Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 01871

 

 

 

 

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2019/01871

       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3-р хороо, үйлдвэр гудамж 9-р байр 63 тоотод оршин суух, Намнан овгийн Зоригтын М/РД:ЦД87091860/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43, Улаанбаатар-15141 тоотод байрлах, К-дд холбогдох,

 

 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 4 сая төгрөг гаргуулах, банкны баланс дээр үүссэн 14.937.975 төгрөгийн авлагыг хаахыг даалгуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж, хариуцагчийн төлөөлөгч Т.О, Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зоригтын М миний бие Кинд 2010 оны 10 дугаар сараас эхлэн мэрэгжилтэн, ахлах мэргэжилтнээр, 2016 оноос Төлбөр тооцоо, бүртгэлийн хэлтсийн захирлаар татан буугдах хүртэл тус тус ажиллаж байсан бөгөөд дараах асуудлуудыг шийдвэрлүүлэхээр “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулж нэхэмжлэл гаргаж байна. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Кыг албадан татан буулгахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 05-р сарын 29-ний өдрийн Б-148 тоот тушаалаар З.М намайг тус банкны “Төлбөр тооцоо, бүртгэлийн хэлтсийн захирлын албан тушаал”-аас чөлөөлж, тус банктай байгуулсан Контрактын гэрээг цуцлан, нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосныг, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “... гурван сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.” гэж заасныг үндэслэн 3 сарын тэтгэмж авах ёстойгоос 1 сарын тэтгэмжид 2 сая төгрөг авсан тул одоо үлдэх дутуу 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг гаргуулж авах хүсэлтэй байна.

Мөн З.М миний бие 2012 онд Кнаас жилийн 12 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, 68.9 сая төгрөгийн зээл авч, “Б” ХХК-тай “Захиалгаар орон сууц бариулах гэрээ”-г 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулан, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, 9-р байр, 63 тоот хаягаар 51.1 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг 1.350.000 төгрөгөөр тооцон, нийт 68.985.000 төгрөгөөр худалдан авсан. Орон сууц худалдан авахад миний болон банкны зүгээс урьдчилгаа төлбөр төлөөгүй бөгөөд байрны нийт үнэ болох 68.9 сая төгрөгөнд тус банкнаас зээл авч байр зарсан компанид төлбөрийг 100 хувь төлсөн болно. Уг 68.9 сая төгрөгийн зээл нь Засгийн газраас хэрэгжүүлсэн ипотекийн 8 хувийн эх үүсвэр биш, капитал  банкны өөрийн эх үүсвэр байсан. Гэтэл Засгийн газраас жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг олгож  эхэлсэнтэй холбогдуулан тус банкны эх үүсвэрээр санхүүжүүлсэн ажиллагсдын орон сууцны зээл /үүн дээр дурдсан миний авсан 68.9 сая төгрөгийн зээл багтана/-ийг Засгийн газрын жилийн 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлэхээр болсон. Зээл шилжүүлэх явцад орон сууцны 1 м.кв-ын үнэ 1.350.000 төгрөг байсныг 1.800.000 төгрөг болгон орон сууцны үнийг зохиомлоор нэмэгдүүлэн, тус банк өөрийн эх үүсвэрээс ажиллагсдын орон сууцны үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний урьдчилгаа төлбөрийг /дээрх үнийн зөрүү/ төлсөн мэтээр харагдуулж тус банкны эх үүсвэрээр олгосон зээлийг 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хааж, өмнө байгуулсан гэрээ хэлцлийг дуусгасан. Дээрх 51.1 м.кв байрыг худалдан авахад З.М миний бие өөрийн нэр дээр зээл авч өөрийн хөрөнгөөр бүх төлбөрийг төлсөн, банк өөрийн хөрөнгөөс орон сууц худалдан авахад төлбөр огт төлөөгүй болно. Кны ТУЗ-ийн тогтоолоор 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нэр бүхий ажиллагсдын орон сууцны урьдчилгаа төлбөрийг банкны хөрөнгөөр төлж орон сууцны зээл олгох, ажилтны хувьд банкинд тогтвортой ажиллах үүрэг хүлээлгэн /миний хувьд 10 жил/, “ Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-г байгуулсан. Миний хувьд 2012 онд авсан Кны өөрийн эх үүсвэртэй зээлийн төлбөр, хүүнд нийтдээ 11.4 сая төгрөг, 2013 онд олгосон Засгийн газрын эх үүсвэртэй зээлийн төлбөр, нийтдээ 43.2 сая төгрөг, дээрх 2 зээлийн төлбөрт нийт 54.6 сая төгрөгийг төлсөн. Орон сууцны м.кв-ын үнийг зохиомлоор нэмэгдүүлэх замаар орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг банк өөрийн хөрөнгөөс төлсөн мэтээр харагдуулан, үүсгээд байгаа урьдчилгаа төлбөрт хийсэн гэрээ 2013 оны дүнгээр 22.981.500 төгрөг, “Тогтвортой ажиллах гэрээ”-ний дагуу ажилласан жилд ноогдох дүнг хасах замаар тооцоолсон одоогийн үлдэгдэл 14.937.975 сая төгрөгийг дээр дурдсан шалтгааны улмаас төлөх үндэслэлгүй байна. Миний зүгээс шалтгаалж ажлаас халагдсан асуудал байхгүй, Монголбанкы Ерөнхийлөгчийн шийдвэрээр банк татан буугдсан учраас асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд Хөдөлмөрийн хуулийн дагуу дутуу бодогдсон 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 4 сая төгрөг гаргуулах, миний нэр дээр Кны баланс дээр үүссэн 14.937.975 төгрөгийн авлагыг хаахыг Кид даалгуулах тухай нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв банк (Монгол банк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Кийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А-97 дугаар тушаалаар Банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны эрх хүлээн авагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт  ажил олгогч энэ хуулийн 40.1.1,40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн  өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.” 42.2 дэх хэсэгт “Бөөнөөр халах үед ажил олгогч нь ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээг ажилтны төлөөлөгчидтөй хийсэн хэлэлцээгээр тохирч тогтооно.” гэж тус тус заасны дагуу 0219 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай “Мэдэгдэл”-ийг нийт ажилчдад гардуулан өгч, мэдэгдэл хүлээн авснаас хойш 45 хоногийн хугацаанд урьд авч байсан цалин, нэмэгдлийг хэвээр олгож, 1 сарын цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Харин хөдөлмөрийн контрактын гэрээтэй ажилтнуудын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйл /контрактыг цуцлах үндэслэл, журам/-ийн 41.3 дахь заалтад “ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлсэн” гээд мөн зүйлийн 41.2 дахь хэсэгт “ Энэ хуулийн 41.1.3-т заасан үндэслэлээр контрактыг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч энэ тухайгаа ажилтанд хоёр сар, түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд гурван сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.” гэж заасан. Өөрөөр хэлбэл “К” ХХК-ийн өмчлөх эрх бусад этгээдэд бүрмөсөн шилжсэн тохиолдолд хөдөлмөрийн контрактын гэрээг цуцлах тухайгаа 60 хоногийн өмнө мэдэгдэж, 3 сар түүнээс дээш хугацааны тэтгэмж олгох асуудал яригдана. Гэвч “К” ХХК-ийн өмчлөх эрх нь Банкны эрх хүлээн авагчид бүрмөсөн шилжээгүй бөгөөд Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасан банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарьлах чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан. Банкны эрх хүлээн авагч нь дээрх чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт банкны хөрөнгийг захиран зарцуулах, банкийг төлөөлөх, удирдах, банкнаас байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээг цуцлах, шаардлагатай ажилтан авах, чөлөөлөх эрхтэй байна. Мөн тухайн үед Кны Санхүү, хөрөнгө удирдлагын газрын Төлбөр тооцоо бүртгэлийн хэлтсийн захирал З.Мгийн “К”-тай 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн контракт”-ын гэрээтэй ажилчдад тэтгэмж олгох эрх зүйн зохицуулалтгүй байсан ч Банкны эрх хүлээн авагч зөвлөлөөрөө хэлэлцээд ашигтай байдлаар буюу “Хөдөлмөрийн гэрээ”-гээр ажиллаж байгаа ажилтны адил 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг холбогдох хуульд нийцүүлэн олгохоор шийдвэрлэсэн тул дахин 2 сарын тэтгэмжийг олгох боломжгүй юм. Кыг төлөөлж гүйцэтгэх захирал А.Ариуболд, “Б” ХХК-ийг төлөөлж, гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнэ нар 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Орон сууц захиалгаар барих гэрээ”-г байгуулж, Хан-Уул дүүргийн 3-р хороо Үйлдвэрийн гудамжинд баригдаж буй 99 айлын орон сууцанд 1м.кв-ын үнэ нь 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг байхаар тохиролцжээ. Тухайн үед Кны Санхүү удирдлагын газрын ахлахаар ажиллаж байсан З.М нь Ктай 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгаа төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-г 10 жилийн хугацаатай байгуулж, Банкнаас 22.981.500 /хорин хоёр сая есөн зуун наян нэгэн мянга таван зуу/ төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт төлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамруулахаар тохиролцож, гэрээнд банкыг төлөөлж, Ерөнхий зохицуулалтын газрын  захирал П.Баасанбямба, нөгөө талаас ажилтан З.М нар гарын үсэг зурж, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 029 дугаартай “Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний 1 дэх хэсэгт “Талуудын хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчилж, дор дурдсан агуулга бүхий 2 зүйлд 2.6, 2.7 дахь... заалтуудыг тус тус нэмэв” гээд “2.6. Банк ажилтанд Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 9-р байрны 1-р орцны 63 тоотод байрлах нийт 51.07 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахад зориулан нийт үнийн дүнгийн 91.926.000 (ерэн нэгэн сая есөн зуун хорин зургаан мянга) төгрөгөөс 22.981.500 (хорин хоёр сая есөн зуун наян нэгэн мянга таван зуу) төгрөгийг орон сууцны төлбөрт төлж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ” гэж тодорхой заасан байх бөгөөд уг гэрээнд З.М нь гарын үсгээ зурж баталгаажуулжээ. 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгаа төлөх тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-ний 2.6 дахь заалтад “Ажилтан тогтвортой ажиллах хугацаа дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр болон захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд энэхүү гэрээний 2.2-т заасан ажилтны өмнөөс банкны төлсөн гэрээний 2.2-т заасан төлбөрийг сарын 1.7 хувийн хүүгийн хамт банкинд буцааж төлж барагдуулна” гэж заасан. Мөн З.М нь 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “К”-ны “Б” ХХК-тай 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалгаар байгуулах гэрээ”-ний дагуу төлбөр тооцоо бүрэн дуусч “Тооцоо нийлэх акт” үйлдсэн байх бөгөөд банкыг төлөөлж, А.Ариунболд, З.М, С.Дэлгэрцэцэг нар “Б” ХХК-ийг төлөөлж, гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнэ гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэхүү актын 2.2 дахь хэсгийн гүйлгээний задаргааны 8-д “М Зоригт, Орон сууцны тоот 61, Орон сууцны талбайн хэмжээ 51.07, тоот байрны үлдэгдэл төлбөр 22.981.500” гэж баталгаажуулан тооцоо нийлсэн байна. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь хэсэгт заасан банкнаас байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээг цуцлах эрхийн хүрээнд дээрх гэрээг цуцалж, гэрээний 2.2-д заасан төлбөрийг Банкны эрх хүлээн авагчтай “Авлага барагдуулах гэрээ”-г 1 жил хүртэл хугацаагаар байгуулан, төлж барагдуулж болох талаар 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Хөдөлмөрийн маргаан таслах комисс” болон нэхэмжлэл гаргагчид мэдэгдсэн. З.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ банктай “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгаа төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-г 10 жилийн хугацаатай байгуулснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд “...орон сууцны м.кв-ын үнийг зохиомлоор нэмэгдүүлэх замаар үнийн дүнг 30 хувийг банк өөрийн хөрөнгөнөөс төлсөн мэтээр харагдуулан үүсгээд байгаа 22.981.500 төгрөгөөс ажилласан жилд ногдох дүнг хасах замаар тооцоолсон одоогийн үлдэгдэл 14.937.975 төгрөгийг төлөх боломжгүй...” гэж байгаа боловч дээрх гэрээнүүдийг хүлээн зөвшөөрч өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь хэсэгт заасан банкнаас байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээг цуцлах эрхийн хүрээнд дээрх “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгаа төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-г цуцалж, гэрээний 2.2-д заасан төлбөрийг З.Мгээр төлж барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан “Дээрх 51.1 м.кв байрыг худалдан авахад З.М миний бие өөрийн нэр дээр зээл авч өөрийн хөрөнгөөр бүх төлбөрийг төлсөн  ба банк өөрийн хөрөнгөөс орон сууц худалдан авахад төлбөр огт төлөөгүй болно” гэсэн, мөн банк өөрийн эх үүсвэрээс ажиллагсдын орон сууцны үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний урьдчилгаа төлбөрийг төлсөн мэтээр харагдуулж зохиомлоор авлага үүсгэсэн гэж байгаа нь гэмт хэргийн шинжийг агуулсан байж болзошгүй тул холбогдох хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Иймд З.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч З.Мгийн гаргасан хариуцагч Кид холбогдох дутуу олгогдсон 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 4.000.000 төгрөг гаргуулах, Кны баланс дээр үүссэн 14.937.975 төгрөгийн авлагыг хаахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэв.

 

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Кыг албадан татан буулгахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Банкны эрх хүлээн авагчийн 2019.05.29-ний өдрийн Б-148 тоот тушаалаар нэхэмжлэгч З.Мг Кны Төлбөр тооцоо, бүртгэлийн хэлтсийн захирлын албан тушаалаас чөлөөлж, тус банктай байгуулсан Хөдөлмөрийн контрактын гэрээг цуцалсан болох нь зохигчдын тайлбар, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А-96 дугаар тушаал, мөн Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А-97 тоот тушаал,  Кийн 2019.05.29-ний өдрийн Б-148 дугаар тушаал, Кны гүйцэтгэх захирлын 2018.10.05-ны өдрийн Б/535 тоот тушаал, 2018.10.08-ны өдрийн Хөдөлмөрийн контрактын гэрээ зэрэг баримтуудаар нотлогдлоо.

 

Дээр дурдсанчлан Монгол банкнаас Кыг албадан татан буулгаж, К ХХК-д банкны эрх хүлээн авагч томилогдсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан...” гэсэн үндэслэлээр тус банкны хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсадтай байгуулсан гэрээг цуцлах үндэслэлд хамаарч байна.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн үндэслэлдээ дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.2 дахь заалт хамаарахгүй болно.

 

Өөрөөр хэлбэл, контрактын гэрээ нь хөдөлмөрийн гэрээний нэг төрөл бөгөөд байгууллага татан буугдах үеийн тэтгэмжийн асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлээр зохицуулаагүй нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зохицуулна гэж ойлгоно.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 41дүгээр зүйлийн 41.1.3-т заасан үндэслэлд эрх бүхий субьектээс банкыг албадан татан буулгаж, банкны эрх хүлээн авагч томилогдож байгаа асуудал нь “ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлж” байгаа үндэслэлд хамаарахгүй тул энэ тохиолдолд мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь заалтыг үндэслэн 3 сарын тэтгэмжийг авах ёстойгоос үлдсэн 2 сарын тэтгэмжийг  гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иймд хариуцагч банкны эрх хүлээн авагчийн зүгээс нэхэмжлэгч З.Мд 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасантай нийцэж байх тул түүний үлдэх 2 сарын тэтгэмжид нэхэмжилсэн 4 сая төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч З.Мгээс Кны баланс дээр үүссэн 14.937.975 төгрөгийн авлагыг хаахыг Кид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба, нэхэмжлэгч талаас уг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар 14.937.975 төгрөгийн өр төлбөртэй гэж үзсэн банкны авлагын дансан дахь өөрт холбогдох хэсгийг хууль бус шийдвэр гэж үзэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас байгууллагын хөнгөлөлттэй нөхцлөөр Б ХХК-иас 2012.04.27-ны өдрийн захиалгаар орон сууц бариулах гэрээний дагуу авсан орон сууцны үнэ Кнаас 2013 онд төлөгдөж дууссан бөгөөд тогтвортой ажиллах гэрээний дагуу зохих болзол журмыг хангасан тул банкны баланс дээр 2018.02.06-ны өдөр тусгагдсан өөрт хамаарах хэсэг болох 14.937.975 төгрөгийг төлөх ёсгүй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч К дахь банкны эрх хүлээн авагчаас 2019.09.10-ны өдрийн Н-17 дугаартай албан бичгээр банкны 2018.02.06-ны өдрийн 1.2 тэрбум төгрөгийн гүйлгээ болон хөдөлмөрийн гэрээний дагуу зээл авснаас хойш ажилласан жил, авсан шагнал урамшууллыг тооцон ажиллагсад тус бүрийн авлагаас тодорхой хувийн хөнгөлөлт  үзүүлж нийт 236.850.615 төгрөгийн хөнгөлөлттэй холбоотой асуудлууд зэргийг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн албанд хандсан, уг асуудлыг  эрүүгийн 1902002900121 дугаартай А.Ариунболд нарт холбогдох хэрэгтэй нэгтгэн шалгаж байгаа болох нь хариуцагчийн тайлбар болон Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2019.09.23-ны өдрийн 10а-3/5515 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байна.

 

Дээр дурдсан цагдаагийн байгууллагад эрүүгийн журмаар шалгаж байгаа асуудалд нэхэмжлэгч З.Мд хамаарах хэсэг болох 14.937.975 төгрөгийн талаар шалгаж байгаа болох нь Н-17 албан бичгийн хавсралт баримт бичгүүдээр нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч З.Мгийн гаргасан нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох 14.937.975 төгрөгийн өр төлбөртэй гэж үзсэн банкны авлагын дансан дахь өөрт холбогдох хэсгийг хууль бус шийдвэр гэж үзэж хүчингүй болгуулахаар гаргасан шаардлагыг эрүүгийн журмаар шалгаж байх тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэх боломжгүй байх тул холбогдох хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Харин эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсний дараа уг асуудлаар нэхэмжлэгч шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                       

1.Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн     42.1-д зааснаар нэхэмжлэгч З.Мгийн нэхэмжлэлтэй хариуцагч Кан дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох 4.000.000 төгрөгний тэтгэмж  гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.                                              

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар З.Мгийн нэхэмжлэлтэй хариуцагч Кан дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох 14.937.975 төгрөгийн өр төлбөртэй гэж үзсэн банкны авлагын дансан дахь өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлд  зааснаар нэхэмжлэгч З.Мгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311.590  төгрөгөөс 78.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 232.640 төгрөгийг улсын төсвөөс буцааж нэхэмжлэгч З.Мд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

           

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ц.АЛТАНЦЭЦЭГ