Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
Хэргийн индекс | 151/2019/00045/И |
Дугаар | 151/ШШ2019/00524 |
Огноо | 2019-05-02 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 151/ШШ2019/00524
019 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 151/ШШ2019/00524 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмон даргалж, шүүгч Д.Алтантуул, шүүгч Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Эрдэнэсант сумын 01 баг, Баян-Уулд оршин суух, Баян-Уул овгийн Дэндэвийн Батдорж /НФ39031610/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын 01 баг, Номт, өөрийн байр, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс /9061258/-д холбогдох
1966, 1967, 1968 онд ажилласан жилийг дутуу тооцсноос учирсан хохирол 3 347 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч Л.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Миний бие нь 1939 онд төрсөн, одоо 79 настай, Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул Амьдрал нэгдэлд 1958 оны 07 сард ажилд ороод 1965 онд цэргийн албанд явсан. Цэргийн албанаас эрүүл мэндийн шалтгаанаар 1967 онд халагдаж ирсэн. Цэргээс ирээд 1966 оноос 1993 оныг дуустал Саруул Амьдрал нэгдэлдээ тасралтгүй ажиллаж байгаад 1994 онд тэтгэвэр 55 насандаа тэтгэвэр тогтоолгосон.
Тухайн үед манай сумын нийгмийн даатгалын байцаагч Норовоо, Шийрэв гэж хүн байсан. Би улсад 35 жил ажилласан бөгөөд өндөр насны тэтгэврийг 35 жилээр тогтоолгох хүсэлт гаргахад 32 жилээр тогтоосон байдаг, үүнийг асуухад баяр ёслол амралтын өдрүүдийг хасаж тооцсон гэдэг.
2017 онд манай суманд тэтгэврийн байцаагч нар ирж ажиллах үеэр тэтгэвэр тогтоосон ажилласан жилээ шалгуулахад миний 35 жил ажилласан жилээс цэрэгт явсан халагдсан 1966 он, цэргээс ирээд ажилласан 1967, 1968 оны ажилласан жилийг хасаж тооцсоныг мэдсэн юм. Тэгээд хүсэлт гаргаад хассан 3 жилээ 2017 оны 03дугаар сараас нэмүүлсэн.
Би улсад тасралтгүй 35 жил ажилласан байхад 3 жилийг үндэслэлгүйгээр хасаж, 23 жилийн хугацаанд тэтгэврийг дутуу олгож намайг хохироож байсан байна. Энэхүү 23 жилийн хугацаанд дутуу бодсон 3 жилийн тэтгэврийн 2017 оны 03 сард нэмж оруулсан боловч 1944 оноос 2017 он хүртэл хугацаанд авах байсан тэтгэврийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Ерөнхий газар нөхөж өгөхгүй гэсэн. Харин ч миний хөдөлмөрийн дэвтэрт байсан тушаалыг сүүлд нөхөж өгсөн гэж ор үндэсгүй тайлбар өгсөн.
23 жилийн хугацаа нь 277 сар болж байгаа бөгөөд сар тутмаар өөрөө тооцож үзэхэд 1 сарын 11747 төгрөг, 23 жилийн туршид аваагүй тэтгэврээ бодож үзэхэд 3 347 000 төгрөгийн хохирол учирсан гэж би бодож байна. Тухайн үеийн төрийн байгууллагад ажиллаж байсан албан тушаалтаны буруутай үйл ажиллагаанаас иргэн надад хохирол учирсан тул хохирлыг минь Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан.
Хохирлыг мэргэжлийн байгууллага нь 2 151 464 төгрөг гэж дүгнэлт гаргасан, энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс миний 23 жилийн хугацаанд аваагүй тэтгэврийн зөрүү 2 151 464 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Төв айммгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Монгол улсын Их хурлаас 2012 оны 09 сарын 04-ний өдөр Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 2015 оны 08 сарын 28-ны өдөр тэтгэвэр авагч Д.Б өргөдөл, хүсэлтээ гарган, 1994-1997 оны 3 жилийг нөхөн тооцуулж, 2016 оны 01сарын 01-ний өдрөөс сард олгох тэтгэвэр дээр 11 744 төгрөг нэмэгдэж, сард олгох тэтгэвэр 241 744 төгрөг болж нэмэгдсэн. Мөн Монгол улсын Засгийн газрын Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 2016 оны 05 сарын 31-ний өдрийн 292 дугаар тогтоолоор 2016 оны 06 сарын 01-ний өдрөөс 21 000 төгрөгрөөр нэмэгдэж, сард олгох тэтгэврийн хэмжээг 262 744 төгрөг болж нэмэгдсэн байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/319 тоот Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян зохион байгуулах тушаал, ЭМНДЕГ-ын даргын 2017 оны 01 сарын 10-ны өдрийн А/11 тоот тушаалаар баталсан Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аяныг зохион байгуулах ажлын зааварын дагуу Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авч байгаа аймгийн нийт тэтгэвэр авагчдыг хамруулан ЭМНДЕГ-ын Хяналт, шалгалтын газар болон хэлтсээс томилогдсон ажлын хэсгийнхэн тэтгэвэр авагчдын хувийн хэрэг болон мэдээллийн бааз дээр шалгах ажлыг зохион байгуулсан. Уг аяны хүрээнд тэтгэвэр авагч Д.Б нь Эрдэнэсант сумын нийгмийн даатгалын байцаагч Ж.Нандинцэцэгт 2017 оны 03 сарын 13-ны өдөр тэтгэврийн тогтоолт, нэмэгдэл, олголт зэргийг шалгуулах өргөдөл гарган, 2017 оны 03 сарын 14-ний өдөр цэргийн лавлагаа, тушаалын хуулбарыг сумын нийгмийн даатгалын байцаагчид өгч, анх тогтоогдсон тэтгэврийн дундаж цалин 260 982 төгрөгөөс 5 жилийн нэмэгдэл бодох хувь 7,5 хувиар бодоход тэтгэвэр 260 982*7,5 хувь=19 573 төгрөгөөр 2017 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдэж 262 744+195 73=282 317 төгрөг болсон байна.
Мөн Монгол улсын Засгийн газрын "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" 2018 оны 01 сарын 19-ний өдрийн 16-р тогтоолоор тэтгэвэр авагч Д.Б сард олгох тэтгэвэр 27 000 төгрөг нэмэгдэж, одоо сард 309 317 төгрөгийн тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас авч байна. Энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т "Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн хэмжээг өөрчлөх асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд өргөдлийг тухайн сарын 15-наас өмнө хүлээж авсан бол мөн сарын 1-нээс, тухайн сарын 15-наас хойш хүлээж авсан бол дараа сарын 1-нээс тус тус эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно" гэж заасны дагуу тэтгэврийн нэмэгдлийг хуулийн дагуу олгосон байна.
Мөн тэтгэвэр авагч Д.Б нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, "Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам"-ын 3.1, 3.1.1-д 3.1.2-д заасны дагуу тэтгэвэр тогтоож, өөрчлөхөд шаардлагатай материалуудыг бүрдүүлж өгөх үүрэгтэй болно.
Үүний дараа тэтгэвэр авагч Д.Б нь 2017 оны 06 сарын 12-ны өдөр Аймгийн ЭМНДХ-ийн тэтгэврийн байцаагч М.Баярцэцэгтэй өөрийн биеэр ирж уулзан зөвлөгөө авсан боловч дахин тэтгэврийн хувийн хэргээ шалгуулах өргөдөл өгсөн. Өргөдлийн дагуу тэтгэврийн хувийн хэрэг, материалыг сумаас авчирч аймгийн ЭМНДХ-ийн хяналтын улсын байцаагч Н.Оюун-Эрдэнэ шалгаж, "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль"-ийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу материал бүрдүүлсэн өдрөөс тэтгэврийг өөрчлөн тогтоож, нэмэгдлийг хийсэн байх тул тэтгэврийн зөрүүг нөхөн олгох боломжгүй гэсэн хариуг 2017 оны 06 сарын 29-ны өдрийн 181 тоот албан бичгээр өгсөн.
Тэтгэвэр авагч Д.Батдоржид нийгмийн даатгалын байцаагч нар шат дараалан удаа дараа тайлбар өгсөн боловч дахин ЭМНДЕГ-т хандаж өргөдөл гаргасан. ЭМНДЕГ-ын Хяналт, шалгалтын газрын 2017 оны 11 сарын 02-ны өдрийн 6/246 тоот албан бичигт "Таны тус газарт ирүүлсэн өргөдлийн дагуу 357340 дугаартай өндөр насны тэтгэврийн хувийн хэргийг нягтлан шалгалаа. Тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлсэн баримт бичгийн бүрдлийг "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль"-ийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь заалтын дагуу шалгахад 1959 оны 03 сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт хуудас нэмж оруулсан, бичвэр нь засвартай, тэдгээрийг нотлох архивын лавлагаа тушаалын хуулбар байхгүйгээс ажилласан жил дутуу тооцогдсон байна.
Иймд 1994 оноос хойшхи хугацаанд ажилласан жилийн нэмэгдэл бодож, тэтгэврийн зөрүүг нөхөн олгох боломжгүй болно" гэсэн хариуг өгсөн.
Мөн Төв аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 сарын 18-ны өдрийн 151/Ш32018/01252 тоот захирамжаар иргэн Д.Б нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болно. Иймд 1994 онд тэтгэвэр тогтоох үйл ажиллагаа нь аймгийн АДХГЗ-ны дэргэдэх улсын тэтгэвэр тогтоох орон тооны бус байнгын комиссын хурлаар орж, тогтоол гардаг байсан бөгөөд комиссын 5 гишүүний оролцоотой шийдвэрлэж тогтоолд гарын үсэг зурсан байна. Уг тогтоолд тэтгэвэр авагч Д.Б ажилласан жилийн 32 жилээр тооцож, 55 настайд нь өндөр насны тэтгэврийг тогтоож, олгосон байна.
Хөдөлмөрийн дэвтэрт хуудас оруулсан, бичвэр завсартай лавлагаа, тушаалын хуулбар зэрэг нотлох баримт тэтгэврийн хувийн хэрэгт байхгүй байгааг дахин бүрдүүлж өгсөн тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 28 дугаар зүйлийн 28.2, Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам"-ын 3.1, 3.1.1-д 3.1.2-д заасны дагуу тэтгэврийн зөрүүг нөхөн олгох боломжгүй болно.
Шинжээчийн дүгнэлтээр 1994-2016 хүртэл хугацааны зөрүү 2 151 464 төгрөг гэж гарсан байна. Энэ дүгнэлттэй маргаад байх зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгчийн 357340 тоот тэтгэврийн хувийн хэргийг эх хувиар, зохигч талуудын тайлбар зэргийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б хариуцагч Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан 1966, 1967, 1968 онд ажилласан жилийг дутуу тооцсноос учирсан хохирол 3 347 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Тэтгэврийн 357340 тоот хувийн хэрэг болон хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичгийн бүрдэл хэсгийг нэрлэн заасан бөгөөд хуулийн 25 дугаар зүйлийн 1-ийн 2 дах хэсэгт ... даатгуулагч 1995 оноос өмнө ажил эрхэлж байсан бол хөдөлмөрийн дэвтэр гэсний дагуу Д.Б нь 1993 оны 12 сарын 24-нд Төв аймгийн Эрдэнэсант сумын Нийгэм хангамжийн байцаагчид 35 жил ажиллаж, 55 нас хүрсэн тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг гаргаж, хөдөлмөрийн дэвтрээ эх хувиар өгсөн байна.
Уг хөдөлмөрийн дэвтэр нь 1958 оны 07 сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 сарын 30-ны хүртэл хугацаанд ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалуудын бичилттэй байна.
Хүсэлтийг Төв аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дэргэдэх улсын тэтгэвэр тогтоох орон тооны бус байнгын комисс хянаад 1994 оны 01 сарын 30-ны өдрийн 306 тоот тогтоолоор 55 нас хүрсэн, 32 жил ажилласан гэж үзэж 1993 оны 12 сарын 31-нээс 772 төгрөгийн тэтгэвэр олгохоор тогтоожээ.
Нэхэмжлэгч нь 2017 оны 03 сард сумын нийгмийн даатгалын байцаагчид тэтгэврийн тогтоолт, нэмэгдэл, олголт зэргийг шалгуулах хүсэлт гаргаснаар түүний ажилласан жилээс дутуу тооцсон жилүүд болох 1966, 1967, 1968 онуудын ажилласан жилүүдийн нэмэгдлийг 2017 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож олгож эхэлжээ.
Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолтын хуудаст бичигдсэн 1965 оны 06 сарын 03-ны өдрөөс 1966 оны 03 сарын 14-ний хоорондох 09 сар 10 өдөр, 1996 оны 05 сарын 24-ний өдрөөс 1968 оны 08 сарын 21-ний хүртэл 02 жил 02 сар 29 өдөр хүртэл ажиллаж байсан хугацааг Батлан хамгаалахын төв архивын 000003396 тоот лавлагаа, Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-амьдрал нэгдлийн ерөнхий хорооны 1966 оны 05 сарын 25-ны өдрийн 38 тоот, 1967 оны 04 сарын 21-ний 44 тоот, 1968 оны 08 сарын 21-ний өдрийн 64 тоот Ажилд томилох тухай тогтоол, тушаалуудыг үндэслэн тэтгэврийг нь нэмж тогтоосон байна.
Д.Б нь дээрх дутуу тооцож олгосон жилүүдийн тэтгэврийн зөрүү нөхөн гаргуулахаар Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс мөн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газарт хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй талаар бичгээр хариу өгсөн бөгөөд тухайн хэргийг Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 18-ний өдрийн 151/ШЗ2018/01252 тоот захирамжаар хэрэгсэхгүй болгож, түүний нэхэмжлэлийг Төв дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзсан зэрэг нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлсэн байх тул түүний зөрчигдсөн эрхийг сэргээж, учирсан хохирлыг арилгах замаар иргэний эрхийг хамгаалах нь зүйтэй гэж үзлээ. /хх18-19/
Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ тайлбарлахдаа ... тэтгэвэр авагч нь шаардлагатай баримтуудыг бүрдүүлж өгөх үүрэгтэй, тэтгэврийн хэмжээг өөрчлөх өргөдөл, холбоглох баримтыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ, өргөдлийг хүлээн авсан өдрөөс нэмэгдлийг тооцож олгоно гэж хуульд заасан. Д.Б хөдөлмөрийн дэвтэрт хуудас нэмж оруулсан, бичвэр засвартай, архивын лавлагаа тушаалын хуулбар байхгүйгээс ажилласан жил дутуу тооцогдсон гэжээ.
Д.Б хувийн хэрэгт авагдсан 1965 оны 06 сарын 03-ны өдрөөс 1966 оны 03 сарын 14-ний өдөр хүртэл, 1966 оны 05 сарын 24-ний өдрөөс 1968 оны 08 сарын 21-ний өдөр хүртэл нийт 3 жил ажилласан байдлыг нотлох архивын лавлагаа болон тушаалын хуулбарууд нь төрийн байгууллагуудад хадгалагдаж байсан бөгөөд эрх бүхий албан тушаалтнууд гаргуулан авах бүрэн боломжтой байхаас гадна, тухайн байгууллага нь тэтгэвэр тогтоологчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчим баримтлан ажиллах үүрэгтэй байна.
Дээрх үйл баримт болон хариуцагчийн татгалзлаас дүгнэхэд хариуцагч нь Д.Б 1965 оны 06 сарын 03-ны өдрөөс 1966 оны 03 сарын 14-ны өдөр, 1966 оны 05 сарын 24-ний өдрөөс 1968 оны 08 сарын 21-ний хүртэл нийт 3 жилийн хугацааны ажилласан жилийн тэтгэврийг 1993 оны 12 сарын 31-ний өдрөөс 2017 оны 03 сарын 13-ны хүртэл хугацаанд дутуу олгосон болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д ...ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажилуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заажээ.
Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулж, үйлчилгээг сайжруулах чиг үүрэгтэй бөгөөд 1993 онд буюу нэхэмжлэгчийн хүсэлт гаргах үед энэхүү үүргийг Төв аймгийн АДХ гүйцэтгэх захиргааны дэргэдэх улсын тэтгэвэр тогтоох орон тооны бус байнгын комисс хэрэгжүүлж байсан гэж үзэхээр байна.
Төв аймгийн АДХ гүйцэтгэх захиргааны дэргэдэх улсын тэтгэвэр тогтоох орон тооны бус байнгын комисс буюу нэхэмжлэгч Д.Б хүсэлтийг хүлээн авсан тэтгэврийн байцаагчаар ажиллаж байсан Норовоо, Шийрэв гэх албан тушаалтанууд дээрх чиг үүргээ хэрэгжүүлэхдээ түүний 35 жил ажилласан байдлыг 32 жил ажилласан гэж 1966 оноос 1968 оны хоорондох хугацааг дутуу тооцсон үйлдлээс учирсан хохирол болох 1993 оны 12 сарын 31-ний өдрөөс 2017 оны 03 сарын 01-ний хүртэл хугацаанд олгох байсан тэтгэврийн зөрүү буюу гэм хорын хариуцлагыг одоо үйл ажиллагаа явуулж байгаа Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хариуцан арилгах үүрэгтэй байна.
Иймд нэхэмжлэгч Д.Б Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс өөрт учирсан гэм хорыг шаардах эрхтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүргээ хэрэгжүүлэн 1993 оны 12 сарын 31-ний өдрөөс 2016 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 1966 оноос 1968 оны дутуу олгосон тэтгэврийн зөрүүг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хангаж, Хан үнэлэмж ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргасан байна.
Шинжээч нь дээрх хугацааны тэтгэврийн зөрүүг жил, сар тус бүрээр нарийвчлан тооцож, 1994 оны 01 сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл хугацааны тэтгэвэр зөрүү 2 151 464 төгрөг гэжээ. /хх38-53/
Хариуцагч шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрсөн байх тул Хан үнэлэмж ХХК-ийн 2019 оны 04 сарын 15-ны өдрийн 19/18-04 дугаартай дүгнэлт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон болно.
Иймд Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтээс 2 151 464 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 195 536 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийг 2019 оны 01 сарын 09-ний өдрийн 151/ШЗ2019/00133 тоот захирамжаар тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлсөн бөгөөд хариуцагчаас 49 373 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2 191 464 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Батдоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 195 536 төгрөгийг хэрэгсэхгүй болгоусгай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсээс 43 373 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН
Д.АЛТАНТУУЛ
Д.МӨНХБҮРЭН