Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 124/ШШ2022/0007

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг би Л.Б-ын “Увс аймгийн Засаг даргын 2021 оны 09-р сарын 16-ны өдрийн Б\41 тоот захирамж, Увс аймгийн Түргэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 04/06 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн Түргэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Л.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие нь "Шонхор" БТДС-ийг 2008 онд, "Энх-Орчлон" ДС- ийг 2010 онд тус тус төгссөн. 2008 оноос 2014 он хүртэл Боловсролын салбарт ажиллаж байгаад 2014-2016 он хүртэл Түргэн сумын Засаг даргын орлогч, 2016 оноос 2021 оны 09- р сарын 16 -ний өдөр хүртэл Түргэн сумын Засаг даргаар дахин томилогдон ажиллаж байгаад Увс аймгийн Засаг даргын 2021 оны 09-р сарын 16 өдрийн Б/41 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн.

Намайг албан тушаалаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын 2021 оны 09-р сарын 16 өдрийн Б/41 тоот захирамж болон уг захирамжийн үндэслэл болсон Түргэн сумын ИТХ-ын 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 04/06 дугаар тогтоолыг дараах үндэслэлээр илт хууль бус гэж үзэж байна.

Түргэн сумын ИТХ-ын 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан бөгөөд хуралдааны хэлэлцэх асуудлын 3 дугаарт заасны дагуу Сумын 2021 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх биелэлтийн тухай хэлэлцэж нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн явцын үнэлгээг 71,6 % буюу "тодорхой үр дүнд хүрсэн" гэж дүгнэн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 04/03 тогтоол гаргасан.

Гэтэл хуралдааны явцад иргэдийн хурлын 8 төлөөлөгч Л.Б намайг удаа дараа архидан согтуурч олон нийтийн дунд ёс зүйгүй үйлдэл гаргасан, үндсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж ажиллахгүй байгаа гэсэн үндэслэлээр огцруулах санал гаргасныг хуралдаанаар хэлэлцэж сумын ИТХ-ын 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 04/06 дугаар тогтоол гарсан.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт заасны дагуу хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх эрхтэй ч зөвхөн хуульд заасан үндэслэл буюу дээрх хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд Засаг даргыг огцруулах саналыг гаргах эрхтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хурлын төлөөлөгчдийн гуравны нэг нь Засаг даргыг огцруулах санал гаргасан л бол Засаг дарга заавал огцрох ёстой гэсэн үг биш, Засаг даргыг огцруулах хууль зүйн үндэслэл бий болсон эсэхийг хурал хэлэлцэж шийдвэрлэж хуулийн дагуу тогтоол гаргах ёстой байсан.

Гэтэл сумын ИТХ тухайн өдрийн хуралдаанаараа миний үндсэн чиг үүрэг болох Сумын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 71,6 буюу "тодорхой үр дүнд хүрсэн" гэж дүгнэн тогтоол гаргачхаад намайг огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ үндсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа нь намайг албан тушаалаас огцруулах хуульд заасан /Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэг/ үндэслэл бий болоогүй байхад миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаснаар Сумын ИТХ-ын 2021 оны 04/06 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2021 оны Б/41 дүгээр захирамж нь илт хууль бус гэж үзэж байна.

Иймд миний нэхэмжлэлийг хүлээн авч Түргэн сумын ИТХ-ын 2021 оны 04/06 дугаар тогтоол, Увс аймгийн Засаг даргын 2021 оны Б/41 дүгээр захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

Хариуцагч Түргэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлөн дарга Б.Төгсбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр болсон Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар засаг даргын асуудлыг хэлэлцэн төлөөлөгчдийн олонхийн саналаар огцруулсан нь үнэн болно. Огцруулсан үндэслэл нь:

1.  Газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй зөвшөөрөлгүй барилга байгууламж, хашаа баригдаж байхад арга хэмжээ аваагүй.

2.  Удаа дараа ажлын болон ажлын бус цагаар архидан согтуурч, олон нийтийн дунд ёс зүйгүй үйлдэл гаргасан. Үүнд:

-    Урьд нь ажлын болон ажлын бус цагаар архидан согтуурч болохгүй гэдгийг 2 удаа сануулсан

-    Уяачдын гал дээр согтуугаар очиж туг дарцгийг нь хугалан буулгаж, галдан шатаасан.

3.  Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-дахь заалтыг үндэслэн нийт төлөөлөгчдийн 1/3 нь огцруулах саналд гарын үсэг зурж ирүүлснийг хуралдаанаар хэлэлцүүлж, санал хураахад хуралдаанд оролцсон 20 төлөөлөгчийн 11 төлөөлөгч дэмжсэнээр огцруулсан.

Иймд огцруулах үндэслэл хуулийн дагуу хүчин төгөлдөр гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Л.Б-г огцруулах тухай Түргэн сумын ИТХ-ын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 29 дүгээр албан бичгээр 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 04/06 дугаар тогтоолыг холбогдох баримтуудын хамт хуульд заасны дагуу аймгийн Засаг даргад ирүүлснийг шийдвэрлэсэн.

Засаг даргыг огцруулах санал уламжлах тухай тогтоол, аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны Б/41 дүгээр шийдвэр нь улс төрийн шийдвэр, шүүхэд хандаж гомдол, нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа нь өнгөрсөн тул шүүхэд гомдол гарган шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж байна. Мөн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны шийдвэр гарсан өдрөөс хойш Аймгийн Засаг даргын огцруулах тухай захирамж гарах хүртэл Л.Б нь албан үүргээ гүйцэтгээгүй, аймгийн Засаг даргад санал, тайлбар гаргаагүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие тус шүүхэд 2021 оны 11 сарын 08-ны өдөр Түргэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Увс аймгийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасан эрхийнхээ хүрээнд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б нь шүүхэд Увс аймгийн Засаг даргын 2021 оны 09-р сарын 16-ны өдрийн Б\41 тоот захирамж, Увс аймгийн Түргэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 04/06 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлэн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Увс аймгийн Засаг даргын 2021 оны 09-р сарын 16-ны өдрийн Б\41 тоот захирамж, Увс аймгийн Түргэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 04/06 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх” тухай нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АЛТАНЦЭЦЭГ