын менежер Д.Оюунбаатар нь зээлээр өгсөн бараа бүтээгдэхүүний мөнгөө авах гээд дэлгүүрүүд дээр очиход  уг дэлгүүрүүд танай түгээгч авсан гэж хэлсэн. Б.А 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй ба 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дэлгүүрүүд дээр очиж тооцоогоо авах үед Б.Аыг зээлээр авсан бараа бүтээгдэхүүний мөнгийг өөрөө авсныг мэдсэн. Ингээд манай нягтлан Б.Д Б.А руу залгаж тооцоогоо нийлэх хэрэгтэй байна гэж хэлэхэд би удахгүй очиж тооцоогоо нийлнэ, захирал намайг юу гэж байна гэж асуусан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

 

Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...А миний “ХААН” банкны виза картыг ашигладаг байсан. Хэдэн төгрөг орж, гарч байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  88-90 дэх тал/,

 

Гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.А-аас бараа авч мөнгийг нь *** дугаартай данс руу шилжүүлдэг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92-94 дэх тал/,

 

Гэрч Ш.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Б” худалдааны төвд гурил, будааны худалдаа эрхэлдэг. 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 25 килограммын 30 шуудай будааг 1.500.000 төгрөгөөр аваад урамшуулалд нь 5 килограммтай 2 ширхэг будаа авсан. 30 шуудай будааныхаа мөнгийг тухайн өдрийнхөө 20 цагийн үед өөрийн дансаар авна гээд байхаар нь Б гэх хүний *** дугаарын данс руу 1.500.000 төгрөг шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96-98 дахь тал/,

 

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.А барааны мөнгийг бэлнээр авна гэсэн тул 1.9335.000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100-102 дахь тал/,

 

Гэрч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “***” ХХК-д нягтлан хийдэг. Б.А нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манай байгууллагын түгээгчээр ажилд орсон. 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “Б” гэх нэртэй дэлгүүрт 250.000 төгрөгөөр будаа нийлүүлээд мөнгийг нь хувьдаа авсан. 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Долоон буудлын эцэст байрлах “Е” нэртэй дэлгүүрт 1.935.000 төгрөгийн үнэ бүхий элсэн  чихэр, цагаан будаа нийлүүлсэн. 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Б” худалдааны төвийн иргэн М-н лангуунд 1.500.000 төгрөгийн будаа нийлүүлсэн. Мөн Бямбадоржийн дансанд мөнгө шилжүүлж аваад байгууллагад өгөөгүй. 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Аын хамаатны “Э” гэх нэртэй дэлгүүрт 701.000 төгрөгийн бараа өгсөн байсан. А өрөө авч өгөөгүй. 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн “Маршил таун”-ы “К” маркет дэлгүүрээс 204.100 төгрөгийн бараа авч явсан байсан. Манай байгууллагад А нийт 4.590.100 төгрөгийн хохирол учруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

 

Шүүгдэгч Б.А-ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст 195 дахь дэх тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 196 дахь тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Б.Ат танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.А нь хохирол төлбөрт нийт 4.340.1000 /дөрвөн сая гурван зуун дөчин мянга нэг зуун/ төгрөг төлсөн талаарх баримт хавтаст хэргийн 202 дахь талд авагдсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.А нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-н Аыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.А-т 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.А-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.А энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ