| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 182/2018/01558/И |
| Дугаар | 02231 |
| Огноо | 2019-11-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 02231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.С/РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “К ББСБ” ХХК/РД: /-д холбогдох,
Жирэмсний амралттай байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, хариуцагчийн өмгөөлөгч О.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Батгэрэлийн С миний бие 2009.09 сард “Кредит Монгол” ББСБ-д /“Кредит Монгол” ХХК-д/ 09/114 тоот тушаалаар теллер, 2010.05 сард “Кредит Монгол” ББСБ-д /“Кредит Монгол”ХХК-д/ 05/99 тоот тушаалаар нягтлан бодогч, 2012 онд 03/105 тоот тушаалаар зээлийн эдийн засагчаар тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байгаад 2012.12 сараас жирэмсэн болон амаржсаны амралтаа авсан. Жирэмсэний амралттай байх хугацаандаа дахин 2014.10.29 Хүү Б.Найдансүрэн 2016.10.22 Охин Б.Оюундарь төрж одоогоор 3 хүүхдээ гэртээ өсгөж хүмүүжүүлж байна.
Тус байгууллага нь МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 106-р зүйлийн 106.1-т зааснаар ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн 3 хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эх өөрөө хүсвэл хүүхэд асрах чөлөө олгох ,
МУ-ын НД-ын хуулийн 6-р зүйлийн 2, 16-р зүйлийн 1, 3, 5-д заасан хууль тогтоомжуудыг тус байгууллага нь зөрчиж хүүхэд асрах хугацааны 2016.09-2018.10 cap дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байгаа болно. Дээрхи хугацаанд: 2016 онд 59 904 төгрөг /2016.09-12 сар дуустал/, 2017 онд 230 400 төгрөг /2017.01-12 cap дуустал/, 2018 онд 216 000 төгрөг /2018.01-10 сар дуустал/, нийт 506 304 /Таван зуун зургаан мянга гучин хоёр/ төгрөг
Дээрх төлөгдөөгүй хугацаанд “КББСБ” ХХК-д удаа дараа мэдэгдсэн боловч шийдвэрлэж өгөөгүй тул харьяа Баянгол дүүргийн НД-ийн хяналтын байцаагчид хандсан боловч төлүүлж чадаагүй шүүхэд хандсан дээр гэсэн. /Миний бие Баянгол дүүргийн НД-ийн хяналтын байцаагчид өөрийн биеэр очиж уулзсан бичигээр хариу өгөөгүй болно/. Миний бие 2019.02 сард “КББСБ” ХХК-ийн бие төлөөлөгч Баясгалантай биечлэн уулзахад чамтай ижил асуудалтай хүмүүс шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тэдний шийдвэр хэрхэн гарахаас хамаарч асуудлыг шийдье гэсэн тайлбар өгсөн. Миний бие хэсэг хугацааны дараа дахин “КББСБ” ХХК-ийн бие төлөөлөгч Баясгалантай утсаар ярьсан боловч шийдэлд хүрч чадаагүй.
Ингээд 2019.03.25-ны өдөр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд өмнө хамт ажиллаж байсан өөртэйгөө ижил асуудалтай 4 хүнтэй нэхэмжлэл гаргасан ба 1 ажилтаны нэхэмжлэлийн дагуу шүүх хурал нь зарлагдаж, 3 хүний нэхэмжпэлийг хаяг тодорхойгүй үндэслэлээр захирамж гарсан.
Өмнө нь ЧД-ийн анхан шатны шүүхэд хамт ажиллаж байсан ажилтан маань “КББСБ” ХХК-ийн ЧД хаягаар шүүхэд хандахад тус байгууллага нь өөрсдөө хүсэлт гаргаж уг хаягаар мэдэгдэх хуудас хүлээн авахгүй СБД-т байдаг хаягаар нэхэмжлэл авна гэж хүсэлтэй бичиж өгсөн тул бид 3 СБД шүүхэд нэхэмжпэл гаргасан болно. Гэвч бидний мэдэгдэх хуудасыг хүлээн авахаас татгалзсан байна.
2019.04.30-нд шүүгчийн туслах холбогдож хариуцагчийн оршин байгаа газар тодорхойгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэрэг үүсгэх боломжгүй захирамж гарсан гэсэн. Миний бие, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын залгаа ягаан 6-н давхар байрны 5 давхарт 01 тоот хаягаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байна. Миний бие нь шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хамт явж болох болно.
2019.05.10-нд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан өргөдөл ойлгомжгүй тодорхойгүй гэж буцаагдсан. Иймээс дахин нэхэмжлэл гаргаж байна.
“КББСБ” ХХК нь татан буугдаагүй үйл ажиллагаа явагдаж байгаа ба ажлаас халагдсан тушаал гаргаагүй байгаа болно. Иймд тус байгууллагаар 2016.09-2018.10 caр дуустал жирэмсэний амралттай байх хугацааны нийгмийн даатгалыг төлүүлж өгч тусална уу.” гэв.
Хариуцагч “КББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “КББСБ” ХХК нь хотод 13 салбартай, орон нутагт 5 салбартай, нийт 160 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байсан. Тэгээд өмнөх захирлын буруутай үйл ажиллагаанаас үүдээд манай компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон. Одоо ганцхан охин теллерээр сууж компани үйл ажиллагаагаа явуулж байгаа. “КББСБ” ХХК-ийн нягтлан бодогч 2013 оны 09 дүгээр сар хүртэл нийгмийн даатгалын нөхөн бичилт, тайлан мэдээг гарган явж байгаад ажлаа хаяад яваад өгсөн байдаг. Одоо “КББСБ” ХХК-ийн дансанд хориг тавигдсан ба мөнгө гарган авах боломжгүй байгаа. Б.С нь “КББСБ” ХХК-д албан ёсоор хүүхдээ асрах талаарх хүсэлтээ гаргаж өгөөгүй байдаг. Иймээс нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагын талаар зөвлөлдөнө. Мөн манай компанид Б.Солонгийн адил хүмүүс байгаа ба нэхэмжлэлийн шаардлагыг хангах юм бол цаашид жишиг тогтох магадлалтай болоод байна.” гэв.
Хариуцагч “КББСБ” ХХК-ийн өмгөөлөгч О.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно гэж заасан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлэхдээ Б.С нь хүүхэд асрах талаар “КББСБ” ХХК-д албан ёсоор чөлөө авах хүсэлт гаргаагүй гэж хэлсэн. Иймээс ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа байхгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ажил олгогчийн буруутай үйлдлээс нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчдад учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан байдаг. Нэхэмжлэгч өөрөө эрх, үүргээ хэрэгжүүлээгүй учир ажил олгогчийг буруутгах боломжгүй. Б.С нь цаашид “КББСБ” ХХК-д ажиллах эсэх нь тодорхойгүй байсан. Хариуцагч “КББСБ” ХХК нь 2012-2016 он хүртэл Б.Солонгын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байдаг. Мөн 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 210 дугаар Засгийн газрын тогтоолын хавсралтын 2-т зааснаар хүүхдээ асрахаар тэтгэмжтэй чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг төлнө гэж заасан байдаг. Чөлөө авсан гэдэг нь нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргаснаар тодорхойлогддог. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.С хариуцагч “КББСБ” ХХК-д холбогдуулан 2016 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал, 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал, 2018 оны 01 дүгээр сараас 10 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хариуцагч “КББСБ” ХХК нь Б.С албан ёсоор хүүхдээ асрах талаарх хүсэлтээ гаргаж өгөөгүй байдаг
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчид нягтлан бодогчийн албан тушаалд ажилладаг болох нь № А000277429 нийгмийн даатгалын дэвтрийн болон № 0296002 Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсын хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өөлд овогт Батдэлгэрийн Нарантуяаг, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Өөлд овогт Батдэлгэрийн Найдансүрэнг, 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өөлд овогт Батдэлгэрийн Оюундарийг төрүүлсэн болох нь № 0000978559 304 Төрсний гэрчилгээний болон № 0000978560 Г-7667 Төрсний гэрчилгээний хуулбар, 0000336837 Төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-т “Эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно.” гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр жирэмсний амралт, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр амаржсаны амралт, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр жирэмсний амралт, 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр амаржсаны амралт олгосон болох нь 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн № 0296002 Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсын болон 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн № 0271263 Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсын хуулбар, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн № 0299071 Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсын болон 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн № 0409325 Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсын хуулбараар тогтоогдож байна.
Зохигчид 2012, 2014, 2016 онуудад хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид жирэмсний болон амаржсаны амралт олгосон болох нь 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн № 0296002 Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсын болон 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн № 0271263 Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсын хуулбар, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн № 0299071 Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсын болон 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн № 0409325 Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсын хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч нь албан ёсоор хүүхдээ асрах талаарх хүсэлтээ гаргаж өгөөгүй гэж маргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно ...” гэж заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгчид 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр амаржсаны амралт олгосон байх ба хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар баримт гаргаж өгөөгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө олгосон гэж үзнэ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нийгмийн даатгалд албан журмаар даатгуулсан болох нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байх ба хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Засгийн Газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар хүүхэд асрах чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг ажил олгогч байгууллага нь Засгийн Газраас тогтоосон тухайн үед мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс олгохоор заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгч хүүхэд асрах чөлөөтэй байгаа 2016 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал, 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал, 2018 оны 01 дүгээр сараас 10 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болох нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Засгийн Газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар хариуцагчид нэхэмжлэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 59 904/192000x7.8%=14976, 14976x4=59904/ /тавин есөн мянга есөн зуун дөрөв/ төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 224 640/240000x7.8%=18720, 18720x12=224640/ /хоёр зуун хорин дөрвөн мянга зургаан зуун дөч/ төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 187 200/240000x7.8%=18720, 18720x10=187200/ /нэг зуун наян долоон мянга хоёр зуу/ төгрөгийг Нийгмийн даатгалын санд нөхөн төлөхийг даалгах үндэслэлтэй.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “КББСБ” ХХК-д нэхэмжлэгч Б.Солонгын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 59 904/тавин есөн мянга есөн зуун дөрөв/ төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 224 640/хоёр зуун хорин дөрвөн мянга зургаан зуун дөч/ төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 187 200/нэг зуун наян долоон мянга хоёр зуу/ төгрөгийг Нийгмийн даатгалын санд нөхөн төлөхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “КББСБ” ХХК-д нэхэмжлэгч Б.Солонгын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 59 904/тавин есөн мянга есөн зуун дөрөв/ төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 224 640/хоёр зуун хорин дөрвөн мянга зургаан зуун дөч/ төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 187 200/нэг зуун наян долоон мянга хоёр зуу/ төгрөгийг Нийгмийн даатгалын санд нөхөн төлөхийг даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Солонгын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Б.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15 839.12 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгож, хариуцагч “КББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ