Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2019/00648

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2019/00648

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сум, 01 баг, Т.Н хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Төв аймгийн Аргалант суманд үйл ажиллагаа явуулдаг Т ХХК /-д холбогдох

Нийгмийн даатгалын шимтгэл 5 009 904 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, прокурор Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ ... “Төв аймаг Аргалант суманд газар тариалан, үр тарианы чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа /РД: / Т ХХК нь Нийгмийн даатгалын хэлтэст 2012 оны 03 сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг авлагыг 2 байгууллага хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилт, нийгмийн даатгалын тайлангаар нэг бүрчлэн тулгаж үзэхэд 5 009 904 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байна.

Т ХХК-ийг нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөхийг шаардаж, компаний удирдлага, нягтлан бодогчтой нь удаа дараа уулзаж, тооцоо нийлсэн акт үйлдэж, нийгмийн даатгалын тайлангаар баталгаажуулсан боловч одоог хүртэл өрөө барагдуулахгүй нийгмийн даатгалын өр үүсгэн, даатгуулагч, иргэдийн эрх ашгийг хохироож байна.

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь уг компаний нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг 2018 онд нэхэмжилсэн боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “... нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс өр үүсгэсэн, ажилчдын төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын санд хугацаанд нь оруулаагүй зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад асуудлыг тавьж шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа Т ХХК-иас 5 009 904 төгрөгийн гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... “Би 2015 оны 08 сарын 10-ны өдөр “Төм бумбат констракшн” ХХК-ийг эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан. Энэхүү эрх шилжүүлэх гэрээ нь агуулгын хувьд хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Учир нь тус компаний үүсгэн байгуулагч, эрх шилжүүлэгч Ч.Б нь Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээл авах хүсэлтэй байсан. Гэвч “Төм бумбат констракшн” ХХК-ний нэр дээр тогтмол орлого, зарлагын гүйлгээ хийгдэж байгаагүй учраас зээл авах боломжгүй байсан юм. Харин тухайн үед миний хувьд “Их Ноён Хүнс” ХХК гэх мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал байсан ба тогтмол орлого, зарлагын гүйлгээ хийгдэж байсан учир Т ХХК-г миний нэр дээр шилжүүлж Жижиг дунд үйлдвэрийн сангаас зээл авахаар тохиролцсон бөгөөд энэхүү зээл нь ч бүтээгүй юм.

Мөн нэхэмжлэлд “.....нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөхийг шаардаж, компаний удирдлага, нягтлан бодогчтой нь удаа дараа уулзаж, тооцоо нийлсэн акт үйлдэж, нийгмийн даатгалын тайлангаар баталгаажуулсан боловч одоог хүртэл өрөө барагдуулахгүй нийгмийн даатгалын өр үүсгэн, даатгуулагч, иргэдийн эрх ашгийг хохироож байна....” гэжээ. Миний хувьд нийгмийн даатгалын байгууллагын ажилтантай уулзаж, тооцоо нийлж байгаагүй харин Ч.Б гэх хүн тооцоо нийлж, гарын үсэг зурсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... “Төв бумбат консракшн” ХХК нь 2012 оны 03 сарын 01-нээс тайлан өгч эхэлсэн. Манай байгууллагад тайлан өгөхдөө 2012 оны 02 сарын 20-ны өдрийн улсын бүртгэлд бүртгүүлсэн албан ёсны гэрчилгээгээр “Хос бэрс агро” ХХК гэдэг нэрээр тайлангаа өгч байсан. Тухайн гэрчилгээнд компанийн нэр өөрчлөгдөөгүй байсан тул тайлангаа “Хос бэрс агро” нэрээр өгч байсан. Нэр өөрчлөгдсөн  лавлагаанд 2014 оны 08 сарын 20-нд Т ХХК болгон өөрчилсөн.

2015 оны 08 сарын 10-нд гүйцэтгэх захирал Чимэдийн Бат-Эрдэнэ нь Баярсайханы Хонгор болон өөрчлөгдсөн байгаа. Манай нийгмийн даатгалын шимтгэлд төлөх 5 009 904 төгрөг нь  2014 оны 08 сараас эхлэн үүссэн. 2015 онд  01 сард 59904 төгрөг, 03 сард 29952 төгрөг, 08 сард 59904 төгрөгний төлөлт хийсэн. Нийт шимтгэлийн өр 3 700 036 төгрөг байснаас 2015 онд  гэхэд 3 644 976 төгрөгний өртэй тайлангаа гаргасан. 2014 онд 1 364 900 төгрөгний өр гарсан. 2014, 2015 оны үлдэгдэл өр нийлээд 5 009 904 төгрөгний өр үүссэн байгаа. 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17, 18 дугаар зүйл заасан шимтгэл төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй. Тухайн сардаа багтаан нийгмийн даатгалын санд байршуулах байтал төлөөгүй явсаар байгаад хуримтлагдсан өр авлага үүссэн байгаа. Тухайн хуримтлагдсан өр авлага дээр манай байгууллага Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл зааснаар нэмж 50 хувийн алданги тооцох ёстой байдаг. Алданги тооцоогүй зөвхөн өр авлагад тааруулж нэхэмжлэлээ гаргасан байгаа.

Иймд Т ХХК-наас нийгмийн даатгалын шимтгэл 5 009 904 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... “2014 оны 08 сараас эхлэн 2015 оны 11 сар хүртэл хугацаанд өр үүссэн байна. Энэ өрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Т ХХК нь энэ хугацаанд 2 даатгуулагчийн тайлан өгч байсан. Нэг даатгуулагч нь компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ч.Б өөрөө байсан.

Энэ даатгуулагч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөх үүрэгтэй этгээд биш. Яагаад гэвэл хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байгаа Монгол улсын иргэн харьяалалгүй хүн, мөн гадаадын иргэн бол заавал төлөх үүрэгтэй.

Харин Ч.Б өөрийн компанитай өөрөө гэрээ байгуулаад ажиллана гэж байхгүй. Энэ хүнээс нийгмийн даатгалын тайланг заавал авах шаардлагагүй байсан. Тайлан бол захирал, нягтлан гарын үсэг зураад нийгмийн даатгалын байцаагч нь шалгаад хүчин төгөлдөр болж цааш цахимд оруулж өр үүсгэх боломжтой. Гэтэл ямар үнэн зөв нь мэдэгдэхгүй тайланг үндэслэж шаардах нь буруу гэж үзэж байна.

Мөн шимтгэлээ дандаа 22 хувиар бодсон байна. 1994 оны нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг заасан. Хувь хэмжээг 1997 оны 01 сарын 16-нд, 2007 оны 11 сарын 30-нд, 2012 оны 10 сарын 25-нд, 2016 оны 11 сарын 10-нд, 2017 оны 04 сарын 11-ний өдөр тус тус өөрчлөгдсөн байгаа. 2007 оны 11 сарын 30 өдөр хуулинд өөрчлөгдсөн шимтгэлийн дүн нь ажил олгогчоос 10 хувь, ажилтнаас 10 хувь байгаа. 2007 оноос хойш өөрчлөгдөөгүй байгаад 2012 онд өөрчлөгдсөн. 2012 оны өөрчлөлтөөр тэтгэмжийн даатгалын хувь хэмжээг 0.5 байсныг 0.8 болгоод ажилгүйдлийн даатгалын хувь хэмжээг 0.5 байсныг 0.2 болгосон. Үндсэндээ ажил олгогч 10, ажилтан 10 хувийг төлөх хувь хэмжээ нь өөрчлөгдөөгүй. Түүнээс хойш 2016 онд ийм өөрчлөлт орсон. Энэ тайланд 2015 оны шимтгэл тооцож байж 22 хувь байгаа юм. Энэ хуулийг харахаар 20 хувь байх боломжтой байна. Үүнд дээр ямар хуулийн ямар дүрэм журмаар зохицуулагдаж байгаа тал дээр тайлбар хэрэгтэй байх. Нэхэмжлэлийн шаардлагаас 2014 оны 08 сараас 2015 оны 6 хүртэл Сүрэнхүү гэдэг хүнийг нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ч.Б нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Заавал шимтгэл төлөх үүрэгтэй этгээд биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Н хэлтэс хариуцагч Т ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл 5009904 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

Х ХХК-ийг газар тариалангийн чиглэлээр Чимэдийн Бат-Эрдэнэ үүсгэн байгуулж 2012 оны 02 сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн 1411006074 дугаартай гэрчилгээ авсан,  улмаар 2014 оны 08 сарын 20-нд Т ХХК болж оноосон нэрээ өөрчилж, 2015 оны 08 сарын 10-ны өдөр хувьцаа эзэмшигч захирал /итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд/ Баярсайханы Хонгор гэж бүртгэгдсэн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ /хх9/, улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 03 сарын 21-ний өдрийн 313 тоот тодорхойлолт /хх11/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх8/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Х ХХК нь Т.Н хэлтэст 2012 оны 3 дугаар сараас эхлэн 2015 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд 2 даатгуулагчаар /Ч.Бат-Эрдэнэ, У.Сүрэнхүү/ тайлан гаргаж эхэлсэн боловч 2014 оны 08 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд 2 даатгуулагчийн 5009904 төгрөгийн шимтгэлийг төлөөгүй болох нь  Ажил олгогчийн өглөг авлагын тайлангийн 2015, 2016, 2017, 2018 оны бүртгэлийн 25-28 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, зохигч талуудын тайлбараар тогтоогдсон.  /хх15-23/

Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2-д ...ажил олгогч нэгдэх, салах буюу бусад хэлбэрээр өөрчлөн байгуулагдвал шимтгэл төлөх үүрэг нь шинээр бий болсон этгээдэд шилжинэ гэж заажээ. 

Иймд Х ХХК-ийн шимтгэл төлөх үүрэг нь Т ХХК-д шилжсэн гэж үзэхээр байх тул хариуцагчийн төлөх үндэслэлгүй гэх татгалзлыг хүлээн авах боломжгүй байна.

Хариуцагч тал Т ХХК-ийг гүйцэтгэх захирал Ч.Бат-Эрдэнээс 2015 оны 08 сарын 10-ны өдөр эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан, компаний өрийн талаар мэдээгүй байсан, мэдэх шаардлагагүй гэж тайлбарласан.

Гэтэл Т ХХК-ийн эрх шилжүүлэх тухай, хувьцаа худалдах, худалдан авах тухай 2015 оны 08 сарын 10-ны өдрийн гэрээнд компанийн өр төлбөрийн талаар тусгаагүй бөгөөд харин гэрээний 2.1-д “эрх шилжүүлэгч нь компанийн эд хөрөнгийн тодорхой хувь болон эд хөрөнгийн бус эрх үүргийг бүрэн шилжүүлэх” гэж зааж, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж дээрх гэрээнүүдийг бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байгаагаас үзэхэд шинээр эрх хүлээн авагчид компаний эрх, үүрэг бүрэн шилжсэн бөгөөд тухайн гэрээ нь хүчин төгөлдөр байна. /хх45-46/

Нэхэмжлэлийн үндэслэл болох нийгмийн даатгалын шимтгэл гэдэг нь нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөр гэж хуульд заажээ.

Мөн өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулна гэж заасан байна.

Иймд хариуцагч Т ХХК нь албан журмаар даатгуулах этгээдэд хамаарах бөгөөд нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг шаардах эрхтэй гэж үзлээ.

Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны дотор ирүүлэх журамтай мөн шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх үүрэгтэй бөгөөд Т ХХК нь 2014 оны 08, 09, 10, 11, 12 сарын тайлан, 2015 оны 01, 02, 03, 04, 05, 06 дугаар сарын тайлан тус тус гаргаж, эрх бүхий албан тушаалтан буюу нягтлан бодогч нь гарын үсэг зурж баталгаажуулж ирүүлсэн байна.

Иймд ажил олгогчоос тогтоосон хугацаанд тайлангаар гаргасан 2 даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл болох 3 434 784 төгрөгийн шаардлага нь нийгмийн даатгалын дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлд хамаарах тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2 дах хэсэгт зааснаар шийдвэрлэлээ.

Харин даатгуулагчийн 2015 оны 07, 08, 09, 10, 11 дүгээр сарын тайланг Нийгмийн даатгалын байгууллага нь цахим хэлбэрээр гаргаж авсан байх бөгөөд тухайн тайланг ажил олгогч талаас баталгаажуулсан баримтгүй байх тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 2 д зааснаар шимтгэл төлөх үүрэггүй гэж үзлээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д шимтгэл төлөх үүрэг нь даатгуулагч нас барсан, ажил олгогч татан буугдсан, дампуурсан, даатгалын гэрээний хугацаа дуусгавар болсон, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд   дуусгавар болно гэж заажээ.

Гэтэл хэрэгт ажил олгогчийн шимтгэл төлөх үүрэг дээрх үндэслэлээр дуусгавар болсон гэх баримтгүй байгаа ба хариуцагчийн шимтгэл төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэх үзэхээр байна.

Нэхэмжлэл нь хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, хариуцагчаас 69 907 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2/-д зааснаар хариуцагч Т ХХК-иас 3 434 784 төгрөг гаргуулан Т.Н хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 575 120  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Т ХХК –наас 69 907 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЦОЛМОН