Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2019/00259

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2019/00259

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймгийн Сэргэлэн сумын 04 баг, Эрдэнэ-уул оршин суух, Манзушир овгийн И.О /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Засаг даргад холбогдох,

Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.О шүүх гаргасан нэхэмжлэлдээ ... “Миний бие нь 2015 оны 08 сарын 17-ны өдөр Сэргэлэн сумын дунд сургуулийн захирлаар томилогдсон. Хуульд заасны дагуу мэдүүлэг өгөхдөө өөрт бодитойгоор байгаа эд хөрөнгөө мэдүүлсэн. Гэтэл надад бодитойгоор байхгүй хөрөнгийн эрх улсын бүртгэлийн газраас гарч ирсэн болно. Бодитойгоор байдаггүй гэдэг нь:

Үйлчилгээний зориулалттай сууц нь тухайн үед эгч И.Төгсбаярын иргэний үнэмлэх байхгүй байсан учраас миний нэр дээр 2011 онд бүртгүүлээд гэрчилгээг нь эгч аваад уг обьектод үйл ажиллагаа явуулж байсан учир тухайн өдөр болсон үйл явдал мартагдсанаас бичээгүй байсан болно.

Гараашийн тухайд гэрчилгээг нь С.Згэдэг хүнд өгөөд наториатоор ороод захиран зарцуулах эрхийг нь өгсөн тул миний нэрээс хасагдсан эсэхийг нь мэдээгүй болно.

Автомашин зарсан орлого гэдэг нь автын осолд орж уг машиныг ашиглах боломжгүй болохоор нь худалдаж тэр мөнгөн дээрээ мөнгө нэмэн машин авсан. Энэ үйлдлийг мэдүүлсэн.

Дээрх зөрчлүүд нь намайг шууд буруутгахад сахилгын ноцтой зөрчил гэж үзэхгүй байна. Үүнээс гадна Б/26 тоот захирамжид дурдагдсан зөрчлүүдийг би тайлбарласан байтал миний тайлбарыг шалгаж үзэлгүйгээр хамгийн хүнд шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бага хүүхэд 07 сартай, нэг ой ч хүрээгүй байгаа болно. Иймд засаг даргын 2018 оны 08 сарын 08-ны өдрийн Б/26 тоот захирамжид өөрчлөлт оруулан ажлаас халахаас өөр шийтгэлээр өөрчлүүлж, ажилд эргүүлэн томилуулж өгнө үү” гэжээ./ХХ-1/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... “И.О нь Төв аймгийн Сэргэлэн сумын сургуулийн захирлаар 2015 онд томилогдсон. Төрийн албанд орохоос өмнө бий болсон эд хөрөнгөө мэдүүлээгүй төлөө ажлаас халсан нь хөдөлмөрийн хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 1 нас хүрээгүй нялх хүүхэдтэй, ямар нэгэн дутагдал гаргаж байгаагүй, авилга аваагүй, албан тушаалын гэмт хэрэг хийгээгүй байхад чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. 2017 оны 11 сард Авлигатай тэмцэх газраас бүрэн хэмжээний шалгалт хийсэн боловч энэ зөрчлийг илрүүлээгүй харин иргэний гаргасан өргөдлийн дагуу шалгаж, зөрчил илэрсэн гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй байна. Нэр бүхий 3 хөрөнгийг мэдүүлээгүй нь үнэн гэхдээ эдгээр хөрөнгүүд нь төрийн албанд орохоос өмнө бий болсон хөрөнгө юм. Авилгатай тэмцэх газрын удаа дараагийн шахалтаар ажлаас халсан гэдэг, ажлаас халахаас өөр шийтгэлийг хүлээн зөвшөөрөх байсан. Мөн мэдүүлээгүй гэх 3 хөрөнгийн үнийн дүнг тодорхойгүй байхад ажлаас халсанд гомдолтой байна. Аймгийн засаг даргын захирамж өөрчлөлт оруулж, ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна.

Засаг даргын 2018 оны 08 сарын 08-ны өдрийн захирамжаар И.Отгон-Эрдэнэд сахилгын шийтгэл ногдуулахдаа хөрөнгө, орлогыг мэдүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь АТГ-ын хяналт шалгалтаар нотлогдсон гэсэн захирамжийг хүчингүй болгож, Сэргэлэн сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү” гэв.

Хариуцагч Төв аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... “И.О нь 2015 онд Төв аймгийн Сэргэлэн сумын сургуулийн захирлаар томилогдон ажилласнаас хойш сүүлийн 3 жилийн хугацаанд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлэхдээ өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ удаа дараа зөрчиж албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж, өөрийн өмчлөлийн нэр дээрх үйлчилгээний зориулалттай сууц, Сэргэлэн суманд байршилтай граж, гэр бүлийн гишүүний нэр дээрх тээврийн хэрэгслийг огт мэдүүлэлгүй, хууль зөрчсөн талаар Авлигатай тэмцэх газраас аймгийн Засаг дарга миний нэр дээр 2018 оны 07 сарын 21-ний өдрийн 05/6261 тоот “Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах туxай” албан бичгийг ирүүлсэн болно. Тус албан бичигт дурдсан И.Отгон-Эрдэний гаргасан дээрх зөрчил нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухаи хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т: “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхолын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй”, 23.3-т: “Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үурэгтэй” гэж тус тус заажээ.

Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь заалтанд “Авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үүргээ биелүүлээгүй, албан тушаалтанд эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл хүлээлгэнэ”, Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4 дахь заалтанд” “...нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогийг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүи, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах ...” гэж тус тус заасны дагуу И.Оттон-Эрдэний хууль зөрчсөн буруутай үйлдэлд нь аймгийн засаг даргын 2018 оиы 08 сарын 08-ны өдрийн 6/26 тоот захирамжаар Авлигын эсрэг хуулийн 13.8.4 дахь заалтын дагуу ажлаас халах арга хэмжээ авсан болно.

И.Отгон-Эрдэнийг ажлаас халах захирамж гаргахын өмнө 2018 оны 08 сарын 07-ны өдөр И.Отгон-Эрдэнэтэй утсаар холбогдон дуудан ирүүлж, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн өрөөнд Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн 2018 оны 07 сарын 21-ний өдрийн 05/6261 тоот “Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай” албан бичиг болон ажлаас халах хариуцлага хүлээлгэх талаар танилцуулж, асуулт хариулт, тайлбарыг бичгээр баримтжуулж авсан болно.

И.О нь 2018 оны 08 сарын 07-ны өдөр амаар өгсөн тайлбартаа ... “Сонгинохайрхаи дүүргийн 13-р хороонд байрлалтай үйлчилгээний зориулалттай байр, Сэргэлэн сумын 4-р багт байршилтай гражийг 2015 оноос 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй нь үнэн болно”, “....Сэргэлэн суманд амьдардаг нөхрийн найз С.Знь 2014 онд сум хөгжүүлэх сангаас зээл авах зорилгоор тухайн авто гражийг улсын бүртгэлд бүртгүүлж, банкинд барьцаа хөрөнгө болгон тавьсан. Би итгэмжлэлээр авто гражаа С.Зоригтбаатарт шилжүүлсэн. Тухайн үедээ С.Зоригтбаатрын нэр дээр байгаа гэж бодоод хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй... гэх зэрэг тайлбар өгсөн нь төрийн удирдах албан тушаалтны хувьд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ мэдвэл зохих хууль тогтоомжийг уншиж судлан, мэдлэг мэдээлэлтэй байх, хууль хэрэгжүүлэх, хууль зөрчихгүй байх талаар албан үүрэгтээ хариуцлагагүй хандсаныг илтгэж байна гэж үзэж баина.

Албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авах, үнэн зөв эсэхийг шалгаж тогтоох үүрэг нь Авлигийн эсрэг хуульд зааснаар зөвхөн Авлигатай тэмцэх газарт байдаг тул аймгийн Засаг дарга Авлиагатай тэмцэх газрын шалгаж тогтоосон, үүрэгжүүлсэн албан бичгийн дагуу хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хууль хэрэгжүүлж, И.Отгон-Эрдэнийг ажлаас халах шийдвэр гаргасан тул захирамжийг өөрчлөх, хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд И.Отгон-Эрдэнийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ариунзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... “Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасны дагуу иргэний гаргасан гомдлын дагуу И.Отгон-Эрдэнийн хөрөнгө орлогын мэдүүлэг дээр нарийвчилсан шалгалт явуулж, илэрсэн зөрчилд хариуцлагын арга хэмжээ авхуулахаар Төв аймгийн Засаг даргын нэр дээр албан бичиг ирсэн. Үүний дагуу И.Отгон-Эрдэнээс холбогдох тайлбарыг авсан. Албан тушаалтан 30 хоногийн дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө орлогыг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй, энэ нь албан тушаалд томилогдохоос өмнө байна уу хойно байх нь хамааралгүй юм. Гэтэл 2 обьект, олсон орлогыг мэдүүлээгүй нь ажлаас халах үндэслэл болсон. Өөрөө үүнийгээ зөвшөөрч тайлбараа бичиж өгсөн байдаг. Энэ 2 хөрөнгийг үнэлүүлээгүй боловч сануулах, цалингийн хувь бууруулах арга хэмжээ ногдуулах боломжгүй гэж үзсэн. И.Отгон-Эрдэнийн гаргасан зөрчил нь Авлигын эсрэг хуулиар зохицуулагдах зөрчил тул Хөдөлмөрийн хуулийг баримтлах шаардлагагүй юм. Иймд ажлаас халсан аймгийн Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.О хариуцагч Төв аймгийн Засаг даргад холбогдуулан Засаг даргын 2018 оны 08 сарын 08-ны өдрийн Б/26 тоот захирамжид өөрчлөлт оруулан, ажилд эгүүлэн  томилуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй бөгөөд байгууллага албан тушаалтаны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болох юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр ...Засаг даргын Б/26 тоот захирамжийг  хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох” гэж шаардлагаа тодруулж, дэмжиж оролцсон болно.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо... И.О бага насны хүүхэдтэй, мэдүүлээгүй гэх хөрөнгө, орлого нь цалингийн хэмжээнд  тэнцэх эсэх нь тодорхойгүй байхад ажлаас чөлөөлах сахилгын шийтгэл ногдуулах захирамж үндэслэлгүй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ... АТГ-аас хариуцлага тооцуулахаар ирүүлсэн албан тоотын дагуу ажлаас чөлөөлсөн, хөрөнгийн үнэлгээг  гаргаагүй нь үнэн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

Төв аймгийн Засаг даргын 2015 оны 09 сарын 17-ны өдрийн Б/37 тоот захирамжаар И.Отгон-Эрдэнийг Сэргэлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилж, ажил олгогч буюу Төв аймгийн Засаг дарга болон ажилтан И.О нар нь 2015 оны 08 сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна.

Авлигатай Тэмцэх газрын 2018 оны 07 сарын 24-ний өдрийн 05/6261 дугаартай бичгээр Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалд хандаж ...Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийн захирал И.О нь 2010 оны 12 сарын 09-ний өдрөөс өмчилж байгаа улсын бүртгэлийн Ү-2201009661 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 9/1 байрны 0 тоотын үйлчилгээний зориулалт бүхий сууцыг, 2014 оны 12 сарын 01-ний өдрөөс өмчилж байгаа улсын бүртгэлийн Ү1419000143 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг /Эрдэнэ уул/-т байршилтай гаражийг тус тус мэдүүлгийн Орон сууц, барилга байгууламж” хэсэгт, мөн нөхөр Ц.Батцэнгэлийн өмчлөлийн 3474 ТӨА улсын дугаартай тоёота королла маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулсныг мэдүүлгийн “Орлого” хэсэгт мэдүүлээгүй нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дах хэсгийг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Иймд И.О гаргасан дээрх зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-т заасныг үндэслэн хариуцлага тооцуулахаар байх тул холбогдох арга хэмжээг авч мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу хариуг 2018 оны 08 сарын 08-ны дотор ирүүлнэ үү гэжээ.

Улмаар Төв аймгийн Засаг дарга 2018 оны 08 сарын 08-ны өдрийн Б/26 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжаар... Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.8, 13 дугаар зүйлийн 13.8.4 –д заасныг баримталж ...И.О сүүлийн 3 жилийн хугацааны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлэхдээ өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ удаа дараа зөрчиж, албан үүрэнтээ хариуцлагагүй хандаж, өөрийн өмчлөлийн нэр дээрх үйлчилгээний зориулалтай сууц, Сэргэлэн суманд байршилтай граж, гэр бүлийн гишүүний нэр дээрх тээврийн хэрэгслийг огт мэдүүлээгүй зөрчил нь Авлигатай тэмцэх газраас хийсэн хяналт шалгалтаар нотлогдож байх тул Сэргэлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байх бөгөөд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй байна.

Авлигатай тэмцэх газрын 05/6261 дугаартай албан бичигт И.Отгон-Эрдэнийг 2010 оноос өмчилж байгаа сууц, 2014 оноос өмчилж байгаа гараж “ Орон сууц, барилга байгууламж хэсэгт” , нөхөр Батцэнгэлийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулсаныг “орлого” хэсэгт мэдүүлээгүй нь хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дах хэсгийг зөрчсөн гэж үзжээ.

Харин дээрх хөрөнгө нь нэхэмжлэгч И.ОтгонЭрдэнийн нэр дээр бүртгэлтэй эсэх, гэр бүлийн гишүүн Ц.Батцэнгэлийн эзэмшлийн хөрөнгө мөн эсэх, ямар хэмжээний орлого олсон эсэх, дээрх хөрөнгө, орлогыг хэзээнээс эхэлж мэдүүлээгүй болон огт мэдүүлээгүй гэх байдлыг нотолсон талаарх баримтуудыг Авлигатай тэмцэх газар болон ажил олгогч нь тодорхойлоогүй бөгөөд түүний гаргасан зөрчил нь Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-д заасан зөрчил мөн эсэхийг нотлоогүй байна.

И.Отгон-эрдэнийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээс үзэхэд түүний нэг жилийн цалин хөлс бичигдсэн байгаа ба хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлээгүй гэх хөрөнгө, орлого нь нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээтэй эсэх нь тодорхойгүй бөгөөд Авлигатай тэмцэх газар болон ажил олгогч нь энэ талаар шалгаж тогтоогоогүй байна.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4т заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гэдэгт 3.2.2-т авлига ашиг сонирхлын зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэжээ.

Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй гэж заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд эрх бүхий байгууллага нь хэдийгээр хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй гэдгийг тогтоох боловч тухайн зөрчилд тооцуулах арга хэмжээг тухайлан заасан шаардлага гаргахгүй гэж үзнэ.

Харин шаардлага хүлээн авсан байгууллага, албан тушаалтан зөрчил гаргасан албан тушаалтаны зөрчлийн хэр хэмжээ, түүний шалтгаан нөхцлийг тогтоож, холбогдох баримтын үндэслэн хуульд заасан хариуцлага тооцох нь зүйтэй байжээ. 

Иймд Авлигатай тэмцэх газрын 05/6261 дугаартай албан бичгээр шаардсан    Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-т заасан үндэслэлээр И.Отгон-Эрдэнийг ажлаас чөлөөлсөн Төв аймгийн Засаг даргын 2018 оны 08 сарын 08-ны өдрийн Б/26 тоот захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Ажил олгогчийн дээрх захирамж нь хууль зүйн үндэслэлгүй боловч уг захирамжаар ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож байгаа тул тухайн захирамжийг заавал хүчингүй болгох шаардлагагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч И.Отгон-Эрдэнийг Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангаас буцаан олгож, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар  хариуцагч Төв аймгийн Засаг даргаас  улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  Б.ЦОЛМОН