Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 104

 

Р.Га-т оногдуулсан хорих ялыг

дүйцүүлэн хасах эсэх тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 115 дугаар шүүгчийн захирамж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар магадлалтай оногдуулсан ялыг дүйцүүлэн хасах тухай материалыг ялтан Р.Га-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 231 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгүүлэн тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Мөн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 45 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ял,

Мөн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

Мөн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн Р.Га- нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 25 жил хорих ял шийтгүүлж, одоо уг ялаа эдэлж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ялтан Р.Га-ын биечлэн эдлэх хорих ялыг 11 жил 1 сар 3 хоногийн хугацаагаар тогтоож, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ялтан Р.Га-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд ялтан Р.Га- гаргасан гомдолдоо “...2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Эрүүгийн хуулиар надаас 11 жил хасагдсан. Нийт биеэр 10 жил 3 сар 8 хоног ял эдэлж, одоо 9 жил 8 сар 22 хоногийн ял үлдсэн. Гэтэл надаас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 2 жил, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 3 жил, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 1 жил, нийт 25 жилийн хорих ялаас 20 жил болж 5 жил хорих ял хасагдсан. Харин шинэчилсэн хуулийн найруулгаар надаас хасагдсан дээрх 6 жил хорих ялын хугацааг одоог хүртэл ялаас минь хасалгүй дутуу орхигдуулсан байгаа тул нөхөн олгоно уу” гэжээ.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгчийн захирамж, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шүүгчийн захирамж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хууль буцаан хэрэглэх үндэслэлийг, 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж ял оногдуулах нөхцөлийг тус тус тодорхойлон заажээ.

Энэ нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хүчин төгөлдөр болсон шүүхийн тогтоолоор оногдуулсан ял нь шинэ Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт зааснаар оногдуулах ялын хэмжээнээс их байвал шүүх ялыг шинэ хуульд заасан ялын хэмжээнд дүйцүүлэн хасч тооцох тухай ойлголт юм.

Ялтан Р.Га- нь Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт тус тус зааснаар цаазаар авах ял шийтгүүлж, Улсын дээд шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаар тогтоолоор 25 жил хорих ял болгон өөрчилсөн бөгөөд шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй уялдан түүнд оногдуулсан ялыг дүйцүүлэх хасах тухай асуудлыг анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн байна.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ял эдэлж байгаа ялтанд оногдуулсан ялыг шинэ хуульд нийцүүлэн хасах эсэх асуудлыг шийдвэрлэхэд хэргийн үйл баримтыг дахин шинээр тогтоох, шинээр хууль зүйн дүгнэлт өгөх асуудал хөндөгдөхгүй бөгөөд ялтны биечлэн эдэлсэн ялын тооцоог бодож тогтоох асуудал хамаарахгүй, гагцхүү тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ял шинэ хуулиар багассан тохиолдолд дүйцүүлэн хасдаг болно.

Гэтэл анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу оногдуулсан ялыг дүйцүүлэн хасах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Р.Га-т оногдуулсан хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн хасах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байтал ялтны биеэр эдэлсэн ялыг тооцож, эдлэх ялын хугацааг 11 жил 1 сар 3 хоног болгон тогтоож өөрт олгогдоогүй эрх эдэлснийг давж заалдах шатны шүүх засалгүй хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй байх тул зөвтгөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ялтан Р.Га-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т заасан гэмт хэрэг нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт хамаарах бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ арван хоёр жил, дээд хэмжээ нь хорин жил болж багассан нь хуулийг буцаан хэрэглэх үндэслэл болно.

Иймд шинэ Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор өмнөх Эрүүгийн хуулийн дагуу оногдуулсан ялыг дүйцүүлэн хасч ялтан Р.Га-ын эдлэх ялыг 20 жил хорих ялаар тогтоохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 115 дугаар шүүгчийн захирамж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар магадлалд “Дэнчиг овогт Рагчаагийн Ганбаатарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 20 жил хорих ял шийтгэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, ялтан Р.Га-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН