Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00028

 

                                                                           

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин,

Улсын яллагч Ц.Идэрмөнх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул,

Шүүгдэгч Э.Лүнтэгсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийж,

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрдэнэчимэгийн Лүнтэгсүрэнд холбогдох Эрүүгийн 201614000572  дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                       Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

         1. Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын  12-09 тоотод оршин суудаг,  урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй,  хэрэг хариуцах чадвартай гэх Хорин хоёр овгийн Эрдэнэчимэгийн Лүнтэгсүрэн /ВМ 91021619/.

 

                                             Холбогдсон гэмт хэргийн талаар.

 

Шүүгдэгч Э.Лүнтэгсүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр  14 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт багийн Овоотын 10-07 тоотод оршин суух  В.Оюун-Эрдэний гэрт нэвтрэн орж гэрт байсан сейфийг нь онгойлгон дотроос нь монетон ээмэг, бөгж, гинж зэрэг эд зүйлийг хулгайлан 1 201 458 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд :

 

      1. Шүүгдэгч Э.Лүнтэгсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 11 дүгээр сарын 21-нд энэ айлаас эд зүйл авч ломбарданд тавьсан. Айлд ороход Энхмэнд гэдэг  охин нь байсан ба сейф нь түгжээтэй байсан бөгөөд толины урд түлхүүр байхаар нь онгойлгоод дотор нь байсан ээмэг бөгжийг Энхмэндийн нүдийг хариулж байгаад авсан. Охинд нь мэдэгдээгүй авсан. Эд зүйлийг мөнгөний хэрэг гараад авсан. Тэгээд 200 000 төгрөгөөр ломбарданд тавьсан. Миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.   

 

          2.  Хохирогч В.Оюун-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд  өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байсан сейфээ үзсэн чинь дотор нь байсан монетон эрэгтэй, эмэгтэй хуримын хос бөгж, эмэгтэй хүний монетон гинж, цагирган монетон ээмэг 1 хос, зүрхэн хэлбэртэй ээмэг 1 хос, монетон ээмэг 1 хос, улаан шигтгээтэй монетон ээмэг өрөөсөн тус бүр 1 ширхэг алдагдсан. Цагдаа дуудаж манай хашаанд байдаг айлын хүн болох Лүнтэгсүрэнг шалгуулсан. Лүнтэгсүрэн манай гэрээс сейфенд байсан ээмэг, бөгжийг авсан байсан. Энэ талаар эхнэр Мөнгөнчимэгээс мэдэж Лүнтэгсүрэнгээр өөрөөр нь мөнгийг нь гаргуулан Төгөл худалдааны төвийн доод талд байрлах ломбарданд тавьсан байсныг хамт очиж ээмэг, бөгжөө авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, алдагдсан бүх зүйлээ авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

 

              3. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

              4. Лэндс ХХК-ний шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн оц/4 дугаартай дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13,18 тал/,

 

            5. Насанд хүрээгүй гэрч Л.Энхмэндийн “ Лүнтэгсүрэн ахыг Анхболд ахын гэрт байсан сейфнээс ээмэг, бөгж авч байхыг би хараагүй, Лүнтэгсүрэн ах зарим үед манайд орж ирж сууж байгаад гардаг юм. Би Лүнтэгсүрэн ахад сейфен дотор байсан ээмэг, бөгжийг авч өгсөн асуудал байхгүй, сейфний түлхүүр хаана байдаг талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 тал/  

 

           6. Гэрч И.Мөнгөнчимэгийн “ Би Лүнтэгсүрэнг хулгай хийсэн талаар эхлээд мэдээгүй. Анхболдын эхнэр нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны үед манай гэрт хулгай орсон байна, танай нөхрийг авсан байх гэж бодож байна гэхээр нь та манай нөхрийг шалгуул гэж хэлсэн. Манай нөхөр Анхболдын гэрт байсан сейфен дотроос ээмэг, бөгж, гинж зэргийг авсан гэдгээ хүлээсэн байсан. Энэ талаараа надад сүүлд нь хэлсэн. Манай нөхөр хулгай хийсэн ээмэг бөгжөө Төгөл худалдааны төвийн 1 давхарын ломбарданд 200 000 төгрөгөөр тавьсан байснаа Оюун-Эрдэнэ эгчтэй хамт очиж авч өгсөн байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 тал/

           7. Гэрч Ж.Ойдовын .... “ Би Лүнтэгсүрэнг хулгай хийсэн талаар хулгайд эд зүйлээ алдсан хүнээс нь мэдсэн. Лүнтэгсүрэнгээс асуухад хажуу айлаасаа ээмэг, бөгж хулгай хийсэн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 талд/

 

           8. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.Лүнтэгсүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр  14 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт багийн Овоотын 10-07 тоотод оршин суух  В.Оюун-Эрдэний гэрт нэвтрэн орж гэрт байсан сейфийг нь онгойлгон дотроос нь  монетон ээмэг, бөгж, гинж зэрэг эд зүйлийг хулгайлан 1 201 458 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч В.Оюун-Эрдэний болон гэрч Л.Энхмэнд, Ж.Ойдов нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно.

 

Шүүгдэгч Э.Лүнтэгсүрэнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв түүнийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл ногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэргийг харгалзан түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Лүнтэгсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн  эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Хохирогч В.Оюун-Эрдэнэ нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь :

           1. Шүүгдэгч Хорин хоёр овгийн Эрдэнэчимэгийн Лүнтэгсүрэнг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Э.Лүнтэгсүрэнгийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Э.Лүнтэгсүрэнгийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

         4. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Лүнтэгсүрэн нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

          5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Э.Лүнтэгсүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар ялтан Э.Лүнтэгсүрэнд хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

         7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.