Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/456

 

 

 

 

 

 

 

 

    2023          06         05                                      2023/ШЦТ/456

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Т-н Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн **  дүгээр хороо, ** тоотод оршин суух хаягтай, урьд Нийслэлийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 4, 131 дүгээр зүйлийн 2-т тус тус зааснаар 17 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Өршөөл үзүүлэх” комиссын **** дугаартай тогтоолоор “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, 3, 5-д зааснаар эдлээгүй үлдсэн ялаас өршөөн хасаж биечлэн эдлэх ялыг 8 жил, 9 сар, 10 хоногийн хугацаагаар тогтоосон,

Нийслэлийн шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 72 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *** дугаар зүйлийн 2, 212 дугаар зүйлийн 2, 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар бүгд 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 7 дугаартай шүүгчийн захирамжаар эдлэх ялын хэмжээнд өөрчлөлт орж биечлэн эдлэх ялыг 10 жилийн хорих ял болгон өөрчлөн тогтоосон, 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар, 13 хоногийн хорих ялын тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн *** дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаатай хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Т-ын Х /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүдэгч Т.Х нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн хойд талын замын зорчих хэсэгт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метамфетамин” бодисын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0.1126 грамм, цэвэр жин нь 0.0561 грамм, цэвэр жин нь 0.7330 грамм бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

            Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хавтаст хэргийн 7-14 дэх тал/,

 

            Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хавтаст хэргийн 15-19, 22-25 дахь тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Э-н өгсөн:

“...Би дээрх метафетамин, амфетамин зэргийг мэдэхгүй, яагаад надаас ийм бодис илэрсэн талаар гайхаж байна. Би 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр  хүүхдийн ***-гийн “**” /**/ нэртэй бааранд Г гэх найзтайгаа сууж байгаад гарч тамхи татах гэсэн чинь тэр хавиар тамхи олдохгүй байсан ба тухайн газрын нойл руу ороход 2 залуу “шиша” буюу шингэн тамхи татаад зогсож байхаар нь түүнээс нь гуйж байгаад 4-5 удаа сорж үзсэн. Түүнээс өөр ямар нэгэн зүйл хэрэглээгүй... Би Х-ыг анх найзаараа дамжуулж танилцаж байсан.  Би Х-аас мөнгөө авах гэж дуудаж уулзсан ба Х нь өөрийнхөө машиныг манай найзын засвар дээр засуулж хөлснийхөө үлдэгдэл 300.000 гаруй төгрөгийг өгөхгүй алга болсон болохоор нь надтай холбоо барьсан дээр нь уулзаж мөнгөө нэхэж байсан чинь цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,

           

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.А-н өгсөн:

“...2023 оны 03 дугаар сарын 10-ны орой 22 цаг өнгөрч байх үед Сонгинохайрхан дүүргийн *** нэг танихгүй залуу гар өргөж суусан ба хорооллын гэмтлийн эмнэлгийн хойд талын талын төв зам дагуу бууна гээд явсан. Тэгээд гэмтлийн эмнэлгийн замын хойд талд буцаж эргээд зогссон. Тэр залуу машинаас мөнгө аваад ирье гээд буусан. Би хаашаа явсан бэ гэдгийг нь анзаараагүй. Машиндаа утсаараа тоглоод сууж байтал миний урд талд зогсож байсан машины хаалгыг хүмүүс цохиод хоорондоо ч муудалцаад байгаа юм шиг үйл явдал болоод байсан. Гэтэл цагдаа нар байсан. Нэг халзан толгойтой залууг цагдаа нар баривчилсан. Тэгээд тэнд байсан энгийн хувцастай цагдаагийн ажилтан газарт унасан байсан хуйлсан мөнгө, жижиг гялгар ууттай зүйлийг надад харуулсан ба та гэрч шүү гэж хэлсэн. Тэгээд тэр газарт байсан хуйлсан мөнгө, жижиг гялгар ууттай зүйлийг цагдаа нар хурааж авсан. Ийм зүйл болсон. Өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,

 

Хүний биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 20-21, 26-27 дахь тал/,

 

            Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 28-31 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ** дугаартай шинжээчийн “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “П.Э *** 2023-3-10” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. “Т.Х **** 2023.03.11” хаягласан хуванцар савтай шээсний дээжээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна.  “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн *** гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэртээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг болно.”1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 0.3010 грамм, цэвэр жин 0.1126 грамм, “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 0.3356 грамм, цэвэр жин 0.0561 грамм, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 0.9305 грамм, цэвэр жин 0.7330 грамм байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Т.Х нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Т.Х нь одоо Амфетамины хэтрүүлэн хэрэглээ, зан төрхийн өөрчлөлт сэтгэцийн эмгэгтэй байна. Т.Х нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.Х нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Т.Х нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. Амфетамины хэтрүүлэн хэрэглээтэй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 73-74 дэх тал/,

 

Шүүгдэгч Т.Хы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Миний гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй. Би өөрөө энэ хорт зуршлаас гарах санаатай байгаа болохоор өөрийн хүсэлтээр эмчилгээнд явах гэж байгаа. Надад СЭМҮТ-өөс болон Аддиктлогийн төвийн эмчтэй уулзах зөвлөгөө авах талаар хэлсэн.

...Би хамуу хочтой Э гэдэг хүнээс /Э нь Турк улсад байгаа гэх/ гар утсаар холбогдож байгаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Энхбаярын зам дагуу нэг газарт локейшн тавиулаад очиж аваад тэр газраа мөнгийг нь үлдээгээд явсан юм. Ингээд авсан зүйлээ хэрэглэхээр нэг аптекаас  нэг ширхэг тарианы ус /новкин/ аваад нэг байрны орцонд орж тарианы усны шилээ орой хэсгээр нь хагалж байгаад усыг асгаад цагаан өнгийн нунтаг зүйлээ /мөс/ хийгээд доороос нь галаар төөнөж гарсан утааг нь 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хуйлж байгаад сорж хэрэглэсэн...

Би 1 грамм орчмыг 150.000 төгрөгөөр авсан. Түүнийхээ талыг нь орцонд хэрэглээд гарч ирээд үлдсэн хэсгийг машинд хаалганы хавтаст хийсэн байсан. Ингээд явж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93-95 дахь тал/,

 

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 111 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 195 дахь тал/, гэрч С.З-н мэдүүлэг /хавтаст хэргийн 50-54 дэх тал/, гэрч Д.Б-н мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүдэгч Т.Х нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн хойд талын замын зорчих хэсэгт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метамфетамин” бодисын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0.1126 грамм, цэвэр жин нь 0.0561 грамм цэвэр жин нь 0.7330 грамм бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хавтаст хэргийн 7-14 дэх тал/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хавтаст хэргийн 15-19, 22-25 дахь тал/, гэрч П.Э-н мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/, гэрч Д.А-н мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/, хүний биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 20-21, 26-27 дахь тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 28-31 дэх тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1332 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 67-68 дахь тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Т.Х нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Т.Х нь одоо Амфетамины хэтрүүлэн хэрэглээ. Зан төрхийн өөрчлөлт сэтгэцийн эмгэгтэй байна. Т.Х нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.Х нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Т.Х нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. Амфетамины хэтрүүлэн хэрэглээтэй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 73-74 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

 

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Т.Хыг  “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн шүүгдэгч нь “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.

 

Шүүгдэгч Т.Хд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна, иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Т.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогтоос “...Т.Х нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа ба мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн мэдүүлгээ үнэн, зөвөөр тогтвортой мэдүүлсэн. Хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, цаашид энэ төрлийн бодисыг хэрэглэхгүй гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн. Т.Хы эхнэр 5 сартай жирэмсэн ба бага насны 2 хүүхэдтэй тул согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, зорчих эрхийг хязгаарлах ял  оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис бөгөөд хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог зэрэг нийгмийн хор уршиг ихтэй үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор,

 

мөн шүүгдэгч Т.Хы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, засарч хүмүүжээгүй байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Бусад асуудлын талаар:         

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

          шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, түүнд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн *** гэсэн сери дугаартай 100-ын мөнгөн дэвсгэртийг хэрэгцээний дагуу Монгол банканд шилжүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан талстлаг зүйл, “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлсийг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/  ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Т-н Х*ыг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Х-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Т.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, түүнд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Шүүгдэгч Т.Х-ы иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн *** гэсэн сери дугаартай 100-ын мөнгөн дэвсгэртийг хэрэгцээний дагуу Монгол банканд шилжүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан талстлаг зүйл, “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлсийг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/  ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ