| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 125/2024/0023/3 |
| Дугаар | 221/МА2025/0350 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2025/0350
| 2025 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 221/МА2025/0350 | Улаанбаатар хот |
“Б б б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б
Нэхэмжлэгч: “Б б б” ХХК
Хариуцагч: Ховд аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Б, Д.Н
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч нарын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн НА-************ тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 010 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А
Хариуцагч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ц
Хэргийн индекс: 125/2024/0023/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б б д” ХХК нь хариуцагч Ховд аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Б, Д.Н нарт холбогдуулан “Ховд аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч нарын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн НА-************ тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 010 дугаар шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Татварын алданги торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “Б б д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Б, Д.Н нарын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн НА-************ дугаар нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан торгууль, алданги 56,955,589 төгрөгийн төлбөрийг 11,560,308 төгрөг болгон багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “... Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд ... 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд чөлөөлсүгэй... гэсэн хуулийн зүйлийг үндэслэн татварын алданги, торгуулийг хасаж шийдвэрлэсэн нь хуулийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Учир нь “Б б б” ХХК нь тухайн татварын тайланг татварын албанд ирүүлээгүй нь хэрэгт авагдсан хэд хэдэн нотлох баримтаар тогтоогдож байгаа, тухайн татвар төлөгч татварын тайлангаа ирүүлээгүй төлбөл зохих татвар үүсээгүй байсан байхад энэ хуулийг хэрэглэсэн.
3.2. Тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 17-д “...Нэхэмжлэгч “Б б б” ХХК нь энэ шийдвэрийн үндэслэх хэсгийн 8, 9-д дурдсанаар 2020 оны нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайландаа орлогоо үнэн зөвөөр тусгасан, татвараас зугтах, зайлсхийх санаатай үйлдэл гаргаагүй...” гэж шүүх үзсэн нь нотлох баримтыг илтэд буруу үнэлсэн байна.
3.3. Тус хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шүүх огт үнэлээгүй байгаад гомдолтой байна. Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 010 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах гомдол гаргаж байна.” гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангав. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч “Б б б” ХХК-аас Ховд аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Б, Д.Н нарт холбогдуулан анх “Ховд аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч нарын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн НА-************ тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
2.2. Нэхэмжлэгчээс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Ховд аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч нарын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн НА-************ тоот нөхөн ногдуулалтын актаас 56,955,589,53 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан байна.
2.3. Ховд аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Б, Д.Н нарын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн НА-************ тоот маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.4, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 84 дүгээр зүйлийн 84.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн 77,780,855.99 төгрөгийн нөхөн татвар, 29,667,304 төгрөгийн торгууль, 27,288,285.53 төгрөгийн алданги, нийт 134,736,445.52 төгрөгийн төлбөр төлүүлэхээр” тогтоожээ.
2.4. Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч Ховд аймгийн татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагч нарын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн НА-************ дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
2.5. Нэхэмжлэгч талаас “... 2020 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан илгээгдээгүй байсныг бид одоо ч учрыг нь олж мэдэхгүй байна. E-tax системд тайлангийн түүх болон хоцорсон тайлан хэсэгт харагдах ёстой. Хэрвээ 2020 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа илгээгүй бол дараа сар буюу 2021 оны 01 дүгээр сарын тайланг илгээгдэхгүй байх байсан гэж ойлгож байна. Мөн тайлангаа илгээгээгүй бол татварын албанаас мэдэгдэл ирэх байсан ч мэдэгдэл ирээгүй. Бид жилийн эцсийн санхүүгийн тайлан болон онцгой албан татварын тайландаа бүгдийг нь тусгаж тайлагнасан” гэж, хариуцагч талаас “...нэхэмжлэгч нь 2019 оны 11 сарын нэмэгдсэн өртөгийн албан татвар суутган төлөгчийн ТТ-03 тайланд борлуулалтын орлогоо тусгаж тайлагнаагүй, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн 2020 оны 12 дугаар сарын ТТ-03 тайланг татварын албанд тушаагаагүй, тайлан ирүүлээгүй болох нь хяналт шалгалтаар хадгалагдсан байдлаар тогтоогдсон, тайланг илгээгээд тухайн тайлан нь баталгаажсанаар тайлагнасан гэж үзэх тул холбогдох хуулийн заалтыг зөрчсөн” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
2.6. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч компани нь 2019 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд 144,503,839 төгрөгийн борлуулалтын орлого олж, импортын худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийсэн боловч 2019 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн ТТ-03 тайланд борлуулалтын орлогоо тусгаж тайлагнаагүй гэх зөрчлөө хүлээн зөвшөөрсөн ба уг зөрчилд оногдуулсан торгууль, алданги нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн 73 дугаа зүйлийн 73.2.1 дэх хэсэгт болон 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна” гэж үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа “...2020 оны нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайландаа орлогоо үнэн зөвөөр тусгасан, татвараас зугтах, зайлсхийх санаатай үйлдэл гаргаагүй, мөн ковид цар тахалын үед тухайн үйл ажиллагааг явуулж орлого олсон буюу тус орлого нь Татварын алданги торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд хамаарч байх тул маргаан бүхий актаар 2020 онд гаргасан зөрчилд оногдуулсан 25,332,188 төгрөгийн торгууль, 20,063,093 төрөгийн алдангийг хүчингүй болгож, маргаан бүхий актын төлбөрийн хэмжээг 45,395,281 төгрөгөөр багасгах нь зүйтэй” гэж дүгнэн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нөхөн ногдуулалтын актаас торгууль, алдангийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
2.7. Учир нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөхөөр хуульчилсан байхад анхан шатны шүүх нөхөн ногдуулалтын актаар зөрчилд тооцсон хугацаанд хамааралгүй хуулийг энэ заалтыг үндэслэн татварын алданги, торгуулиас чөлөөлсөн нь буруу байна.
2.8. Харин маргаан бүхий актаар зөрчилд тооцсон хугацаанд хамаарах 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөх”-өөр заасан. Гэвч нэхэмжлэгч “Б б б” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртөгийн албан татвар суутган төлөгчийн тайланд борлуулалтын орлогоо тусгаж тайлагнаагүй, мөн 2020 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртөгийн албан татвар суутган төлөгчийн тайланг татварын албанд тушаагаагүй, тайлан ирүүлээгүй буюу албан татвараа хуулийн хугацаанд тайлагнаагүй, гомдол гаргагч тайлагнасан байдлаа хангалттай нотлоогүй байхад анхан шатны шүүх энэ хуулийг үндэслэн татварын алданги, торгуулиас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
2.9. Тодруулбал, хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч “Б б б” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртөгийн албан татвар суутган төлөгчийн ТТ-03 тайланд борлуулалтын орлогоо тусгаж тайлагнаагүй, нэмэгдсэн өртөгийн албан татвар суутган төлөгчийн 2020 оны 12 дугаар сарын ТТ-03 тайланг татварын албанд тушаагаагүй, тайлан ирүүлээгүй зөрчлөө хүлээн зөвшөөрсөн төдийгүй ийнхүү тайлангаа илгээгүй байсан болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэл, 2020 оны 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Татварын ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 09/2410 дугаартай албан бичигт “...“Б б б” ХХК нэмэгдсэн өртөгийн албан татварын 2019 оны 11 дүгээр сарын тайланг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр цахим татварын тайлангийн системд илгээснийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр систем хүлээн авсан, ...нэмэгдсэн өртөгийн албан татварын 2020 оны 12 дугаар сарын тайланг цахим татварын тайлангийн системд ирүүлээгүй төлөвтэй байна” гэх агуулга бүхий хариуг шүүхэд ирүүлсэн зэргээс тогтоогдож байх тул хариуцагчаас маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар зөрчилд тооцож, торгууль, алданги ногдуулсан нь үндэслэлтэй байна.
2.10. Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1-д “татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор”, 84 дүгээр зүйлийн 84.1.2-д “нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй” гэж заасныг тус тус зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож байгаа энэ тохиолдолд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн НА-************ дугаар нөхөн ногдуулалтын актаар 77,780,855.99 төгрөгийн нөхөн татвар, 29,667,304 төгрөгийн торгууль, 27,288,285.53 төгрөгийн алданги, нийт 134,736,445.52 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
2.11. Энэ талаарх хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд ...2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд чөлөөлсүгэй... гэсэн хуулийн зүйлийг үндэслэн татварын алданги, торгуулийг хасаж шийдвэрлэсэн нь хуулийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...учир нь “Б б б” ХХК нь тухайн татварын тайланг татварын албанд ирүүлээгүй ...төлбөл зохих татвар үүсээгүй байсан байхад энэ хуулийг хэрэглэсэн” гэх гомдлыг хангах үндэслэлтэй.
Иймд хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 010 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 84 дүгээр зүйлийн 84.1.2, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б б б” ХХК-аас Ховд аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Б, Д.Н нарт холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч нарын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн НА-************ тоот нөхөн ногдуулалтын актаас 56,955,589,53 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА