Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 808

 

 

 

 

 

 

 

 

 

О.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/00172 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: О.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Цд холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж нийт 17 161 200 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: О.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “Үнэгүй.мн” сайтаас дүнзэн торхтой зуслангийн газар зарна гэсэн зарын дагуу 95113501 /иргэн Н.Цгийн нөхөр/ дугаарт холбогдож газрыг үзэж, үнийн талаар сайтар ярилцаад 17 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон юм. Ингээд бид 7 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн үед уулзаж, нотариатчаар гэрчлүүлснээр уг газар болон үл хөдлөх хөрөнгийг 17 000 000 төгрөгөөр худалдаж авсан юм. Газар болон үл хөдлөх хөрөнгөө өөрийн нэр дээр шилжүүлэхээр Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн газарт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой материалаа өгснөөр хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж Ү-2203031612 дугаарт гэрчилгээг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр О.Б миний нэр дээр бүртгэн олгосон. Газраа шилжүүлэхээр 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр харьяа дүүргийн газрын албан дээр очиход дүүргийн газрын албаны зохион байгуулагч н.Чинсанаа “тус газар нь бодит хэмжээнээсээ хэтэрч, үл хөдлөх хөрөнгө нь албан байгууллагын эзэмшил газар дээр баригдсан байна” гэж хэлсэн. Дахин хэмжилт хийлгэж, албан байгууллагатай нь холбогдохыг зөвлөсөн. Иргэн Н.Ц нь газрын маргаантай, зөрчилтэйг мэдсээр байж санаатайгаар намайг хууран мэхлэж зуслангийн газар болон үл хөдлөхийг худалдсан. Миний бие уг газрыг газрын албаар шалгуулж аваагүйдээ маш их харамсаж өөрийн алдааг ухамсарлаж байгаа хэдий ч нотариатчид итгэн баталгаажуулсандаа, мөн байгууллагын нэр дээр байгаа газар дээр баригдсан, дуусаагүй үл хөдлөх хөрөнгийг миний нэр дээр бүртгэж өгсөн Сүхбаатар дүүргийн үл хөдлөх хөрөнгийн газарт гомдолтой байна. Уг газар болон үл хөдлөх хөрөнгө нь эрхийн доголдолтой өөрийн нэр дээр шилжүүлэн авах боломжгүй учраас шүүхийн журмаар худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж өгсөн, авснаа буцаах саналтай байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 17 000 000 төгрөг, кадастрын зураг цэг тогтоосон акт 130 000 төгрөг, нотариатын зардал 11 200 төгрөг, хууль зүйн зөвлөгөө авсан зардал 20 000 төгрөг бөгөөд нийт 17 161 200 төгрөгийг Н.Цгээс гаргуулж О.Б намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус 700 м.кв 1 айлын газрыг 2008 оноос хойш хөөцөлдөж явсны эцэст 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/309 тоот шийдвэрийг үндэслэн 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр улсын бүртгэлийн 18641329230595 дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээ гаргуулж авсан. Тус газраа авахдаа хууль ёсны дагуу “Классик лэнд” ХХК гэдэг кадастрын компаниар зураглалаа үйлдүүлж тус газрын албандаа хянуулж нэгж талбарын 18641329230595 дугаартай кадастрын зургаа баталгаажуулж гэрээгээ байгуулж гэрчилгээ авсан юм. 2014 оны 8 дугаар сард тус газар дээр 8x10 м хэмжээтэй мансарт керамтай дүнзэн торх буулгуулж хундаам цутгасан. 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байшингийн кадастрын зургаа хийлгэсэн.  Цаашид үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулахаар материалаа бүрдүүлээд хот байгуулалтын газрын кадастр мэдээллийн хэлтэст зургаа хянуулж хаяг байршлын зургаа гаргуулж авсан юм. Энэ бүх шат дамжлагаар хянуулж шалгуулж гэрчилгээ гаргуулж байсан учир би иргэн О.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах үндэслэлгүй. Яагаад гэвэл би хууль ёсны дагуу худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Тус гэрээг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хийхдээ Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу 2 талаас хүсэл зоригоо илэрхийлээд хэлцлийг чөлөөт байдлаар явуулж гэрээ байгуулсан. Иргэн О.Бийг би хүчээр дарамтлаад үүнийг ав гэж тулгаагүй. Иргэн О.Б нь уг үл хөдлөх хөрөнгө өөрийн нэр дээр байгаа эсэх эсвэл ямар нэг байдлаар барьцаанд байгаа эсэх талаар түц машинаас лавлагаа гаргуулж авч сайтар шалгаж худалдах, худалдан авах гэрээг хийж авсан. Манай нөхөр түүнд манайх хууль ёсны үл хөдлөхийн гэрчилгээтэй тул хашааг торхны хойгуур татъя гэж “Баянгол бэлх” ХХК-ийн захиралд хэлэхэд “цэвэрхэн хашааг нь зөөгөөрөө” гэж зөвшөөрсөн байдаг. Тус компанийн захирал манай нөхөртэй танайх урагшлуулаад сууриа бэлд надад 500 000 төгрөг өгчих би кранаар торхыг чинь дөрвөн талаас нь сайтар бэхэлж өргөөд тавиад өгье гэж ярьсан. Гэтэл манай нөхөр үл хөдлөхийн гэрчилгээтэй торхыг хөдөлгөхийг хүлээн зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл бид газрын алба болон үл хөдлөхийн газарт итгэж байсан юм. Мөнгөний хэрэг гараад 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “үнэгүй.мн” сайтад зар анх оруулсан. Иргэн О.Б өөрийн хүсэл зоригоор 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зарын дагуу залгаад гуйсаар 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр худалдах худалдан авах гэрээг хийсэн юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасан тогтоогдохгүй байх тул Н.Цтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 17 000 000 төгрөгийг буцааж гаргуулах, гарсан зардал буюу кадастрын зураг цэг тогтоосон акт 130 000 төгрөг, нотариатын зардал 11 200 төгрөг, хууль зүйн зөвлөгөө авсан зардал 20 000 төгрөг, нийт 17 161 200 төгрөг гаргуулахыг хүссэн О.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 182/Ш32017/10783 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэхдээ талуудын хооронд үүссэн, нэхэмжлэлд дурдсан иргэний эрх зүйн харилцааг буруу буюу “зээлийн гэрээний үүрэгт 17 161 200 төгрөгийг гаргуулах” гэж тодорхойлсон. Зээлийн гэрээний үүрэгт төлбөр шаардаж байгаа талаар нэхэмжлэлд мөн шүүх хуралдааны явцад ч огт дурдагдаагүй байтал шүүх энэхүү алдаагаа засахгүй байсаар хэргийг шийдвэрлэсэн. 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр мөн зохигчид “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх” гэрээг байгуулж, уг гэрээгээр нэгж талбарын 18641329230595 дугаартай 700 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийг хариуцагч нь нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээсэн. Гэтэл Сүхбаатар дүүргийн газрын алба 2017 оны 11/1285 дугаар албан бичгээр “хариуцагч нь бусдын эзэмшил газар луу хашаагаа сунгаж, үл хөдлөх хөрөнгө барьсан байна” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг шилжүүлэхээс татгалзсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “гэрээнээс татгалзаж, хариуцагчид төлсөн 17 161 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” гэж тодорхойлсон байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч нь 2017 оны “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх” гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж газар эзэмших эрх нэхэмжлэгчид шилжсэн эсэх, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байхад нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны явцад огь тодруулаагүй зэрэг ноцтой алдааг гаргасан. Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө баригдсан газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрхгүйгээр хэрэгжих боломжгүй. Ийм учраас нэхэмжлэгч 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-нээс татгалзаж төлсөн төлбөрөө хариуцагчаас шаардсан. Хариуцагч нь “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх” гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж нэхэмжлэгчид газар эзэмших эрхээ шилжүүлээгүй, мөн шилжүүлэх талаар шаардлагатай арга хэмжээг аваагүй, аливаа үйлдэл хийгээгүй болох нь хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч нь анх 700 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийг шилжүүлж авна гэдэг үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулж 17 000 000 төгрөгийг төлсөн. Гэтэл хариуцагч нь газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзаж хариуцагчид төлсөн 17 000 000 төгрөгөө хариуцагчаас буцаан шаардах эрхтэй юм. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ, илт алдаатай захирамж гаргасан, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дахь заалтуудыг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Н.Цд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 17 000 000 төгрөгийг буцааж гаргуулах, гарсан зардал буюу кадастрын зураг хийлгэсэн 130 000 төгрөг, нотариатын зардал 11 200 төгрөг, хууль зүйн зөвлөгөө авсан зардал 20 000 төгрөг, нийт 17 161 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Зохигчид 2017 оны 7 сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Н.Ц нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой 1 дүгээр хэсэг гудамж, 110а тоотод байрлах 700 м.кв талбай бүхий газар болон 50 хувийн гүйцэтгэлтэй, 80 м.кв талбайтай хувийн сууц худалдах, нэхэмжлэгч О.Б нь 17 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... гэрээний зүйл болох газар нь бусдын газартай давхацсан болох нь Сүхбаатар дүүргийн газрын албаны албан бичгээр тогтоогдсон, эрхийн зөрчилтэй эд хөрөнгийг худалдсан”  гэж тайлбарласан байна.

 

Сүхбаатар дүүргийн  газрын албаны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11/1285 тоот албан бичигт “... нэгж талбарын эргэлтийн цэг тэмдэгтийг газар дээр нь тэмдэгжүүлээгүйгээс бусдын эзэмшил газар руу хашаагаа сунгаж үл хөдлөх эд хөрөнгө барьсан байна” гэжээ. /хх-ийн 18 дугаар тал/

 

Маргааны зүйл болсон дээрх газарт 2015 оны 6 сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны алба нь кадастрын зураг хийсэн байх бөгөөд түүнээс хойш буюу 2017 оны 7 сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулах үе хүртэл хариуцагч нь хашаагаа сунгасан эсэх талаархи үйл баримтыг шүүх тодруулаагүй байна. /хх-ийн 36 дугаар тал/

Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 42 дугаар талд авагдсан 2017 оны 8 сарын 18-ны өдрийн “Блюжэй ланд” ХХК-ийн хийсэн кадастрын зургаар хариуцагч нь хашаа, байшинг бусдын эзэмшил газар руу сунгаж барьсан харагдаж байна. Иймд талууд гэрээ байгуулах үед гэрээний зүйл болох газар, байшин нь бусдын газартай давхцал байсан эсэх талаархи үйл баримтыг тодруулах шаардлагатай юм.

 

Эдгээр нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт иргэний хэрэг үүсгэсэн байх бөгөөд  худадпах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад иргэний хэрэг үүсгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, хэрэг үүсгээгүй нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэсэн нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн  168.1.7-д тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн  168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/00172 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 800 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.НАРАНЦЭЦЭГ                                           

                                                          ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ                                                                                                        

                                                                                                          Г.ДАВААДОРЖ