Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2025/0345

 

 

 

 

 

 

 

 

“А э о” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “А э о” ХХК-ийн өмгөөлөгч Р.М

Нэхэмжлэгч: “А э о” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн V-0****** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан *** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0207 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Д

Хэргийн индекс: 128/2025/0168/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А э о” ХХК нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн V-0****** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан *** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0207 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34.4, 34.6, 34.7, 35 дугаар зүйлийн 35.12, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А э о ХХК”-аас гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн MV-0****** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан *** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д “...”А э о” ХХК-ийн гүйцэтгэх захирал Z-ийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Гүйцэтгэх захирлыг орлон гүйцэтгэх тухай” 01/08 дугаар тушаалаар Ж.Б компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой болон бусад бүх ажлыг түр орлон гүйцэтгэх бүрэн эрхийг олгосон гэх баримтыг ирүүлсэн бөгөөд энэ нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй” гэсэн нь үндэслэлгүй. Учир нь компанийн гүйцэтгэх захирал өөрийг нь эзгүйд орлон ажиллах хүнийг томилох эсэх нь тухайн компанийн дотоод зохион байгуулалттай холбоотой асуудал бөгөөд түр орлон ажиллах албан тушаалтныг улсын бүртгэлд заавал бүртгүүлэхийг хуулиар шаарддаггүй байхад “мэдээллийн санд бүртгүүлээгүй” гэж нэхэмжлэгчийг буруутгасан агуулгатай дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

3.2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д “... “А э о” ХХК-д тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал 12 сар буюу 365 хоногийн аль ч хугацаанд төлөх, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд ч алдангийн хамт төлөх боломжтой байсан учраас нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна” гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь заалтын “дараа жилийн төлбөрийг”, “жил бүр урьдчилан төлнө” гэснийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Тодруулбал MV-0****** дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтад “Бүртгэв: Тусгай зөвшөөрлийн 13 дахь жилийн төлбөрийг төлөв. Хугацаа 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл” гэж тэмдэглэсэн нь энэ хугацаанд хамаарах төлбөрийг төлсөн бөгөөд хуулийн дээрх заалтаар түүний дараа жилийн буюу 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны тусгай зөвшөөрлийн төлбөрийг давхардуулж урьдчилан төлөх боломжгүй. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс ч тэгж төлөхийг зөвшөөрдөггүй, уг төлбөрийг авах эрхгүй болно. Анхан шатны шүүх тайлбарыг бодит байдал дээр хэрэгжүүлэхэд тусгай зөвшөөрөл бүхий талбайн болон нэгж талбайд төлөх төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх, тусгай зөвшөөрөл хүчингүй болсон тохиолдолд олон жилээр урьдчилан төлсөн төлбөрийг хэрхэх эсэх нь хүндрэлтэй болно. Мөн хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчид “мэдэгдэл өгөх” үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөл байдлыг шүүх тодруулж, үнэн зөв дүгнэлт өгөөгүйгээс нэхэмжлэгчийг буруутган, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

3.3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д “Өөрөөр хэлбэл “А э о” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Хятад улс руу явсан, орлон гүйцэтгэгч нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нас барсан хугацааг тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх байсан хугацаатай давхацсан гэж үзэх боломгүй... бүтэн жилийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж дүгнэх боломжгүй” гэсэн нь хэт өнгөц, үндэслэлгүй дүгнэлт болжээ. Учир нь шүүгчийн дурдсан үйл баримтууд  нь нэхэмжлэгчийн эрх бүхий албан тушаалтан 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсаас гарч, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсад ирсэн буюу энэ хугацаанд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Монгол Улсад биеэр байгаагүй, тусгай зөвшөөрөлтэй холбоотой ажлыг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс түр орлон гүйцэтгэж байсан иргэн Ж.Б нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нас барсан нотлох баримтууд хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл түр орлон гүйцэтгэгч иргэн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нас барснаас хойш гүйцэтгэх захирал Монгол Улсад ирсэн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 8 сар гаруй хугацаанд нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар төлөөлөх буюу хариуцагчаас хүргүүлсэн гэх мэдэгдлийг хүлээн авах, үүссэн асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх эрхтэй этгээд Монгол Улсад байгаагүй болох нь нотлогдож байхад анхан шатны шүүх үүнийг анхаарч үзээгүй.

3.4. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д “... “А э о” ХХК нь дээрх хугацаанд 3-5 ажилтантай үйл ажиллагаа явуулж байсан болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын тайлангуудаар тогтоогдох бөгөөд зөвхөн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага өвчтэй байсан нь хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй” гэсэн нь эргэлзээтэй байна. Учир нь нэхэмжлэгч нь 2024 оны намраас гэрээт нягтлан нэг л хүнд нийгмийн даатгал төлсөн, өмнө нь төлж байсан 3-4 хүн  нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт байх тусгай зөвшөөрөлтэй талбай дээр ажилладаг уурхайн манаач, туслах ажилтнууд болон хувьцаа эзэмшигчийн төлөөлөгчөөр компани дээр богино хугацаанд ажиллаад нутаг буцсан гадаадын иргэн зэрэг хүмүүс болно. Дээрх хүмүүс нь компанийн албан ёсны хаяг дээр ажилладаггүй, хөдөө орон нутагт ажиллаж, амьдардаг, хариуцагчаас ирүүлсэн гэх мэдэгдлийг хүлээн аваагүй, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжгүй юм.

3.5. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д “...Кадастрын хэлтсийн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг “А э о” ХХК-д 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10/**** дугаартай албан бичгээр 11 дүгээр сарын 04-ний өдрийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай нэхэмжлэгчээс бүртгүүлсэн хаяг руу хүргүүлсэн, үүнийг гардан авсан болох нь шуудангийн бүртгэлээр тогтоогдсон. “А э о” ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийг цуцалсныг мэдээд маргаан бүхий шийдвэр гарснаас хойш... гомдол гаргасан байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийг  үндэслэсэн атлаа тус зүйлийн “...тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд” гэсэн хариуцагчид хамааралтай хэсгийг орхигдуулсан төдийгүй нотлох баримтаас зөрүүтэй дүгнэлт хийсэн.

3.6. Тодруулбал “М” ХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18/117 дугаартай тодорхойлолтод “Ашигт малтмал, газрын тосны газраас 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “А э о” ХХК-д 10-25, 4 хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар хот утас 96960697” хаягаар илгээсэн... илгээмжийн хаягийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гардуулсан байна” гэсэн байх бөгөөд уг илгээмжид заасан хаяг нь компанийн байрлах хорооны болон утасны дугааруудаас зөрүүтэй бичиж, уг хаягаар хүргүүлсэн байдаг.

3.7. Түүнчлэн нэхэмжлэгчийн нягтлан тусгай зөвшөөрөл цуцлагдсан тухай мэдээллийг хариуцагчаас биш тухайн ордыг ашиглахтай холбоотой “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ”-г хийх компанийн ажилтнаас 2024 оны 12 дугаар сард анх аваад тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлсөн талаар шүүхэд тайлбар, нотлох баримтыг гаргасан байхад анхан шатны шүүх хариуцагчаас мэдэгдлийг авч, хугацааг хоцроож төлбөр төлсөн мэтээр буруу дүгнэсэнд гомдолтой байна. Иймд 128/ШШ2025/0***дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг дараах үндэслэлээр хангав. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч “А э о” ХХК-аас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн V-0****** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан *** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.2. “А э о” ХХК-д Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 960 дугаартай шийдвэрээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал нутаг дэвсгэрт байрлах Цэнхэрмандал ******* 1 нэртэй талбайд 406.06 га талбай бүхий МV-0****** дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байжээ.

2.3. Гэтэл хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай шийдвэрээр “А э о” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр цуцалсан байна.

2.4. Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуулийн хугацаанд төлж чадаагүй нөхцөл байдлаа “...гүйцэтгэх захирал Монгол Улсад байгаагүй, БНХАУ-д эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, Монгол Улсад гүйцэтгэх захирлаар томилогдсон этгээд нь зуурдаар нас барсны улмаас компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах хүнгүй байсан, ...хариуцагчаас мэдэгдлийг буруу хаягаар хүргүүлсний улмаас манай зүгээс тусгай зөвшөөрлийг цуцлахаас өмнө энэ хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлийг тайлбарлах боломжийг олгоогүй” гэх зэргээр тайлбарлаж байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч уг бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг шууд цуцалсан нь учир дутагдалтай болжээ.

2.5. Маргаан бүхий актад баримталсан Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, мөн зүйлийн 34.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”, 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж тус тус заасан.

2.6. Тухайн тохиолдолд хэдийгээр нэхэмжлэгч нь жил бүрийн 10 дугаар сарын 18-ны өдрийн дотор тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч үүнээс хойш 30 хоног буюу 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор алдангийн хамт төлөх хуульд заасан боломжтойгоос гадна мөн уг хугацаанаас хойш 10 хоногийн дотор хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийг цуцлах талаар мэдэгдэл хүргүүлэх учиртай.

2.7. Гэтэл хариуцагчаас “А э о” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар дээрх хугацаанаас өмнө буюу 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10/**** дугаар албан бичгээр мэдэгдсэн гэх боловч ийнхүү мэдэгдэхдээ нэхэмжлэгч компанийн хаягийг зөрүүтэй хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газраас 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “А э о” ХХК-д, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 10-25 тоот хаягаар илгээсэн талаарх “М” ХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18/*** дугаар тодорхойлолт, мөн Ашигт малтмал, газрын тосны газраас 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо хаягаар илгээсэн байх боловч “Заасан хаяг дээр ийм хүн байхгүй” шалтгааны улмаас буцаасан нь “Монгол шуудан” ХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны 18/**** дугаар тодорхойлолтоор мэдэгдэл зохих ёсоор хүргэгдээгүй, буцаж ирсэн болох нь тогтоогдож байна.

2.8. Түүнчлэн Ашигт малтмал газрын тосны газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүхэд ирүүлсэн 10/*** дүгээр албан бичигт “...хуулийн этгээдийн тодорхойлолтод хууль ёсны хаягийг Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, гар утасны дугаарыг 88******, гүйцэтгэх захирлыг He гэж 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдөр бүртгэсэн, хуулийн этгээдийн тодорхойлолтод үүсгэн байгуулагч хувь нийлүүлэгчийн бүртгэлд ...Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, 10-25 тоот, утасны дугаарыг 887****, гар утас 99****** ... гэж 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэсэн...” гэснээс үзвэл захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид буруу хаягаар мэдэгдлийг хүргүүлсэн байх тул тухайн мэдэгдэл нь албан ёсоор “А э о” ХХК-д хүргэгдсэн гэж үзэх боломжгүй.

2.9. Үүнээс үзвэл, захиргааны байгууллага ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдлийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд эхний удаа буруу хаягаар хүргүүлсэн, харин цуцалсан шийдвэрийг хүргүүлсэн хаягт тус компани нь байхгүй гэсэн үндэслэлээр буцаалт хийгдсэн байгаа энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “...шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.5-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтай байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй ...тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж заасны дагуу бүхий л арга хэрэгслээр ажиллагаа хийж, тусгай зөвшөөрлийн эзэмшигчтэй холбогдох бүрэн боломж байсан төдийгүй тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэнээс хойш хуульд заасан 10 хоногийг хүлээлгүй 7 хоног өнгөрөнгүүт 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь учир дутагдалтай байна.

2.10. Дээрх үйл баримтуудаар болон “өдөр тутмын сонинд нийтлэх” ажиллагааг хийгээгүй зэргээс захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ” гэх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй.

2.11. Өөрөөр хэлбэл, хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуульд онцгойлон тусгасан тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашиглагчид мэдэгдэх ажиллагааг бүрэн хийгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл “Нөхцөл байдлыг тогтоох”, 26 дугаар зүйл “Оролцогчийг сонсох”, 27 дугаар зүйл “Сонсох ажиллагааг явуулах” зэрэг захиргааны шийдвэр гаргах ажиллагааг зөрчсөн нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай нийцээгүй байна.

2.12. Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “...“А э о” ХХК-ийн албан ёсны хаяг Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 96***** утасны дугаар бүртгэлтэй байхад мэдэгдлийг тус дүүргийн 4 дүгээр хороо, утасны дугаарыг 96***** гэж зөрүүтэй бичиж тухайн зөрүүтэй хаяг, утасны дугаараар мэдэгдлийг хүргүүлснийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх хуулийн заалтыг хариуцагчийг зохих ёсоор биелүүлсэн, мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй болно” гэх гомдол үндэслэлтэй.

2.13. Нөгөөтэйгүүр, Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2-3в/1*** дугаар албан бичгээр ирүүлсэн тодорхойлолтод “А э о” ХХК-ийн гүйцэтгэх захирал Z***** нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Монгол улсын хилээр орох, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гарах чиглэлд бүртгэгдсэн, Хятадын цагаачлалын удирдлагын газрын хилээр орж гарсан бүртгэлийн лавлагаанд 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хятад улсын хилээр гарсан, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хилээр орсон болох нь тогтоогдсон. Харин “А э о” ХХК-ийн гүйцэтгэх захирал Z-ийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Гүйцэтгэх захирлыг орлон гүйцэтгэх тухай” 01/** дугаар тушаалаар Ж.Баянмөнхөд компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой болон бусад бүх ажлыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл гүйцэтгэхийг хариуцуулж гүйцэтгэх захирлын эрх, үүргийг түр орлон гүйцэтгэх бүрэн эрхийг олгосон байх боловч Ж.Баянмөнх нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нас барсныг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр бүртгэсэн болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 9/3584 дугаар албан бичгээр ирүүлсэн нас барсны бүртгэлийн лавлагаагаар ирүүлжээ.

2.14. Мөн “А э о” ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр болох нийт 9,639,550.00 төгрөгийг Төрийн сангийн дансанд тушаасан болох нь хэрэгт авагдсан Ашигт малтмал газрын тосны газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10/*** дугаар албан бичгээр тогтоогдож байна.

2.15. Анхан шатны шүүх хэдийгээр маргааны үйл баримт, тухайн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэж, хавтаст хэрэгт цугларсан зөрүүтэй нотлох баримтуудын талаар үндэслэлтэй дүгнэсэн байх боловч дээрх 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага Z БНХАУ-д эрүүл мэндийн шалтгаантай байсан, гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь тухайн хугацаанд нас барсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн 14 дэх жилийн төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө төлөлгүй, хугацаа хэтрүүлж 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлсөн, мөн уг хугацаанаас өмнө тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх боломж гадаадын иргэний хувьд хязгаарлагдмал, анх өгсөн хаяг өөрчлөгдөөгүй байхад хариуцагч буруу хаяг руу мэдэгдэх хуудсыг хүргүүлснээс жилийн төлбөрийг төлөх хугацааг нарийн мэдээгүй зэрэг бодит нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.

2.16. Дээрхээс дүгнэн үзвэл, хариуцагч нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг болон тусгай зөвшөөрлийг цуцалсан маргаан бүхий актыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нэхэмжлэгчид хуульд заасан журмын дагуу гардуулаагүй, урьдчилан мэдэгдээгүй, оролцоог нь хангаагүй болох нь тогтоогдож байна.

2.17. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан мэдэгдэх хуудас нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй этгээдэд очсон, мэдэгдсэн бол тухайн жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх боломж үүсэхийг үгүйсгэхгүй.

Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 121.1, 121.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0207 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24, 26, 27, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “А э о” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн V-0****** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан *** дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА