Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 232

 

             “Моодун хаан групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                   захиргааны хэргийн тухай

  

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдорж, С.Мяндасмаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0259 дүгээр магадлалтай, “Моодун хаан групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг баримтлан “Моодун хаан групп” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 140 дүгээр тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0259 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг "Хөшигийн хөндий” гэх газарт 12084.9 га газрыг тусгай хэрэгцээнд авч, 2016 оны 154 дүгээр тогтоолоор тусгай хэрэгцээний газрын хэмжээг өөрчлөхгүйгээр солбицлыг өөрчилсөн. Гэтэл уг тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулан Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга 2014 онд “Моодун хаан групп” ХХК-д 4 нэгж талбар бүхий, нийт 500 га газрыг үйлдвэр, үйлчилгээний цогцолбор, морин тойруулга, аялал жуулчлал, орон сууц, зочид буудлын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэн бүрэн эрхээ хэтрүүлсэн байдаг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоол болон уг тогтоолд өөрчлөлт оруулсан 2016 оны 154 дүгээр тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь заалтыг шүүх хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь мөн хуульд үл нийцнэ. Учир нь, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана”, 9.1.1-9.1.9 дэх заалтуудад тохиолдлуудыг дурдсан нь захиргааны шүүх хэрэглэж шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болохгүй гэдгийг уншиж чаддаг ямар ч хүн мөн зүйлийн хэсэг, заалтын бичвэрээс шууд ойлгохоор байна. Учир нь, эдгээр заалтуудыг зөвхөн захиргааны байгууллага, албан тушаалтан хэрэглэхээр хуульчилсан. Хууль зүйн практикт шүүхээс тэгнэ, ингэнэ гэсэн зүйл, хэсэг, заалтыг захиргааны байгууллага, албан тушаалтан үндэслэж, эсхүл хэрэглэж шийдвэр гаргадаггүйтэй адил шүүх зөвхөн өөрт хуулиар олгосон хэм хэмжээг хэрэглэж маргааныг шийдвэрлэдэг. Засгийн газрын тогтоол 2010 онд батлагдсан бол 2014 онд газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга олгосон байна. Цаг хугацааны хувьд 2010 он буюу Засгийн газрын тогтоол гарах үед, түүнчлэн хүчин төгөлдөр үйлчлээд 4 жил болох хугацаанд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хөндөх ч боломжгүй байв. Түүнчлэн захиргааны байгууллагын шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор дээд шатны захиргааны байгууллага, эсхүл шүүхэд, улмаар дээд шатны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах талаарх хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6-12 дугаар зүйлд заасныг тухайн тохиолдолд хэрэглэх боломжгүйг дурдах нь зүйтэй юм. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч 2014 онд газар эзэмших эрхтэй болох үед Засгийн газар болон холбогдох байгууллага, албан тушаалтан өмнө нь уг газрыг тусгай хэрэгцээнд авсан газрын талаар нэхэмжлэгчид мэдэгдэх үүрэггүй, түүнчлэн “Моодун хаан групп” ХХК Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй болох, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь заалтыг үндэслэн "нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл үүссэнийг" тогтоож шийдвэрлэх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэх байв. Дээр дурдсан үндэслэлүүд нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 12 дугаар зүйл, 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь заалтыг хэрэглэж шийдвэрлээгүй. Түүнчлэн анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн захиргааны байгууллагыг хэрэглэх зохицуулалтыг үндэслэл болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг үндэслэл болгож магадлал гаргасан ч ямар ч хуулийн зүйл, хэсэг заалтыг үндэслэн шийдвэрийг хэвээр үлдээснээ тогтоох хэсэгтээ огт дурдаагүй. Магадлалын хянавал хэсэгт “Түүнчлэн Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2016 оны 07/675 дугаар албан бичгээр Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолыг мэдээллийн санд оруулж баталгаажуулаагүй нь тогтоогдсон энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан эрх хэмжээний хүрээнд төсөл сонгон шалгаруулалтад тэнцсэн “Моодун хаан групп” ХХК-д газар эзэмшүүлсэн Засаг даргыг буруутгах боломжгүй" гэж дүгнэсэн нь маргааныг бодитойгоор судлаагүй нь илрэл гэж үзэж байна. Учир нь Засгийн газрын тогтоолын хуулбарыг хамаарах байгууллага, албан тушаалтанд тухай бүр хүргүүлдэг, түүний дагуу холбогдох байгууллага албан тушаалтан түүнийг хэрэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэх ёстой. Харин 140 дүгээр тогтоолыг хүргүүлсэн эсэхийг тодруулаагүй, Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь мэдээллийн санд оруулах үүргээ биелүүлээгүй байсныг хууль ёсны мэтээр, сумын Засаг дарга сонгон шалгаруулалт зарласан эсэхийг нотлох баримт байхгүй байхад зарлаж түүнд “Моодун хаан групп” ХХК тэнцсэн гэж хянасан нь давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулиа хэрэглээгүй гэдгийг тодорхой харуулж байна. Монгол Улсын Үндсэн Хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж, 4 дэх хэсэгт “Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, ...” гэж тус тус заасан. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасныг хэрэглээгүй байна. Учир нь, Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 217 дугаар тогтоолоор Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдах нисэх онгоцны буудлыг даган хөгжих шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, шинэ хотын инженерийн барилга, байгууламж барих бэлтгэл ажлыг хангаж, эхний ээлжинд дэд бүтцийг барьж байгуулах ажлыг зохион байгуулахыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд даалгасан бөгөөд баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ хотыг байгуулах, түүнийг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулагдаагүй, шинэ хотын инженерийн барилга, байгууламж барих бэлтгэл ажлыг хангаж, эхний ээлжинд дэд бүтцийг барьж байгуулах ажил бүрэн хийгдээгүй байхад нэхэмжлэгч “Моодун хаан” ХХК нь 2014 онд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээг Газрын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авсан эсэх, энэ нь хууль ёсны дагуу байсан эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай байгаа болно. Моодун хаан групп” ХХК нь нэхэмжилж буй улсын тусгай хэрэгцээний 500 га газрыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсоор төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар авснаа нотлоогүй байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0259 дүгээр магадлалд энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан эрх хэмжээний хүрээнд төсөл сонгон шалгаруулалтад тэнцсэн “Моодун хаан групп” ХХК-д газар эзэмшүүлсэнд Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргыг буруутгах боломжгүй ...” гэж хэрэгт нотлох баримт нь байхгүй, тодорхой бус эргэлзээтэй асуудлаар дүгнэлт хийж давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоол анх гарахдаа “Моодун хаан групп” ХХК-ийн 2014 онд газар эзэмшсэн эрхийг хөндөөгүй байсан бөгөөд Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоол Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтаар Засгийн газарт олгогдсон эрхийн дагуу буюу Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна: 16.1.13-т “үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар” гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 18.1.2. энэ хуулийн ... 16.1.13, ...-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх” гэж тус тус заасныг үндэслэж гарсан нь хууль ёсны арга хэмжээ байсан. Иймд, “Моодун хаан групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0259 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

                                                                                      ХЯНАВАЛ

Дараахь үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, “Моодун хаан групп” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай” 140 дүгээр тогтоолоор Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасныг үндэслэн Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын дэвсгэр нутагт орших 12084,9 га газрыг тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг тогтоосон байна.

Уг тогтоол гарах үед мөрдөгдөж байсан Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 18.1.2-т “энэ хуулийн 16.1.5, 16.1.8-д заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх” гэж, газрыг тусгай хэрэгцээнд авах төрийн гүйцэтгэх дээд байгууллагын эрх хэмжээг тогтоохдоо “шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбай; бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай” гэж тодорхойлжээ.

Гэтэл хариуцагч Газрын тухай хуульд тусгайлан заасан зориулалтаас өөрөөр буюу дэд бүтэц, бүтээн байгуулалт хийх, Олон улсын нисэх онгоцны буудал барих зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан нь Газрын тухай хуулийн 18.1.2-т заасантай нийцээгүй байна.

Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар 2010 оны 140 дүгээр тогтоолыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй боловч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 513 дугаар захирамжаар тус сумын Хөшигийн хөндийд байрлах 500 га газрыг эзэмших эрхтэй болсон “Моодун хаан групп” ХХК-иас өөрийнх нь эзэмших эрх үүсэхээс өмнө гарсан уул захиргааны актыг газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж гарсан гэж маргах, илт хууль бусад тооцох шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

Захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх, нэхэмжлэгчийн шаардах эрхийг шүүх зөв тодорхойлж чадаагүйгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн “Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 140 дүгээр тогтоолын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13-т “үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар” гэсэн заалтыг нэмж, 18 дугаар зүйлийн 18.1.2-т “энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх” гэж өөрчлөн найруулжээ.

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 18.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 154 дүгээр тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Хөшигийн хөндийн тусгай хэрэгцээнд авсан газрын солбицлыг өөрчилсөн байна.

Энэ үед “Моодун хаан групп” ХХК-д тус байршилд 500 га газар эзэмших эрх нэгэнт үүссэн, уг газрыг эзэмшүүлсэн Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 513 дугаар захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, хэргийн оролцогчид үгүйсгэж маргаагүй байна.

Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлд “гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах”, “бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрыг тусгай хэрэгцээнд авах, ашиглах” харилцааг тусгайлан зохицуулсан байхад хариуцагч нэгэнт үүссэн бусдын газар эзэмших, ашиглах харилцааг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэлгүйгээр тусгай хэрэгцээний газрын солбицлыг өөрчилсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Мөн хариуцагч “...газрын байршлын солбицлыг өөрчилсөнөөс үл хамааран нэхэмжлэгчид анхнаасаа улсын тусгай хэрэгцээний газартай давхцуулан хууль бусаар газар эзэмшүүлсэн” гэж маргах боловч Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоол эрх зүйн үйлчлэлгүй, биелэгдээгүй  буюу уул тогтоолоор тогтоосон тусгай хэрэгцээний газрын байршлын солбицол Газрын кадастрын нэгдсэн санд бүртгэгдээгүй байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд, “Моодун хаан групп” ХХК-ийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь зөв болжээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан “Моодун хаан групп” ХХК-ийн эзэмшил газрын байршлын зургаас үзэхэд нэхэмжлэгчийн 500 га газар Иргэний нисэхийн ерөнхий газрын “Онгоцны буудлын эдэлбэр”-ийн зориулалтаар эзэмших эрх бүхий 1200 га газартай хэсэгчлэн давхцалтай байх боловч үүнийг Засгийн газрын газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан захиргааны акттай холбоотой энэ маргааны хүрээнд хянах боломжгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0259 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 42 дугаар зүйл, 46 дугаар зүйл, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан “Моодун хаан групп” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын “тус компанийн эзэмших эрх бүхий газарт хамаарах” хэсгийг хүчингүй болгож,  нэхэмжлэлийн үлдэх “Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 140 дүгээр тогтоолын “Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд байрлах 12084,9 га газрыг тусгай хэрэгцээнд авсан” хэсэг болон тогтоолын хавсралтын 7 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ  

                                        ШҮҮГЧ                                                                   Х.БАТСҮРЭН