Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 19

 

       Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Дэлгэрдалай,

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/818 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1911 02088 0956 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн Б-н Б, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ...... аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт .............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............/;

 Б.Б нь 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т ц н” ХХК-ийн байранд Д.Х-г өөрийн нөхөр н.Б-тэй хардсаны улмаас гараараа хацар, шанаа, эрүү хэсэгт маажиж, Д.Х-н биед “баруун шанаа, хацар, эрүү, уруул, зүүн зовхинд зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар биелүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу хохирогч Д.Х нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх миний үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн учир гомдолтой байна. Би өөрийн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байна. Анхан шатны шүүхэд мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчоос баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөр хавтаст хэрэгт авагдаагүй. Миний болоод хохирогчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэнд гомдолтой байгаа бөгөөд өөрийн охины 2 хүүхэд болон хүүгийн 2 хүүхдүүдийг хардаг тул ял тэнцвэртэй байж чадсангүй, гэм буруу тохирсонгүй учраас Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг анхан шатны шүүхийн шүүгч зөрчсөн, ял шийтгэлийн ялгамжтай байдлыг хангаж чадсангүй, мөн эрх зүйн туслалцаа авч өмгөөлөгчөөр эрхээ хамгаалуулах бололцоо олгоогүй, ял шийтгэлийн талаар буруу дүгнэлт хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад нийцэхгүй байна. Иймд миний амьдрал ахуйг болон хэргийн бодит байдал, бусад нөхцөл шалтгааныг харгалзан, 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахыг хүсэж байна. ...” гэв.

Прокурор Б.Дэлгэрдалай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх Б.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй болсон. Анхан шатны шүүх хуралдааны өмнө шүүгдэгч Б.Б нь өөрийгөө өмгөөлөх талаар хүсэлт гаргасан нь хавтас хэргийн 53 дугаар талд авагдсан. Тиймээс өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй. ... Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь биелэгдэх боломжтой байх ёстой. Торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй гэж үзсэн нь шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, түүний хувийн байдалтай холбогдуулж гаргасан шийдвэр юм. Давж заалдах гомдолд дурдагдсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн гэдэг нь тодорхойгүй байна. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Б.Б нь 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т ц н” ХХК-ийн байранд Д.Х-г өөрийн нөхөр Б-тэй хардсаны улмаас гараараа хацар, шанаа, эрүү хэсэгт маажиж, Д.Х-н биед “баруун шанаа, хацар, эрүү, уруул, зүүн зовхинд зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Х-н “... Намайг ажил дээрээ байж байхад Б.Б нь над руу залгаад нөхөр Б гэх залуутай хардаж “чиний нүүрийг чинь маажна, янхан, гичий, нөхөртэй минь явалдсан” гээд орилоод ... байсан. Тэгээд 16 цагийн үед Б.Б миний ажил дээр ирээд шууд өрөөний хаалга хаагаад “манай нөхөр чамтай унтсан гэдгээ хэлсэн, би хэргийг чинь хүлээлгэхээр ирлээ. ...” гэж хэлээд над руу дайраад шууд үсдэж доош дарахаар нь нүүр маажна гэснийг нь бодоод хоёр гараараа нүүрээ дарсан. Тэгтэл хоёр гарын хажуу хэсгээр нүүрний ил гарсан хоёр талын шанаа хэсгийг маажсан. ...” /хх 13-14/,

гэрч С.Ж-н “... Намайг ажил дээрээ ирэхэд манай ажлын хаалга түгжээтэй байсан ба хүмүүс дотор нь хэрэлдээд, орилж хашгираад байгаа чимээ гарч байсан. Би дотогш ортол үл таних том биерхүү эмэгтэй манай ажлын Х руу хандаж “чи миний 30 жилийн амьдралыг балласан. ...” гэх зэргээр дайрч доромжилж байгаад түүнийг үсдэж дарсан. ...Х-н гараар дарагдахгүй нүүрний ил гарсан хэсгүүд болох хацар, шанаа хэсгийг самардчихсан. ...” /хх 17-18/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Д.Х-н биед баруун шанаа, хазар, эрүү, уруул, зүүн зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 9095 дугаартай дүгнэлт /хх 20/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-8/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Б.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний ач, зээ нараа харж, халамжилдаг хувийн байдал болон гэмт хэрэг гарахад хохирогчийн зохих буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Б-н “... ял шийтгэлийг хөнгөрүүлэх...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг дээрх хугацаанд төлж барагдуулахыг анхааруулж байна.

Харин шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдагдсан “... анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан, Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн...” гэх байдал тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.