Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/440

 

 

 

 

 

 

 

 

   2023          05         29                                    2023/ШЦТ/440

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч Г.А-, түүний өмгөөлөгч Г.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Г-н А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **** -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Х овогт Г-г А- /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүдэгч Г.А- нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт **-**  улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгсэл дотор “Самсунг” маркийн гар утасны ар талд 0.0267 грамм хэмжээтэй шавар гэх нэршилтэй Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дэльта-9 театрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгчийн  мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хавтаст хэргийн 9-11 дэх тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б-н гэрчээр өгсөн:

            “...2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 22 цагийн орчимд Төмөр зам орчимд найз Б-н гэрт бид хоёр 10 ширхэг лаазтай пиво хувааж уугаад байж байсан. Тухайн үед танил А- над руу залгаад “нөгөө алга болсон машины чинь сураг гараад байна, тэгээд явах гэсэн чинь манай найзын машины бензин дуусаад Натурын зам дээр зогсчихсон байна, том тэргээр ирээд чирээд өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би найз Б-тай хамт танил ах Т-гоор машинаа бариулаад очиж машиныг нь чирээд зүүн дөрвөн замд байрлах “П” шатахуун түгээх станц ороод бензин хийсэн чинь машин нь асахгүй байсан. А- дүүгээ дуудчихлаа гэж хэлсэн. Удалгүй саарал өнгийн “Тоёота Приус-30” маркийн автомашинтай 2 эрэгтэй, 1 эмэгтэй ирсэн. Жолоо барьж байсан эрэгтэй нь танил дүү болох Б харин хажуу талд нь эхнэр нь гээд 20 орчим насны эмэгтэй, хойд талын суудал дээр нь 20 орчим насны танихгүй залуу сууж байсан. Тэр газраас машиныг нь асаачихаад би Т- ах болон Б-н хамт машиндаа суугаад гэртээ харихаар явсан. Нарны зам орох гээд явж байхад А- над руу залгаад найз нь утсаар нь интернэт орох хэрэгтэй байна, чамайг гэрт чинь хүргээд өгье гэж хэлээд саарал өнгийн “Тоёота Приус-30” маркийн автомашинд суусан. Гэтэл тухайн машиныг А- барьчихсан Б-н эхнэр нь хажууд нь суугаад хойно нь нөгөө залуу сууж байсан. Баяржаргал эхнэртэйгээ хэрэлдээд А- машиныг нь бариад явж байна гэж хэлсэн. Би А-д гар утсаа өгч хэрэглүүлээд явж байсан чинь А- “Модны 2” орж хүнтэй уулзчихаад хүргээд өгье гээд “Модны 2”-т очсон. Би хойд суудал дээр суугаад зүүрмэглэсэн байдалтай байж байхад цагдаа хүрч ирээд бид нарыг машинаас буулгаж шалгасан...

            Миний “Самсунг-Эс-20” загварын гар утасны ар талд цэг буюу шавар гэж нэрлэдэг сэтгэцэд нөлөөт бодис байсан. Тухайн бодисыг танил О 20 орчим хоногийн өмнө хүнээс аваад өөрөө утасгүй байсан тул миний гар утасны ар талд хадгалчихъя гээд миний гар утасны ард наасан. Тэгээд тухайн өдрөө миний гар утаснаас шавраа салгаж авах гэж байхдаа дутуу салгаж аваад миний гар утсанд үлдсэн байсан.

“Самсунг Эс-20” маркийн гар утас бол Г.А-ы гар утас ба гар утасны хойд талд наалдсан шавар мэт зүйл нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис байгаа юм. Г.А- хаанаас, хэзээ авсан гэдгийг мэдэхгүй байна. Өмнө нь Г.А-ыг олон нялх хүүхэдтэй бас миний найз болохоор нь би өрөвдөөд тухайн шавар мэт зүйлийг О гэдэг хүнийх гэж мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16, 68-69 дэх тал/,

             

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Д-н гэрчээр өгсөн:

            “...2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн Сансарт байрлах “А” гэх нэртэй интернэт тоглоомын газар орсон. Тэндээ 00 цаг хүртэл тоглоом тоглосон. Найз Б над руу залгаад 13 дугаар хорооллын автобусны буудал дээр уулзахаар тохиролцож уулзсан. Б *** улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэлтэй, тээврийн хэрэгсэл дотроо ганцаараа байсан. Б-тай түүний найз охин Халиунааг Сүхбаатар дүүргийн Хангай хотхоноос очиж аваад Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын хажууд байрлах *** зогсоолоос очиж А-ыг авсан. А- дээр очиход А- ууттай эм бэлдмэл авч гарч ирээд тухайн эмийг найруулаад мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэлд аваачиж өгөөд түүний найз Б-г машиндаа суулгаад “Модны 2”-т байрлах “**-ын гадаа очиж зогссон. А- утсаар ярьж байхад цагдаа нар хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,

 

            Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 25-26, 30 дахь тал/,

 

            Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн  эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /хавтаст хэргийн 27-29, 48 дахь тал/,

 

            Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Самсунг” маркийн гар утас болон гэрэнд наалдсан шавар мэт зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Самсунг” маркийн гар утсанд наалдсан 0.0106 грамм, хар өнгийн гэрэнд наалдсан 0.0161 грамм жинтэй тус тус шавар мэт зүйлс тус бүрд Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв.  Шинжилгээнд ирүүлсэн хуйлсан байдалтай NJ **** серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь  НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн II жагсаалтад багтдаг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 79-83 дахь тал/,

 

Шүүгдэгч Г.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад цагдаа нарт баригдсан. Цагдаа нарт баригдах үедээ өөрийн “Самсунг Эс-20” маркийн гар утасны хойд талд наасан байсан шавар гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодистой баригдсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 97-98 дахь тал/,

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дэх тал/, гэрч Д.Х-н мэдүүлэг /хавтаст хэргийн 71-76 дахь тал/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.А- нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт *** улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгсэл дотор “Самсунг” маркийн гар утасны ар талд 0.0267 грамм хэмжээтэй шавар гэх нэршилтэй Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дэльта-9-театрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,  гэрч Б.Б-н мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16, 68-69 дэх тал/,  гэрч Б.Д-н мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,  хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 25-26, 30 дахь тал/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /хавтаст хэргийн 27-29, 48 дахь тал/,  гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 79-83 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

 

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.А-г “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.

 

Шүүгдэгч Г.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна, иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Г.А- нь гэм буруугийн талаар маргахгүй, хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа болон бага насны хоёр хүүхэдтэй нөхцөл байдлыг нь харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис бөгөөд хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг гэх зэрэг нийгмийн хор уршиг ихтэй үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор,

мөн шүүгдэгч Г.А-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Бусад асуудлын талаар:         

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ы 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сэжигтнээр баривчлагдсан 1 /нэг/ хоногийг түүнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас хасаж,

шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар NJ **** серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хэрэгцээний дагуу Монгол банкинд шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар “Самсунг-Эс-20” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.А-д буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа  “Самсунг-Эс-20” маркийн ар утсанд наалдсан 0.0106 грамм жинтэй шавар мэт зүйл, гар утасны гэрэнд наалдсан 0.0161 грамм жинтэй шавар мэт зүйлийг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Г-н А-г “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Г.А-г өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ы баривчлагдсан 1 /нэг/ хоногийг түүнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас хасаж тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч Г.А-ы иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар NJ *** серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хэрэгцээний дагуу Монгол банкинд шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар “Самсунг-Эс-20” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.А-д буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа  “Самсунг-Эс-20” маркийн ар утсанд наалдсан 0.0106 грамм жинтэй шавар мэт зүйл, гар утасны гэрэнд наалдсан 0.0161 грамм жинтэй шавар мэт зүйлийг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ