Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 124/ШШ2022/0008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн иргэн,захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багт оршин суух, иргэн, О.Л,

Хариуцагч: Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн иргэдийн Нийтийн хуралд  холбогдуулан гаргасан,

Гуравдагч этгээд:Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багт оршин суух,иргэн О.Н гуравдагч этгээдээр татагдсан,

“Тариалан сумын Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 10 сарын 02-ны өдрийн 01 дугаар О.Н-г багийн Засаг даргад нэр дэвшүүлэн,сумын Засаг даргад өргөн мэдүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Л, гуравдагч этгээд О.Н, хариуцагч Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Эрэнбор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч О.Л нь тус шүүхэд Увс аймгийн Тариалан сумын  Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 10 сарын 02-ны өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

2.Хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 10 сарын 02-ны өдрийн 01 дугаар тогтоолоор багийн Засаг даргыг сонгох нууц санал хураалтаар хуралдаанд оролцсон иргэдийн 51 хувийн санал авсан гэж үзэн О.Н-г багийн Засаг даргаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлж, батламжлуулахаар сумын Засаг даргад уламжилжээ.

3. Нэхэмжлэгч О.Л Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу шүүхэд 2021 оны 10 сарын 14-ний өдөр шүүхэд гомдлыг гаргасан болно.

 4.Нэхэмжлэгч О.Л шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь Улаангом сумын 12-р багт оршин сууж байгаад 2021 оны 9 сарын 17-нд Тариалан сумын Тарвагатай багт шилжин очиж мал маллаж амьдарч байгаа.2021.10.02-нд болсон Тарвагатай багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн болно.Багийн даргын сонгууль шударга бус болсон.Өмнө багийн ИНХ-ын даргаар ажиллаж байсан Э.Ахурлыг нээж багийн ИНХ-ын шинэ даргыг сонгосон.Хурлын даргаар шинээр сонгогдсон Д.Э хуралдааныг цааш удирдан явуулах байсан боловч Эрэнборд хурал даргалах боломж олголгүй багийн Засаг даргын сонгуулийг удирдсан. Багийн Засаг даргад надтай өрсөлдсөн О.Н нь Алтайн төрсөн дүүгийн хүүхэд юм.Хуралдаанд О.Н-ын авга эгчийн хүүхэд болох Хархираа багийн иргэн Г.Арсланг авч ирж санал өгүүлсэн.Би Тарвагатай багт албан ёсоор шилжин очсон боловч миний эхнэр З.С бид 2-ыг тус багт 180 хоногоос дээш хугацаагаар оршин суугаагүй гэж хууль бус шаардлага тавин санал өгүүлээгүй хэрнээ адилхан шилжин ирээд 180 хоног хүрээгүй О.Н-г эхнэрийн хамт саналыг нь өгүүлсэн.Мөн санал хураалтад оролцохоор ирсэн 4 хүний саналыг өгүүлээгүй.Иймд би 67 санал, Намсрай 69 санал авч 2 хүний саналын зөрүүгээр ялагдсан.

Иймд “Тариалан сумын Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 10 сарын 02-ны өдрийн 01 дугаар О.Н-г багийн Засаг даргад нэр дэвшүүлэн,сумын Засаг даргад өргөн мэдүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэжээ.

5.Хариуцагч Увс аймгийн Тариалан сумын  Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тариалан сумын Тарвагатай багийн Засаг даргыг сонгох сонгууль 2021 оны 10 сарын 02-ны өдөр болсон бөгөөд иргэдийн Нийтийн Хурлын даргаар миний бие сонгогдсон.Хурлыг үргэлжлүүлэн би удирдан явуулах байсан боловч өмнөх хурлын дарга Э.Аби удирдах ёстой гэсэн.Би анх удаа ИНХ-ын даргаар сонгогдсон учир зарим зүйлийг нь сайн мэдэхгүй байсан. Засаг даргын сонгуульд О.Л,О.Н нар өрсөлдөж О.Н 2 хүний саналаар илүү санал авч ялсан.О.Л, эхнэрийн хамт хурал дээр байсан боловч тухайн багт шилжин ирээд 180 хоног болоогүй гээд санал хураалтад оруулаагүй.Мөн хархираа багийн иргэн Г.Арсланг санал хураалтад оролцуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

6. Гуравдагч этгээд О.Н шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Багийн засаг даргын сонгуульд О.Л тухайн үед надтай өрсөлдөөд 2 хүний саналаар ялагдсан.Шинээр сонгогдсон иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Э хурлаа цааш удирдан явуулсан. Миний бие Тарвагатай багт байнга оршин сууж байгаад 2018 онд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд шилжин ажиллаж байгаад 2021 оны 09 сард Тарвагатай багт шилжин ирсэн.Би залуу хүний хувьд сурсан мэдсэн зүйлээ сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хувь нэмэр оруулахаар ирсэн.О.Л бага наснаасаа эхлэн Улаангом сумын 12-р багт байнга оршин суудаг байсан.Багийн Засаг даргыг сонгох сонгуульд тухайн багт 180 хоног оршин суугаагүй гэдэг хуулийн зохицуулалт хамааралгүй юм.Тухайн багийн иргэдийн нийтийн хуралдааныг зохион явуулж буй комисс санал хураалтыг 30 минутаар сунгаж, сүүлийн 5 минут гэж зарлаад хүн ирээгүй тул санал хураалтыг дуусгах уу гэж гар өргүүлэн санал авч бүгд дэмжин санал хураалтыг зогсоож, саналыг тоолж байх үеэр санал өгөхөөр ирсэн иргэд санал өгч чадаагүй.Г.Арслангийн хувьд Тарвагатай багт мал маллаж хашаа барьсан байдаг боловч албан ёсоор багт шилжиж ирээгүй хүн юм байна.О.Л иргэдийг машинаар зөөж авч ирсэн бөгөөд иргэний сонгох, сонгогдох эрхэд хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үзэж байна...” гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

7.Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан нэхэмжлэгч, хариуцагч,гуравдагч этгээд нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

8.Нэхэмжлэгч иргэн О.Л нь Увс аймгийн Тариалан сумын иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Тариалан сумын Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 10 сарын 02-ны өдрийн 01 дугаар О.Н-г багийн Засаг даргад нэр дэвшүүлэн,сумын Засаг даргад өргөн мэдүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж оролцсон болно.

9.Нэхэмжлэгч талаас “Хурлын хуралдааныг шинээр сонгогдсон хурлын дарга удирдаагүй, нэхэмжлэгчийг эхнэрийн хамт санал өгүүлээгүй, өөр багийн иргэнийг санал хураалтад оролцуулсан, саналаа өгөхөөр ирсэн зарим иргэдийн саналыг өгүүлээгүй” тухай тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

10.Хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэлийг  хүлээн зөвшөөрсөн байр суурийг илэрхийлсэн байна.

11.Гуравдагч этгээдийн зүгээс багийн иргэдийн Нийтийн Хуралдаан хууль зөрчөөгүй  гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлжээ.

12.Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 09 сарын 16-ны өдрийн 01 дугаар тогтоолоор тус багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит сонгуулийн хуралдааныг 2021 оны 10 сарын 02-ны өдөр “Хөх үхэртийн гэсэн” гэх газар хуралдуулахаар товлон зарлажээ.

13. Тариалан сумын Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан товлогдсон өдрөө хуралдаж иргэдийн Нийтийн Хурлын даргыг болон багийн  Засаг даргыг сонгох сонгуулийг явуулсан байна.

14. Багийн Засаг даргыг сонгох сонгуулийн тооллогын комисст Х.Н, С.Д, Д.Б, С.Ц нарыг томилж, багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг нууцаар авах санал хураалтаар шийдвэрлэн, багийн Засаг даргад О.Л, О.Н нар нэр дэвшин өрсөлджээ.

15. Санал тооллогын комисс саналыг тоолоод О.Н 69 хүний санал, О.Л 67 хүний санал авч, хүчингүй саналын хуудас 2 гарсан талаар тэмдэглэлийг үйлдэж,гарын үсгээс зурсан байна.

16. Ингээд Тариалан сумын Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 10 сарын 02-ны өдрийн 01 дугаар тогтоолоор багийн Засаг даргыг сонгох нууц санал хураалтаар хуралдаанд оролцсон иргэдийн 51 хувийн санал авсан Отгоны Намсрайг багийн Засаг даргад томилуулахаар нэрийг нь дэвшүүлж, батламжлуулахаар Тариалан сумын Засаг даргад уламжилжээ.

17. Багийн Засаг даргыг сонгох сонгуульд өөр багийн иргэн санал өгсөн гэх үндэслэлийн талаар:

Тарвагатай багийн Засаг даргыг сонгох сонгуульд Тариалан Тарвагатай багийн иргэн биш, Хархираа багийн иргэн Г.Арслан оролцож санал өгсөн болох нь Г.А-ийн шүүхэд өгсөн “Би 2021 оны 10 сарын 02-ны өдрийн хуралдаанд оролцож багийн Засаг даргыг сонгох сонгуульд санал өгсөн. Манай аав, ээж Тариалан сумын Хархираа багт амьдардаг.Би ээж,аавтайгаа хамт амьдардаг ба мал маллах үедээ Тарвагатай багт амьдардаг юм.Анх Тарвагатай багт  малын хашаа бариад гэрчилгээ авах гэхэд тухайн багийн иргэн байх ёстой гэсэн тул Тарвагатай багт шилжихээр шийдэж 2017 оноос хойш Тарвагатай багт хүн, малын тооллогод хамрагдаж ирсэн. Би баг хоорондох шилжүүлгээ 25 нас хүрч иргэний үнэмлэх шинэчлэгдэхэд шилжүүлэг хийлгэх ёстой юм байна гэж ойлгож ирсэн.Энэ жил шилжүүлгээ албан ёсоор хийлгэнэ” гэх мэдүүлэг, Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 сарын 31-ний өдрийн 2185010001473 дугаар “Г.А Тариалан сумын Хархираа багт оршин суух хаягтай талаарх лавлагаа зэргээр тогтоогджээ.

Хархираа багийн иргэн болох Г.А нь Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцож багийн Засаг даргыг сонгох сонгуульд санал өгсөн нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 23 дугаар зүйлийн 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасантай нийцээгүй байна.

18. Багийн Засаг даргыг сонгох сонгуульд О.Л болон түүний эхнэрийг санал өгүүлээгүй гэх үндэслэлийн талаар:

2021 оны 10 сарын 02-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар явагдсан Тарвагатай багийн Засаг даргыг сонгох сонгуульд тус багийн иргэн О.Л, О.Н нар нэр дэвшин өрсөлдсөн ба О.Л түүний эхнэр З.С нар 2021 оны 09 сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12-р багаас Тариалан сумын Тарвагатай багт байнга оршин суухаар хаягийн шилжүүлэлт хийлгүүлсэн, О.Н-ийн хувьд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багт 2021 оны 09 сарын 14-ний өдөр шилжин ирсэн хаягийн бүртгэлтэй болох нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 10 сарын 12-ны өдөр олгосон 218501000214, 218501000215 , 228501000155 дугаар лавлагаа, Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 01 сарын 14-ний өдрийн 48 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа зэргээр тогтоогджээ.

Нэр дэвшигч О.Л, түүний эхнэр З.С нарыг багийн Засаг даргыг сонгох санал хураалтад оролцуулаагүй талаарх үйл баримтын талаар маргаангүй бөгөөд хэргийн оролцогчид О.Л, З.Снарыг санал хураалтад оролцуулаагүй тухай тайлбар гаргасан ба  гэрч З.С-ийн “Манайх мал маллахаар 2021 онд Тариалан сумын Тарвагатай багт шилжсэн.Би хүүхдийн хичээл орсон үед Улаангомд амьдарч, нөхөр Тарвагатай багтаа малаа малладаг.Манай нөхөр О.Л багийн Засаг даргад нэр дэвшин өрсөлдсөн.Би санал өгөхөөр жагссан иргэд дунд орж зогсоод санал өгөх гэсэн боловч хэсэг хүмүүс шилжиж ирээд 180 хоноогүй учраас санал өгүүлэхгүй гээл миний саналыг аваагүй” гэх, гэрч Э.А-ийн “О.Л, З.С нар санал өгнө гэхэд багийн иргэдийн олонх нь  шилжиж ирээд 180 хоногоос дээш хугацаагаар амьдраагүй гээд саналыг өгүүлээгүй” гэх, гэрч Д.Баттулгын “О.Л, түүний эхнэр З.С нар санал өгөх гэсэн боловч тухайн багт шилжин ирээд 180 хоногоос дээш хугацаагаар оршин суугаагүй гээд саналыг нь өгүүлээгүй” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 23 дугаар зүйлийн 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасан ба багийн Засаг даргыг сонгох сонгуульд санал өгөх эрхийг тухайн багт шилжин ирснээс хойш 180 хоногоос дээш хугацаагаар оршин суусан иргэн эдлэхээр хязгаарласан зохицуулалт байхгүй байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д Монгол Улсын иргэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” гэж заасан тул багийн Засаг даргын сонгуульд тухайн багт шилжин ирсэн иргэний сонгох эрхийг хязгаарлах эрх хэмжээ олгогдоогүй байхад О.Л, З.С нарыг санал хураалтад оролцуулаагүй нь буруу болжээ.

Түүнчлэн гуравдагч этгээд О.Н өөрөө болон түүний эхнэр саналаа өгсөн талаар тайлбар гаргасан бөгөөд О.Н, О.Л нарын хувьд тухайн багт адил цаг хугацаанд /2021 оны 9 сар/ шилжин ирсэн байхад иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас санал өгөх ажиллагаанд ялгавартай хандсан болохыг тэмдэглэв.

19. Санал хураалтад оролцохоор ирсэн Э.Золбооцог,С.Зоригтбаатар, М.Энхцэцэг, М.Т нарын саналыг өгүүлээгүй гэх үндэслэлийн талаар:

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 23 дугаар зүйлийн 23.1-д “Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 23.14-т “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэж заасан байна.

2021 оны 10 сарын 02-ны өдрийн Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хуралдаанаар хурлынхаа дэгийг тогтоолоор батлаагүй ба тухайн хуралдааны тэмдэглэлд багийн Засаг даргыг сонгох сонгуулийн явц,санал хураалтыг дуусгах хугацааны талаар тэмдэглэгдээгүй, хурлын үеэр хийгдсэн дүрс бичлэгт үзлэг хийхэд сонгуулийн санал хураалтыг хааж байгаа талаар үйл баримт бичигдээгүй байна.

Багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг тооллогын комисст гишүүнээр ажиллаж байсан С.Ц-ын “Хурал даргалсан Э.Аодоо санал өгч чадаагүй иргэд байвал утсаар дуудаж саналыг нь өгүүлэх арга хэмжээ авъя гээд санал хураалтыг 20 минутаар сунгасан. Дахиад ирээгүй хүн байгаа эсэхийг асууж, санал хураалтын үйл ажиллагааг хаая гэхэд тэнд байсан иргэд зөвшөөрч санал хураалтыг хаагаад саналыг тоолж байхад 7, 8 иргэн бид санал өгнө гэж маргаан үүсгэж байсан” гэх гэрчийн мэдүүлэг, Д.Баттулгын “Тухайн хуралдаанд ирсэн иргэд саналаа өгөөд дууссаны дараа 20 минут санал хураах үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр болж 20 минутын хугацаа дуусаж санал хураалтыг зогсоосон байтал Э.Золбооцог, Зоригтбаатар, Төгсбаяр, Энхцэцэг нарын хүмүүс санал өгөхөөр ирсэн” гэх гэрчийн мэдүүлэг, мөн Э.Алтайгийн “Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг хэдийд эхлүүлж, дуусгах талаар цаг тохироогүй.Тийм учраас хуралд ирсэн нийт хүмүүс санал өгч дууссаны дараа 30 орчим  минут хүлээгээд дахин хүн ирээгүй тул санал хураалтыг зохион байгуулж байсан хүмүүс санал хураалтыг дуусгасны дараа саналаа өгч чадаагүй хэсэг хүмүүс ирсэн” гэх гэрчийн мэдүүлгээс үзэхэд багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дуусгахаар шийдвэрлэгдсэний дараа зарим иргэд саналаа өгч чадаагүй болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн “Санал хураалтад оролцохоор ирсэн Э.З, С.З, М.Э, М.Т нарын саналыг өгүүлээгүй” гэх үндэслэл нотлогдоогүй гэж үзлээ.

20. Багийн иргэдийн Нийтийн Хуралдааныг хуучин дарга Э.А удирдан явуулсан гэх үндэслэлийн талаар:

Иргэн Э.А шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Хурлын даргыг сонгох сонгууль явуулахад Д.Э нэр дэвшин сонгогдсон.Тэгээд би ажлаа хүлээлгэн өгч Д.Э иргэдэд баярласнаа илэрхийлж үг хэлээд хурлаа үргэлжлүүлэн удирдсан. Би хурлыг дуустал нь удирдсан зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, Д.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “би анх удаа ИНХ-ын даргаар сонгогдсон учир зарим зүйлийг сайн мэдэхгүй байсан. Хуралдааныг Э.А удирдаж явуулсан” гэж тайлбар гаргасан боловч хуралдааны тэмдэглэлд энэ талаар тэмдэглэгдээгүй ба Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 10 сарын 02-ны өдрийн 01 дугаар “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолд Д.Э гарын үсгээ зурсан байна.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална”, 25.2-т “Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна” гэж заасан тул нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын “хуралдааныг хуучин хурлын дарга үргэлжлүүлэн удирдсан” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.

21. Шүүхээс Г.А-г Тарвагатай багийн Засаг даргыг сонгох санал хураалтад оролцуулсан, О.Л,З.С нарыг санал хураалтад оролцуулаагүй үйл баримтыг хуульд нийцээгүй гэж үзсэн бөгөөд нийт 3 иргэний саналын зөрүүтэй байдал нь нэр дэвшигч О.Л 67 иргэний санал, нэр дэвшигч О.Н 69 иргэний саналыг авсан 2 иргэний саналын зөрүүгээс их байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 26 дугаар зүйлийн 26.2-т “ Баг,хорооны Засаг даргад хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасан шаардлагыг О.Н хангахгүй гэж үзлээ.

Иймд Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаар “ Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй саналын дүнд үндэслэсэн байх тул уг тогтоолыг хүчингүй болгож, Тариалан сумын Тарвагатай багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хоёр дахь удаагийн хуралдааныг дахин зохион байгуулахыг Тариалан сумын Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж шийдвэрлэв.

22.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хурлаас  70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Л-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаар “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, Тариалан сумын Тарвагатай багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хоёр дахь удаагийн хуралдааныг дахин зохион байгуулахыг Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хуралаас 70200 /далан мянга хоёр зуу/  төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Л д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЛТАНЦЭЦЭГ