Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 182/2019/00940/и |
Дугаар | 01863 |
Огноо | 2019-10-30 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 01863
2019 оны 10 сарын 30 өдөр | Дугаар 182/ШШ2019/01863 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С-д холбогдох,
Гэрээг хугацаанаас өмнө хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр цуцалснаас учирсан хохиролд 20.072.727 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.А, хариуцагч Сны төлөөлөгч Д.Г, хариуцагч төлөөлөгч В.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд төлөөлөгч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номин нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/130 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсаны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018.04.23-ны өдрийн 182/ШШ2018/00769 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018.06.29-ний өдрийн 1523 дугаар магадлалаар Талуудын хооронд Иргэний хуулийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэн гэрээний хугацаа 2016.12.31-ний өдрийг дуустал үргэлжлэх талаар гэрээний 3.1-д заасан ба гэрээний хугацаа дууссан боловч нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж байсныг ажиллуулагч эсэргүүцээгүй тул Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1 дэх хэсэгт зааснаар гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн. Мөн Улсын Дээд шүүх нь хариуцагч 2016 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр муу буюу F үнэлгээ авсан тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд энэ талаар заагаагүй байхаас гадна хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийн үнэлгээгээр F үнэлгээ авсан нь гэрээ дуусгавар болох үндэслэл болох талаар гэрээний 8 дугаар зүйлд тухайлан тохиролцоогүй хэмээн хариуцагчийн ажлаас халсан тушаал нь хууль бус байсан талаар дүгнэсэн. Иймээс Сны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны А/130 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй тул учирсан хохирлоо Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.6 дахь хэсэгт гэрээг цуцалснаас үүсэх хохирлыг мөн хуулийн 227 дугаар зүйлд зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн гэж үзэн учирсан хохирлоо хариуцагчаас шаардаж байгаа болно. Б.О миний бие 2017.05.04-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөж, хариуцагчтай байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ 7 сар 18 хоногийн өмнө хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр цуцлагдсан тул учирсан хохирлыг нэг сарын хөлсний хэмжээгээр тооцож 20,072,727 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгаа болно. Иймд гэрээг хугацаанаас өмнө хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр цуцлагдсанаас учирсан 20,072,727 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Сны төлөөлөгч Д.Ганбаяр нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь 2014.11.10-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл дээр худалдан авалтын мэргэжилтний албан тушаал дээр ажиллахдаа Сангийн сайдын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 196 тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах эдгээр хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын дагуу Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилласан. Хөлсөөр ажиллах гэрээний үндэслэх хэсэгт Иргэний хууль, Сангийн сайдын батлагдсан дээрх журмыг үндэслэл болгож, гэрээнд заасан эрх, үүрэг, нөхцлийг харилцан тохиролцож байгуулсан байдаг. Гэрээний 8.1.2-т зааснаар захиалагч гэрээг цуцлах шийдвэр гаргасан, 8.21-т ажилтан гэрээгээр хүлээн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй, шалтгааныг захиалагч хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гэрээг захиалагчийн санаачилгаар цуцлах болохыг Б.Отэй харилцан тохиролцож гэрээг байгуулсан байна. Тухайн жилийн ажлын үнэлгээгээр Б.О нь 59 хувийн үнэлгээтэй буюу муу үнэлгээ авсан нь журмын 16.11 дэх хэсэгт заасны дагуу гэрээг дуусгавар болгох үндэслэл болох ба тухайн ажлын байранд цаашид ажиллуулах шаардлагагүй гэж үзэн Нийслэлийн Засаг даргаас 2017 оны 02-01/424 дугаартай албан бичгээр ажлаас чөлөөлүүлэх хүсэлт ирүүлсний дагуу холбогдох материалыг судлан үзэж, Сны Төрийн нарийн бичгийн даргад олгогдсон эрх хэмжээний дагуу 2017.05.04-ний өдрийн А130 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Дээрх тушаал нь бүрэн эрхийн хүрээнд хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Холбогдох нотлох баримтыг тус шүүхэд хянан шийдвэрлэсэн Б.Оийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Санд холбогдох хавтаст хэргээс татан авч үзлэг хийлгэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөгч В.Баттулга нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хотын гэр хороолыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хэрэгжүүлэгч байгууллагаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ажилладаг болно. Төслийн хувьд Монгол Улсын Сны сайдын 2015.07.10-ны өдрийн 196 дугаар тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг болно. Уг журмын 10 дугаар зүйлд Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын чиг үүргийг тодорхойлж, 10.1.21-д төслийн зохицуулагч, санхүүгийн мэргэжилтэн, худалдан авах ажиллагааны мэргэжилтний хөлсөөр ажиллах гэрээг сунгах, цуцлахдаа Снаас зөвшөөрөл авсны үндсэн дээр шийдвэрлэх гэж заасан бөгөөд худалдан авалтын ажилтынг чөлөөлөх хүсэлтийг 2017.02.01-ний өдөр 02-01/424 тоот албан бичгээр Санд хүргүүлсэн болно. Санхүүгийн болон худалдан авалт хариуцсан ажилтнуудыг С томилж, чөлөөлөгдөг байхаар журмын 9.1.7-д зохицуулсан байдаг. Уг журмын 16 дугаар зүйлийн 16.6-р зүйлд заасны дагуу тус төслийн бүх ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээг гурвалсан хэлбэрээр байгуулж ажилладаг бөгөөд журмын 16 дугаар зүйлийн 16.7-д заасны дагуу гэрээг 1 жилээс илүүгүй хугацаагаар байгуулдаг болно. Аливаа гэрээ нь тухайн хуанлийн жилийн эцсээр дуусгавар болохоор журмын 16.7-д заасан. Иймд хөлсөөр ажиллах гэрээний хугацаа нь дууссан Б.Оийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтээ Санд хүргүүлж шийдвэрлүүлсэн болно. Хөлсөөр ажиллах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2016.12.31-ний өдрөөр дууссан тул иргэн Б.Оийг худалдан авалтын мэргэжилтний ажлаас чөлөөлж, гэрээ дуусгавар болсон. Хөлсөөр ажиллах гэрээ нь гэрээний хугацаа дууссанаар дуусгавар болдог гэрээ болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заажээ. Б.Отэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотой шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байгаа болно. Иймд иргэн Б.Оийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч ямар бодит хохирол учирсан талаар баримт ирүүлээгүй байна. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт хөлсөөр ажиллагч гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ мөн хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл хөлсөөр ажиллагч тохиролцсон ажил үйлчилгээ хийж гүйцэтгэснийхээ төлөө хөлс авах бөгөөд нэхэмжлэгчид уг хөлсийг ажиллуулагч төлсөн. Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1-д зааснаар Гэрээний хугацаа дууссаныг ажиллагч тал нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүйцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заажээ. Гэрээний хугацаа дууссаны дараа нэхэмжлэгчийн зүгээс гэрээ сунгахталаар ямар нэгэн хүсэлт бичгээр болон амаар гаргаж байгаагүй. Б.Отэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан тул иргэн Б.От төслийн зохицуулагчийн 131 тоот мэдэгдэл хүргүүлж, түүнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсон. Хөлсөөр ажиллах гэрээ нь гэрээний хугацаа дууссанаар дуусгавар болдог гэрээ болно. Иймд Б.Оийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлтэй хариуцагч С, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт холбогдох гэрээг хугацаанаас нь өмнө цуцалснаас учирсан хохиролд 20.072.727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.О хөлсөөр ажиллах гэрээг цуцалснаас учирсан хохиролд 2017.05.04-нөөс 2017.12.31 хүртэл 7 сар 18 хоногийн хугацааны 26.972.727 төгрөгөөс 6.900.000 төгрөгийг шүүхийн өмнөх шийдвэрүүдээр авахаар шийдвэрлүүлсэн гэж, үлдэх 20.072.727 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг гэрээ цуцалсан нь нэхэмжлэгч Б.Оийн буруугаас болсон, гэрээний хугацаа дуусгавар болсон мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр уг асуудлыг шийдвэрлэсэн гэж мэтгэлцсэн болно.
Нэхэмжлэгч Б.О нь 2014.11.10-наас 2017.05.04-нийг хүртэл Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгжийн худалдан авалтын менежерээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний ажиллаж байсан, түүнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг Нийслэлийн Засаг даргын тамгын газар дангаараа цуцалсан нь үндэслэлгүй байсан болох нь зохигчийн тайлбар, тус шүүхийн 2018.04.23-ны өдрийн 182/ШШ2018/00769 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.06.29-ний өдрийн 1523 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.12.14-ний өдрийн 001/ХТ2018/01853 дугаар тогтоол зэргээр тус тус нотлогдсон байна.
Иймд шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан.
Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээнээс учирсан хохирлын хэмжээг 2 сарын ажлын хөлс 6.900.000 төгрөг гэж нэхэмжилсэн байх ба, дээр дурдсан анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт 6.900.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Уг шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт “нэхэмжлэгч шүүх хуралдаанд олговорт 41.660.160 төгрөг нэхэмжилж байна гэх тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарыг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй хэдий ч нэмэгдүүлэх бүрт нэхэмжлэлийн шаардлагаа бичгээр гаргаж, өөрчилсөн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжийг төлөх үүрэгтэй байсан” гэж дүгнэсэн байна.
Харин дээр дурдсан давж заалдах шатны шүүхийн магадлалаар “нэхэмжлэгчийн сарын ажлын хөлс 3.450.000 төгрөг байх бөгөөд хөлсөөр ажиллах гэрээний 7.1-д гэрээг нэг жилээр сунгаж болно, Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 16.7-д хөлсөөр ажиллах гэрээг 1 жилээс ихгүй хугацаагаар байгуулах ба аливаа гэрээ нь тухайн хуанлийн жилийн эцсээр дуусгавар болно гэж тус тус заасан, нэхэмжлэгч Б.О нь 2017.05.04-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөж, түүнтэй байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ 7 сар 18 хоногийн өмнө хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр цуцлагдсан тул түүнд учирсан хохирлыг нэг сарын хөлсний хэмжээгээр тооцож 26.972.727 төгрөгийг хариуцагч Нийслэлийн засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй” гэж дүгнэж шийдвэрлэжээ.
Гэтэл дээр дурдсан хяналтын шатны шүүхийн тогтоолоор “шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцнэ. Нэхэмжлэгч нь эрх зөрчигдсөнөөс өөрт учирсан хохирлын хэмжээг 6.900.000 төгрөг гэж тодорхойлсон байхад давж заалдах шатны шүүх 26.972.727 төгрөгөөр шаардлагыг хангаж шийдвэрлэснийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцсэн гэж үзэхгүй” гэж дүгнэж хохирлын хэмжээг 6.900.000 төгрөгийн хэмжээнд хангаж давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулсан байна.
Дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдээс үзвэл нэхэмжлэгч хохиролд 6.900.000 төгрөгөөр нэхэмжилсэн байх ба, давж заалдах шатны шүүхийн магадлалаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан болохыг дүгнэж хохирлыг гэрээг дуусах хүртэл хугацаагаар хангаж шийдвэрлэснийг хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн хүссэн шаардлагын 6.900.000 төгрөгийг Нийслэлийн засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Б.От олгохоор шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгч Б.Отэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацааг тухайн хуанлийн жилийн эцсээр дуусгавар болох байсан гэж дүгнэсэн байх тул нэхэмжлэгч Б.О нь 2017.05.04-нөөс 2017.12.31 хүртэл 7 сар 18 хоногийн хугацааны ажлын хөлсний нийт 26.972.727 төгрөгөөр хохирсон байх бөгөөд, 6.900.000 төгрөгийг дээр дурдсан шүүхийн магадлал болон тогтоолоор олгохоор шийдвэрлэсэн учраас үлдэх 20.072.727 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж Нийслэлийн засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 221.6, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн засаг даргын тамгын газраас 20.072.727 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.От олгож, хариуцагч Санд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Б.Оээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 259.000 төгрөгнөөс төлбөл зохих 258.314 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 686 төгрөгийг буцааж, хариуцагч Нийслэлийн засаг даргын тамгын газраас 258.314 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.От тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ